Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/436

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаартай  хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо нийтийн байрны  тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлийн талаар урьд нь;

-1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

-1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 424 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-1997 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар,

-2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 158 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 125 дугаар зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,   

-2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:ТБ/ Б.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Д- нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн Хаан банкны АТМ-ээс хохирогч Д.Х- картнаас 800.000 төгрөг авч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 23 цаг 14 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32б байрны 1 давхарт байрлах “Велл март” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 50000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Хохирогч Хөвсгөлсайханы хохиролыг би барилгын ажил хийж байгаад төлсөн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

            Нэг. Шүүгдэгч Б.Д- нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн Хаан банкны АТМ-ээс хохирогч Д.Х- картнаас 800.000 төгрөг завшиж авсан болох нь:  

            хохирогч Д.Х- мөрдөн байцаалтанд “Би Б.Д- гэдэг хүнтэй Хайлаастын Хаан банктай буудлын орчимд байдаг нийтийн байранд байр түрээсэлж байхдаа танилцсан. Тухайн үед манай хажуу талын 101 тоотод Б.Д- нь амьдрахаар ирсэн. Би өөрөө Дарханы гаралтай учраас нутгийн залуу ирж байна гэж бодоод илүү дотно танилцаад хоёулаа ганц шил архи уугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр комбинатын орчимд найзтайгаа ажил ярихаар очих үедээ дагуулан явж барилгын ажилд оруулах, ажил олж өгөх санаатай уулзсан. Тэгээд би Б.Д-ыг чи дэлгүүр ороод ундаа, тараг аваад ир гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны картыг өгч явуулаад нууц дугаарыг нь хэлээд явуулсан чинь нөгөө Б.Д- алга болчихсон байсан. Тэгээд би араас нь нөгөө дэлгүүр рүү орсон чинь байхгүй байсан бөгөөд тухайн дэлгүүрийн хаалга нь ар талдаа бас нэг талаараа гарч ордог хаалгатай болж таарсан. Тухайн үед би арай ч ингээд аваад явчихгүй байлгүй дээ гэж бодоод гэр рүүгээ явсан. Тэр өдөр миний гар утас асахгүй байсан болохоор нь би утсаа үлдээчихээд орой хүний утсанд сим картаа хийтэл Хаан банкнаас мессеж ирсэн. Тэгтэл миний Хаан банкны 5753702564 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг гарлаа гэсэн утгатай мессеж ирсэн. Тэгэхээр нь би маргааш нь Баянгол дүүрэгт байрлах Хаан банкны салбарт очоод картаа хаалгуулаад хаана гүйлгээ хийсэн талаар хэлж өгсөн. Тэгэхээр нь би цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө Хаан банкны 5753702564 тоот дансаар хохирлын мөнгө 800.000 төгрөгийг хүлээн авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

            яллагдагчаар Б.Д- мөрдөн байцаалтанд “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өглөө би Чингэлтэй дүүрэгт байх нийтийн байрандаа унтаж байгаад Д.Х- гэх залуу хоёулаа хамт архинд гараад ирье гэж хэлэхээр нь би одоо ажилтай гэж хэлтэл такси бариад хүнсний комбинатын орчмоос хүнээс архи авчихаад ирье гэж хэлээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг орон сууцанд очоод хүнээс 0.33 грамм нэрийг мэдэхгүй 3 шил архи аваад 2 шилтэйг нь уучихаад тэгээд байж байгаад сүүлийн нэг шил архиа уучихаад байж байтал  2 найз нь  гээд залуучууд ирээд 2 шил архи авсан. Тэгээд орцонд ороод архиа хувааж уугаад Хөвсгөлсайхан бид 2 салж яваад супермаркет руу орохоор болоод хамтдаа орсон тухайн үед надад Хөвсгөлсайхан картаа өгсөн байсан тэгээд дэлгүүрт ороод байж байтал өөрөө гэнэт алга болсон. Тэгэхээр нь би АТМ машинаас 400.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийгээд нийт 800.000 төгрөг гаргаж аваад гэртээ очиход нийтийн байранд Хөвсгөлсайхан ирсэн байсан.  Надаас гар утсаа асуухаар нь гаргаж өгсөн би согтуу хамаг юм аа хаях гээд байхаар нь гар утсыг нь аваад халаасандаа хийсэн байсан. Тэгээд орой нь би нийтийн байрнаас гараад Дарь-Эх рүү нүүгээд явсан. Би тухайн 800.000 төгрөгөөр гэртээ хөнжил гудас болон ойр зуурын юм худалдаад авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгож болно.   

 

Энэ хэргийн тухайд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Д.Х- өөрийн эзэмшлийн картаа Б.Д-т  “чи дэлгүүр ороод ундаа, тараг аваад ир” гэж хэлж түүний эзэмшилд түр шилжүүлэхэд эзэмшигчийн зөвшөөрсөн хэмжээ хязгаарт бус Д.Х- данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 800.000 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө авч ашигласан нь завших гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

    

            Хоёр. Шүүгдэгч Б.Д- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цаг 14 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 32б байрны 1 давхарт байрлах “Велл март” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 50.000 төгрөгийг хулгайлан авсан болох нь:

            хохирогчийн ёсны төлөөлөгч Э.Б- мөрдөн байцаалтад “2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Велл март чейн ХХК-ны салбар болох Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32б байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Велл март чейн хүнсний дэлгүүрт 2021 оны 02 сарын 04-ны 23 цаг 14 минутын орчимд үл таних этгээд гадна талаас түлхүүр тааруулан нэвтрэн орж касснад үлдээсэн байсан бэлэн мөнгө болох 50.000 төгрөгийг хулгайлан авч гарахдаа буцаан цоожлоод явсан дүрс бичлэг манай салбар дэлгүүрийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан бөгөөд хулгай орсоныг мэдээд манай ажилчид цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би тухайн салбар дэлгүүрт тус салбарын зохион байгуулагч, салбарын нягтлан, кассын ажилчин О- нарт тус бүрд 2 ширхэг дэлгүүрийн түлхүүр байдаг. Хулгай орсоныг мэдсэн өдрөөс хойш 2 хаалганы цоожны голыг сольж тавьж, хуучин цоожны гол болон түлхүүрийг би өөрөө хүлээж авсан. Манай кассын ажилчин болох О- болон түүний үл таних дэлгүүрт уулзаж байсан үл таних эрэгтэйг сэжиглэж байна. О- нь манай дэлгүүрт ажилд ороод 1 сар орчим болж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр чөлөө аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гээд явсан ба дэлгүүрийн түлхүүрийг О- өөртөө авч явсан байсан. Манай дэлгүүр нь дохиолол хамгааллын сүлд секьюрти байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулаад 2 жил орчим болж байна. 2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих манай дэлгүүрт гаднаас үл таних нэвтрэн орж байхад дохиолол хамгаалалтын систем ажилласан асуудал байгаагүй. Уг харуул хамгаалалтын байгууллагын захиралтай холбогдож ярихад манай дохиолол систем гэмтэл гарсан уу эсвэл эвдэрсэн байх гэж хэлж байсан. Манай дэлгүүрийн кассанд үлдээсэн байсан орлогын 50000 алдагдсан ба өөр эд зүйл алдагдаагүй болно. Манай дэлгүүрийн зүгээс хохирол болох 50000 төгрөг төлж барагдуулж авах хүсэлтэй байна.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

            гэрч С.Б- мөрдөн байцаалтад “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32б байрны 1 давхарт байрлах Велл март чейн хүнсний дэлгүүртээ ирээд байж байхад манай дэлгүүрт үйлчлүүлэгч нар худалдан авалт хийгээд касс үйлчлүүлэгч нарт хариу мөнгө өгөхөөр болж кассаа онгойлгоод үзэхэд кассанд үлдээдэг ул нь мөнгө болох задгай 50000 төгрөг алга болсон байна гээд касс Уранчимэг хэлэхээр нь хяналтын камераа 2021 оны 02 дугаар  сарын 04-ны орой 22 цагаас хойш шүүж үзэхэд 23 цаг 14 минут үеэс гаднаас талаас түлхүүр тааруулан хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд касснаас 50.000 төгрөг аваад өөр зүйл авалгүй буцаж гараад хаалга цоожлоод явсан дүрс бичлэг манай дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай дэлгүүр нь Сүлд дохиолол харуул хамгаалалтын байгууллагатай хамтарсан гэрээгээр ажилладаг ба уг өдөр хулгай ороход манай дэлгүүрийн дохиол ажиллаагүй байсан. Яагаад ажиллаагүйг нь мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй ба манай дэлгүүрийн түлхүүр нь кассчин Уранчимэг, О-, зохион байгуулагч Чимэдцэен нарт байдаг. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрийн хяналтын камераа шүүж үзэхэд ажилчдаасаа асуухад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай кассчин О- дээр хүн ирж уулзаад явсан бичлэгийг нь үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 04-ны 23 цаг 14 минутад манай дэлгүүр орж ирсэн хар бараан өнгийн хувцастай хүнтэй өмссөн хувцас болон гадна байдлаараа адилхан байсан.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27/

                                                                      

            гэрч Б.О- мөрдөн байцаалтад “2021 оны 01 дүгээр сарын 12-ноос эхлэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32б байрны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрт кассаар дагалдан хийж 15-наас үндсэн гараанд гарч ажиллаж эхэлсэн ба 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүдний хагалгаанд орох болсон учраас 1 дүгээр эмнэлэгт хэвтсэн. Би Баярмагнай овогтой ******* гэх хүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийтийн байранд байж танилцаж улмаар хамт байж эхэлсэн. ******* гэх хүнийг сайн мэдэхгүй ба танилцсанаасаа хойш хамт үерхэж эхэлсэн...Би дэлгүүрийн түлхүүрийг өөрийн үүрдэг гар цүнхний ар талын цахилгаантай халаасанд хийж авч явдаг. Би *******тай өөрийн ажлын байр болох Велл мартын зааланд 2 удаа уулзаж байсан. ******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих өөрийн гэр болон манай гарт ирж хоноогүй гадуур хоносон гэж манай дүү хэлж байсан...Би эмнэлэгт хэвтэхдээ хувцас болон цүнхээ *******т өгч явуулсан. Эмнэлэгт байхад дэлгүүрийн зохион байгуулагч яриад түлхүүрээ авъя гэрээ заагаад өг гэхээр нь өөрийн дүү болох 11 настай Уранзаяагаар хайлгахад олдохгүй байхаар нь ******* руу ярихад яахаараа олддоггүй юм цүнхэнд чинь байгаа шүү дээ гэж хэлж байсан ба гэрт очоод түлхүүр олж өг гэж *******т хэлж байсан. Манай дүү Велл мартын түлхүүрийг миний цүнхнээс олоогүй ба ******* гаднаас орж ирээд гаргаж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

        гэрч Б.О- мөрдөн байцаалтанд“...Манай дэлгүүр нь касс хаах үед тооцоо хийх гээд задгайгаар 50.000 төгрөг авч үлддэг юм. Тэгтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 20 минутад нээгээд 1 дүгээр кассын байх ёстой мөнгө алга байна гэсэн. Ингээд касс нээх үеийн хяналтын камерыг шүүж үзсэн чинь кассанд байх мөнгөний шүүгээ рүү хэн нэгэн хүн ойртоогүй байхаар нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой касс хаасан цагаас эхлээд хяналтын камерыг нэг бүр шүүж үзсэн чинь 2021 оны 02 дугаар сарын 04-ний 23 цаг 13 минутын үед урд хаалгаар эрэгтэй хүн түлхүүрээр хаалгыг онгойлгож орж ирээд мөнгө алга болсон 1 дүгээр кассанд ирээд 2 орчим минутын дараа гарч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/

            камерын бичлэгт үзлэг хийсэн “...Велл март чейн хүнсний дэлгүүрийн кассын орчимд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй гаднаас орж ирээд кассын ард талд суусан байгааг 02 минут 32 секундэд зогсож байгааг харуулав. Велл март чейн хүнсний дэлгүүрийн кассын орчимд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй гаднаас орж ирээд кассын ард талаас босож байгааг 03 минут 23 секундэд зогсож байгааг сумаар зааж харуулав. Велл март чейн хүнсний дэлгүүрийн кассын орчимд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй гарч байгааг 03 минут 32 секундэд гар байгааг сумаар зааж харуулав. Велл март чейн хүнсний дэлгүүрийн кассын орчимд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй гарч хаалгыг цоожлоод явж байгааг 03 миунт 44 секундэд сумаар зааж харуулав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12/

            яллагдагчаар Б.Д- мөрдөн байцаалтанд “...Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцсан эмэгтэй болох О-тай 7 хоногийн өмнөөс нэг нийтийн байранд хамт амьдрах болсон ба О- супермаркетад ажлаад дэлгүүрийн түлхүүрээ өөртөө авч явдаг талаар ярьдаг байсан ба өөрийн цүнхнийхээ ар талд түлхүүрээ хийж явдаг байсан. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр О- эмнэлэгт хэвтсэн ба би 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой цүнхний араас нь супермаркетын түлхүүрийг нь авч дэлгүүрээс эд зүйл хулгайлан авах санаа төрөөд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр О-ын ажилладаг супермаркетаас нь орлогын мөнгийг хулгайлах санаа төрж 23 цаг өнгөрч байхад уг дэлгүүрт нэвтэрч 50.000 төгрөгийг авсан. Тухайн дэлгүүр рүү орохдоо түлхүүрээр нь онгойлгон ороод буцаж гарсан. Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хуучин эцэст байрлах авто сервис авто угаалга газартаа угаалгын ажлаа хийгээд байж орой 10 цагийн үед тараад шууд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 орчим өндөртэй байрны 1 давхарт байрладаг супермаркетын хаалгыг нь түлхүүрээр онгойлгож ороод кассын шүүгээг онгойлгоод асаагуурын гэрлээр тусгаад касснаас байсан мөнгө болох 50.000 төгрөгийг хулгайлан аваад супермаркетын хаалгыг түлхүүрээр буцаж цоожлоод шууд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо нийтийн байрны 12 тоот гэртээ харьж амарсан. Тухайн үед О- эмнэлэгт хэвтсэн бөгөөд мөнгөний боломжгүй байсан тул супермаркетын түлхүүрийг авч мөнгө олох зорилготой уг гэмт хэргийг үйлдсэн.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.          

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Д- өөрийн хамтран амьдрагч Б.О-ын ажилладаг “Велл март” дэлгүүрийн түлхүүрийг түүнийг эмнэлэгт хэвтсэн байхад нь гар цүнхнээс нь тус дэлгүүрийн түлхүүрийг авч улмаар шөнийн цагаар уг дэлгүүрийг түлхүүрээр нь онгойлгон орж касснаас  бэлнээр 50000 төгрөг хулгайлан авсан үйлдлийг ”Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Б.Д-т холбогдуулан хяналтын прокурор зүйлчилсэн нь тохирсон байна.

            Түүнчлэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэдэгт “...шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүний хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон сувъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг завших, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.

 

            Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон  байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт,

            мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

           

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 жилийн  хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

            Шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

           

            Б.Д- завших гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Х-д учруулсан 800.000 төгрөгийн хохиролоо нөхөн төлсөн, хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч “Велл март чейн” дэлгүүрт учруулсан 50.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-аас 50.000 төгрөг гаргуулж хохирогч “Велл март” дэлгүүрт олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  Б.Д-ын  цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

            “бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.  Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

           4. Б.Д-т  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-аас 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулж “Велл март чейн” хохирогч байгууллагад олгосугай.

 

           6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Б.Д-ын 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            7. Хэрэгт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ