| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Э.Гантулга
Хохирогч А.О, түүний өмгөөлөгч Д.Мэндээ
Шүүгдэгч: Д.А, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000950105 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, *******5 регистрийн дугаартай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын2 дугаар багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр А.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.А ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай эхнэр сүлжээн дээр гэрч утсаар ярьж ирээд Энхээ ахынх нүүж ирж байгаа хоёулаа очиж гэрийг барилцаж өгье хувцсаа өмсчих гэж хэлээд гадаа гарчихаад орж ирээд Энхээ ахын гэрийг барьж өгчихөөд сумын төв орчихоод ирэх үү гэхээр нь оройтчих юм биш үү гэж хэлэхэд сум явъя гэж хэлэхээр явдаггүй гэж уурлаад байхаар нь Энхээ ахын гэрийг барьж өгчихөөд өглөө явъя гэхэд уурлаад чи тэнэхээрээ хамаагүй явдаг биздээ гээд байхаар нь уур хүрээд эхнэрийнхээ нүүр нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн96-97/
Хохирогч А.Оын мөрдөн байцаалтанд өгсөн
...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ээж Дуламсүрэнтэй утсаар ярьсан чинь Энхээ ахынх чинь Богд сумын Ар Богд гэх газраас Баянлиг сумын 2 дугаар багийн нутаг Чулуун онгоц гэх газар луу нүүж байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд нөхөр Д.Ат хэлэхэд манай нөхөр дургүй байхаар би нөхрийгөө чи 2 хоно гадуур архи ууж яваад ирсэн байж юундаа уурлаад байгаа гэж хэлэхэд манай нөхөр чи хоёр хоног дуугүй байсангүй үглээд гээд орон дээр сууж байснаа босож ирээд миний баруун талын нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Н.Ш эгчийг дуудаад Д.А миний нүд рүү өшиглөчихлөө гэж хэлэхэд А мотоциклио унаад яваад өгсөн. Тэгээд би хажуу айлдаа ороод нэлээн сууж байгаад гар утсыг нь аваад сүлжээн дээр гараад ээж Дуламсүрэнд Д.А миний нүд рүү өшиглөөд зодсон гэж хэлчихээд уулан дээр нэлээн сууж байгаад гэртээ ирэхэд Д.А гэртээ ирчихсэн байж байсан. Би Атай юу ч ярилгүй гэртээ хоночихоод өглөө нь мотоциклио унаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг / хх-ийн 44-46, 52-53 /
Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчимд би гэртээ унтаж байсан чинь манай хажуу айлын эхнэр А.О уйлаад орж ирээд Д.А намайг гэртээ сууж байсан чинь миний нүд рүү өшиглөчихлөө гэхээр нь харсан чинь баруун талын нүд нь хавдсан байталтай харагдаж байсан. Тэгээд би Д.А хаачсан гэж А.Оаас асуусан чинь мотоциклио унаад өгсөөд явчихсан гэж хэлсэн. А.О намайг манай хүргэн Энхээ ахынд хүргээд өг гэхээр нь ахынх нь хаана байгаа гэтэл өнөөдөр чулуун онгоц гэх газар нүүгээд ирж байгаа гэхээр нь би хүргэж өгөх гээд байж байтал гэрийн араар мотоцикль дуугараад явсан. Гэрийн гадаа мотоцикл дуугараад Д.А ирж удалгүй А.О сүлжээн дээрээс ирж тэр хоёр гэртээ орсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 72-73/,
Гэрч Н.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчимд би гэртээ байж байхад А.О эгчээ гээд дуудахаар нь би гараад хартал гэрийнхээ хажууд уйлаад сууж байхаар нь юу болсон гээд асуухад Д.А миний нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөчихлөө гэхээр нь харсан чинь баруун талын нүд нь хавдсан байталтай харагдаж байсан. Тэгээд би Оыг гэртээ оруулж ирээд аргадаад сууж байтал А.О та намайг Энхээ ахынд хүргээд өгөөч гээд байсан. Тэгсэн А.О манай гар утсыг аваад сүлжээ рүү явсан. Нэлээн байж байтал манай гэрийн гадаа мотоцикл дуугараад Д.А ирж удалгүй А.О сүлжээн дээрээс ирж тэр хоёр гэрээ орсон..” гэх мэдүүлэг / хх-ийн 64-65/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 181 дугаар шинжээчийн
1. А.Оын биед тархи доргилт баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-21/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 37-38/,аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-ийн 04-15/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 100/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 105/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 106/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 107/, депозит дансны хуулгууд /хх-ийн 109-111/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын2 дугаар багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр А.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Аийн ... А.О сум явъя гэж хэлэхээр явдаггүй гэж уурлаад чи тэнэхээрээ хамаагүй явдаг биздээ гээд байхаар нь уур хүрээд эхнэрийнхээ нүүр нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн96-97/
Хохирогч А.Оын ....манай нөхөр чи хоёр хоног дуугүй байсангүй үглээд гээд орон дээр сууж байснаа босож ирээд миний баруун талын нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 44-46, 52-53 /
Гэрч Б.Сийн ...А.О уйлаад орж ирээд Д.А намайг гэртээ сууж байсан чинь миний нүд рүү өшиглөчихлөө гэхээр нь харсан чинь баруун талын нүд нь хавдсан байталтай харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 72-73/,
Гэрч Н.Шийн...Д. А миний нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөчихлөө гэхээр нь харсан чинь баруун талын нүд нь хавдсан байталтай харагдаж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 181 дугаар шинжээчийн.. А.Оын биед тархи доргилт баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч А.О , шүүгдэгч Д.А нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн баруун талын нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Д.А нь хохирогч А.Оын нүд рүү өшиглөж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... тархи доргилт баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 20-21/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Д.А, хохирогч А.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Од 300.000 төгрөг өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хувьд ногдох хөрөнгөтэй, малчин, тодорхой орлоготой, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Аийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ял хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн “...Даюун-150 маркийн мотоцикл...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Ат буцаан олгож, шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Аийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн “...Даюун-150 маркийн мотоцикл..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Ат буцаан олгосугай,
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ат хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА