| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0501/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/487 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/487
2021 07 22 2021/ШЦТ/487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч: М.Отгонбаатар,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Михлайн М.Бт холбогдох эрүүгийн “2109000070321” дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан хотод төрсөн, эмэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................ 16 дугаар хороо, 35 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Жинчин овогт Михлайн М.Б, /РД: .............../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 39 дүгээр байрны грашд иргэн А.Энхцэцэгийг зодож түүний биед “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2109000070321 дугаартай хэргээс:
Яллагдагч М.Бийн “...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байранд манай ах Идэрбатынх амьдардаг. 10 сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад ахынд орох гээд граш дотор нь 17-17 УБТ улсын дугаартай ланд 200 маркийн машинаа хана дагуулж тавиад дотогш орсон... миний утас дуугараад нэг эмэгтэй орилоод машинаа гарга гэхээр нь би хурдан гарсан. Машин дээрээ очсон чинь масктай хар пальтотой эмэгтэй машинаа яах гэж энд тавьсан юм, машин тавьдаг, чи энд амьдардаг юм уу одоо зайл гээд над руу гараараа заасан. Би одоо гарлаа, юун сүртэй юм, зогсоол гэж бодоогүй, агуулах гэж бодсон гэж хэлсэн чинь наад сэгээ аваад зайл тэнэг хүүхэн гээд бичлэг хийгээд байхаар нь би машиндаа суусан. Тэр эмэгтэй миний машинд тулгаад машинаа тавьсан байсан учир би машиндаа суух гээд хаалгаа онгойлгохдоо тэр эмэгтэйн машины хаалгыг цохисон. Би машиндаа суугаад хөдөлсөн чинь түг гэх чимээ гарахаар нь би сандраад буусан чинь миний машины хойд талын хаалга руу өшиглөсөн, би буугаад яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи миний машиныг хаалгаараа цохио биздээ би арай гэж машиндаа суулаа би санаатай цохиогүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй машиныхаа түлхүүрийг зүүн гарынхаа хуруунд нүүр лүү чичлээд байхаар нь би барьж аваад үснээс нь зулгаагаад урагш татаад унагаасан. Тэр эмэгтэй өвдөглөөд унасан, хөдөлгөхгүйн тулд би дээрээс нь өвдөглөж суугаад чи өөрөө эхлүүлээ биз дээ над руу дайраад байсан биз дээ гэж хэлсэн. Тэр үед хүүхэд уйлсан, тэгсэн чинь миний хүүхэд уйлаад байна, босъё гэхээр нь би босоод шууд машиндаа суугаад явсан хүүхэд уйлахад л машинд нь хүүхэд байгаа юм байна гэж бодсон. Бичлэг хийгээд байхаар нь унасан байхад нь гараас нь утсыг нь авах гэж утаснаас нь татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9,141,147 дугаар хуудас/,
Хохирогч А.Энхцэцэгийн "...миний бие 2020 оны 10 дугаар сарын 27-ны оройн 19 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 39 дүгээр байрны доор байрлах миний гражийг 17-17 УБТ дугаартай машин хааж тавьсан байсан. Ингээд би 99100324 дугаар луу залгаж машинаа холдуул би машинаа байрлуулах гэсэн юм гэтэл үл таних эмэгтэй чи хаана байрлуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа 165 см орчим өндөртэй үсээ боосон эмэгтэй хүн гарч ирээд гадаа зогсоол байхгүй байхад би хаана тавих юм гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Мөн миний машины хаалгыг өөрийн машины хаалгаар цохисон. Би уурандаа тухайн хүний машиныг цохисон. Гэтэл тухайн эмэгтэй машинаасаа бууж ирж намайг үсдэж чирч, миний толгойг шалтай хавсарч цохисон. Мөн гарын хуруунуудыг урж, өвдгийг шалбалж, утсыг минь авах гэж оролдож байгаад утасны гэрийг эвдэлсэн. Үүний дараа тухайн эмэгтэй машиндаа сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 8, 97-98 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Ганболдын "... тус дүгнэлтийг гаргахдаа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед шинжилгээ хийсэн 12428 дугаартай дүгнэлт, нэмэлт материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 21 дугаартай дүгнэлт болон үзүүлэгчийн бусад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтууд болох 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дэмчог алтан мутар эмнэлгийн тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн фалими эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан. Тус нэмэлтээр гаргаж өгсөн бусад эмнэлгийн албан баримт бичгүүдэд тархи доргилт онош тогтоогдсон байсан ба тархи доргилт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг учраас хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/,
Шинжээч эмч Н.Туяагийн ”... дүгнэлтүүдэд тусгагдсан тархи доргилт гэмтлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Фалими клиник эмнэлгийн үзлэг болон онош, ирүүлсэн 1 ширхэг рентген, 1 ширхэг “СД” зургийг үндэслэж, тархи доргилт гэмтэл тухайн үед үүссэн нь батлагдсан тул хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-138 дугаар хуудас/,
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 118-121 дүгээр хуудас/,
Хохирогч А.Энхцэцэгийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 101-103 дугар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 21 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 19- ний өдрийн 130 дугаартай дүгнэлт:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 39 дүгээр байрны грашд иргэн А.Энхцэцэгийг зодож түүний биед “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Энхцэцэгийн “...Хэсэг хугацааны дараа 165 см орчим өндөртэй үсээ боосон эмэгтэй хүн гарч ирээд гадаа зогсоол байхгүй байхад би хаана тавих юм гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Мөн миний машины хаалгыг өөрийн машины хаалгаар цохисон. Би уурандаа тухайн хүний машиныг цохисон. Гэтэл тухайн эмэгтэй машинаасаа бууж ирж намайг үсдэж чирч, миний толгойг шалтай хавсарч цохисон. Мөн гарын хуруунуудыг урж, өвдгийг шалбалж, утсыг минь авах гэж оролдож байгаад утасны гэрийг эвдэлсэн...” гэх мэдүүлэг, 2021 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 130 дугаартай дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд, , камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч М.Б нь хохирогч А.Энхцэцэгийн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Бийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайгаас: хохирогч А.Энхцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нийт 1.161.280 төгрөг нэхэмжилдэг бөгөөд үүнд хэрэгт авагдсан Баянгол Фамили клиник гэх эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн төлбөрт 610.800 төгрөг нэхэмжилсэн байна. Дээрх эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийдэг, хохирогчийн биед учирсан тархины гэмтэлтэй хамааралгүй тул уг эмнэлэг ямар үйл ажиллагаа явуулдаг талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд хохирогч А.Энхцэцэгт учирсан хохирол, хор уршгийн хэмжээг нарийн тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Хэргийн материалыг судалж үзэхэд хохирогч А.Энхцэцэгээс “Баянгол Фамили клиник” эмнэлгийн танилцуулга болон гарын авлага материалыг хавсарган уг эмнэлгээр эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 610.800 төгрөгийг нэхэмжилжээ.
Дээрх эмнэлэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн өвчнийг /үтрээний лазер эмчилгээ гм/ эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгогдохоор байх ба энэ эмнэлгээс үйлчилгээ авахад зарцуулсан зардал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй тул хохирогчийн нэхэмжлэлээс 610.800 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Шүүхээс хохирол хор уршгийн хэр хэмжээг тогтоон шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргаантай асуудал тодорхой хугацаанд үргэлжилсний дараа шүүгдэгч М.Б машиндаа суугаад хөдлөх гэхэд нь хохирогч А.Энхцэцэг М.Бийн унаж байсан тээврийн хэрэгслийг өшиглөж зүй бус үйлдэл гаргажээ.
Ингэснээр тэдгээрийн хооронд дахин маргаан үүсэж улмаар гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 115 хуудас/, бүсдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хх-ийн 174 хуудас /, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулан, хүндрүүлэн нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жинчин овогт М.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Энхцэцэгийн нэхэмжлэлээс 610.800 /зургаан зуун арван мянга найман зуу/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН