Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0289

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0289

Улаанбаатар хот

 

 

Д.Г-Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч П.О

Нэхэмжлэгч: Д.Г-Э

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГ-ын даргын  2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0211 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г-Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа                    

Хэргийн индекс: 128/2022/1003/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.Г-Э нь ЦЕГ-ын даргад холбогдуулан “ЦЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, 81 дүгээр зүйлийн 81.8, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

  3. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.О-оос давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж зохицуулсныг тус тус зөрчсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0211 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэснийг буруу тайлбарлаж буюу нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.А, П.Ж, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М, тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Г-Э, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Г, тус аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн иргэн О.Н, тус сумын Бугант тосгоны иргэн Б.О нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэр болох “16-гийн даваа” гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07-оос 08 цагийн орчим Hyundai-2900 LC маркийн 7815 УН улсын дугаартай экскаваторын операторчин Б.О-оор Зил-131 маркийн 5790 ДАА, 9578 УНЯ, 2801 СЭҮ улсын дугаартай гурван тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсоныг тогтоогдоогүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

3.2. Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлыг харьяа Хүдэр сум дахь эрэн аврах салбарт аврагч ажилтай Х.Б-ийн “... 17 цагийн үед түлэх мод бэлтгэх зорилгоор хөрөө авахаар дунд постод орчиход цагдаа нар байсан бөгөөд ахмад Д.Г-Э надтай дээд буюу эхний пост руу алхах үедээ өдөр шороо ачсан 3 машиныг мэргэжлийн хяналтын улсын байцаагч А гуйхаар оруулсан шүү. Хүн амьтанд ямар нэг юм ярьж болохгүй шүү.” гэсэн мэдүүлэг, мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын газрын цагдаа жолооч, Т.Г-ын “...ахмад Д.Г-Э би одоо яанаа гэсэн чинь чимээгүй л байхгүй юу л гэж байсан, өөр зүйл яриагүй. Би угаасаа хамгаалалтад ажиллаж байгаад шороо ачуулаад гаргачихсан буруу зүйл хийсэн болохоор нууц байсан.” гэх мэдүүлэг байсаар байтал энэ мэдүүлгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэхдээ үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Дээрх мэдүүлгүүд нь хуульд заасны дагуу мэдүүлэг авах эрх бүхий албан хаагч, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх тухай сануулж, авсан бөгөөд энэ нь шууд нэхэмжлэгчийг гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, харин өргөсөн тангараг, сахилга ёс зүйн дүрмээ зөрчсөнийг тогтоосон баримт юм.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж тодорхой зааж өгсөн байхад хариуцагч талын гаргаж өгсөн баримттай холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд дурдсан нотлох баримтыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ бататгаж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.” гэж шүүхийн эрх хэмжээг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтад “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;” гэж нэхэмжлэгчийн эрхийг зааж өгсөн байтал анхан шатын шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтыг нотлох баримтаас шүүх хасаагүй, нэхэмжлэгчээс энэ талаар хүсэлт гаргаагүй байтал зарим гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь харин ч 34.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэснийг зөрчжээ.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гээд 21.1.2 дахь заалтад “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх.” гэж зохицуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс хуулийн 20.1.3 дахь заалтад “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;” гэж заасны дагуу өөрийн байгууллагын оролцож байгаа маргаануудад эрүүгийн хэргээс шаардлагатай нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар гаргуулан авч, нотлох баримтаар үнэлүүлж ирсэн. Гагцхүү энэхүү маргааны хувьд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэгт, гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн хэрэгт хамааралгүй гэж дүгнэгдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.5. Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөнө.” гэсэн

тангаргийг өргөдөг бөгөөд нэхэмжлэгч нь хууль, тогтоомж, сахилга, ёс зүйгээ зөрчиж, бусадтай хамтран өөрийн хамгаалж, дэг журам тогтоож байх газраас алттай шороо гаргасан үйлдэл нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;” гэсэн заалтад хамаарч, хавтаст хэрэгт авагдсан баримт нь үүнийг хангалттай нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.         

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Г-Э нь ЦЕГ-ын даргад холбогдуулан “ЦЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...намайг буруутгаж халсан тийм зүйл огт болоогүй ... АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар Д.Г-Э намайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй ...” гэж, хариуцагчаас “...алт олборлох хууль бус үйл ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авсан газарт гадны иргэн, автомашин нэвтрүүлэн, хориглосон үйл ажиллагааг хамтран явуулж, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн ...” гэж тайлбарлан тус тус маргажээ.

3. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.Үүнд

Маргааны үйл баримтын талаар;

Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1230 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Г-Э-ийн цолыг хурааж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.4.2, 2.4.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр албанаас халах шийдвэр гаргажээ. /хх-ийн 25/

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ж.Б, Б.Б, С.М, Т.Г, Т.Э, Л.Д, Х.Ж, Ш.Б, О.М, Т.Г, Б.О, О.Н нарын гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 41-88/, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа М.Б, цагдаагийн дэд хурандаа О.Т нар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эрх бүхий зарим алба хаагчдын гаргасан хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэлд 20220011800043 дугаартай албаны шалгалтын ажиллагаа явуулсан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №1-191 дугаартай танилцуулгад “...цагдаагийн ахмад Д.Г-Э ... нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэр болох “16-гийн даваа” гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ... гурван тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулж тээвэрлүүлсэн, ... өөрийн удирдлагад байгаа алба хаагчдын сонор, сэрэмж, сахилга хариуцлагыг сулруулж, цагдаагийн хамгаалалтад байгаа талбай руу гадны иргэн, автомашин нэвтрүүлэн албан ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан ..., цагдаагийн хамгаалалтад авсан талбайгаас 1ширхэг экскаватор ашиглан бусдаар ухуулж, Зил-131 маркийн 3 ширхэг автомашинаар алттай гэх шороо зөөвөрлүүлсэн ...” гэж дүгнэн, албан хаагчдыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулахыг Экологийн цагдаагийн албаны даргад даалгаж, нэхэмжлэгчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах” саналыг гаргасан байна. /хх-96-102/

4.1. Үүний дагуу ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/3084 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлын газрын даргад “...223100384 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж прокурорын тогтоолоор харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” тухай мэдэгдсэн байна.

4.2. Мөн хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа явуулсантай холбогдуулан нэхэмжлэгчээс “...сахилгын арга хэмжээ арай хүнддэж байна. Тиймээс зөөлрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй.

5. Харин анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, албаны шалгалтын дүнгийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулах, үнэлэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалттай нийцээгүй байна.

6. Хууль зүйн үндэслэлийн талаар,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;” гэж,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:”, 69.1.7-д “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр ..., оролцох;”, 69.1.13-д “хуулиар хориглосон бусад.” гэж, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана.”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална:”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;” гэж,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах” , 2.1.3-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж , эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл,, дэг журмыг чанд баримтлах”, 2.3-т “Алба хаагч шударга ёсны зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, 2.3.6-д “авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үсгэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харшлах болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална.” гэж тус тус заажээ.

7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “16-ын даваа” гэх газарт газрын хэвлийн хууль бусаар халдах гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах албан хаагчдын хуваарь, томилгоод нэхэмжлэгч Д.Г-Э-ийн нэр орсон байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож,байгаль орчинд хохирол учруулах, тухайн газарт зөрчлийн улмаас тус аймгийн Засаг даргын захирамжаар хяналтын цэг ажиллуулахаар болж, 08 дугаар сарын 25-ны өдөр тус цэгийг буюу алба хаагчдыг удирдан хариуцах үүргийг Д.Г-Э-д өгсөн байна.

7.1. Улмаар 08 дугаар сарын 28-ны өдөр “16-ын даваа” гэх газарт “...“нөхөн сэргээлт” хийх нэрийдлээр экскаватор оруулж, Зил-131 маркийн гурван тээврийн хэрэгсэлд алттай гэх шороо ачуулсан” болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

7.2. Хэдийгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06/1022 дугаар албан бичгээр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 223100384 дугаартай хэрэг нээн ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус хэрэгт ...Д.Г-Э нарын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа” гэсэн хариу ирүүлсэн боловч дээр дурдсан хариуцагчийн тайлбар болон нотлох баримтууд нь нэхэмжлэгч Д.Г-Э-ийг Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн зөрчил гаргасан болохыг нотолж байна.

7.3. Энэ талаар хариуцагчийн “...нэхэмжлэгч нь хууль, тогтоомж, сахилга, ёс зүйгээ зөрчиж, бусадтай хамтран өөрийн хамгаалж, дэг журам тогтоож байх газраас алттай шороо гаргасан үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;” гэсэн заалтад хамаарч, хавтаст хэрэгт авагдсан баримт нь үүнийг хангалттай нотолж байна.” гэх гомдол үндэслэлтэй.

8. Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгч Д.Г-Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-Э-ийн ЦЕГ-ын даргад холбогдуулан гаргасан “ЦЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1230 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                      ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА