Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000042 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Р.Өы Баянхонгор аймгийн нэгдсэн зар пэйж хуудсанд байршуулсан “адуу авна” гэх зарын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Bymba8 bymba” гэх нэр бүхий цахим хаягаас мессеж бичин холбогдож 5 тооны даага зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж итгэлийг нь урвуулан ашиглаж 250,000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн зарын нэгдсэн группт “даага их хэмжээгээр авна” гэсэн зар байхаар нь чатаар нь холбогдоод 5 даага авъя гэж хэлсэн тэгтэл даага авч яваа хүмүүс Баянхонгор аймгийн Заг суманд явж байгаа ирэхээр нь даага авъя урьдчилгаа мөнгийг нь авч байх юм уу гэсэн тэгэхээр нь би тэгье гэж хэлээд урьдчилгаа 250000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* гэсэн дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 /,         

Хохирогч Р.Өы мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор нэгдсэн зар дээр адуу авна гээд зар тавьсан чинь 2021 оны 01 дүгээр сарын 15-16-ны хооронд ******* эх нэртэй фейсбүүк хаягнаас 5 тооны даага өгнө гээд миний фейсбүүк хаяг руу чат бичээд Баянхонгор аймгийн Өлзийт сумын гаралтай аймагт эмнэлэгт өвөөгөө хараад хэвтэж байна 3 дахь өдөр эмнэлгээс гарахаар манай нөхөр даага ачаад ирнэ мөнгөний хэрэг гараад 250000 төгрөг өгөөч гээд залуухан эмэгтэй хүн ******* гэх дугаараас миний ******* гэх юнителийн дугаар луу залгаад гуйгаад байхаар нь Э.Б нэртэй ******* ХААН банкны данс руу 250000 төгрөгийг хийчихсэн чинь одоо гар утсаа авахгүй чатаар залгаад, чат бичээд байхад хариу өгөхгүй залилаад 2-3 хонож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,       

Гэрч Х.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тухайн даагануудын зургийг харлаа манайд ийм дааганууд байхгүй тухайн зураг дээр хашаанд байгаа даагануудын зураг байна манайх ийм хашаа байхгүй хөдөө Баянхонгор аймгийн Өлзийт 1 дүгээр багт цөөхөн тооны бог байгаа хөдөө ч ийм хашаа байхгүй, мөн манайд адуу байхгүй...Манай хадам ээж цөсний чулуутай гээд өнгөрсөн жил чулуугаа авахуулж байсан Улаанбаатар хотод байдаг ойрын хугацаанд ямар нэг өвчний улмаас хагалгаанд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 /,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 48-49/, хохирогч Р.Өы Цагдаагийн газарт гаргасан гомдол, холбогдох баримт/хх-ийн 3-6/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ , эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63-67 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Р.Өы Баянхонгор аймгийн нэгдсэн зар пэйж хуудсанд байршуулсан “адуу авна” гэх зарын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Bymba8 bymba” гэх нэр бүхий цахим хаягаас мессеж бичин холбогдож 5 тооны даага зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж итгэлийг нь урвуулан ашиглаж 250,000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Э.Бын ... урьдчилгаа 250.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* гэсэн дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 /,

Хохирогч Р.Өы ... ******* эх нэртэй фейсбүүк хаягнаас 5 тооны даага өгнө гээд миний фейсбүүк хаяг руу чат бичээд манай нөхөр даага ачаад ирнэ мөнгөний хэрэг гараад 250.000 төгрөг өгөөч гээд ******* гэх дугаараас миний ******* гэх юнителийн дугаар луу залгаад гуйгаад байхаар нь Э.Б нэртэй ******* Хаан банкны данс руу 250 000 мянган төгрөгийг хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,

Гэрч Х.Чийн...Би тухайн даагануудын зургийг харлаа манайд ийм дааганууд байхгүй тухайн зураг дээр хашаанд байгаа даагануудын зураг байна манайх ийм хашаа байхгүй, мөн манайд адуу байхгүй...Манай хадам ээж Улаанбаатар хотод байдаг ойрын хугацаанд ямар нэг өвчний улмаас хагалгаанд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 / болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт .. хуурч, эмхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд , урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан бол.... гэж заасан ба залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Р.Өы фейсбүүк хаяг руу ******* эх нэртэй фейсбүүк хаягнаас 5 тооны даага өгнө гэж чат бичиж цахим хэрэгсэл ашиглаж 250000 төгрөг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Быг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Р.Ө нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Э.Б нь хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Э.Бын эзэмшлийн “...угаалгын машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Э.Бт буцаан олгож, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Быг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Бын эзэмшлийн “угаалгын машин..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Э.Бт буцаан олгосугай,

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА