Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч: М.С, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Сод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000081 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.С нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын ард байх “Хонгор жаст “ ШТС-ын урд Б.Эын нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтад өгсөн

...Таксинд суугаад жолоочтой маргалдсанаа санаж байна. Мөн хүмүүстэй тааралдаад 3 хүнийг цохьсон байхаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 101/,      

Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн

...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Шинэ төгөл” хотхоноос дээшээ төв зам руу ороод Онцгой байдлын ард байрлах” Хонгор жаст “ШТС-ын урд талд хоёр согтуу хүн гараа өргөөд зогсож байхаар нь хоёр хүнийг тойроод явах гэж байсан боловч тухайн хоёр хүн нь замыг таглаад ямар ч гарах боломжгүй байсан болохоор би тухайн хоёр хүнд тулж очоод зогссоход нөгөө хоёр залуу миний машин дээр ирэхээр нь би цонхоо онгойлгоод би явахгүй гэсэн чинь нөгөө хоёр залуу 102 хүргээд өгчих гэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөд суулгасан. Би нөгөө хоёр залуугаас таксины мөнгө чинь байгаа юу гэж асуусан чинь миний урдаас байгаа гээд намайг хэл амаар доромжилсон тэгээд намайг цохиод авсан. Намайг нэг залуу нь зодсон. Харин хамт явсан залуу нь бол хориглоод байсан. Миний толгой руу 4-5 удаа, нүдэнд 1 удаа цохьсон. Намайг зодсон залуу согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтад өгсөн

...Таксинд намайг суусан чинь М.С таксины жолоочийг 2-3 удаа цохиод авсан би боль гээд *******ыг аваад буусан. М.С нь Б.Э гэх таксины жолоочийг машинд байхад нь 2-3 удаа нүүрэн хэсэгт цохьсон байхаа би сайн хараагүй. Яадаг ч байсан 2-3 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар шинжээчийн

1.Б.Эын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацааанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 161-162/ шүүгдэгч М.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 73/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-81, 128/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 129/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.С нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын ард байх “Хонгор жаст” ШТС-ын урд Б.Эын нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч М.Сын...таксинд суугаад жолоочтой маргалдсан цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 101/,

Хохирогч Б.Эын ... намайг нэг залуу нь зодсон, миний толгой руу 4-5 удаа, нүдэнд 1 удаа цохисон, намайг зодсон залуу согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч Ц.Сын...М.С нь Б.Э гэх таксины жолоочийг машинд байхад нь 2-3 удаа нүүрэн хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаартай...Б.Эын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.                

Шүүгдэгч М.С нь хохирогч Б.Эын нүүрэн тус газарт гараараа цохьсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 54-55/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.С нь хохирогч Б.Эт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч М.С нь “Премуим Индастриал Энд Инженеринг” ХХК-д Карьер бутлуур үйлдвэрлэлийн албанд дугуй ачигчийн операторчиноор ажилладаг болох нь Премуим Индастриал Энд Инженеринг” ХХК-ийн тодорхойлолт, тогтмол орлоготой буюу цалин авдаг талаар түүний Голомт банкны хуулга, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч М.Сод торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч М.Сын эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч М.Сод буцаан олгож, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Сийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнх 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Сод оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Сод нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч М.Сод нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч М.Сын эзэмшлийн “...самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч М.Сод буцаан олгосугай,

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Сод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА