Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/397

 


 

 

 

 

 

 

 

   2021            6          17                                  2021/ШЦТ/397

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105003730727 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл ..., эх, охины хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо Горькийн ...-р гудамжны ...... тоотод оршин суудаг,

-2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2008 оны 04 дүгээр сарын 23-ны  өдөр Баянгол дүүргийн шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийг тус тус нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,

-2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийг хурааж 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, /РД:УМ............/ Э.Э-.

 

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Э.Э- нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 7 дугаар гудамжны 177 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/, гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч О.У- зодож, түүний биед хоёр шүдний хугарал, дух, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э- “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

         Хавтаст хэргээс хохирогч О.У- мөрдөн байцаалтанд “...Би 2021 оны 02 дугаар сарын 23 өдөр Т- ахын гэрт Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээ бүхий 2 шил архийг М- ах, найз залуу Э.Э- бид 3 хувааж уусан. Авсан зүйлээ гурвуулаа хувааж уучихаад 15 цагийн үед Т- ахын гэрээс М- ах, Э.Э- бид гурав гараад Баянгол дүүргийн 09 дүгээр хороо 07 дугаар гудамжны 177 тоот хашаанд ирсэн. Гэртээ ороод байж байсан чинь найз залуу Э.Э- надад хандаж гичий минь янхан минь гэж хэлээд дайраад байхаар нь би өөдөөс нь юм ярилгүй байж байсан чинь найз залуу Э.Э- намайг заамдаж аваад үснээс зулгаагаад, миний уруул, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод чирсэн. Тэгээд миний амнаас цус ихээр гараад би гараараа үзсэн чинь дээд үүдэн шүдний хоёр ширхэг нь хугарсан байсан. 2009 онд танилцаж байсан. 2018 оноос нэг гэрт амьдрах болсон. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч, бид хоёр дундаасаа нэг охинтой. 2019 онд Э.Э- намайг галын хайчаар зодож байсан. Тухайн үед би цагдаад хандаагүй. Хадам ээж Оюунчимэг байсан. Намайг зодох үед М- ах хашааны гадаа тасраад уначихсан байсан учир болсон хэргийн талаар мэдээгүй. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ гэмтлийг миний биед найз залуу Э.Э- учруулсан. Би өнөөдрийг хүртэл ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Шүдээ янзлуулмаар байна...Ганзориг миний гарыг зүссэн асуудал дээр би гомдол санал байхгүй. Баруун шуунд байх шархыг би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Хоёр шүдний хугарал, дух баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт дээд уруулын дотор салстад язрал гэмтлийг Э.Э- гараараа цохиж миний биед учруулсан. Э.Э- миний хоёр шүдийг хийлгэж өгсөн, мөн бусад эмчилгээний зардал гаргасан. Би одоо Э.Э-оос ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хэрэгт хавсаргах баримт байхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 09, 11/

 

Гэрч С.О- мөрдөн байцаалтанд“...Би Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 7 дугаар гудамжны 177 тоот гэртээ байж байсан чинь өдөр 14 цагийн үед байх Э.Э-, Ундрал хоёр архи уусан байдалтай Э.Э- О.У- чирээд манай гэрт ороод ирсэн. Тэгээд Э.Э- надад хандаж ээж би О.У- гараараа цохисон чинь түүний шүд нь хугарчихсан гэж хэлсэн. Би тэр 2 хандаж та 2 гэртээ орж унт гэж хэлсэн чинь Ундрал согтуу гараад явсан чинь түүний араас Э.Э- гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Яллагдагчаар Э.Э- мөрдөн байцаалтанд“...Би О.У- гэх эмэгтэйтэй 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй бид хоёрын  дундаас нэг хүүхэд гарсан. Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 07 дугаар гудамж 177 тоотод ээжийн хашаанд хамт байдаг. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ хараад байж байсан чинь 14-15 цагийн хооронд байсан байхаа хамтран амьдрагч О.У- миний дугаар руу залгаад би Т- ахын гэрт архи ууж байна чи нэг шил архи аваад хүрээд ирээч гэхээр нь би гэрээс гараад Т- ахын гэр рүү явж байсан чинь М-тай таарсан. М- бид хоёр дэлгүүр ороод 2 шил 0.75 литрийн хэмжээ бүхий хараа нэртэй архи аваад Т- ахын гэрт очсон чинь Т-, О.У-, үл таних эмэгтэйтэй гурвуулаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид  тав очсон архинаас нэг шилийг нь хувааж уугаад би О.У- дагуулаад Т- ахын гэрээс гарч Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 07 дугаар гудамж 177 тоот гэр рүү явсан. Гэртээ очоод би О.У-д хандан чи өөрийнхөө хүүхдийг хаяад архи ууж гадуур явахаа боль гэсэн чинь миний өөдөөс хэрүүл хийсэн. Юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна. О.У- миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон чинь Ундралын амнаас цус гарсан. Би ээжийн гэр лүү О.У- дагуулаад орсон чинь ээж цагдаа дуудсан. Ундралын биед гарсан хоёр шүдний хугарал, дух баруун бугалга, дээд уруулын дотор салстад язрал гэмтлийг би түүнийг гараараа цохиж учруулсан. Би түүний хоёр шүдийг эмнэлгийн байгууллагаар яваад хийлгэж өгсөн. Мөн бусад эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй. О.У- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

        Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1714 дугаартай “О.У-ын биед баруун шуунд шарх, хоёр шүдний хугарал, дух, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/

 

Шинжээч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд  “...хоёр шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                      

 

Шүүгдэгч Э.Э- нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 7 дугаар гудамжны гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч О.У- зодож, түүний биед хоёр шүдний хугарал, дух, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Э-ын “...О.У- миний өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад хоёр удаа цохисон чинь Ундралын амнаас цус гарсан. Би ээжийн гэр лүү О.У- дагуулаад орсон чинь ээж цагдаа дуудсан. Ундралын биед гарсан хоёр шүдний хугарал, дух баруун бугалга, дээд уруулын дотор салстад язрал гэмтлийг би түүнийг гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, хохирогч О.У-ын “...Э.Э- надад хандаж гичий минь янхан минь гэж хэлээд дайраад байхаар нь би өөдөөс нь юм ярилгүй байж байсан чинь найз залуу Э.Э- намайг заамдаж аваад үснээс зулгаагаад, миний уруул, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод чирсэн. Тэгээд миний амнаас цус ихээр гараад би гараараа үзсэн чинь дээд үүдэн шүдний хоёр ширхэг нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09/, шинжээчийн  1714 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/, шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий  хамтран амьдрагч болох О.У- зодож, түүний биед хоёр шүдний хугарал, дух, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

       Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн “бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Э.Э-од танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Шүүгдэгч Э.Э-од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Э.Э- нь мөрдөн байцаалтын явцад “...хохирогч О.У-ын хоёр шүдийг эмнэлгийн байгууллагаар яваад хийлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, болон хохирогч О.У- “...би Э.Э-оос ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Э.Э-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Э.Э- “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ