Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2018/0050/З |
Дугаар | 05 |
Огноо | 2019-03-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 05
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны Багийн засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Б-ийг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар “Х.Б-ийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б миний би 2017 оны 1 дүгээр сард болсон Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хуралдаан дээр багийн Засаг даргад нэр дэвшиж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авч Буянт сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 01.-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Засаг даргаар томилогдсон.
Буянт сумын Засаг даргаар томилогдсоноос хойш Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Норжинхайрхан багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалттай дүгнүүлж ажиллаж ирсэн.
Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Норжинхайрхан багийн иргэдийн нийтийн хурал болохоор зар тарааж, уг хурлаар Норжинхайрхан багийн Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан Багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлавал: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл “Хурлын хуралдаан”, 23 дугаар зүйлийн 23.11-д “...Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно...” гэж заажээ. Манай Норжинхайрхан баг нь нийт 300 гаруй өрхтэй.
2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон багийн иргэдийн нийтийн хуралдаанд дээрх хуульд заасан нийт өрхийн 50 хувьч хүрэхгүй иргэд цугларсан, багийн иргэд гэхээс илүү төсвийн байгууллагын хэдэн ажилчдыг оролцуулсан, үүнээс гадна манай багийн иргэд биш өөр багийн иргэд ч тус хуралд оролцож, багийн Засаг даргыг огцруулах асуудалд санал өгч намайг багийн Засаг даргаас огцруулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д заасан шаардлагыг хангаагүй буюу тус багийн өрхийн 50 хувьч хүрэхгүй иргэд цугларч багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан нь Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон иргэдийн нийтийн хуралдааны “Багийн засаг даргын огцруулах” асуудлыг хэлэлцсэн хэсэг нь илт хууль бус үйл явдал бөгөөд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Норжинхайрхан Багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоол нь илт хууль бус захиргааны акт юм.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолыг надад танилцуулж, гардуулж өгөөгүй бөгөөд 2018 оны 11 сарын эхээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор хуулбарлан авсан юм.
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар “Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлавал:
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг эс зөвшөөрч Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ховд аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариу авч улмаар шүүхэд хандаж байгаа тухай эхлээд дурдах нь зөв гэж үзлээ.
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар “Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарах болсон үндэслэл нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар илт хууль бус тогтоолыг үндэслэжээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “...дээд шатны Засаг дарга энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.
Гэтэл дээрх багийн ИТНХ-ын илт хууль бус дээрх тогтоол 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарсан байхад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу 2 сарын дараа намайг үүрэг ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, би тухайн хуралд оролцож хагас жилийн ажлын тайлангаа тавьж, тайлантай холбоотой асуулт байна уу гэхэд манай багийн иргэн н.Б нь миний ажлын тайланг үгүйсгэж, багийн Засаг даргыг огцруулъя гэх санал гаргасан. Гэтэл тухайн хурлаар багийн Засаг даргыг огцруулах бус, Засаг даргын ажлын тайланг хэлэлцсэн учраас багийн Засаг даргын ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгнө үү гээд хуралд оролцсон хүмүүсээс гар өргүүлж, санал авсан.
Тухайн хуралд 100 гаруй иргэд оролцсон бөгөөд багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд би хурлын ирц хүрээгүй гэж үзэж хурлыг орхиж гарсан. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны "Багийн засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх" хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан Багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар "Багийн Засаг даргыг огцруулах" тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар гарсан гэх боловч би 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр багийн хурлын дараа 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлаа хийж байсан.
Надад захирамж гарсан талаар хэн ч хэлээгүй. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргын нарийн бичгийн дарга над руу утсаар ярьж, захирамж гарсан тул ажлаа хүлээлгэж өг гэж хэлэхэд би Ховд аймагт байсан болохоор 2, 3 хоногийн дараа очиж захирамжийг авч, гарын үсэг зурсан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д-оор ахлуулсан ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байсан бөгөөд Засаг даргын захирамжийг би хүлээн зөвшөөрөхгүй байна, сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн захирамжтай холбогдуулан шүүхэд хандана гэдгээ хэлсэн.
Ингээд би 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу явж, 9 дүгээр сарын 24, 25-ны үеэр аймгийн Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг даргаас гомдлын хариугаа 10 дугаар сарын 23, 24-ний үеэр авч, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Багийн засаг даргыг огцруулах асуудлыг хэлцэх” хэсгийг илт хууль болохыг тогтоолгох гэж гаргасныг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах гэж, Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэснийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар, 2018 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга М.П би нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т засан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-т “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэжээ. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд багийн Засаг даргыг томилох, огцруулах, чөлөөлөх эсэх асуудал нь тухайн багийн Иргэдийн Нийтийн хурлын саналаар явагддаг, уг саналыг сумын засаг дарга батламжилдаг болох нь харагдана. Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Х.Б-ийг тус багийн Засаг даргаас огцруулах, мөн өдрийн 05 дугаар тогтоолоор Б.Э-ыг тус багийн Засаг даргаар томилох саналыг тус тус ирүүлсэн.
Уг саналыг батламжилж, Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Х.Б-ийг Норжинхайрхан багийн Засаг даргаас чөлөөлж, төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс Х.Б-ийг Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Улмаар Буянт сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Х.Б-ийг Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцсэн. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар багийн Засаг нь санал хураалтын үр дүнд томилолтын журмаар ажилладаг улс төрийн албан бөгөөд Засаг даргыг тодруулан томилуулах, хариуцлага тооцон огцруулах санал, үйл ажиллагааг Багийн Иргэдийн Нийтийн хурал хэрэгжүүлдэг.
Багийн Иргэдийн Нийтийн хурлаас дэмжигдэлгүйгээр хангалтгүй үнэлгээ авч, хариуцлага хүлээлгэх саналыг батламжилсан Буянт сумын Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын дүгнэлт ирмэгц, Б.Э-ыг Норжинхайрхан багийн Засаг даргаар томилон ажиллуулсан.
Нэхэмжлэгч Х.Б нь Буянт сумын Засаг даргын 2018 оны А/73, Б/16 дугаар захирамжуудыг хүлээн зөвшөөрч, Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан атлаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Засаг даргад гомдол, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл тус тус гаргажээ.
Иймд нэхэмжлэгч Х.Б-ын Буянт сумын Засаг даргын 2018 оны А/73, Б/16 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т заасан “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзана уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б-ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудал нь тухайн багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэр гаргаж батламжилдаг хуулийн зохицуулалттай. Багийн Засаг даргаар хэнийг томилох, огцруулах талаар саналыг өргөн мэдүүлдэг эрх нь тухайн багийн Иргэдийн нийтийн хуралд байдаг. Иймд нэхэмжлэгчийг Норжинхайрхан багийн Засаг даргаас огцруулж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон, мөн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн захирамжийг гаргахдаа Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэсэн. Буянт сумын Засаг даргын 2 захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг Х.Б хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Х.Б нь Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу 6, 7 сарын дараа шүүхэд гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.
Мөн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 оны 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Дээрх захирамжуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн. Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Х.Б-ийг тус сумын Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Х.Б-г Норжинхайрхан багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд уг захирамжийг тухайн өдөр нь нэхэмжлэгчид гардуулж өгсөн. Х.Б захирамжийг гардуулж өгсөн талаар Буянт сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч н.Ц, Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д нар нь гэрчээр мэдүүлэг өгч, гэрчилсэн байдаг.
Тухайн үед нэхэмжлэгчид сумын Засаг даргын захирамж гарсныг утсаар мэдэгдэж, гардуулсан боловч гарын үсэг зурахгүй гэж хэлсэн гэдгийг гэрч нар мэдүүлсэн байгаа. Х.Б нь сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг гардаж авчихаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Х.Б нь сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гардаж авсан нотлогдсон. Учир нь Х.Б нь дээрх А/73 дугаар захирамжийг аймгийн Засаг даргад гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгч нь Буянт сумын Засаг даргын захирамжуудыг гардаж авсан, гарсныг мэдэж байсан, гэрч нарын мэдүүлгүүд үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй юм.
Х.Б нь Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан болохоос биш 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй. Гэтэл дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн адил хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Х.Б-ийг Норжинхайрхан багийн Засаг даргаас чөлөөлж, багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Х.Б-ийг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн.
Норжинхайрхан багийн ИНХ-ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Х.Б-ийг багийн Засаг даргаас огцруулах санал гаргасныг хариуцагч тал нэхэмжлэгчтэй уулзаж ярилцсан бөгөөд үүний цаана улс төрийн шийдвэр гаргах асуудал байдаг учраас сумын Засаг дарга нь намын гишүүдтэйгээ уулзаж, ярилцаж байж шийдвэрлэсэн. Ингээд Х.Б нь шүүхэд гомдол гаргана гэх асуудал яригдсан учраас түүнийг багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.
Гэтэл Х.Б нь 2 сарын хугацаанд Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжтай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учраас түүнийг багийн Засаг даргын үүргийг тор орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Б.Э-ыг Норжинхайрхан багийн Засаг даргаар томилж, ажил хүлээлцэх болоход Х.Б нь аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Ингэхдээ Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй юм. Гэхдээ таныг дээрх захирамжийг мэдсэн гэж үзэх бас нэг үндэслэл бий. Х.Б нь Ховд аймгийн Засаг даргад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргаж, аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2329 дугаар албан бичгээр гомдлын хариуг өгсөн байгаа. Уг албан бичигт хүний нөөцтэй холбоотой сумын Засаг даргын захирамжийг хянах боломжгүй гэж хариу өгсөн байгаа. Анх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэдгийг хариуцагч хариу тайлбар дээрээ дурдаж байсан. Нэхэмжлэгч нь цалин авч байсан учраас гомдол гаргаагүй байж болно. Гэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Буянт сумын Засаг даргын захирамжуудыг нэхэмжлэгч мэдэж байсан нь нотлогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх асуудалд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан 2 журмыг танилцуулах, Норжинхайрхан багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын ажлын тайланг хэлэлцэх асуудлууд орсон.
Норжинхайрхан багийн Засаг дарга Х.Б бид хоёр ажлын тайлангаа тавьж, үүнд иргэд үнэлгээ өгөх ёстой байсан. Тус хурал дээр би эхлээд ажлын тайлангаа тавьж, үнэлгээгээ авсан. Дараа нь Х.Б ажлын тайлангаа тавьж, түүнд багийн иргэд үнэлгээгээ өгсөн. Иргэд багийн Засаг даргын ажлын тайланд үнэлгээ өгөхдөө Норжинхайрхан багт болгож байгаа үйл ажиллагааг тайлан дээрээ тусгасан байна, гэтэл багийн иргэд маань халамжийн үйлчилгээнд манай багийн хэдэн хүн бүртгэгдэж байна, халамжийн шугамаар ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаар, мөн группд ямар хүмүүс орж байгаа талаар, хоол хүнсний талоныг ямар айлуудад олгож байгаа талаар мэдэх шаардлагатай байна гэж хэлсэн. Ингээд Х.Б-ийн ажлын тайланд иргэд 100 хувийн саналаар хангалтгүй үнэлгээ өгч, багийн Засаг даргаас огцруулах санал гаргасан. Бид улирал тутам багийн Иргэдийн нийтийн хурал хийх ёстой байдаг. 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр анх багийн иргэдийн нийтийн хурал зарлагдсан бөгөөд тус хуралд 27 хүн оролцсон. Ингээд Х.Б бид хоёр ирц хүрэхгүй байгаа тул хүмүүсийг гүйцэд хамруулж, хагас жилийн ажлын тайлангаа тавих ёстой гэж үзэж багийнхаа айлуудыг хувааж авч, хурлын зарыг тараах байсан боловч Х.Б нь өөрөө багийн хурлын зарыг огт тараагаагүй байсан. Хуралд ирсэн казак иргэд Х.Б дарга гарын үсэг зурж болохгүй гэж хэлсэн гээд хурлын ирцийн бүртгэлд гарын үсэг зураагүй. Тухайн хуралд Х.Бо өөрөө оролцож, тамгаа ёс төртэйгөөр авч ирж өгнө гэж хэлээд гараад явсан боловч өөрийнхөө өрөө рүү оролгүй дүү Х.С-ийн мотоциклын ард суугаад явчихсан. Харин Х.Б-ийг багийн Засаг даргаас огцруулах, тооллогын комисс байгуулах үед Х.Б өөрөө хурал дээр байсан ба түүний эхнэр нь хурлыг дуустал хуралд оролцсон. Манай багийн хурал өмнө нь 100-аас дээш хүний ирцтэй явагдаж байгаагүй. Х.Б-ийг огцруулах санал иргэдээс гарсан. Түүнээс биш хууль бусаар хэдхэн хүн хурал хийж огцруулаагүй. Ард иргэдийн саналыг бид хүндэтгэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хуульд зааснаар холбогдох дээд шатны байгууллагад хандаж хариу авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг эс зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Аймгийн Засаг даргаас гомдлын хариуг 2018 оны 10 дугаар сарын 24-ний үеэр нэхэмжлэгч гардаж авсан байдаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулах, мэдэгдэх үүрэг нь захиргааны байгууллагад байдаг.
Нэхэмжлэгч нь захиргааны акттай холбогдуулан 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэж, 30 хоногийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл маргаан бүхий дээрх 2 удаагийн сумын Засаг даргын захирамжийг гардуулж, баримтжуулах үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу тухайн захиргааны байгууллагад байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл гэрч нар нь үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хэрхэн нотлох юм бэ. Үнэхээр нэхэмжлэгчид захирамжуудыг гардуулж өгсөн бол баримтжуулж авах ёстой байсан. Сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамж гарсныг Х.Б мэдээгүй, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлаа хийгээд явж байсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 28-ын өдрийн Б/16 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн гэж өнөөдрийг хүртэл ойлгож байгаа.
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж болохгүй.
Багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлд дурдсанаар хурлаар хэлэлцэх асуудалд багийн Засаг даргын ажлын тайланг хэлэлцэнэ гэж байсан болохоос биш багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тусгаагүй байсан. Хурал дээр н.Б гэх иргэн Х.Б-ийг ажлаа өг гэж хэлэхэд хариуцагч Ц.Б дэмжиж, Х.Б-ийг багийн иргэдийн нийтийн хурлын орхиж гарсны дараа тооллогын комисс байгуулж, санал хурааж, Х.Б-ийг багийн Засаг даргаас огцруулсан байдаг.
Мөн хуульд зааснаар тухайн багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувь нь хуралд оролцож байж хурал хүчин төгөлдөр болох ёстой. Буянт сумын Норжинхайрхан баг нь 351 өрхтэй бөгөөд үүнээс 177 өрх хуралд оролцож байж хурал хүчинтэй болох ёстой байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралд 147 иргэн оролцож, нэр давхардсан 7 иргэн, хуралд оролцоогүй 15 иргэнийг оролцсоноор тэмдэглэж, өөр багийн 7 иргэн хуралд оролцсон байсан. Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хуралд оролцсон 5 иргэн нь Х.Б-ийг хангалттай ажилласан гэх үнэлгээ өгсөн байсан. Ингээд тооцоход 113 иргэн хуралд оролцсон гэсэн үг юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт хангагдаагүй.
Иймд хууль бусаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж болохгүй. Энд хөөн хэлэлцэх хугацааг ярих үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагууд бүрэн хангагдах үндэслэлтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт холбогдуулан
- Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны "Багийн засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх" хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
- Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан Багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар "Багийн Засаг даргыг огцруулах" тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,
- Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Х.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
-Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж
- Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 тоот “Х.Б-ийг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
Иймд шүүхээс нэхэмжлэгч Х.Б-ийн
- Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага
- Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах гэж тус тус өөрчилсөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага
- Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 тоот “Х.Б-ийг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Х.Б нь Ховд аймгийн Буянт сумын засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн засаг даргаар томилогдсон байна.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийхээр Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тогтоож, уг хуралдаанаар
-Багийн Иргэдийн нийтийн хурлын даргын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан,
-Багийн Засаг даргын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
-Сумын ИТХ-ын дарга, сумын Засаг даргын ажлын мэдээлэл
-Баяр наадмын хандивын комисс байгуулах
-Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 онд хийгдэх ажлын санал
-Буянт сумын нутагт өөр аймаг, сумын мал бүхий албан газар, иргэд малаа оторлож нутаглахад хэрэгжүүлэх журам, Газар тариалангийн зориулалтаар газар ашиглах журам танилцуулах гэсэн нийт 5 асуудал хэлэлцэхээр баталжээ.
Багийн иргэдийн нийтийн хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 45 минутад сумын Соёлын төвд багийн нийт өрхийн төлөөлөл 147 иргэн ирснээр хурал эхэлж, тус хуралдааныг Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Б нээж, тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулах явцад Багийн засаг дарга Х.Б “... Хурлын ирц хүрэхгүй байна. Энэ хурал хүчингүй хурал болж байна...” гэсэн санал гаргасан байх ба Багийн иргэдийн нийтийн хурлын даргаас хурлыг үргэлжлүүлж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулснаар хурал үргэлжилсэн байна.
Тухайн өдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу эхний 4 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсний дараа “Багийн засаг даргын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх” асуудлыг хэлэлцэж Багийн засаг дарга Х.Б ажлын тайлангаа танилцуулж, улмаар тайлантай холбоотой иргэдээс асуулт, хариулт явагдаж иргэн Н.Баясгалангаас “Багийн засаг даргын хийсэн ажилд үнэлгээ өгье” гэсэн санал гаргаснаар Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Б иргэн Н.Баясгалангийн гаргасан саналыг дэмжиж байгаа эсэхэд санал хурааж хуралд оролцсон иргэдийн олонхи уг саналыг дэмжсэн байна.
Ингээд дээрх саналтай холбогдуулан тооллогын комисс байгуулж, Тооллогын комиссын гишүүнээр Н.Баясгалан, Гантуяа, Т.Мөнхбаяр нар, тооллогын комиссын даргаар Н.Баясгалан томилогдсон.
Улмаар санал хураалт илээр явагдаж, хуралд бүртгүүлсэн 147 иргэнээс 142 иргэн нь багийн Засаг дарга Х.Бийг хангалтгүй үнэлгээ авсан гэж үзсэн тул Багийн засаг дарга Х.Бийг огцруулахаар Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Багийн засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэж, Багийн засаг даргыг огцруулахаар болсонтой холбогдуулан дараагийн багийн Засаг даргыг нэр дэвшүүлж, Багийн засаг даргаар Б.Э-ыг сонгож, томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “ дээд шатны захиргааны байгууллага, ..... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан.
Хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч Х.Б нь багийн иргэдийн нийтийн хурал, хурлаас гарсан тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээрх хуульд зааснаар тухайн хурал өөрөө шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлүүлэх дээд шатны байгууллага байхгүй тул хурлаас гарсан шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би хурлын тогтоолуудыг хурлын нарийн бичгийн даргаас 9 дүгээр сарын 22, 23-ны үеэр авсан....” гэж тайлбарлах тул хариуцагч Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлаас Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 22, 23-нд Х.Бт мэдэгдсэн болох нэхэмжлэгчийн өөрийнх тайлбараар нь нотлогдож байна.
Нэхэмжлэгчид 9 дүгээр сарын 23-нд маргаан бүхий акт болон 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Багийн засаг даргыг огцруулах“ асуудлыг хэлэлцсэн талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч энэ талаар шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 23-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “ дээд шатны захиргааны байгууллага, ... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг зөрчиж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлаас хангалтгүй үнэлгээ авч, цаашид албаны чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон багийн Засаг дарга Х.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Гэрч Б.Цэнд-Аюушын “...Засаг даргын А/73 захирамж гарсан өдөр нь Х.Бт утсаар мэдэгдсэн. Ингээд захирамж гарсны дараа 2, 3 хоногийн дараа Х.Бт захирамжийг гардуулж өгсөн, Тухайн үед гарын үсэг зуруулах гэсэн боловч танилцсаны дараа гарын үсэг зурна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр Х.Бт сумын засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг мэдэгдсэн болох нь нотлогдох хэдий ч хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан бөгөөд Буянт сумын Засаг даргын тамгын газраас Х.Бт маргаан бүхий актыг гардуулсан хэдий ч энэ талаараа баримтжуулаагүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байна.
Буянт сумын Засаг даргын тамгын газрын “Тогтоол, захирамж, тушаалын бүртгэл”-ийн 74 дүгээрт А/73 дугаар захирамжийг гардуулсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй, энэ хэсэгт Х.Б яагаад гарын үсэг зураагүй талаар тэмдэглээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Буянт сумын Засаг даргын тамгын газрын “Тогтоол, захирамж, тушаалын бүртгэл”-ээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Бнь шүүх хуралдаанд “...2018 оны 09 дүгээр сарын 25-нд аймгийн Засаг даргад гомдол гаргахдаа Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг Б.Ц-с 9 дүгээр сарын 20-ны үед гардаж авсан...” гэх тайлбараар Х.Бт маргаан бүхий актыг 2018 оны 09 дүгээр сарын 20-нд мэдэгдсэн гэж үзэж энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцлоо.
Иймд Х.Бт Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг мэдэгдсэн өдрийг нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос тооцоход 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор аймгийн засаг даргад, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар “Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлаас хангалтгүй үнэлгээ авч, цаашид албан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон багийн засаг дарга Х.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, захирамжийн 2 дахь заалтаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Бийг томилжээ.
Улмаар Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Бийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Бийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Үүрэг гүйцэтгэгч гэдэг нь тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон гэсэн үг биш харин тухайн албан тушаалд хуульд заасан болзол, журмын дагуу жинхлэн томилогдох хүртэл хугацаанд уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэх ойлголт юм.
Нэгэнт Х.Б нь Норжинхайрхан багийн Засаг даргын үүрэгт ажлаас Буянт сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/73 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн, уг албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул Ховд аймгийн Буянт сумын засаг даргын хувьд Норжинхайрхан багийн засаг даргад Багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Э-ыг тухайн багийн Засаг даргаар томилуулахаар ирүүлсэн тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг хорооны засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэж Б.Э-ыг Норжинхайрхан багийн Засаг даргаар томилж, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар Х.Б-ийг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь хуульд нийцсэн, энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 тоот “Х.Б-ийг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэлтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёс ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар "Х.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 сарын 21-ний өдрийн хуралдааны “Багийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх” хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Иргэдийн нийтийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот “Багийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 7 сарын 02-ны өдрийн А/73 тоот “Х.Б-ийг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ