Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/398

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

   шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

   улсын яллагч М.Анхбаяр

   шүүгдэгч Б.О-, М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-, М.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105000000692 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

    1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 0 дугаар сарын -нд  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, эх  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧМ/, Б.О-.

 

     2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд  Төв аймгийн Жаргалант суманд төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,

    - 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн  61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

    - 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

      - 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:НМ/ М.М-.

 

     Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 М.М-, Б.О- нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар байрны 00 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох техас, покер нэртэй тоглоомыг цахим сүлжээний /фейсбүүк/ хаягаас шууд бичлэгээр тоглуулан зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Шүүгдэгч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Хавтаст хэргээс гэрч М.У- мөрдөн байцаалтанд “М.М- нь 2021 оны 3 дугаар сараас эхлэн тусдаа гарч байр түрээслэн амьдарч байгаа юм. Тэгээд манай дүү М- нь ах М.М- гэрт очиж үзье яаж амьдарч байна харъя гэхээр нь би дүү М.М-, Г- нарын хамт 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед байх Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 52-19 тоотод очсон. Бид гурав М.М-ын гэрт ороход Б.О- М.М- нар нь фейсбүүкээр хөзөр тоглуулж байсан. Би тэр тоглоомыг нь сайн мэдэхгүй юм байна лээ. Манай дүү М-, Г- нь нар нь тухайн тоглоомыг үзэж сонирхоод сууж байсан бөгөөд би хоол унд хийгээд гал тогоонд нь байсан. Тухайн тоглоомыг Б.О-, М.М- нар нь тоглуулж хүмүүсээс мөнгө төгрөг аваад, буцаагаад шилжүүлээд байсан ба М.М- нь өөрийнхөө фейсбүүк хаягаар лайв /live/ хийгээд хөзрөө тарааж, хольж тоглуулж байсан. Харин Б.О- нь дансаараа мөнгө аваад хожсон хүн рүү нь мөнгийг нь шилжүүлж байсан. Би хэдэн төгрөгийн ашигтай тоглуулдаг, яаж хэрхэн мөнгө олдог талаар мэдэхгүй байна. Би ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн зүйл байхгүй, Хараад сонирхоод сууж байсан. Ууг нь ямар нэгэн ажил төрөл хийе, юу хийх үү, яах уу гэж очсон чинь М.М- нь тоглоом тоглуулаад сууж байсан. Тэгээд би тухайн тоглоом нь ашигтай байдаг байгаа, ашигтай бол тоглуулдаг юм бил үү гэж бодсон. фейсбүүк орчинд зөндөө  хүмүүс тоглуулдаг юм байна лээ. Манай дүү анх удаагаа тоглуулаад өөрийнхөө “ Myagmar Monkhbat” гэсэн хаягаас лайв /live/ хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд “Тухайн өдөр гадуур явж байхад найз М- нь залгаад завтай байна уу завтай бол М.М- ахын гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд найз М-, М-ийн эгч Уранчимэг бид гурав хамт 20 цаг өнгөрөөгөөд М.М- ахын амьдардаг Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 52-19 тоотод очсон. Гэрт нь ороход М.М- ах, Оюунбаяр эгч нар байсан бөгөөд цахим тоглоом тоглуулаад сууж байсан. Бид гурав ороод М- бид хоёр тухайн тоглоомыг сонирхоод эгч Уранчимэг нь хоол унд хийж байсан. Тухайн тоглоомыг харахад М.М- ах фейсбүүкээрээ лайв /live/ хийж, хөзөр тараад техас хөзөр тоглуулж тайлбарлаад Б.О- эгч данс тооцоо барьж байсан. Тоглох сонирхолтой хүмүүс нь мөнгөө Б.О- эгчийн данс руу шилжүүлээд хожсон хүнд нь мөнгийг нь шилжүүлдэг юм шиг байсан. Тэгээд сууж байхад гэнэт гаднаас цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/

Гэрч М.М- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн төрсөн эгч М.У-, найз Г- нарын хамт М.М-  ахын түрээслэн амьдарч байгаа байрыг үзэж сонирхох, ойр зуурын юм ярьж суухаар 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 52-19 тоотод очсон. Бид гурвыг М.М- ахын гэрт очиход М.М- ах Б.О- эгч хоёр покер гэх тоглоомыг лайв /live/ бичлэг хийн тоглуулж байсан. Бид гурав тухайн тоглоомыг хэрхэн тоглуулдаг, яаж мөнгө төгрөг болон ашиг олдог талаар харж ажиглаж сууж байсан юм. Тухайн тоглоомыг харахад тоглоомыг тоглох хүмүүс нь сайн дурын үндсэн дээр мөнгөө шилжүүлж аз туршиж тоглодог бөгөөд мөнгөө Б.О- эгчийн данс руу шилжүүлдэг. Б.О- эгч дансанд орсон мөнгийг тооцож хэлж, хожсон хүн рүү буцаагаад шилжүүлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/, Б.О-ын эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаарын дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-36/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Redmi note 8 pro гар утас 1 ширхэг 464.000 төгрөг, Poker гэсэн бичигтэй 1 ширхэг хөзөр 4.200 төгрөг, ламинатордсон 1-11 гэсэн тоотой хавтан 3.300 төгрөг, 79*60 см хэмжээтэй хуулга наасан хавтан 15.016 төгрөг, 89*64 см хэмжээтэй хуулга наасан хавтан 16.917 төгрөг, гар утасны суурь 1 ширхэг 12.000 төгрөг” /хх-ийн 65-66/

Б.О-ын эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн “...Б.О-ын гаргаж өгсөн 000000000 тоот дансны хуулга нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 25 хуудас бүхий дансны хуулга байлаа. Хуулганд Б.О-ын 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын хувийн орлого, зарлага болон мөрийтэй тоглоом тоглуулсан өдөр тоглоомоос олсон ашиг, гарсан зарлага, орлогын дүнг гаргах байдлаар үзлэгийг хийлээ. Үзлэгээр Б.О-ын хувийн 01 дүгээр сарын орлого, зарлагыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хоорондох гүйлгээнээс харахад 01 дүгээр сарын орлого 10.968.000 төгрөг, зарлага 9.840.000 төгрөг байв. Б.О-ын хувийн 02 дугаар сарын орлого, зарлагыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох гүйлгээнээс харахад 2 дугаар сарын орлого 14.595.000 төгрөг, зарлага 13.929.000 төгрөг байв. Б.О-ын хувийн 3 дугаар сарын орлого, зарлагыг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох гүйлгээнээс харахад 3 дугаар сарын орлого 14.066.000 төгрөг, зарлага 14.014.000 төгрөг байв. Б.О-ын хувийн 4 дүгээр сарын орлого, зарлагыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хоорондох гүйлгээнээс харахад Б.О-ын 4 дүгээр сарын орлого 11.558.000 төгрөг, зарлага 11.266.000 төгрөг байв. Б.О- нь мөрийтэй тоглоомыг 2021 оны 4 дүгээр сарын 11-нээс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 000000000 тоот данснаас 90.000 төгрөгийн орлого орж “uuganbayar 3”, 000000000 тоот данснаас 60.000     төгрөгийн орлого орж “burenbaatar munkhtuya 2” гэх мэтчилэн гүйлгээний утга хэсэгт бичин шилжүүлсэн гүйлгээ олон байх бөгөөд тоглоом тоглуулсан гэх 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тоглоомын орлого 7.940.000 төгрөг, зарлага 7.295.00 төгрөг, олсон ашиг 645.000 төгрөг. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тоглоомын орлого 11.750.000 төгрөг, зарлага 11.529.000 төгрөг, олсон ашиг 221.000 төгрөг. 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 12-ны өдрүүдэд тоглоомоос олсон нийт ашиг нь 866.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 11/

Яллагдагчаар Б.О- мөрдөн байцаалтанд “Би М.М- болон тэдний гэр бүлийнхэнтэй найз нөхөд, эгч дүүсийн харилцаа хамааралтай. Тэгээд М.М- нь 2021 оны 4 дүгээр сарын эхээр над руу холбогдоод хоёулаа ажилгүй юм чинь фейсбүүкт хөзөр тоглуулах уу, фейсбүүк хаягаар хүмүүс зөндөө тоглуулдаг юм байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 12-ны өдрүүдэд буюу 2 хоног зохион байгуулж тоглосон бөгөөд М.М-тай хамтарч зохион байгуулсан. Тэгээд 2 хоногийн турш тоглоомоо зохион байгуулаад 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байж байхад М.М- гэрт эгч, дүү нар нь ирсэн. Тэгээд нээх удаагүй цагдаагийн байгууллагын албан хаагчид ирсэн. Тэрнээс хамт байсан Уранчимэг, М-, Г- гэх хүмүүс  тоглоомд ямар ч хамааралгүй юм. Тухайн хүмүүс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ирж М.М-ын гэрт ирж таарсан юм. Тоглож байгаа хүмүүс нь сайн дурын үндсэн дээр 1 тоглолтыг 10.000 төгрөгөөр тоглож, миний данс руу мөнгөө шилжүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр нэрээ бичээд, суух тоогоо бичдэг. Суух тоо нь 1-9 тоо хүртэл байдаг бөгөөд тухайн оролцсон хүмүүс тоглоомын үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглодог юм. Тухайн хөзрийг 2 ширхгээр тарааж, тавцангийн гол хэсэгт 5 ширхэг хөзрийг доош харуулан аз турших хэлбэрээр тоглуулдаг. Тоглогч нь тоглоомд хожиход орсон мөнгөний 90 хувийг шилжүүлж 10 хувийг авч үлддэг. Гэхдээ зарим хүмүүсийн шилжүүлж байгаа мөнгөнөөс хамаарч хожлын мөнгийг шилжүүлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/

Яллагдагчаар М.М- мөрдөн байцаалтанд “Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд 2021 оны 3 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-р байрны  19 тоотыг түрээслэн амьдарч байгаа юм. Би 2021 оны 3 дугаар сараас хэрхэн мөнгө олох талаар бодож фейсбүүк ухаж байгаад фейсбүүкээр хүмүүс лайваар /live/ покер тоглоом тоглуулж байхаар нь болох юм байна хийж үздэг юм билүү гэж бодож явж байсан юм. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эгч Б.О-тай хамт өөрийн фейсбүүк хаягийг ашиглан фейсбүүкийн шууд бичлэг буюу лайв /live/ ашиглан  уг лайв /live/ бичлэгийг үзэж байгаа иргэдээс сайн дурын үндсэн дээр дэнчин бог урьдчилж мөнгө авч, уг өгсөн мөнгийг нь эгч Оюунбаярын дансаар цуглуулан цахим хэлбэрээр мөрийтэй, хөзрийн төрлийн тоглоом тоглуулж эхэлсэн. Тэгээд бид хоёр олсон ашгаа хувааж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 52-р байрны 19 тоотод төрсөн эгч Оюунбаярын хамт дахин фейсбүүкээр лайв /live/ хийн, лайв /live/ үзэж байгаа хүмүүсээс тоглоомын дэнчин болгож нэг хүнээс 10.000 төгрөгөөр Оюунбаяр эгчийн данс руу хийлгэн хөзрийн покер төрлийн тоглоом тоглуулах үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед манай төрсөн эгч М.У- төрсөн дүү М-, дүү Г- нар манай гэрт ирсэн байсан. Тэгээд эгч М.У- хоол унд хийгээд М-, Г- нар нь хараад сонирхож байсан бөгөөд Оюунбаяр эгч бид хоёр тоглоомоо үргэлжлүүлэн тоглуулсан. Тэгтэл оройн 21 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн тогших чимээ гарахаар нь би үүднийхээ хаалгыг онгойлготол энгийн хувцастай хүмүүс Эрүүгийн цагдаагийн газраас явж байна гээд манай байранд нэвтрэн орж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхайн бүрэлдэхүүнд  хүлээлгэн өгсөн юм. Шууд бичлэг үзэж байгаа арван хүн Оюунбаярын Хаан банкны данс руу хүн тус бүр 10.000 ба түүнээс дээш мөнгө бүрэн гүйцэт хийснээр тоглоом эхэлж, тоглоомын эцэст ялагч нь Оюунбаярын дансанд цугларсан нийт мөнгөний 90 хувийг авч үлдсэн 10 хувь нь бид хоёрт үлдэх зарчмаар /ашиг/ явагддаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/ болон шүүгдэгчийн нарын хувийн байдалтай холбоотойгоор Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/, М.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгч М.М-, Б.О- нар  бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар байрны 19 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох техас, покер нэртэй тоглоомыг цахим сүлжээний /фейсбүүк/ хаягаас шууд бичлэгээр тоглуулан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.О-ын“...Би цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 12-ны өдрүүдэд буюу 2 хоног зохион байгуулж тоглосон бөгөөд М.М-тай хамтарч зохион байгуулсан. Тэгээд 2 хоногийн турш тоглоомоо зохион байгуулаад 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байж байхад М.М- гэрт эгч, дүү нар нь ирсэн. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагын албан хаагчид ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/,

  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.М-ын “2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эгч Б.О-тай хамт өөрийн фейсбүүк хаягийг ашиглан фейсбүүкийн шууд бичлэг буюу лайв /live/ ашиглан  уг лайв /live/ бичлэгийг үзэж байгаа иргэдээс сайн дурын үндсэн дээр дэнчин урьдчилж мөнгө авч, уг өгсөн мөнгийг нь эгч Оюунбаярын дансаар цуглуулан цахим хэлбэрээр мөрийтэй, хөзрийн төрлийн тоглоом тоглуулж эхэлсэн. Тэгээд бид хоёр олсон ашгаа хувааж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 52-р байрны 19 тоотод төрсөн эгч Оюунбаярын хамт дахин фейсбүүкээр лайв /live/ хийн, лайв /live/ үзэж байгаа хүмүүсээс тоглоомын дэнчин болгож нэг хүнээс 10.000 төгрөгөөр Оюунбаяр эгчийн данс руу хийлгэн хөзрийн покер төрлийн тоглоом тоглуулах үйл ажиллагаа явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/, гэрч М.У-ийн “...Б.О- М.М- нар нь фейсбүүкээр хөзөр тоглуулж байсан. Би тэр тоглоомыг нь сайн мэдэхгүй юм байна лээ. Манай дүү М-, Г- нь нар нь тухайн тоглоомыг үзэж сонирхоод сууж байсан бөгөөд би хоол унд хийгээд гал тогоонд нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/, гэрч Д.Ган-Эрдэнийн “...М.М- ах, Оюунбаяр эгч нар байсан бөгөөд цахим тоглоом тоглуулаад сууж байсан. Бид гурав ороод М- бид хоёр тухайн тоглоомыг сонирхоод эгч Уранчимэг нь хоол унд хийж байсан. Тухайн тоглоомыг харахад М.М- ах фейсбүүкээрээ лайв /live/ хийж, хөзөр тараад техас хөзөр тоглуулж тайлбарлаад Б.О- эгч данс тооцоо барьж байсан. Тоглох сонирхолтой хүмүүс нь мөнгөө Б.О- эгчийн данс руу шилжүүлээд хожсон хүнд нь мөнгийг нь шилжүүлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/, гэрч М.М-ийн “...Бид гурвыг М.М- ахын гэрт очиход М.М- ах Б.О- эгч хоёр покер гэх тоглоомыг лайв /live/ бичлэг хийн тоглуулж байсан. Бид гурав тухайн тоглоомыг хэрхэн тоглуулдаг, яаж мөнгө төгрөг болон ашиг олдог талаар харж ажиглаж сууж байсан юм. Тухайн тоглоомыг харахад тоглоомыг тоглох хүмүүс нь сайн дурын үндсэн дээр мөнгөө шилжүүлж аз туршиж тоглодог бөгөөд мөнгөө Б.О- эгчийн данс руу шилжүүлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/, Б.О-ын эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаарын дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-36/, Б.О-ын эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.М-, Б.О- нар нь тус гэмт хэргийг амар хялбар   аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос шүүгдэгч М.М-, Б.О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.М-, Б.О- нарыг “бүлэглэж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч М.М-, Б.О- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч М.М-, Б.О- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нарын гаргасан “ өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 113, 114/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч М.М-, Б.О- нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

   Шүүхээс шүүгдэгч М.М-, Б.О- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

   Шүүгдэгч М.М-, Б.О- нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

   Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

   “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

   Иймд М.М-, Б.О- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Redmi note 8 pro гар утас 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн сангийн 1009000005407 дугаарын дансанд байршуулсан 866.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Poker гэсэн бичигтэй 1 ширхэг хөзөр, ламинатордсон 1-11 гэсэн тоотой хавтан 3.300 төгрөг, 79*60 см хэмжээтэй хуулга наасан хавтан, гар утасны суурь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.М-, Б.О- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдав

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

   1.  Б.О-, М.М-  нарыг бүлэглэж “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Шүүгдэгч Б.О-, М.М- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

   3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Шүүгдэгч Б.О-, М.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М.М-, Б.О- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Redmi note 8 pro гар утас 1 ширхэг, хууль бус орлого болох Төрийн сангийн 1009000005407 дугаарын дансанд байршуулсан 866.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Poker гэсэн бичигтэй 1 ширхэг хөзөр, ламинатордсон 1-11 гэсэн тоотой хавтан, 79*60 см хэмжээтэй хуулга наасан хавтан, гар утасны суурь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-, М.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ