Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч: Э.Н, Э.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114001070108 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар: ******* регистрийн дугаартай. 

2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* Регистрийн дугаар: ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг нутаг “Эрээн нуруу” Голд монстер 1000 металл хайгч, Эм эф 250 нэртэй багаж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 4.06 грамм алт хууль бусаар олборлож, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ах Л.Нийн хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн нуруу” гэх газарт очсон. Би өөрийн металл хайгчаараа алт хайж 4 грамм орчим алт олоод буцаад гэр лүүгээ явж байгаад Говь-Алтай аймгийн Баянтоорой сумын байгаль хамгаалагчтай таарч металл хайгч, жин хэмжигч багаж олсон алтыг хураагаад Баян-Өндөр сум цуг ороод хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн юм. Тухайн унаж явсан мотоцикль , тухайн авч явж байсан металл хайгч, жин хэмжигч багаж миний эзэмшлийнх байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 148-149/,   

Шүүгдэгч Л.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.Цын хамт мотоциклиор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Эрээн нуруу” гэх газар луу өвс тэжээл авах, банкны зээл төлөх мөнгө олох зорилгоор явсан. Э.Ц бид хоёр очоод металл хайгчаар алт хайж яваад бага хэмжээний алт олоод буцаад явж байтал Говь-Алтай аймгийн Баянтоорой сумын Дархан цаазат газрын байгаль хамгаалагч ирээд металл хайгч, хэмжигч багаж, олсон алтыг аваад цуг Баян-Өндөр сумын төв ороод сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн. Би хэр хэмжээний алт олсныг мэдэхгүй. Харахад жижиг шар юмнууд харагдсан. Аймагт ирээд стандартчилал хэмжил зүйн газарт хэмжүүлэхэд 4 грамм байна гэж байсан. Тухайн металл хайгч, жин хэмжигч багаж нь Э.Цынх байгаа. Металл хайгчийг Э.Ц барьж явж алтыг олсон. Тухайн багажийг Э.Ц барьж яваад хуучин ухаж байсан овоолсон шороон дээр дараад металл хайгч нь дуугарахаар нь ухаж олдог. Миний хувьд цуг явж өвс, тэжээлийн мөнгө олохоор явсан. Би өмнө алтанд явж байгаагүй. Унаж явсан улаан өнгийн хятад мотоцикль Э.Цын байгаа юм. Бид 2 очсон “Эрээн нуруу” гэх газар нь дээр үед Хятад иргэд ухаж байсан газар гэсэн. Овоолсон шороотой газар байсан. Би өмнө очиж байгаагүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 151-152/,            

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Баянтооройн дархан цаазат газрын хамгаалалтын ажилтан Э.Ц, Л.Н нарыг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоод явж байхад илрүүлээд манай сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн байсан. Э.Ц, Л.Н нарын алт олсон гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй газар байгаа юм. Мөн Хятад иргэд ухаж байсан гээд хуучин ухсан нүх, шороо гаргасан газар байдаг. Одоо иргэд очиж ухсан зүйл байхгүй. Сумаас хол болохоор иргэд очдоггүй. “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцахад байгаль орчинд экологи-эдийн засагт хохирол учраагүй гэж дүгнэсэн байна. Үүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт алга байна. Мөн тухайн газрыг Э.Ц, Л.Н нар ухаж, төнхөөгүй болохоор нөхөн сэргээлт хийх шаардлагагүй. Нэгэнт байгаль орчинд экологи эдийн засагт хохирол учраагүй учир ямар нэг зардал нэхэмжлэхгүй...мэдүүлэг / хх-ийн 71-72/,           

Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүс болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Шартал” гэдэг газарт хяналт шалгалтын ажлаар явж байгаад Э.Ц, Л.Н гэх 2 хүнтэй тааралдсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өглөө тусгай хамгаалалттай газарт 1 мотоцикльтой 2 хүн алт эрэн хайж байгаад надтай тааралдаад зугтсан. Тэгээд тус өдөр оройн 17:00 цагийн үед дээрх газарт 1 мотоцикльтой 2 хүн мэдрэгч үүрч явсныг саатуулан Голд монстер 1000 металл хайгч, Эм эф 250 нэртэй жин хэмжигч, цагаан өнгийн 20 грамм бүхий жижиг таглаатай саванд шар өнгийн металл тус тус гарч ирсэн. Ямар зорилгоор явж байгааг нь асуухад “Эрээн нуруу” гэх газарт очиж хоноод алт эрэн хайж байгаад ирлээ гэсэн. Би Э.Ц, Л.Н нарыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын цагдаагийн хэсэгт дагуулан ирж хүлээлгэн өгөхдөө цагдаагийн байранд шар өнгийн металлыг жин хэмжигчээр хэмжиж хүлээлгэн өгсөн.. гэх мэдүүлэг / хх-ийн 76/,

Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн шинжээч химич Н.Цэдэвсүрэнгийн

1. 183/913 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 0.145 грамм металлыг жинлэхэд 4.06 грамм байна. Стандарт, Хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг.

2.183/913 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 4.06 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь байгалийн алт мөн байна.

3.Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж сорьц тогтоох боломжгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу ISO/11426:2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог. 4.06 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.

4.183/913 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 4.06 граммтай металлд шинжилгээ хийж гүйцэтгэн энэ нь үнэт металл буюу алт мөн гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлт /хх-ийн 38/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн

1. Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалтын бүс нутгийн талбайтай давхцалгүй байна.

2. Тухайн газраас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирол учраагүй байна.

3. Газрын хэвлийд эвдрэл үүсээгүй учраас нөхөн сэргээлт хийх ажлын зардал тооцох боломжгүй байна.

4. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...гэх дүгнэлт / хх-ийн 55/,         

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн №102 дугаар шинжээчийн...Донг маркийн мотоциклийн үнэ 100,000 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 90/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн №102 дугаар шинжээчийн...Хайрхан маркийн мотоцикль 1 ширхэг 150000 төгрөг, Эл жи-F580L маркийн хөх өнгийн дэлгэгддэг гар утас 1 ширхэг 50000 төгрөг, Эл Си ди маркийн зурагт 1 ширхэг 150000 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 99-100/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 102 дугаар шинжээчийн ...4,06 грамм алт нийт 637,870 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 104/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 58-59, 64-65 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-07/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 108-109/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 110/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 111/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112-113/, депозит дансны хуулгууд /хх-ийн 115-118/,зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг нутаг дэвсгэрт “Эрээн нуруу” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.Ц, Л.Нийн мөрдөн байцаалт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн / хх-ийн 148-149, 151-152/,хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цын / хх-ийн 71-72/, гэрч Ж.Бын / хх-ийн 76-77/,

Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн шинжээч химич Н.Цэдэвсүрэнгийн....183/913 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 4.06 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь байгалийн алт мөн байна...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн...тухайн газраас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирол учраагүй байна...гэх дүгнэлт / хх-ийн 55/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар шинжээчийн ...4,06 грамм алт нийт 637,870 төгрөг... гэх дүгнэлт / хх-ийн 104/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 90, 94-96/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нараас шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Ц, Л.Н нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

“Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ.

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул явуулсан бөгөөд харин газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг олборлолтын үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Л.Нийн эзэмшлийн ... Хайрхан 150 маркийн шар өнгөтэй мотоцикль..., шүүгдэгч Э.Цын эзэмшлийн... Эл жи Эф 580 Эл маркийн гар утас, Эл Си Ди маркийн зурагт... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эл зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Ц, Л.Н нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Цын эзэмшлийн ...Донг маркийн мотоцикль..., Голд монстер 1000 металл хайгч, MF250 нэртэй хэмжигч багаж зэргийг тус тус хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Э.Цын эзэмшлийн ...Донг маркийн мотоцикль..ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Ц, Л.Н нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Цын эзэмшлийн Донг маркийн мотоцикль, Голд монстер 1000 металл хайгч, MF250 нэртэй хэмжигч багаж зэргийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Э.Цын эзэмшлийн ... Донг маркийн мотоцикль, Эл жи Эф 580 Эл маркийн гар утас, Эл Си Ди маркийн зурагт, шүүгдэгч Л.Нийн эзэмшлийн ... Хайрхан 150 маркийн шар өнгөтэй мотоцикль... зэргийг битүүмжлэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эл зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Ц, Л.Н нарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4.06 грамм алтыг хурааж улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч Э.Ц, Л.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА