Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Т.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 839 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Б-т холбогдох 1708012610374 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Т.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хх тоотод оршин суух М.О-ын байнга амьдрах байшинд нэвтэрч “Panasonic” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хх тоотод оршин суух иргэн Г.Э-гийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, “Sharp” загварын 32 инчийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй савхин куртик, алаг эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 1,005,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Б-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Т.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, Г.Э-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, “Sharp” загварын 32 инчийн зурагт, үсний сэнс, сэнсний сам, эрэгтэй, эмэгтэй савхин куртик, алаг эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 1,005,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт мэдүүлэг авсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, О-н байнга амьдрах байшинд нэвтэрч “Panasonic” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт мэдүүлэг авсан байна.

Т.Б-т холбогдох дээрх хоёр хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор 1708000650438 дугаартай хэргийг 1708012610374 дугаартай хэрэгт нэгтгэжээ. Дээрх хэргүүдийг прокурорын тогтоолоор нэгтгэсэн боловч прокуророос Т.Б-ын 1708012610374 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийг түүнд нэмж сонсголгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон байна.

Өөрөөр хэлбэл Т.Б- нь хохирогч Г.Э-ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэрэгт хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг нэгтгэсэн боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт” оруулаагүй, мөн нэгтгэсэн хэрэгт яллагдагчаар байцаалт аваагүй зөрчилтэй нь гадна ийнхүү өөрчлөлт оруулалгүй яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн үндсэн эрхийг зөрчсөн.

Мөн эрүүгийн 1708012610374 дугаартай хэрэгт зөвхөн хохирогч Г.Э-ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд прокурорын тогтоол үйлдсэн болохоос хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг тухайн тогтоолд нэмэлтээр оруулаагүй, нөгөө талаас эрүүгийн 1708012610374 дугаар хэрэгт 1708000650438 дугаартай эрүүгийн хэрэг нь нэгтгэгдсэнээр 17...50438 дугаар тогтоол нь хүчингүйд тооцогдох бөгөөд ингэснээр тухайн тогтоолын дагуу авсан мэдүүлэг нь мөн адил нотолгооны шинж чанараа алдана.

Иймд дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагчийн холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Т.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн, гүйцэтгэх боломжгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1708012610374 дугаар тогтоолоор Т.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Г.Э-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, “Шарп” загварын зурагт, үнсний сэнс, сэнсний сам эрэгтэй, эмэгтэй савхин куртик, алаг эрээн даавуутай хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,005,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мэдүүлэг авсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17080006500438 дугаар тогтоолоор түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, М.О-ын байнга амьдрах байшинд нэвтэрч “Панасоник” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт мэдүүлэг авсан байна.

Т.Б-т холбогдох дээрх хоёр хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор 170800650438 дугаартай хэргийг 1708012610374 дугаартай хэрэгт нэгтгэжээ. Дээрх хэргүүдийг прокурорын тогтоолоор нэгтгэсэн боловч прокуророос Т.Б-ын 1708012610374 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийг түүнд нэмж сонсголгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон байна.

Өөрөөр хэлбэл Т.Б- нь хохирогч Г.Э-ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэрэгт хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг нэгтгэсэн боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаагүй, мөн нэгтгэгдсэн хэрэгт яллагдагчаар байцаалт аваагүй зөрчилтэй нь гадна ийнхүү өөрчлөлт оруулалгүй яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн үндсэн эрхийг зөрчсөн.

Мөн эрүүгийн 1708012610374 дугаартай хэрэгт зөвхөн хохирогч Г.Э-ийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд прокурорын тогтоол үйлдсэн болохоос хохирогч М.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг тухайн тогтоолд нэмэлтээр оруулаагүй, нөгөө талаас эрүүгийн 1708012610374 дугаар хэрэгт 1708000650438 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэгдсэнээр 17...50438 дугаар тогтоол нь хүчингүйд тооцогдох бөгөөд ингэснээр тухайн тогтоолын дагуу авсан мэдүүлэг нь мөн адил нотолгооны шинж чанараа алдана.

Иймд дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагчийн холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлт хийж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүухээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” тухай процессыг хуульчилж өгсөн байна. Үүний дагуу Т.Б-т холбогдох эрүүгийн 170800650438 дугаартай хэргийг 1708012610374 дугаартай хэрэгт нэгтгэж яллагдагч Т.Б-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх 2 удаагийн үйлдэлд нь гэм бурууг шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Т.Б-т холбогдох хэргүүдийг нэгтгэгдсэнээр ямар хуулийн зүйл, хэсэг заалтыг ноцтой зөрчсөн, мөн яллагдагч ямар хэрэгт яллагдагч байгаагаа мэдэх эрхтэй, мөн сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй гэсэн яллагдагчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1708012610374 дугаартай, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17080006500438 дугаартай тус тус тогтоолоор Т.Б-т ял сонсгож, прокурорын сонсгосон ялын талаар тус тус тухайн өдрөөр мэдүүлэг авсан.

Т.Б- нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох талаар мэдэж байгаа, хуульд заасан эрхийг зөрчөөгүй болох нь дээрх прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 1708012610374, 17080006500438 дугаартай тогтоолын дагуу авсан Т.Б-т яллагдагчийн эрх үүргийг танилцуулсны дараа яллагдагчаар авсан мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Мөн Т.Б-т холбогдох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хоёр хэрэг нь нэгтгэгдсэнээр ялын төрөл, хэмжээ, хуульд заасан хохирлын хэмжээ, зүйлчлэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт, нэмэлт орохгүй тул түүнд холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолт өөрчлөлт оруулж, дахин мэдүүлэг авахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэснээр, нэгтгүүлж байгаа эрүүгийн хэргийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь хүчингүйд тооцогдох, тухайн тогтоолын дагуу авсан мэдүүлэг нь мөн адил нотолгооны шинж чанараа алдана гэсэн хуулийн заалт, ойлголт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 839 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Б-т холбогдох:

1708000650438 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /хх-ийн 141-142 тал/, мөрдөгч тус тогтоолыг сэжигтэнд танилцуулж /хх-ийн 143 тал/, Т.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан /хх-ийн 144-145 тал/,

1708012610374 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /хх-ийн 52-53 тал/, мөрдөгч тус тогтоолыг сэжигтэнд танилцуулж /хх-ийн 54 тал/, Т.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан /хх-ийн 55 тал/ нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйл, 31.3 дугаар зүйлд заасан заалтуудтай нийцсэн байна.

 

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолоор Т.Б-т холбогдох 1708000650438 дугаартай эрүүгийн хэргийг Т.Б-т холбогдох 1708012610374 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /хх-ийн 99 тал/ байх ба ингэж нэгтгэснээр Т.Б-ын холбогдсон үйлдлүүдэд өөрчлөлт ороогүй, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байх тул яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон гэх үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ үндэслэлээр шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 839 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Энхбатын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 28 дугаар прокурорын эсэргүүцлийг ханган Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ