| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/01214/и |
| Дугаар | 182/ШШ2017/01199 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2017/01199
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2017/01199 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 2,307,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч Н.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О-тай ** тоот хаягт байршилтай 66,5 м,кв байрыг Цэцэрлэгийн зориулалтаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Н.О- нь түрээсийн мөнгө өгөхгүй, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. 2016 оны 2 сараас ажиллахгүй гээд 3 сарын 10-ны өдөр нүүгээд явчихсан. 2016 оны 12 сарын 23-ны өдөр нөхөн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь үнэн. 2017 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, цахилгаан хэрэглэсэн 1, 2 сарын төлбөр 143,153 төгрөг, байрны 1, 2 сарын төлбөр 134,755 төгрөг, Сансар кабелийн 3 сарын төлбөрт 33,000 төгрөг нийт 2,307,908 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ж.Э-ийн ** тоот хаягт байршилтай 66,5 м,кв байрыг Цэцэрлэгийн зориулалтаар ажиллуулаад сард 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ж.Э- нь түрээсийн мөнгөө байнга нэхэж, эцэг, эхчүүдийг хүүхдээ өгөх авах үед хэрүүл маргаан үүсгэж, энэ миний байр маргааш ажиллахгүй гэх мэтээр орилж чарлан хүүхэд ирэхээ больж түрээсийн байрыг ашиглах боломж олгоогүй. Би байрыг ашиглах хугацаанд 4,700,000 төгрөгийг дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Одоо төлөх өр төлбөр байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Э- хариуцагч Н.О-д холбогдуулан 2017 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 143,153 төгрөг, байрны төлбөр 134,755 төгрөг, Сансар кабелийн 3 сарын төлбөрт 33,000 төгрөг нийт 2,307,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.О- түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотриатчаар гэрчлүүлээгүй, түрээсийн байрыг ашиглах боломж олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ж.Э-, хариуцагч Н.О-тай 2016 оны 09 сарын 01 өдрөөс 2017 оны 06 сарын 01 өдөр хүртэл 8 сарын хугацаатай, ** тоот хаягт байршилтай 66,5 м.кв байрыг Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэхээр амаар тохиролцож, хожим 2016 оны 12 сарын 23-ны өдөр нөхөн түрээсийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, Түрээсийн гэрээ /хх-ийн 5 талд/ зэргээр тогтоогдож байна.
Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Хариуцагч Н.О-гийн “Ж.Э- нь гэрээнд заасан ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, эцэг эхчүүдэд ажиллахгүй, энэ миний байр гэх мэтээр байнга хэрүүл маргаан үүсгэж, хүүхэд ирэхээ больсон тул 2017 оны 02 сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй гэрээ цуцалсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч Ж.Э- үгүйсгэж чадахгүй байна.
Н.О- гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах үр дагаврыг бий болгох бөгөөд 2017 оны 1, 2 сарын цахилгааны төлбөр 143,153 төгрөг, байрны төлбөр 134,755 төгрөг нийт 277,941 төгрөгийг түрээслүүлэгч Ж.Э- төлсөн болох нь цахилгааны төлбөр төлсөн /хх-ийн 18-20 талд/ баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Н.О-гаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,029,967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч Н.О- сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тохирч 2016 оны 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч Ж.Э- 4.700,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч 300,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж маргаж байх ба хариуцагч 300,000 төгрөгийг бэлнээр төлсөн болохоо баримтаар нотлож чадахгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Э- дэлгүүрийн худалдагч, мөн Цэцэрлэгийн асрагч Ж.Уранцэцэг нарын тодорхойлолтыг /хх-ийн 15,16/ талд/ хавсаргаж, 3 сарын 10-ны өдөр түлхүүрээ авсан гэж маргаж байгаа боловч дээрх 2 хүний тодорхойлолтыг уншиж судлуулна, гэрчийн мэдүүлэг авахуулахгүй, худалдагчийн нэрийг мэдэхгүй гэх тайлбар гаргасаныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дах хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Н.О-гаас 277,941 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун ерин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,029,967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,876 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.О-гаас 8,998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ