Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 95

 

Ариг банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00169/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б- овогтой М-ын Б-,

          Хариуцагч Б- овогтой М-ын С- нарт холбогдох

          “30.912.316 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаагаас:

2015 оны 04 сарын 02-ны өдөр 2120007187 зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар 29,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, банкнаас удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлага тависан боловч санаачлага гаргаагүй, төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс нийт 30.912.316 төгрөгийг, мөн зээлийн барьцаанд тависан үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б-ээс:

Ариг банкнаас хугацаа өгөх юм бол үндсэн зээлээ төлж барагдуулна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлйин 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ариг банк, хариуцагч М.Б-, М.С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Б-, М.С- нараас 30.890.635,85 төгрөг гаргуулж, Ариг банкинд олгож, 21.630 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох байгуулан Дархан сумын 5 дугаар баг, 17-р брак байрны 18.0 мкв талбайтай, 2 өрөө, Ү-2003008422 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай байр, Дархан сумын 5 дугаар баг, 147 мкв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 312.403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шийдвэрийг эс зөвшөөрч зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний 5.1-д зээлийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх талаар зохицуулсан байх бөгөөд хариуцагч М.Б-ийн удаа дараагийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт зээлийн хувийн хэрэгт байгаа тул тэрхүү баримтыг гаргуулахаар шүүхэд хандсаныг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нь тайлбартаа зээлийн гэрээг цуцлахгүйгээр эргэн төлөлтийг хэвийн хийх хүсэлтийг харгалзан үзсэнгүй гэсэн нь огт үндэслэлгүй юм. 2016 оны 06 дугаар сараас зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхгүй улмаар зээл хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдаж зээлийн үлдэгдэл 26.381.886,97 төгрөг, нийт төлбөр 30.890.635,85 төгрөг болсон. Мөн оны 07 дугаар сараас төлбөрийн хэвийн болохыг хүлээж бүтэн 6 сар хүлээсэн. Иймд шүүхээс гарсан шийдвэрийг баталгаажуулах үүднээс зээлийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК хариуцагч М.Б-, М.С- нарт холбогдуулж зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 26.381.886,97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл4.461.025,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 32.773,10 төгрөг нийт 30.912.316 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч М.Б- зээл төлөх хугацаа өгвөл үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Б-, М.С- нараас 30.890.635,85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-нд олгож нэхэмжлэлээс 21.630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шийдвэрийг эс зөвшөөрч зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний 5.1-д зээлийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх талаар зохицуулсан байх бөгөөд хариуцагч М.Б-ийн удаа дараагийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт зээлийн хувийн хэрэгт байгаа тул тэрхүү баримтыг гаргуулахаар шүүхэд хандсаныг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Бичил хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” хийгдэж 30.000.000 төгрөг жилийн 29.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд мөн өдөр хийгдсэн зээлийн барьцааны гэрээгээр Дархан сумын 5 дугаар багт байрлах 69.5, 18 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 брак байр, 147 м/кв талбайтай эзэмшлийн газрыг барьцаалсан бөгөөд зээл болон барьцааны эд хөрөнгийн талаар талууд маргаагүй болно.

Зээлдэгч нар 2016 оны 01 дүгээр сараас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 9 дүгээр талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 15 дугаар талд авагдсан зээлдүүлэгч банкны мэдэгдэл, 19-23 дугаар талд авагдсан зээлдэгчийн удаа дараагийн хүсэлт, уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1- д зааснаар зээлдүүлэгч учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх тус тус үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний 1.10, 1.11 дэх заалтаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар талууд тохиролцсон байна гэж үзнэ.

Шүүх зээлийн барьцааны эд хөрөнгийн талаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1,175.6-д заасныг үндэслэн дүгнэлт хийсэн нь зөв байна.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан баримт, 20, 21 дүгээр талд авагдсан баримтуудаас харвал зээлээ хэрхэн төлөх талаар зээлдүүлэгч талын төлөөлөгчтэй ярилцсан тэмдэглэл байх бөгөөд  22, 23 дугаар талд авагдсан баримтууд нь зээлийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай болон зээлийн төлбөр хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх тухай зээлдүүлэгчид бичгээр мэдэгдсэн баримт гэж үзэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлын үндэслэл болгосон гэрээний 5.1-дэх заалт нь Гэрээний үүргийн биелэлтийн явцад маргаан гарвал талууд харилцан хэлэлцэж шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд зөвшилцөөнд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан заалт бөгөөд энэ талаарх хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ 

                                       ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              Л.АМАРСАНАА