Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 94

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00121/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 494 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-д холбогдох,

          “Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 31.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бээжин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Шим ХХК-аас:

“Шим” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нийт 30.115.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан борлуулсан бөгөөд худалдан борлуулсан барааны үнийн 30 хувь буюу 9.115.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 70 хувь буюу 21.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцож 17 тоот гэрээг байгуулсан. Худалдан авагч тал  гэрээнд заасан 30 хувьтай тэнцэх төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн ба үлдэгдэл төлбөрөөс төлбөр хийгээгүй байна. Манай байгууллагын зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч 2016 оны тариалалтаас төлнө гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүргээд байна. Иймд “Урсгал хүдэр” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Урсгал-Хүдэр” ХХК-ийн захирал Б.Бээжингээс:

“Шим” ХХК нь манай компанитай 2015 онд хоёр компаний хийсэн гэрээний дагуу хорны үнийн үлдэгдэл төлбөр 21.000.000, алданги 10.500.000 нийт 31.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Спрут Экстра 1350 л, Форвард 45 л, Лорнет 40 литрийг авсан. Форвард 45 литрийг 50 га газартаа цацсан боловч мөлхөө хиаг устаагүй. Би “Шим” ХХК-ийн Ургамал хамгааллын шинэ бодисын жагсаалт, Арвин ургацын төлөө хамтдаа зэрэг гарын авлагад хорны талаар тодорхой тусгасан байсан тул харж байгаад авсан. Мөлхөө хиаг ургаж байгаа тохиолдолд тарьмал ургамал ургадаггүй. Ургац 100 хувь алдсан. Бусад хор буюу Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Спрут Экстраг цацсан боловч огт үйлчлэл үзүүлээгүй талаар утсаар хэлсэн. Буцаах боломжгүй гэсэн тул найз нөхөддөө өгөөд дуусгасан. Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнэ 27.585.000 төгрөгнөөс урьдчилгаанд 9.115.000 төгрөгийг хасч үлдэх 18.470.000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Урсгал-Хүдэр” ХХК сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани тус компанийн хариуцлагагүй сурталчилгаанд итгэн Форвард МКЭ хорыг 50 га рапсны талбайд цацсан боловч хог ургамалдаа үйлчлээгүй, өөр төрлийн хор цацах боломжгүй болж ургац 100 хувь алдаж багагүй хохирол амссан. Энэхүү хохирол 42.500.000 төгрөгийг “Шим” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 494 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 27.705.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, 3.795.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 42.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 382.600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 296.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар дурдаагүй. Мөлхөө хиаг устгах зорилгоор форвард МКЭ хорыг холбогдох зааврын дагуу цацсан боловч мөлхөө хиаг үхээгүйгээс 100 хувь ургац алдсан болох нь 2015 оны Ургац тогтоолтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байна гэсэн мөтлөө сөрөг нэхэмжлэлийн шаардлагагыг хангахгүй орхигдуулсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбар ирүүлээгүй нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэх үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Шим” ХХК, хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс үзэхэд “Шим” ХХК-аас хариуцагч “Урсгал хүдэр” ХХК спрут экстра, форфард, лорнет ургамал хамгааллын бодис худалдан авахаар тохирч гэрээ хийсэн ба гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр 9.115.000 төгрөг төлсөн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 31.500.000 төгрөгнөөс Лорнет,ВР хорны үнэ 3.420.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба сөрөг нэхэмжлэл гаргаж “Шим” ХХК-аас гэм хорын хохирол 42.500.000 төгрөг, форфард МКЭ-ийн үнэ 2.430.000 төгрөг нийт 44.930.000 төгрөг нэхэмжилсэн байна. /хх-18 хуудас/

Анхан шатны шүүх хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 27.705.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, 3.795.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 42.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх шүүх хурал дээр хөндөж хэлэлцээгүй, “Шим” ХХК  сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад хариу тайлбар гаргаагүй тул хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн агуулгыг зааж бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан  “нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болсон тул давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ