| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2019/0006/З |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 04
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Х.А-ын Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан “Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудасны үүргийн биелэлтэнд өгсөн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай Ховд сумын Засаг даргын захирамжийн дагуу Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа соёлын үйл ажиллагааг идэвхи санаачлагатай зохион байгуулж, 2013 онд сум сурталчлах өдрийг аймгийн төвд, 2015 онд Улаанбаатар хотод, 2018 онд Ховд аймагт тус тус амжилттай зохион байгуулсан.
Гэтэл Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамж гарч намайг чөлөө авалгүй ажил тасалсан, үр дүнгийн гэрээгээ хангалтгүй буюу F үнэлэгдсэн гэж үзэж албан тушаал бууруулж, соёлын төвийн багшаар томилсон нь миний хөдөлмөрлөх эрхэнд халдлаа. Маргаан бүхий актад Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь гэсэн огт байхгүй заалт баримталсан, сумын Засаг дарга надтай огт гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг удирдлага болгон албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь аймгийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сумын соёлын төвийн дарга, захирлыг томилж чөлөөлөх эрхтэй байхад ийм үйл ажиллагаа явуулалгүйгээр намайг соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас бууруулж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн бүжгийн багшаар томилсон нь илт хууль бус үндэслэлгүй шийдвэр юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Х.А миний бие Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан “Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудасны үүргийн биелэлтэнд өгсөн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 тоот захирамжыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан
Нэхэмжлэгч миний бие Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудасны үүргийн биелэлтэнд өгсөн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Х.А-ын Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад холбогдуулан “Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудасны үүргийн биелэлтэнд өгсөн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгож, түүнийг үндэслэн гаргасан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан Ховд аймгийн Ховд сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР