| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000760074 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01 ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******-тай
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхнгор сумын 3 дугаар багийн нутаг 9-9 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу төрсөн эцэг А.Б ийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б ы мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа архи ууж байгаад 20 цагийн үед гэртээ очсон чинь аав архи уучихсан согтуу байсан. Аав намайг архи уулаа гэж загнаад байхаар нь та яах гэж ингэж байдаг юм гэтэл аав намайг төмрөөр цохьсон тэгэхээр нь би нүүр орчим гараараа цохьсон чинь манай ээж, дүү нар дундуур орж салгасан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 08-09/
Хохирогч А.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн
...Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хажуу хашааны айлуудаар орж золголт хийчихээд бага зэрэг архи уусан. Тэгээд Баянхонгор сумын 3-9-9 тоотод ирэхэд цаг хэд болж байгааг мэдээгүй орой болж байсан. Тэгээд манай хүү Б.Б гаднаас согтуу орж ирэхээр нь би архи уусан байна гээд загнасан хүүтэйгээ маргалдсан. Тэгээд манай хүү миний баруун нүд рүү цохьсон. Б.Б нь архийг бол тааралдвал уучихдаг уучихаараа гэртээ орж ирээд согтоод ирэхээрээ орилоод чарлаад том том дуугараад гурван дүүгээ айлгаад байхаар нь бид нар цагдаа дуудчихдаг. Түүнийг орилоод эхлэхээр даралт өндөртэй зүрх муу болохоор харавчих гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 48-49/,
Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед би Баянхонгор сумын 3-9-9 тоотод гэртээ байж байтал манай ах Б.Б нь гадуур гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирээд аав А.Бийн үгэнд орохгүй урдаас нь хэрүүл маргаан хийж улмаар нэг удаа гараа атгаж байгаад нүүрэн тус газар болох нүд рүү нь цохиж авсан. Харин би ээжтэй хамт салгасан. Ах урьд нь аавыг боож багалзуурдаж байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Баянхонгор аймагдахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 124 шинжээчийн дугаар
1 .А.Бийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 60-61/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 21/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 70/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, депозит дансны хуулгууд /хх-ийн 73-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3- 9-9 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу төрсөн эцэг А.Бийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Бы ...аав намайг архи уулаа гэж загнаад төмрөөр цохьсон тэгэхээр нь би нүүр орчим гараараа цохьсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 08-09/
Хохирогч А.Бийн ... хүү Б.Б гаднаас согтуу орж ирэхээр нь би архи уусан байна гээд загнасан, хүүтэйгээ маргалдсан,...тэгээд хүү миний баруун нүд рүү цохьсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 48-49/,
Гэрч Б.Оийн ....ах Б.Б нь гадуур гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирээд аав Б.Бийн үгэнд орохгүй урдаас нь хэрүүл маргаан хийж улмаар нэг удаа гараа атгаж байгаад нүүрэн тус газар болох нүд рүү нь цохиж авсан,...ах урьд нь аавыг боож багалзуурдаж байсан. тухайн үедээ цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №124 шинжээчийн дугаар... А.Бийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон шөнө хохирогч А.Б , шүүгдэгч Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 17-18/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б, хохирогч А.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч А.Б нь Б.Б үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан төрөл, хэмжээний дотор болох 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 -т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА