Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

 Улсын яллагч: Г.Цогтмагнай

Шүүгдэгч: Д.С, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000910096 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхнгор сумын 4 дүгээр багийн 2 гудамжинд найз С.Дг өмөөрч Э.Бг зодож түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шөнө 03 цагийн орчим Баянхонгор сумын 4 дүгээр баг 2 дугаар гудамжинд *******ын дэлгүүрийн үүдэн дээр найзын машинтай Д.Т, С.Д, *******, ******* бид 5 пиво авах гэж ******* гэдэг айлын үүдэн дээр зогсож байхад 2 банди гудамжны цаанаас орилж хөөе гэж дуудаж ирсэн. Нэг нь С.Д гэх манай найзтай уулзаж зогсож байснаа дух өгч гэж дээрэлхээд байгаа мэт харагдаж байснаа тэр залуу С.Дг заамдаж барьж авсан. Тэр үед би машинаас гарч ирж очоод тэр хоёрыг салгах гэсэн боловч тэр залуу согтуу намайг барьж авч С.Д бид 3 зууралцаж байгаад тэр залууг газар унах үед нэг удаа хөлөөрөө хавсарч гараараа цохьсон юм. Э.Бг цохиж зодсон. Хохирогч Э.Бд хохиролд 500.000 төгрөг өгсөн.... гэх мэдүүлэг / хх-ийн 72-73 /,

 Хохирогч Э.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн

... 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр найз Д.Бг гэрээс нь аваад нэг 1 том пиво авч голын зах дээр очиж уусан. Тэгээд нөгөө пивийг уугаад сууж байгаад гэртээ харихаар болоод хөдлөх гэсэн чинь машины аккумлятор нь суусан байсан. Тэгээд алхаад явж байсан чинь машины гэрэл харагдсан машинаа холбоод асаачих санаатай нөгөө хүмүүс дээр очоод уулзсан чинь нэг нь таньдаг 10 жилд сурдаг байхдаа тэмцээн уралдаанд цуг оролцдог байсан Т.Т байсан. Тэгээд Д.Ттай хашааны үүдэнд машинаас нь жоохон зайтай юм яриад зогсож байсан чинь нэг нь орж ирсэн ба миний хамрын дээд хэсгээр оносон байх. Тэгээд ухаан алдсан байсан. ...Надтай Д.Т анх уулзаад зогсоход хажууд нь нэг банди зогсож байсан ба би бодохдоо Д.Ттай уулзаад зогсож байхад машинд сууж байсан хүмүүс намайг түүнтэй муудалцаад зогсож байна гэж бодоод бууж ирээд цохьсон байх гэж бодож байна. Миний санаж байгаа зүйл гэвэл 1 удаа гар орж ирээд би ухаан алдсан. Түүнээс хойш намайг хэн, хэдэн удаа яаж цохисон эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,     

 Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим Баянхонгор сумын 4 дүгээр баг 2 дугаар гудамжинд *******ын дэлгүүрээс пиво авахаар С.Д гэх найзын хамт очоод зогсож байхад 2 согтуу банди бид хоёрын араар гарсан гарах үедээ н.Улмаа байхгүй гэж хэлсэн. Тэгтэл С.Д чамд ямар хамаа байна гэж хэлтэл бидний араар гарч явсан залуугийн нэг нь С.Дтэй маргалдсан. Э.Б гэх зүс таних залуу над дээр хүрч ирээд миний нэрийг андуурч Балжка өнөөдөр миний төрсөн өдөр ганц юм уух уу гэж хэлсэн. Тэгтэл С.Д одоо боль гэж хэлээд салгах гэж зууралдаж байхад машинд байсан Д.С гэх манай найз машинаас бууж ирээд салгах гэж байснаа Э.Бг унагаасан. Цохьсон үгүйг би харж чадаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Э.Бн хамраас цус гарчихсан байдалтай харагдаж байсан. Д.С надад хэлэхдээ нэг удаа цохьсон талаар ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/,            

Гэрч Р.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 05 цагийн орчимд байх гэртээ унтаж байсан чинь нөхрийн дүү болох. Э.Бн найз охин *******тай юм ярьж байгаа чимээ нь сонсогдохоор нь сэрээд үүд рүү очсон чинь *******, Э.Б 2 зогсож байсан ба Э.Бн нүүр, ам нь цус болсон байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 120-212/,     

 Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...шөнийн 23 цагийн үед Э.Б манайд машинтайгаа ирэхдээ эрүүл ямар нэгэн архи хэрэглээгүй байсан. Тэгээд бид 2 голын зах дээр очоод Э.Б пиво уусан. Би ерөөсөө амсаагүй. Тэгэхэд Э.Бгийн машиныг би барьсан явж байсан юм. Тэгээд голын захаас гэр лүүгээ харих болсон чинь Э.Бгийн машины аккумлятор нь суусан байсан бид 2 машиныг тэнд үлдээчихээд алхсан алхахдаа Баянхонгор сумын 4-2 дугаар гудамжаар алхаж байхад н.Улмаа гэх хүний дэлгүүрийн хаалгыг 2 хүн нүдээд зогсож байсан. Мөн тэд нар машинтай байсан ба машинаа холбож асаачих гээд тэр хоёртой Э.Б очоод уулзсан. Би зайтай буюу 3-4 алхмын зайнд зогсож байсан Э.Б мэндлэхэд Д.Т гэх мэндлээд хариулсан. Ингээд зогсож байхад машинаас 2 хүн бууснаа нэг нь буюу бомбер маягийн богино куртиктэй залуу байсан ба машинаас буунгуутаа орилж ирээд намайг элдсэн. Намайг тэр анх Д.Т гэх залуутай цуг зогсож байсан мартизархуу түрүүтэй гутал өмссөн, богино бараан өнгийн куртиктэй. Э.Бг аваад яв гэсэн залуутай хөөгөөд намайг гүйцээгүй буцсан. Тэгээд би буцаад Э.Б дээр очсон чинь тэр ухаан алдсан хэвтэж байхаар нь сэрээгээд тэгээд бид хоёр гэр лүү нь очсон. Ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Түүнийг яг хэн зодсон талаар мэдэхгүй байна. Ер нь хоорондоо маргаж муудалцсан зүйл болоогүй. Тэдгээр хүмүүс нэлээн согтуу байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-23, 25/,

Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...шөнө 03 цагийн орчим Баянхонгор сумын 4 дүгээр баг 2 дугаар гудамжинд *******ын дэлгүүрээс пиво авахаар тамхи татаад хашааны үүдэн дээр зогсож байхад цаанаас 2 банди ирж байгаа харагдсан. Тэр хоёр бандийн нэг нь Д.Т гэх барилддаг манай найзтай хамт бөхөөр хичээллэдэг Э.Б гэх залуу байсан. Д.Ттай уулзаж өнөөдөр миний төрсөн өдөр би уучихсан байна гэж хэлээд Д.Тийн өөдөөс цээжээ дэлдэж цохиод байхаар нь би очиж болиоч гэж хэлсэн. Э.Б гэх банди чи над руу том дуугарч байна уу гэж хэлээд заамдааж авсан. Д.Т хажуугаас боль гэж хэлээд салгах гэхэд салахгүй байсан. Найз Д.С машинаас бууж ирээд салгах гэхэд салахгүй дараад байхаар нь Д.С Э.Бг гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл хамрын цус гоожоод тонгойж сандарч айсандаа явъя гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн. Нэг удаа гараараа нүүр орчимд цохисон. Өөрөөр цохиж зодоогүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 30-31/,   

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн № 185 дугаар шинжээчийн

1.Э.Бн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 150-151/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 06-08/, депозит дансны хуулгууд /хх-ийн 75-78/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/,тзэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхнгор сумын 4 дүгээр багийн 2 гудамжинд найз С.Дг өмөөрч Э.Бгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Сын / хх-ийн 72-73 /, хохирогч Э.Бгийн / хх-ийн 13-14 /, гэрч Д.Тийн хх-ийн 16-17/, гэрч Р.Цийн / хх-ийн 120-212/,гэрч Д.Бгийн / хх-ийн 22-23, 25/, гэрч С.Дгийн/ хх-ийн 30-31/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 150-151/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.С нь хохирогч Э.Бг цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 150-151/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч Э.Б, шүүгдэгч Д.С нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Д.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Э.Б нь Д.Сын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 4290000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал болон шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч Д.С нь “Бозолло стори” бэлэн хувцасны дэлгүүрт угтагч ажилтай, сард 500.000-600000 төгрөгийн цалин авдаг буюу тогтмол орлоготой, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүгдэгч Д.Ст торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ

Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хохирол нөхөн тулүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Сын эзэмшлийн “...Рэд ми-8 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Ст буцаан олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Сыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Ст хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4.Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Сын эзэмшлийн “...Рэд ми-8 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Ст буцаан олгосугай,

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэпний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ст хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА