Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/385

 


 

 

 

 

 

 

   2021            6          10                            2021/ШЦТ/385

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч Н.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Н.Ж- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000676 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Увс аймгийн Давст суманд тарсан, настай, эрэгтэй дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл Тээвэрлэлт үйлчилгээний  дугаар хэлтсийн дарга ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд Дарь-эхийн  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: / Н.Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.Ж- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо гэмтлийн эмнэлгийн зүүн талд хохирогч Ж.Б- маргалдан биед нь халдаж гарын тохой хэсгээрээ нүүрэн тус газарт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ж- “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул мэдүүлэх зүйлгүй. Хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирогчид 300.000 төгрөг шилжүүлсэн.” гэв.

 

        Хавтаст хэргээс хохирогч Ж.Б- мөрдөн байцаалтанд: “...2021 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө би 08 цагт ажил дээрээ очоод өдөр 10 цагийн үед ажлын газрын хүмүүстэйгээ хамт Баянхошуу руу М-, А-, Н.Ж-, А-, М- бид зургуулаа явсан. Тэгээд тэндээ очоод 6-лаа 2 шил 0.75 литрийн архи хуцааж уучихаад үдээс хойш 17 цагийн үед буцаад хот руу харьцгаасан. Тухайн үед М- архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан учраас машин жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр дарга М- сууж явсан. Харин хойно нь бусад нь суугаад хот руу орж ирцгээсэн. Тэгээд М-, А- хоёр модны хоёрт гэртээ бууж үлдээд бид нар урагшаа гэмтлийн эмнэлгийн хажууд А-ыг гэрт нь буулгасан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн дунд замаар явж байгаад Н.Ж- бид хоёр хоорондоо маргалдаад би Н.Ж-ы цамцны хойд талаас таттал Н.Ж- машинаас буугаад тойрч ирээд миний сууж байсан талын хаалгыг татаж онгойлгоод намайг машинаас чирч буулгаад миний шилэн хүзүүн дээрээс дараад газар руу 2-3 удаа мөргүүлж нүүрээр газар нидэрсэн. Тэгээд миний нүүр зулгараад ам хамраас цус гараад эхэлтэл Н.Ж- буцаж машиндаа суугаад М- тэр хоёр намайг гудамжинд орхисон. Тэгээд хэсэг хугацааны дараа эргүүлийн 2 цагдаа намайг олж ирээд тэр хоёрын утсаар гэр рүү залгаж эхнэрээ дуудаад гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийлгэсэн Н.Ж-д хүрсэн чинь гэнэт уурлаад намайг цохиж зодсон. Тухайн үед М-, Н.Ж- бид гурав байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/

 

       Гэрч Ж.О- мөрдөн байцаалтад: “2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр өглөө 08 цагт ажилдаа гарч яваад өдөр 14 цаг 49 минутад ажлын газрынхаа М- инженерийн зусланд Баянхошуунд байна гээд дүрсээ харж ярьсан. Орой 19 цагийн үед Баянголын цагдаагаас ярьж байна танай нөхөр бусдад зодуулсан байдалтай байна 54 дүгээр сургуулийн урд хүрээд ир гэсэн. Тэгээд би 20 цаг 15 минутад нөхөр дээрээ очсон чинь манай нөхрийн нүүрийг М- гээд ажлын инженер нь цус болсон нүүрийг нь усаар угаагаад байж байсан тэгээд би нөхрөө аваад шууд гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд урууланд нь дотор гадна талд нь 7 оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлэгт тархины зураг авхуулж байгаа бөгөөд нөхрийгөө бусдад зодуулсанд нь гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж гомдол гаргаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

 

       Гэрч Г.М- мөрдөн байцаалтанд“..Би 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 11 цагийн үед ажил дээрээ ирсэн. Намайг М- дарга дуудсан юм. Өдөр 12 цагийн үед М- даргын Баянхошуунд байдаг зуслангийн байшинд ажлынхаа хүмүүстэй хамт явсан. Би машин барьж жолоочоор явсан. Тэд нар очоод 2 шил архи уусан. Манай ажлын албаны М-, деспитчер А-, хэлтсийн дарга Н.Ж-, засварын инженер А-, it инженер Батбаяр нарын хамт явсан. Манай ажлын залуус тэндээ архи уучихаад миний унаж явсан ажлын портер маркийн машинд бүгдээрээ суугаад хотын төв рүү явсан би машин барьж байсан тул архи уугаагүй. Эхлээд М-, А- нарыг хорооллын модны хоёрт буулгасан. Бид нар Баянгол дүүргийн 7-р хороо гэмтлийн эмнэлгийн зүүн талд нь А-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэндээс хөдлөөд төв зам руу орсон чинь Батбаяр ах согтоод агсан тавьж, миний араас үсдээд байсан. Би Батбаяр ах машин барьж байхад араас үснээс зулгаагаад байсан. Батбаяр, Н.Ж- руу агсраад Н.Ж-ы хоолойг гараараа боогоод байсан. Н.Ж- ах намайг зогс зогс, Батбаяр агсан тавиад болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд зогссон чинь хойноос машин явж байсан болохоор би зам чөлөөлөөд гэмтлийн урдуур засмал замаар зүүн зүгт явж байгаад замын хажууд гарч зогссон. Машины буруу талын арын хаалгаар Н.Ж- буугаад машин урдуур яваад миний арын хаалгыг онгойлгож, Б- машинаас татаж буулгаад Б- нүүр хавьд нь 2 удаа гараараа цохисон Батбаяр газар унасан. Би машинаасаа буусан чинь Б- хамраас цус гарсан байсан. Би Н.Ж- ахад та одоо яагаад согтуу хүн цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н.Ж- юу ч хэлэхгүй байсан. Би та Б- хараад байж бай би ажлын машиныг ажил дээрээр үлдээгээд өөрийнхөө хувийн машиныг аваад ирье та хараад байж бай гэж хэлсэн. Н.Ж- 2-лаа хамт явъя гээд надтай хамт яваад Б- тэнд нь үлдээгээд явсан. Би машинаа тавьж байсан чинь М- дарга над руу залгаад Батбаяр чинь хүнд зодуулсан байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Н.Ж- бид 2 буцаад Батбаяр дээр ирсэн чинь Батбаяр байхгүй М- дарга, эхнэр нь ирээд аваад явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

        Яллагдагчаар Н.Ж- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би үүрийн 05 цагийн орчимд хэлтсийн дарга М- бид 2 ажил дээр ирээд өдрийн 11 цаг хүртэл ажиллаа хийж байгаад манай Баянхошуунд байгаа байшин руу очиж юм ярьж суухаар болсон. Тэгээд би өрөөндөө орчихоод 30 минут орчмын дараа гараад ирэхэд Батбаяр, А- 2 ирчихсэн байсан. Тэгээд Батбаяр, А-, А-, М-, М- бид нар манай лагерийн байшин руу очиж 2 шил 1 литрийн архи хувааж уучхаад орой 17 цагийн үед хот руу гарсан. Тэгээд М- архи уугаагүй байсан болохоор жолоо бариад урд дарга суугаад ард нь Батбаяр, А-, А- бид 4 сууж явсан. Тэгээд модны хоёр дээр ирээд дарга А- 2 гэртээ буугаад үлдсэн. Тэгээд хорооллын эцэс рүү А-ыг хүргэж өгөхөөр Батбаяр М- бид 3 яваад гэмтлийн эмнэлгийн зүүн талд А-ыг гэрт нь буулгасан. Тэгээд машины хойд суудал дээр Батбаяр бид 2 хамт сууж явтал Батбаяр жолоо барьж байсан залуу руу агсраад байхаар нь би хажуугаас нь болиоч ээ энийг аваач ээ гэхээр нь би болиоч ээ гэтэл Батбаяр миний хоолойноос боогоод хойш нь татахаар нь би толгойгоо хөдөлгөөд салаад зүүн гараараа Б- 2 удаа тохойлдсон. Тэгээд би машинаа зогсоо гэтэл М- машинаа зогсоосон. Тэгээд би машины баруун гар талаар буугаад машины урдуур тойроод Б- сууж явсан талын хаалгыг огцом татаад онгойлгосон чинь Батбаяр нүүрээрээ газар унасан. Би газраас Б- татаад босгоход нүүр нь улайгаад зулгарсан байсан. Тэгээд над руу ална гээд орилоод байхаар нь М- бид 2 тэнд нь орхичхоод машин авч ирэхээр явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3306 дугаартай “Ж.Б-ын биед уруул, хэлэнд шарх, дух, хамрын нуруу, баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч Н.Ж- нь согтуугаар 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо гэмтлийн эмнэлгийн зүүн талд хохирогч Ж.Б- маргалдан биед нь халдаж гарын тохой хэсгээрээ нүүрэн тус газарт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Б-ын “...Н.Ж- машинаас буугаад тойр ирээд миний сууж байсан талын хаалгыг татаж онгойлгоод намайг машинаас чирч буулгаад миний шилэн хүзүүн дээрээс дараад газар руу 2, 3 удаа мөргүүлж нүүрээр газар нидэрсэн. Тэгээд миний нүүр зулгараад ам хамраас цус гараад эхэлтэл Н.Ж- буцаж машиндаа суугаад М- тэр хоёр намайг гудамжинд орхисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/, гэрч Ж.О-гийн “...Баянголын цагдаагаас ярьж байна танай нөхөр бусдад зодуулсан байдалтай байна 54 дүгээр сургуулийн урд хүрээд ир гэсэн тэгээд би 20 цаг 15 минутад нөхөр дээрээ очсон чинь манай нөхрийн нүүрийг М- гээд ажлын инженер нь цус болсон нүүрийг нь усаар угаагаад байж байсан тэгээд би нөхрөө аваад шууд гэмтлийн эмнэлэгт аваачиж  үзүүлээд урууланд нь дотор гадна талд нь 7 оёдол тавиулсан одоо гэмтлийн эмнэлэгт тархины зураг авхуулж байгаа бөгөөд нөхрийгөө бусдад зодуулсанд нь гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж гомдол гаргаж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Машины буруу талын арын хаалгаар Н.Ж- буугаад машин урдуур яваад миний арын хаалгыг онгойлгож, Б- машинаас татаж буулгаад Б- нүүр хавьд нь 2 удаа гараараа цохисон Батбаяр газар унасан. Би машинаасаа буусан чинь Б- хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, шинжээчийн 3306  дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

          Шүүгдэгч Н.Ж- нь хохирогч Ж.Б-ын биед уруул, хэлэнд шарх, дух, хамрын нуруу, баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Н.Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Ж-ы үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Н.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 52/, хохирогч Ж.Б-ын гаргасан “гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 51/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

 

          Н.Ж- нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Ж.Б-т эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлсөн гэсэн шүүгдэгч Н.Ж-ы хүсэлт /хх-ийн 52/, мөн хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ж- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. Н.Ж- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч Н.Ж- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ