Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/435

 

                      

 

 

                             

 

 

 

 

 

 

                    

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105007920803 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эгч, дүү нарын  хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны Толгойтын  дугаар гудамжны  тоотод оршин хаягтай, урьд нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, /РД:ЧВ/ Н.Г-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Г- нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байрны 96 тоотод байрлах Д.П- гэрээс түүний эзэмшлийн Huаwei-Y7 маркийн 330.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Д.П- 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г- “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Би утсыг нь аваад гээчихсэн юм. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.  

 

Хавтаст хэргээс хохирогч Д.П- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 05-ны  өдөр 22 цагийн үед би өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны 96 тоотод өөрийн найз Мөнх-Эрдэнийн хамт ойрд уулзаагүй байсан учраас бага зэргийн архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Гэтэл гаднаас үл таних 30-35 орчим насны залуу орж ирээд Мөнх-Эрдэнэ ахтай уулзах гэсэн юм гэж хэлээд бид гурав сууж цугтаа архи уусан. Тухайн үед би ядарсан дээр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас унтаад өгсөн. Тэгээд 23 цагийн үед сэртэл үл таних залуу алга байсан бөгөөд миний гар утас алдагдсан байсан. Миний гар утас Huаwei-Y7 маркийн гар утас байсан. Надад 350.000 төгрөгийн хохирол учирсан. Миний гар утасны дэлгэц нь  бага зэрэг хагарсан байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

           

Гэрч Б.М- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед Д.П- гэх манай найз намайг манай гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь  би Д.П-гэрт очоод бид 2 хамт архи уугаад сууж байтал ******* гэх хүн миний гар утас руу залгаад би чамаар нэг юм хянуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ыг Д.П-гэрт дуудаж бид 3 архи уусан би удалгүй согтоод унтаад өгсөн. Өглөө сэрэхэд ******* байхгүй, найз Д.П-гар утас алга болсон байсан.  Яг тэр үед манай найзын хүүхэд цуг байсан ах таны гар утсыг аваад орой гараад явсан гэж хэлсэн...Д.П-гар утас алга болсон байсан хүүхэд нь *******ыг авсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/

 

        Яллагдагчаар Н.Г- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Мөнх-Эрдэнэ ах намайг гэрт хүрээд ирээч компьютер дээр юм шивүүлэх гэж дуудахаар нь би очсон. Тухайн үед Мөнх-Эрдэнэ ах, Д.П- ах, нэг танихгүй эрэгтэй хүн байсан.  Тэд  0.75 литртэй хараа архи 1 шилийг ууж байсан, бид 4 тэр архийг цуг ууж дуусгасан. Тэгээд тэр танихгүй эрэгтэй яваад өгсөн. Тэгээд бид хэд байж байтал Д.П- ах унтаад өгсөн ба Мөнх-Эрдэнэ ах өөр өрөөнд орсон байсан. Тэгээд би санаандгүй Д.П- ахын гар утсыг аваад гарсан байсан. Би тухайн үед жоохон согтуу байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учраас амархан согтоод байдаг юм. Тэгээд би тэр гар утсыг аваад 20 цагийн үед гарч явсан. Гэртээ харих гэж яваад тухайн гар утсыг нь хаясан байсан. Хаана хаясан талаараа мэдэхгүй байна. Би Мөнх-Эрдэнэтэй ажлын найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2016 оны үед л танилцаж байсан. Заримдаа хамт сууж ганц нэг пиво уудаг холбоотой ах. Харин Д.П- бол Мөнх-Эрдэнэ ахын найз би 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр  анх удаа уулзсан. Тэр яваад өгсөн ахыг танихгүй. Би 2021 оны 3 дугаар сард хамаатны эгчийнхээ гэрээс цагаан зэсэн тоногтой монгол эмээлийг хулгайлаад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1.200.000 төгрөгөөр торгуулсан. Би тухайн торгуулаа төлж барагдуулаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/

 

       “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Huаwei-Y7 маркийн гар утас 1 ширхэг 330.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн тайлан /хх-ийн 74-77/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-33/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн /хх-ийн 34-35/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/, ял шалгах хуудас /хх-ийн 110/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-126/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

  

        Шүүгдэгч Н.Г- 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байрны 96 тоотод байрлах Д.П- гэрээс түүний эзэмшлийн Huаwei-Y7 маркийн 330.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

         үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... би санаандгүй Д.П- ахын гар утсыг аваад гарсан байсан...гэртээ харих гэж яваад тухайн гар утсыг нь хаясан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, хохирогч Д.П- “...гаднаас үл таних 30-35 орчим насны залуу орж ирээд Мөнх-Эрдэнэ ахтай уулзах гэсэн юм гэж хэлээд бид гурав сууж цугтаа архи уусан...23 цагийн үед сэртэл үл таних залуу алга байсан бөгөөд миний гар утас алдагдсан байсан. Миний гар утас Huаwei-Y7 маркийн гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

        Шүүгдэгч Н.Г-ыг бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Н.Г-ыг “Бусдын эд хөрөнгийг  хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

        Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

       Эрүүгийн хариуцлагын талаар  улсын яллагчаас Н.Г-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

 

       Н.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

       Шүүхээс, шүүгдэгч Н.Г-ын бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа хувийн байдал зэргийг тус тус  харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

      Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

       Н.Г- нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Шүүгдэгч Н.Г-од оногдуулсан торгох ялын биелүүлэх хугацаа 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх...” хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй юм.

 

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Г-оос 330.000 төгрөг гаргуулж хохирогч Д.П- олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

      Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  Н.Г-ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэргийн хамт ирүүлсэн Н.Г-ын эзэмшлийн Samsung загварын нүүр хэсэг нь шилэн наалттай хар хөх өнгийн гар утас нэг ширхэгийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

       

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Н.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Н.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        

        4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Г-оос 330.000 төгрөг гаргуулж хохирогч Д.П- олгосугай.

 

        5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  Н.Г-ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        6.  Хэрэгт ирүүлсэн Н.Г-ын эзэмшлийн Samsung загварын нүүр хэсэг нь шилэн наалттай хар хөх өнгийн гар утас нэг ширхэгийг өөрт нь буцаан олгосугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ