Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

 

  2021           6          25                                                2021/ШЦТ/439                       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх /томилолтоор/

шүүгдэгч Б.Ц- түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан

хохирогч Б.А- түүний өмгөөлөгч Д.Саранчимэг

гэрч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-ыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005016010519 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Элбэг дулаан” ХХК-нд дулааны инженер ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ХГ/ Б.Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Б.Ц- нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9/б байрны 31 тоотод хохирогч Б.А-ыг зодож, биед нь зүүн талд 8 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгаралт, нэг шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, баруун мөрөнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

      Шүүгдэгч Б.Ц- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байсан юм. Тэр өдөр миний машин явдаггүй өдөр байсан. Урд өдрөөс нь манай найз Л.Ж- над руу утсаар ярьж намайг дуудсан. Тэгэхээр нь би гурав дахь өдрийн үдээс хойш 15 цагийн үед очсон. Л.Ж-, М-, Б.А- бид нар хамт 0.75 граммын шилтэй архийг уусан. Л.Ж- надтай уулзсангүй удлаа гэж надад тунирхаж бид хоёр жаахан маргасан. Тэгэхэд Б.А- “чи миний ах руу томорлоо, аятайхан байгаарай” гээд надад агсам тавьж эхэлсэн. Би уучлалт гуйсан. Б.А- 3 шил архи авч өг гэж надад агсам тавиад байсан. Тэр үед Л.Ж-, М- хоёр унтаж амрахаар нөгөө өрөө рүү явсан байсан.  Тэгээд намайг гараад явах гэхэд Б.А- араас ирээд зууралдсан. Тэгэхээр нь би хувцсаа аваад гарыг нь тавиулаад явсан. Миний хувьд Б.А-ыг цохиж зодсон зүйл байхгүй байхад надаас Б.А- мөнгө нэхээд байгаа. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Энэ асуудал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон. ******* намайг архи бага хундагаллаа гэж  дарамтлаад байсан бөгөөд намайг хажуу өрөө рүү оръё гээд уг айлын том өрөөнд дагуулаад орсон. Би араас нь дагаад ороход эргэж харангуутаа миний ам хэсэгт толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд нь би доошоо тонгойход хөлөөрөө миний зүүн хавирга руу өшиглөхөд нь би газар эвхрээд унасан. Маргааш нь намайг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлж хэд хоног байлгасан. Би тэр өдөр эрүүл байж байгаад ийм байдалтай болсон. Гэрчээр ирж байгаа хүн нь *******ын явалддаг хүүхэн. ******* өөрийгөө өмгөөлөх гэж энэ хүнийг гэрчээр оруулж байгаа.  Миний шүдийг алт болгоно гэж 2 найзыгаа дагуулж ирж дарамталсан. Би Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэж 5 дугаар сарын 10-нд хагалгаанд ороод гарсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нийт 2.384.667 төгрөг болон өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ******* миний нэг шүдийг булгалж, нэг шүдийг хугалсан. Би шүднүүдээ эмчлүүлж чадаагүй яваа.  Надад ******* 100 төгрөг ч өгөөгүй алга болсон. Би гомдолтой байна.” гэв.

         Гэрч Г.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Тухайн өдөр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байсан. Би гэртээ ажлаа тараад ирэхэд Л.Ж-, *******, М-, Б.А- нар манайд архи ууж байсан. Орж ирээд ойр зуурын юмыг нь янзлаад, цай чанаж өгсөн. Эд нар бүтэн хоног архи уусан байх. Б.А- хониор архи  авна гээд байсан. ******* хувцсаа аваад манайхаас шууд гараад явсан.  Тэр өдөр ерөөсөө зодоон болоогүй. Б.А- өөрийгөө адуунд өшиглүүлээд миний хавирга хугарсан чинь өвдөөд байна гээд байхаар нь лент нааж өгсөн. Б.А- унаад цус гарсан байсан болохоор би тухайн өрөөг цэвэрлэсэн. Миний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

      

        Хавтаст хэргээс хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 4 дүгээр сарын 23-нд 23 цаг өнгөрч байхад урд өдөр нь хамт архи ууж хоносон Л.Ж-ын хамт хороололд Өргөө кино театрын замын урд талд байрлах нэг байранд очсон бөгөөд тэндээ 10 давхарт байдаг Баяраа гээд эмэгтэйн гэрт очсон. Бид хоёрыг уг айлд ороход Баяраа гэх эмэгтэй гэртээ ганцаараа байсан бөгөөд бид нартай хамт хоносон. Өглөө Баяраа эгчийн найз гэх нэг эмэгтэй гэрт нь ирсэн бөгөөд бид нар сэрээд байж байтал Л.Ж- ах намайг гараад нэг шил архи аваад ирээч гэхээр нь гарч дэлгүүрээс хараа гэдэг 0.5 литрийн хэмжээтэй архи авч уугаад дахиад нэг 0.75 литрийн хараа архи авч уугаад байж байтал өдөр 14 цагийн үед Л.Ж- ахын найз гээд Мөөгий гэх хүн нэг шил архи аваад орж ирсэн. Тэр хүн орж ирэх үедээ нэлээд уусан байгаа харагдсан. Бид нар ууж байсан архиа дуусгаад Мөөгий гэх хүний авч ирсэн архийг хувааж уусан бөгөөд энэ үед би сөн түшиж байсан юм. Мөөгий гэх хүн архи ууж байх үедээ чи яагаад бага хийгээд байгаа юм гэж уурлаад дарамтлаад байсан бөгөөд намайг хажуу өрөө рүү оръё гээд уг айлын том өрөөнд дагуулаад орсон. Тэгээд намайг толгойгоороо нэг удаа ам орчим мөргөсөн бөгөөд би доошоо тонгойх үед зүүн хавирга руу нэг удаа өшиглөөд би газар эвхрээд унасан. Энэ үед Баяраа эгч дээр ирсэн найз нь гэх эмэгтэй намайг нөгөө ахаас салгаад өндийгөөд босох үед намайг аймхай буюу цээжний эгц урдаас нэг удаа гараараа цохисон. Тэгээд л нэг мэдсэн чинь орой 21 цагийн сэргэхэд Баяраа эгч болон Л.Ж- ах сүүлд ирсэн эмэгтэй нар байсан. Тэгээд маргааш нь би нөгөө Мөөгий гэх хүнийг Л.Ж- ах дуудаад ирж уулзсан бөгөөд цагдаад хэлээд яах юм би дүүгээ гомдолгүй болгож өгнө гээд гуйгаад байсан. Намайг бараг алтан шүд хийлгэж өгнө гэх зэргээр дээрэлхэж байгаад явсан. Хэд хоногийн дараа буюу 27-нд над руу залгаад ГССҮТ эмнэлэг дээр очиж үзүүлнэ гээд дагуулаад гэмтэл дээр очиж нэг найз танилаараа үзүүлнэ гээд хүлээлгэсэн. Нөгөө хүн нь ирэхгүй байсан учир манай ээж бид хоёр орж үзүүлсэн бөгөөд өөрөө надад хүний машин унаад ирсэн хүргэж өгөөд ирье гэж хэлээд явсан. Залгахаар утсаа авахгүй салгаад, одоо болтол холбоогүй байгаа тул би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 хохирогч Б.А- дахин өгсөн мэдүүлэгтээ “Намайг тухайн өдөр архи ууж байхад нөгөө үл таних Цогоо гэдэг эрэгтэй орж ирсэн тэгээд намайг архи аягалж байхад бага хийгээд байна гэж эхлээд зөрчил үүссэн бөгөөд энэ нь нэлээд удаан үргэлжилсэн. Нэлээд маргасны дараа намайг дагаад ороод ир гэж хэлээд баруун талд нь байсан өрөөнд оруулсан. Тэгээд намайг дагаад араас нь ороход эргэж хараад шууд толгойгоороо нэг удаа мөргөсөн миний нүүрний ам байрлах хэсэгт мөргөж тухайн үед би доош тонгойход аманд бөөн шингэн зүйл ороод ирсэн бөгөөд би шүлсээ хаяхад нэг шүд хугараад гараад ирсэн. Гэтэл намайг өөдөөс цээжний зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн бөгөөд энэ үед би амьсгалж чадахаа байгаад газарт унасан. Гэтэл дээр гараад ирсэн энэ үед Баяраа эгчтэй хамт байдаг гэх  эмэгтэй намайг ирээд салгаж авсан бөгөөд босоод ирэхэд намайг эгц урдаас нэг удаа аймхай орчим цохисон. Тэгээд би хэсэг ухаан самуураад сэргэхэд Л.Ж- Баяраа эгч нөгөө зодоон салгасан эмэгтэй нар байсан. Намайг зодож байх үед Нямсүрэн гэх эмэгтэй өөрөө салгасан бөгөөд намайг сэргэхэд дүүг арай дэндүү зодсон би арай гэж салгасан гээд Цогоо гэх хүнийг Нямсүрэн гэх эмэгтэй утсаар ярьсан бөгөөд Цогоо ирээд надаас уучлалт гуйгаад гэмтэл орж үзүүлж байснаа машинаа хүнд өгнө гэж хэлээд зугатаасан. Эдгээр хүмүүс нэгнээ сайн таньдаг тул өмөөрөөд одоо худлаа мэдүүлэг өгч байна. Миний нэг шүд шууд газар унасан. Харин нэг нь хугарч сулраад хэсэг тогтсон байсныг гэмтэл дээр авахаас наашгүй гэж хэлсэн болохоор авахуулсан. Би учирсан хохиролоо барагдуулмаар байна. Өөр гомдол саналгүй. Би өөрөө болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/

 

Гэрч Л.Ж- мөрдөн байцаалтанд “...Б.А- бид хоёр хот руу орохоор болоод манай найз Баяраа гэх эмэгтэйн гэрт хорооллын эцэс Өргөөгийн замын урд байдаг 9 дүгээр байрны зүүн талын орцоор ороод 8 давхарт 31 тоотод очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод дахиад шараа тайлж байгаа гээд архи уухаар болж Б.А-, Баяраа нартай 1 шил хараа гэх 0.75 литрийн хэмжээтэй архи аваад уусан. Тэгээд архи дуусаад дахин нэг шил 0.5 литрийн хараа гэх архи хувааж уусан. Энэ үед би нэлээд муудаад тасраад унтсан бөгөөд намайг унтаад босоод ирэх үед надтай хамт байсан Б.А- миний танил залуу болох Цогоо гээд залуу ирсэн бөгөөд нөгөө Цогоо нь Б.А-ыг зодоод нэг шүдийг нь унагааж, хавирга нь гэмтсэн гээд байж байсан. Хэрэг маргаан гарсан орой тэндээ хоноод маргааш нь уг айлаас Б.А-ын хамт гараад бид хоёр манай гэрт очиж нэг хоносон бөгөөд энэ үед Б.А- гэртээ харихгүй гээд байсан. Улмаар би маргааш нь ажилдаа ороод хөдөө явахаар болоод явах тухайгаа хэлсэн чинь миний ам хамар ийм байгаа юм чинь би тантай хамт хөдөө явъя гэж хэлсэн. Тэгээд би Б.А-ын аавтай нь утсаар холбогдоод надтай хамт байна, жаахан гэмтсэн байгаа талаар хэлсэн. Тэгээд Б.А- аавтайгаа утсаар яриад байсан.  Би Б.А-ын бие нь гайгүй байх гэж бодоод хамт хөдөө яваад маргааш нь шөнө 03 цагийн үед хотод ирсэн чинь бие нь улам өвчин ороод байна гэж надад хэлсэн. Тэгээд манай гэрт хоноод маргааш нь гэр рүүгээ явсан бөгөөд дараа нь надад Цогоотой уулзсан талаараа хэлсэн бөгөөд үзүүлэх гээд гэмтэл дээр очсон гэж хэлж байсан. Намайг орой ухаан ороод сэргэх үед манай Баяраа, Б.А- хоёр байсан бөгөөд Цогоо гээд манай найзыг ирээд архи ууж байгаад маргаан зодоон болсон шүдийг унагаасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

        Гэрч А.Б- мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн найз *******тай утсаар ярихад М- гэх найзынхаа гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би Баянгол дүүргийн 8 дугаар хороо 9 дүгээр байр 31 тоотод 19 цагийн үед очсон. Тэгэхэд манай найз М-, *******, Л.Ж- нар архи уусан байдалтай нэлээд халсан байсан. Мөн өөр нэг үл таних 30 гаруй насны залуу байсан бөгөөд Л.Ж-ын дүү гэж ярьж байсан. Тэгээд бид нар уулзаад тэд нарын ууж байсан архинаас нь хувааж уугаад М- нэг ажил байгаа талаар яриад гэрээс нь ойролцоогоор 30 орчим минут болоод гарсан юм. Тэгээд маргааш нь ******* над руу залгаад яаралтай уулзах зүйл байна хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд хорооллын Номин худалдааны төвийн тэнд *******ын машинд нь орж уулзсан намайг очиход Л.Ж-ын дүү гээд залуу өөр нэг настай эгчийн хамт байсан. Тэгээд ямар хэргээр дуудсан талаар асуух гэтэл нөгөө үл таних эгч надад хандаад та нар манай хүүхдийг зодсон байна, одоо шууд 5.000.000 төгрөг өг гэж хэлсэн би хариуд нь би таныг танихгүй гэж хэлсэн чинь Б.А- хариуд нь ээж наад хүн чинь биш гэж хэлсэн. Тэгээд би *******т янз бүрийн асуудал болсон бол яаралтай шийд гэж хэлээд явлаа гэдгээ хэлсэн. Тэгээд ******* өөрөө нөгөө хоёр хүний хамт гэмтэл орохоор явсан. Дараа нь ******* надад цагдаагаас дуудаад байгаа талаар хэлсэн бөгөөд өөрөө очилгүй хөдөө байгаа гэх мэт зүйл яриад байсан бөгөөд өнөөдөр би хэрэг төвгөө шийдүүл гэж хэлээд дагуулаад ирсэн одоо гадаа байгаа...Надад нарийн зүйл хэлээгүй, намайг өдөөд байсан тэгээд заамдаад нөгөө өрөөнд орсон гэх бөгөөд яг цохиж зодсон эсвэл зодоогүй талаараа нарийн хэлэхгүй байгаа. Надад хэн нэгнээс ямар нэг дарамт шахалт үзүүлсэн үг заасан зүйл байхгүй би өөрөө мэдсэн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

Гэрч Г.Н- мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 24-нд ажил тараад 14 цагийн үед гэртээ ирэхэд хамт өрөө түрээсэлж байсан М- нь Л.Ж-, Цогтоо нартай нэлээн халсан байдалтай байсан бөгөөд өөр нэг залуу байсан нь гараад явсан. Гэрт орж ирээд нэг их удаагүй байж байтал гаднаас нэг залуу буюу Б.А- гэх залуу 2 шил 0.75 литрийн хэмжээ бүхий хараа архи аваад орж ирсэн. Бид нар нөгөө архинаас нь хувааж уухаар байсан бөгөөд би тухайн архинаас нэг татаад байж байхад өлсөөд байна, хоол хийж идмээр байна, ууя гэж хэлсэн. Тэгээд Л.Ж-, Баяраа нар хойд өрөөнд ороод унтаад өгсөн. Харин Цогтоо Б.А- нар үлдээд ууж байхдаа Б.А- хөдөөнөөс ирсэн гэсэн. Тэгээд нэг хонийг нэг шил архи болгоно гэх зүйл яриад байсан бөгөөд архи авч ир гээд байсан чинь ******* нь уурлаад чи ямар ядаргаатай юм бэ гээд байсан. Б.А- гэх залуу нь эр хүний ёсоор үзье гээд Цогтоо гэх залууг заамдаад авсан. Харин Цогтоо нөгөө залууг мөн заамдаад том өрөөнд Б.А- нь урд талд нь гарсан зууралдаад орсон бөгөөд намайг хойноос нь орох үед Б.А- гэх залуу нь цааш доошоо хараад мөлхөө стенк дээр унаж байгаа харагдсан. Тэгээд Цогтоо шууд яваад өгсөн. Харин Б.А- гэх залуу нь үлдээд ширээн дээр байсан архийг уугаад байсан. Би энэ үед Л.Ж-, М- хоёрыг дуудаад балай юмаа аваад яв, амнаас нь цус гараад балиартаад байна гэж хэлсэн. Л.Ж- нилээн согтуу байсан бөгөөд бид хоёрт орох айл байхгүй гээд манайд хоносон. Б.А- гэх залуу амаа ухаад нэг шүд хөдөлсөн байна гээд зулгаасаар байгаад авчихсан. Л.Ж- Б.А- нар манай гэрт хоноод маргааш нь бараг өдөр болж байхад явсан...Миний нүдэн дээр бол зодоон болоогүй.  Б.А- гэх залуу өөрөө шүдээ гараараа авсан. Цохилцсон зүйл болоогүй, харин нэгнээ заамдаад зууралдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28/

       Гэрчээр Б.Ц- мөрдөн байцаалтанд “Тухайн өдөр манай найз Л.Ж- дуудаад байхаар нь би Баянгол дүүрэг 8 дугаар хороо 9 дүгээр байрны 9-н давхарт М- гэх найзын гэрт нэг шил 0,75 литрийн архи аваад орсон. Тэгээд намайг ороход А.Б-, Л.Ж-, М-, Б.А- гэх үл таних эрэгтэй байсан. Тэгээд намайг яваад ороход тэд нэлээд согтуу байсан бөгөөд нөгөө архиа уугаад байж байхад А.Б- ажилтай гээд гараад явсан. Тэгээд ойрын нэг жил гаран уулзаагүй байсан болохоор Л.Ж-тай холбоо бариагүй чи энэ тэр гээд жаахан маргаан гарсан. Тэгээд ууж байсан архи дуусаад надаас дахиад архи аваад өг гэж Л.Ж- хэлсэн. Тэгэхээр нь би одоо болно гээд авч өгөөгүй юм. Тэгээд байж байхад Баяраагийн эгч Нямаа гээд эмэгтэй орж ирсэн. Тэгээд Л.Ж-ыг Б.А- гэх залуу унтуулчихаад эргээд гараад ирсэн. Тэгээд байж байхад нөгөө Б.А- гэх залуу надтай маргаан хийгээд өдөөд байсан бөгөөд намайг босоод ир гэж хэлээд энгэрээс зулгаагаад хойд өрөө рүү яваад орсон. Тэгэхээр нь би өөрөө гарыг нь тавиулаад шууд хаалгаар гараад явсан. Харин гэрийн эзэн намайг гэрт битгий зодоон хийгээрэй гэж хэлээд гаргасан. Харин дараа нь Л.Ж- над руу яриад чи дүүтэй уулз гээд байсан хөдөөнөөс ирсэн ямар ч мөнгө байхгүй байгаа 70.000 төгрөг өгчих гэж хэлээд байсан. Тэгээд би А.Б- гээд өмгөөлөгч найзтайгаа Б.А- гэх залуутай уулзсан бөгөөд нөгөө залуу огт юм санахгүй байгаа бололтой байсан. Харин ээж нь гэх эмэгтэй надад хандаад мөнгө нэхээд байсан. Тэгээд би гэмтэл хүргэж өгөөд энэ хүн хэрэг хийгээгүй байхад намайг баллах юм байна гэж бодоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5275 дугаартай “Б.А-ын биед зүүн талд 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгаралт, нэг шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, баруун мөрөнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдуулна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 880 дугаартай “Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн дээрх Мөнгөнгүүр эмнэлгийн өвчний түүх болон 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цээжний КТГ-ийн шинжилгээний хариугаар Б.А-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь өөрчлөгдөхгүй. Хоёр шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийн 20 хувийг алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-64/

 

      Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтанд “...зүүн 8-р хавирганы хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, буйлны цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...эдгээр гэмтэл нь нэг түвшинд үүссэн шинэ гэмтэл тул нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Мохоо болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” /хх-ийн 156-157/ гэсэн мэдүүлэг,

 

      Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд “...Зургаар таньж олуулах ажиллагаа явуулах гэж буй 209 тоот өрөөнд хохирогч Б.А- хүснэгтэд байрлуулсан 1,2,3,4 гэж байршуулсан гэрэл зурагнуудаас аль этгээд  нь таны биед халдсан гэх хүн бэ гэж асуухад, хохирогч Б.А- нь 2 дугаарын хүснэгтэд байгаа Б.Ц-ын зургийг “уг залууг би хараад л шууд таньж байна, биеийн төрх царай зүс нь намайг зодож халдсан хүн мөн байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 31-32/

        Б.А-ын өвчний түүх /хх-ийн 50-59/, хохиролын баримтууд /хх-ийн 99-103/, шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 135/, ял шалгах хуудас /хх-ийн 120/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

      

      2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.Н-, М- нарын түрээслэн амьдардаг 9/б байрны 31 тоотод М-, Л.Ж- түүний найз  Б.Ц-, мөн Л.Ж-ын найз дүү Б.А- нар хамт архидан согтуурч бие биенээ үл таних Б.Ц-, Б.А- нар хоорондоо маргалдаж Б.Ц- нь толгойгоороо Б.А-ын ам орчим мөргөж нэг шүдний булгаралт, нэг шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, зүүн хавирга руу нь удаа өшиглөж зүүн 8 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл  учруулсан” хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

      Шүүгдэгч Б.Ц- хохирогч Б.А-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

      хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтанд “...намайг толгойгоороо нэг удаа ам орчим мөргөсөн бөгөөд би доошоо тонгойх үед зүүн хавирга руу нэг удаа өшиглөөд би газар эвхрээд унасан. Энэ үед Баяраа эгч дээр ирсэн найз нь гэх эмэгтэй намайг нөгөө ахаас салгаад өндийгөөд босох үед намайг аймхай буюу цээжний эгц урдаас нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, хохирогч Б.А- дахин мэдүүлгээр “...эргэж хараад шууд толгойгоороо нэг удаа мөргөсөн миний нүүрний ам байрлах хэсэгт мөргөж тухайн үед би доош тонгойход аманд бөөн шингэн зүйл ороод ирсэн бөгөөд би шүлсээ хаяхад нэг шүд хугараад гараад ирсэн. Гэтэл намайг өөдөөс цээжний зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн бөгөөд энэ үед би амьсгалж чадахаа байгаад газарт унасан...намайг эгц урдаас нэг удаа аймхай орчим цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/, гэрч Л.Ж- мөрдөн байцаалтанд “...Цогоо нь Б.А-ыг зодоод нэг шүдийг нь унагааж, хавирга нь гэмтсэн гээд байж байсан...Цогоо гээд манай найзыг ирээд архи ууж байгаад маргаан зодоон болсон шүдийг унагаасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Г.Н- мөрдөн байцаалтанд “...Цогтоо нөгөө залууг мөн заамдаад том өрөөнд Б.А- нь урд талд нь гарсан зууралдаад орсон бөгөөд намайг хойноос нь орох үед Б.А- гэх залуу нь цааш доошоо хараад мөлхөө стенк дээр унаж байгаа харагдсан...Б.А- гэх залуу амаа ухаад нэг шүд хөдөлсөн байна гээд зулгаасаар байгаад авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28/ шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5275 дугаартай “Б.А-ын биед зүүн талд 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгаралт, нэг шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, баруун мөрөнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/, шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 880 дугаартай “...хоёр шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийн 20 хувийг алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-64/, шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 156-157/,  таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32/, Б.А-ын өвчний түүх /хх-ийн 50-59/, хохиролын баримтууд /хх-ийн 99-103/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

        Улсын яллагчаас гэм буруугийн талаар шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан гэм буруугийн хуралдаанд “...хавтаст хэргээс үзэхэд А.Б.А-ын биед 8 дугаар хавирганы хугарал гэмтлийг *******ын үйлдлээс учирсан эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогдоогүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

        Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хохирогч Б.А- “миний ам хэсэгт ******* толгойгоороо мөргөсөн, зүүн хавирга хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн”  гэж хэргийн үйл баримтын талаар тодорхой бөгөөд тогтвортойгоор мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заажээ.   

 

        Өөрөөр хэлбэл хохирогч бусдад ам руугаа мөргүүлж, гэдэс хэвлий хэсэгтээ өшиглүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд түүний биед учирсан гэмтлийг нэг шүдэнд булгарал, нэг шүдний хугарал... зүүн талд 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсаныг шинжээч тогтоосон байна.

      

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”,  Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

        Шүүгдэгч Б.Ц- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Б.А-ын бие махбодид халдаж “зүүн талд 8-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгаралт, нэг шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, баруун мөрөнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм.

      

Б.Ц-ын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ц-ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тайлбар дүгнэлт танилцуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч  тайлбар хэлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Б.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Ц- болон бусад этгээдийн ахуйн хүрээний архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба хохирогч Б.А- нар харилцан маргалдаж улмаар шүүгдэгч Б.Ц- хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б.Ц-т мэдэгдэв.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

Б.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд хавсаргуулсан баримтад “...эмнэлгийн магадалгаа болон худалдан авалт гэсэн бичигтэй баримтад 25.000 төгрөг /хх-ийн 99/, эмчилгээнд хэрэглэгдэх эм болон ГССҮТ-ийн баримт, эмийн хөнгөлттэй үйлчилгээний төлбөрийн баримтууд нийт 1.364.667 төгрөг /хх-ийн 100/, үзлэгийн хуудаснуудын нийтдээ 415.000 төгрөг, /хх-ийн 101, Мөнгөнгүүр эмнэлэг гэсэн баримтууд нийт 250.000 төгрөг /хх-ийн 102/,  Мөнгөнгүүр эмнэлэг гэсэн баримтууд нийт 330.000 төгрөг /хх-ийн 103/ зэрэг хохиролтой холбоотой баримтуудыг дүгнэхэд нийт 2.384.667 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргагджээ.

 

Эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Б.Ц-аас 2.384.667 гаргуулж хохирогч Б.А-т олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Б.А- өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал гэмтэлтэй холбоотой болон энэ хэрэгт хамааралтай цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

        1. Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3.  Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

        4. Б.Ц- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

        5. Хохирогчийн нэхэмжлэлээс 800.000 төгрөг өмгөөллийн хөлсөнд  нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 2.384.667 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т олгосугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ