| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015003560104 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1 Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар;*******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Гын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа архи хэрэглэсэн согтуурсан үедээ Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт өөрийн эгч, тус автомашинаар зорчиж байсан иргэн У.Атэй та намайг тоодоггүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин, толгойн үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Ч.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр архи хэрэглэсэн согтуурсан үедээ иргэн Д.Гын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт бусдыг зодож байгаа үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн П.Ягийн зүүн гарыг нь цохиж, мушгин эрүүл мэндэд нь зүүн гарын шүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвөөс П.Я, У.А, У.О, П.Ягийн 1 нас өнгөрч байгаа хүүхэд бид нар Д.Гын эзэмшлийн Тоёота Прус маркийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн нутаг байдаг морины хөшөөн дээр очиж зогсоход нь би найранд явж байгаа хүмүүс дүмбийтэл яваад яахав дээ бүгдээрээ яриа хөөрөө дэлгээд явъя гэж бодоод би нэг шил архи гаргаад хувааж уусан. Тэгээд тэндээсээ цаашаа хөдлөөд явж байхад юунаас эхэлж маргасныг сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь У.А намайг миний хүүхдийг харааж алсан, чиний хараалаар миний хүүхэд үхсэн гээд доромжлоод байсан, би уурандаа тэгвэл алсан юм бол чамайг тэгвэл алчихъя л даа гээд У.Аийг үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэр үед П.Я нь дундуур орсон юм байлгүй тэрийг нь би мэдэхгүй байгаа юм. Тэр үед би П.Ятэй бол хэрүүл маргаан зодоон хийгээгүй П. Я нь миний нөгөө гар эвгүйдээд байна хугарчих шиг боллоо гэж хэлэхээр нь би таны гар чинь яасан юм гэсэн чинь миний гар эвгүй болчихлоо гэсэн би гараас нь барьсан чинь гар нь нужигнаад явчихсан. Тэгээд эмнэлэг дээр боолт хийлгээд цаашаа Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 154-155/
Хохирогч П.Ягийн мөрдөн байцаалтанд өгсөн
...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс манай хүргэн Д.Гын Приус маркийн машинаар Ч.Ц, эхнэр У.А нарын хамтаар Улаанбаатар хот руу хуримын ажлаар яваад Өвөрхангай аймгийн зам дагуу байдаг Арвай хээр морины хөшөөний хажууханд очиж зогссон. Бид нар бүгдээрээ машинаас буугаад хөшөөн дээр очиход эхнэрийн төрсөн дүү Ч.Ц нэг шил архи гаргаж өгөхөөр нь тэр архинаас хангай уул, хөшөөндөө өргөчихөөд У.А нарт хийж өгөхөд Ч.Ц 2 удаа татсан. эхнэр У.А уугаагүй. Би өөрөө архинаас 2 татсан. Тэгээд бид нар машинд суугаад явж байхад Ч.Ц нь эхнэр У.Атэй машин дотор маргалдаж байгаад тэр 2 нэг нэгнийхээ үснээс барилцаад авахаар нь замд явж байж яаж байгаа юм гэж хэлэхэд Ч.Ц нь манай эхнэр У.Аийн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохисон чинь хамраас нь цус гарахад Д.Г машинаа зогсооход бид нар машинаас буугаад машин доторх талыг цэвэрлэчихээд эхнэрийн хамрын цусыг тогтоогоод бид нар машиндаа суугаад явсан. Ч.Ц, У.А нар дахиад машинд маргаан хийж байгаад тэр 2 барилцаад авахаар нь тэр хоёрын дундуур гараа оруулж салгах гэж байхад Ч.Ц миний гарыг нэг удаа цохиход гар өвдөөд байхаар нь гараа хөдөлгөж үзэхэд шажигнаж дуугарахаар нь чи миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн. Намайг үзсэн эмч, сувилагч нар миний гарыг гипсдүүлж, сойлт хийн тариа болон эм өгөөд та Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлэээрэй гэсэн. Тэгээд бид нар эмнэлгээс машиндаа суугаад шууд Улаанбаатар хот руу яваад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэгт яаралтай хэвт гэж хэлсэн. Тэгээд би эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хагалгаанд орсон. Би хагалгаанд орж гарч ирээд 8-9 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн.
...би Ч.Ц, У.А хоёрыг салгах гээд гараас нь барьж авсан чинь миний гарыг аваад хойд сандал цохчихсон. Тэр үед бол миний гар хугараагүй. Дараа нь би дахиад салгах гээд тэр хоёрын дундуур гараа оруулсан чинь Ч.Ц миний зүүн талын гарын сарвууны ар талын хэсгээс барьж аваад хойш нь мушгиад дарчихсан чинь миний гар шажигнаад явчихсан чинь миний гар хугарчихсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 33-36, 110-111/
Хохирогч У.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн
...манай нөхөр П.Я, дүү У.О, дүү Ч.Ц бид нар дүү Д.Гын машинаар хот руу явсан. Замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн нутагт байдаг морьтой хөшөөн дээр очоод Ч.Ц 0.75 граммын хэмжээтэй “Ёслол” нэртэй нэг шил архи гаргаж ирээд байгаль дэлхийдээ өргөөд П.Я, Ч. Ц нар 2 рүнк архи уусан, би бол уугаагүй амсаад өгсөн. Д. Г, О хоёр архи уугаагүй. Тэгээд тэндээс хөдлөөд явж байхад замдаа дүү Ч.Ц нь та намайг тоодоггүй гээд бид хоёр маргалдаад миний толгойтой үснээс зуураад доош нь дарсан. Тэгээд цаашаа жаахан явж байгаад дахиад миний үснээс зулгаагаад доош нь дарсан миний хамар руу гараараа цохчихсон.Тэгээд би машинаа зогсоогоорой гэж хэлээд машинаас бууж замын хажууд байдаг жалга руу уруудаж зогсоод цусаа тогтоох гээд сууж байсан чинь тэр үед манай нөхөр П.Я хүүхэд тэвэрч сууж байгаад жалга руу буух гээд явж байхад нь Ч.Ц гараа далайгаад цохиж байгаа харагдсан,... П.Ягийн гар нь гэмтэж бэртэж байгаагүй. Одоо хугарсан гар нь бол зүүн талынх нь гар байгаа юм, харин олон жилийн өмнө баруун гар нь гэмтэж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117/,
Гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би эхнэр У.О, П.Я, У.А, Ч. Ц болон нэг хүүхдийн хамтаар миний машинаар Улаанбаатар хот руу яваад Өвөрхангай аймгийн наад талд байдаг морьтой хөшөөний хажууханд очоод зогсоод Ч.Ц архи гаргаж ирээд хангай дэлхийдээ өргөөд үлдсэнийг нь П.Я, У.А,Ч. Ц, эхнэр У.О нар хувааж ууж дуусгаад бид нар машиндаа суугаад цаашаа явж байхад У.А, Ч.Ц нар маргалдаад байсан. Тухайн үед Я нь тэд нарыг боль гэж хэлээд салгах гэж байхад Ч.Ц П.Ягийн гарыг нь дарсан юм шиг байна лээ тэгээд машинаа жолоодоод явж байхад П.Я миний гар хугарчих шиг боллоо гэж хэлэхээр нь машинаа зогсоож, машинаас бууж машины арын хаалгыг онгойлгоход П.Ягээс бусад нь буугаад, П.Я нь хүүхэд тэврээд сууж байхдаа надад гар хугарчихлаа гээд үзүүлсэн. Бид нар машиндаа суугаад Сансар гэх газрын эмнэлэгт очиж үзүүлээд, чиг тавиулж боолгочихоод Улаанбаатар хот руу ороод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед У.А, Ч.Ц нар нь хэрүүл маргаан хийгээд барилцаж байхад нь П.Я дундуур нь орж салгасан тэгж байгаад Ч.Ц нь П.Ягийн гарыг хугалсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43- 45/,
Гэрч У.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Замд явж байхад Ч.Ц, У.А хоёр хоорондоо маргалдаад байсан. Явж байхдаа эргэж харсан чинь Ч.Ц нь У.А эгчийн үснээс зулгаагаад дарчихсан байсан. Тэгээд явж байхад Ч.Ц нь эгч У.Аийнхээ хамар луу нь цохиод цус гаргачихсан байсан. У. А эгч миний хамарнаас цус гарчихлаа зогсоорой гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод цусыг нь цэвэрлэчихээд цаашаа хөдлөөд явсан чинь П.Я ах миний гар хугарчихлаа гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр очиж боолгосон. Тэр үед У.А, Ч.Ц хоёр нь зодоон хийж байхад нь П.Я салгах гэж байгаад л гар нь хугарсан байх гэж бодсон, би тэр үед гар нь яг яаж хугарсныг би мэдээгүй. П.Я аймгаас хот руу гарахдаа бол машинд суухдаа зүгээр байсан. Тэр үед П.Я ах согтоогүй байсан. Машинаас унасан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 121-124/,
Гэрч С.Хын мөрдөг байцаалтын шатанд өгсөн
...Би П.Ягийн хугарсан гарны 3 ширхэг зургийг харлаа. Энэ нь хүний зүүн гарын богтос ясны дунд гуравны нэг, доод хэсгээр бага зэрэг зөрүүтэй бороолоогүй ташуу хугаралтай, сэлтэрхийгүй хугаралтай байна. Өөр гэмтэл алга. Энэ зураг дээрх гарын зургийг харахад урьд нь гэмтээд бороолж эдгэрсэн зүйл мэдэгдэхгүй байна. Зураг дээр өмнө нь хугарч гэмтээд дараа нь дахин хугарсан бол зураг дээр харахад хангалттай мэдэгдэнэ. Энэ зураг дээр урьд нь гэмтсэн хугарсан зүйл байхгүй, энэ хугарал нь шинэ хугарал байна. Энэ гарын хугарсан яс нь гарын шууг бүрдүүлэгч нийлэмж яс бөгөөд нийтэд нь шуу яс гэж нэрлэдэг. Энэ хугарсан гарын шуу яс нь өмнө нь хугарсан гэх бороололт байхгүй байгаа учраас энэ гарын яс нь өмнө нь ойрын хугацаанд хугарч бороолж байгаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135, 138/,
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...П.Ягийн гар нь хэрэв өмнө нь хугарч уг хугарал нь бороолж эдгэрсэн байх үед нь дахин хугарвал энэ нь мөн адил ялгаагүй гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. П.Ягийн биед учирсан гарны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь мушгих, хөших, гараар зэргийн аль ч үйлдэлд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 140/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №647 шинжээчийн дугаар
1.П.Ягийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Харин духны зулгаралт гэмтлийн учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүгнээс хамаарна.
5. Дээрх зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12113 дугаар шинжээчийн
1. П.Ягийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийнг үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 62-63/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №1224 дугааршинжээчийн
1.У.Аийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 51-53/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 02/,грэл зургийн үзүүлэлт / хх-ийн 79/, өвчний түүх / хх-ийн 85-93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 168/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 170-170/, депозит дансны хуулгууд /хх-ийн 174-176/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед иргэн Д.Гын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа архи хэрэглэсэн согтуурсан үедээ Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт өөрийн эгч У.Атэй маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Ч.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр архи хэрэглэсэн согтуурсан үедээ иргэн Д.Гын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт бусдыг зодож байгаа үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн П.Ягийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ч.Цгийн...У.Аийг үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэр үед Я нь дундуур орсон юм байлгүй тэрийг нь би мэдэхгүй байгаа юм. Тэр үед би Ятэй бол хэрүүл маргаан зодоон хийгээгүй,....би гараас нь барьсан чинь гар нь нужигнаад явчихсан... гэх мэдүүлэг / хх-ийн 154-15/
Хохирогч П.Ягийн ....Ч.Ц нь У.Аийн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохисон,....дахиад машинд маргаан хийж байгаад тэр 2 барилцаад авахаар би дахиад салгах гээд тэр хоёрын дундуур гараа оруулсан чинь Ц миний зүүн талын гарын сарвууны ар талын хэсгээс барьж аваад хойш нь мушгиад дарчихсан чинь миний гар шажигнаад явчихсан чинь миний гар хугарчихсан... гэх мэдүүлэг / хх-ийн 33-36, 110-111/,
Хохирогч У.Аийн ....Ч.Ц миний толгойтой үснээс зуураад доош нь дарсан, миний хамар руу гараараа цохчихсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117/,
Гэрч Д.Гын...тэр үед У. А, Ч.Ц нар нь хэрүүл маргаан хийгээд барилцаж байхад нь П.Я дундуур нь орж салгасан. Тэгж байгаад Ч. Ц нь П.Ягийн гарыг хугалсан юм байна лээ...гэх мэдүүлэг / хх-ийн 43-45/
Гэрч У.Оийн ...У.А, Ч.Ц хоёр нь зодоон хийж байхад нь П.Я салгах гэж байгаад л гар нь хугарсан байх гэж бодсон...гэх мэдүүлэг/хх-ийн 121-124/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 дүгээр сарын 23-ны өдрийн 647 дугаар...П.Ягийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1224 дугаартай шинжээчийн... У.Аийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 66-67/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч У.А, шүүгдэгч Ч.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн үснээс зулгааж, нүүрэн тус газар гараараа нь цохиж зодсон, түүнчлэн тухайн үйлдлийн таслан зогсоох гэж байсан П.Ягийн зүүн талын гарын сарвууны ар талын хэсгээс барьж мушгасан нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч У.Аийн биед нь... биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн чих, хүзүүнд зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн / хх-ийн 66-67/, хохирогч П.Ягийн биед нь.... зүүн гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь / хх-ийн 52-53/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нь шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн ултаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэний хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч Ч.Ц нь гэмт үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч У.Ад 100000 төгрөг, хохирогч П.Яд 850000 төгрөгийг хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Цд үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх талаар хүсэлтээ гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль зүйн үр дагаварыг танилцуулсан, түүнчлэн шүүгдэгч Ч.Ц нь тодорхой орлоготой, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.Цд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч У.Аийн томографын зураг 2 ширхэг, сиди хуурцаг 1 ширхэг, компьютер, томографын шинжилгээ гэх гарчигтай бичиг 1 ширхэг, хохирогч П.Ягийн гэх томографын зураг 2 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалалж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Цг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Цд оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч У.Аийн томографын зураг 2 ширхэг, сиди хуурцаг 1 ширхэг, компьютер, томографын шинжилгээ гэх гарчигтай бичиг 1 ширхэг, хохирогч П.Ягийн гэх томографын зураг 2 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Цгийн эзэмшлийн “...Samsung маркийн 42 инчийн Эл си ди зурагтыг...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ч.Ц буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА