Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/443

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Э.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030530810 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх,  дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Баянголын  дугаар гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг 30 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн, /РД:УД/ Э.О-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.О- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр баарны гадна хохирогч А.Т-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, дагз, баруун зовхи, баруун хацар, зүүн чих, баруун шуунд цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О- “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа.  Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч А.Т- мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчим би Файр гэх баарнаас найз Д.Т- очиж авахаар болсон. Бааранд орохдоо ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Бааранд ороод 2 шил пиво уусан, манай найз бага зэрэг халсан байсан. Би бүжгийн талбай дээр гарч ганцаараа бүжиглэж байтал эхлээд намайг зоддог ногоон өнгийн урт куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй 190 орчим см өндөртэй насаар надаас ах гэмээр залуу надтай маргалдсан. Тэр залуу намайг түлхээд байхаар нь би болиоч ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу больчихсон. Би удалгүй хэсэг хугацааны дараа найзыгаа аваад гарах гэж байтал баарны гадаа надтай маргалддаг залуу найзтайгаа зогсож байсан. Үүдний коридорт тэр залуугийн найз нь гэх залуу намайг мөрлөөд гаргахгүй номхон зогс гээд байсан. Би ч нэг юм хэлэхгүй байж байтал тэр 2 залуу учраа байна уулзъя гээд байсан. Тэгээд ийшээ явъя гээд дагуулаад гадаах үүдэнд байж байхад тэр өндөр залуугийн найз нь гэх арай намхан залуу татаж байсан тамхиа нүүрэн дээр унтраах гээд гараа зангаад байхаар нь би шууд тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл өндөр найз нь хажуугаас орж ирээд миний эрүү рүү нэлээн хэдэн удаан цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд биеэ хамгаалах гээд цохилцсон боловч онож цохиж чадахгүй байсан. Төмөрбат хажуугаас салгах гээд явж байсан боловч дийлэхгүй хойшоо машины зогсоол хүртэл цохисон. Тэгээд Төмөрбат арай гэж салгаад байж байтал эхлээд надад цохиулсан залуу баар руу орж хоёр найзыгаа дагуулж гарч ирсэн. Тэгээд эхлээд намайг зоддог залуу больчихсон байж байхад манай найз Төмөрбатыг нэг залуу нь цохиод байсан. Гэтэл шар өнгийн куртиктэй намхан бүдүүн залуу нь намайг замын хашлаганы хажууд зогсож байхад миний цээж рүү өшиглөхөд би хойшоогоо зам руу унасан. Намайг уначихсан байхад тэр бүдүүн залуу миний нүүр рүү нэлээд хэдэн удаа цохиод би манараад хэсэг ухаан алдчихсан байсан. Нэг сэргэхэд нүүр хувцас нил цус болчихсон баарны арын өрөөнд сэрсэн. Хамгаалагч нар нь бүдүүн залууг бариад авчихсан нөгөө гурван залуу нь зугтаачихсан гэсэн. Тэндээс би шууд гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд өргөдлөө цагдаагийн байгууллагад гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

 

хохирогч А.Т-ын дахин байцаалтаар “Би сүүлд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зодоон болох үеийн Файр баарны камерын бичлэгийг үзэхэд бүдүүн залуу нь миний нүүр рүү өшиглөсөн байсан. Тэрнээс хамгийн түрүүлж эхлээд намайг цохиж байгаа өндөр залуу нь надтай цохилцоход миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө андуураад өндөр залууг гээд хэлчихсэн байна. Угаасаа шинжээчийн дүгнэлттэй танилцахад хамрын хугарал, баруун шанаа, баруун нүдэнд гэмтэл тогтоогдсон байсан. Тэгэхээр тэр өндөр залуу миний нүүрний зүүн хэсэг рүү хальт цохисон. Тэгэхээр өндөр залуу надад ямар нэгэн бэртэл гэмтэл  учруулаагүй. Тэр сүүлд 3 залуу гарч ирж байгаа тэрний хамгийн сүүлд гарч ирж байгаа бүдүүн залуу  намайг зодож шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг учруулсан...Сүүлд баарнаас нэг бүдүүн залуу гарч гүйж ирээд намайг өшиглөж миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөж, цохисон тэр залуугийн үйлдлээс би ингэж хохирсон. Тэрнээс бол эхлээд намайг цохидог өндөр залуу намайг бараг онож цохиогүй. Тэр өндөр залуутай цохилцоод миний биед ямар нэгэн бэртэл байгаагүй. Тэгээд өндөр залуугаас салчихаад больё гэж бодож байтал цаанаас нэг бүдүүн залуу гүйж ирээд намайг өшиглөж унагаагаад миний нүүр рүү болон хамар, баруун талын, нүд, баруун талын шанаа хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөж цохисон. Тэрнээс бол хэн нэгэн хүн надтай зууралдаж маргалдаж цохилцоход миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

       гэрч Б.Т- мөрдөн байцаалтад: “Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны орой өөрийн найз М-, Э.О- нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр бааранд орж үйлчлүүлсэн. Удалгүй М- гарч тамхиллаа гээд гарахаар нь араас гарахад  гадаа М- хоёр хүнтэй заамдалцаад байж байсан. Ингээд би буцаж ороод Э.О-ийг дуудаад тэгээд Э.О- гүйж гараад нэг эрэгтэйг нь цохиод зодолдож, засмал зам дээр гарчихсан. Харин би машинд дайрууллаа гээд Э.О-тэй хамт чирээд замаас гаргасан. Би нэг хүнийг та нар бөөнөөрөө зодлоо гэж хэлэхэд нөгөө залуу нь би салгаж байна гэж байсан.  Эргээд харахад Э.О- тэр хүний нүүр толгой руу өшиглөөд байсан. Би буцаад баар руу ороод хувцсаа аваад гараад ирэхэд Э.О-ийг хамгаалагчид оруулж ирж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

 

       гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байдаг Файр бааранд өөрийн найз Э.О- түүний найзууд болох ЭнхА.Т-, Б.Т- нарын хамт ороод дотор сууж байгаад гадаа тамхилаад Э- хамт зогсож байхад бааран дотроос 2 эрэгтэй хүн гал асууж байгаад маргалдсан. Тухайн хүн миний нүүр рүү гараараа цохиод харин ЭнхА.Т- зөрүүлж цохиод энэ хоёр зууралдаад явсан. Тэр үед би эргэж ороод найзууд болох Б.Т-, Э.О- нарыг дуудаад хамт гарахад Э.О- анх намайг цохисон залууг очоод цохиод өшиглөөд би харин хажууд нь байсан эрэгтэйтэй маргалдаж ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

       гэрч Ц.Э- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байдаг Файр бааранд өөрийн найз Б.Б-, Э.О-, Б.Т- нарын хамт орсон.  Тэгээд  тамхилах гээд Бат-Эрдэнийн хамт гадаа гарахад 180 см орчим өндөртэй залуу найзтайгаа зогсож байсан. Тэднээс Б.Б- гал байна уу гээд асуухад уг эрэгтэй уурлаад Бат-Эрдэнийг гараараа нүүр рүү нь шанаадаад цохисон. Харин зөрүүлээд би уг залууг нэг удаа цохиод бид хоёр маргалдаад зууралдаад замын голд ороод зогсож байхад Э.О- ирээд уг залуугийн нүүр рүү нь гараараа цохиод өшиглөөд байсан би холдоод явсан. Тухайн хүн зодолдож байгаад холдоход цус нөж гойжсон зүйл байгаагүй. Харин салгах гээд анх тамхилахаар зогсож байх үед хамт байсан эрэгтэйтэй Б.Б- маргалдаж ноцолдож байгаад сүүлд нь замын хажуугаар ирэхэд Б.Б- уг залууг хувцаснаас нь чирээд яваад байсан. Ингээд маргалдаж зодолдож байгаад тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

           

      гэрч Д.Т- мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 24 цагийн үед А.Т- надтай хорооллын эцсийн Файр гэх бааранд орсон. Ороод бид хоёр сэнгүр нэртэй 2 шил пиво уугаад бид 2 жаахан халамцуу байсан. Тэгээд А.Т-явах уу, гэртээ харих уу гэж хэлээд хамт гарсан. Тэгээд гарах гээд А.Т-аа күртикээ өмсөх гэж байхдаа санаандгүй нэг зүс танихгүй залууг гараараа шүргэчихсэн. А.Т-аатай юм яриад зогсоод байхаар нь би очоод яах гэсэн юм бэ хөгшөөн, адилхан согтуу хүмүүс байж гээд хэлсэн. Тэгээд намайг эргээд харах хооронд А.Т-аа тэр 2 хоорондоо зодолдоод байсан. Тэгээд нөгөө залуугийн найз гэх  3 залуу баарнаас гараад ирсэн. Тэр 3-ыг гарч ирж байх хооронд А.Т-аа үл таних залуу 2 машин зам дээр очоод зодолдоод байсан. Тэгэхээр нь би очоод боль гэж хэлээд салгаад байж байтал баарнаас гарч ирсэн 3 залуугийн нэг нь А.Т-ааг цохиод дараа нь бүгдээрээ нийлж бид хоёрыг цохиод байсан. Тэр үед миний толгой нуруу руу нэлээн олон удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг зодож байснаа урд машины зогсоолын тэнд, машины хажууд дахиад А.Т-ааг зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

        камерын бичлэгт үзлэг хийсэн “...баарнаас Э.О- гарч ирж байгаа байдал. Э.О- хохирогч А.Т-гүйж очоод цохиж унагааж байгаа байдал. Э.О- Б.Т- нар хохирогч А.Т-замаас чирч холдуулж байгаа байдал. Э.О- хохирогч А.Т-өшиглөж байгаа байдал харагдана. Хохирогч А.Т-Э.О-, Б.Б- нар өшиглөж байгаа байдал харагдана. Хохирогч А.Т-Б.Б- цагаан өнгийн автомашины ар тал руу чирээд явж байгаа байдал. Мөн зураг 18 дээр чирэх хооронд Э.О- А.Т-өшиглөж байгаа байдал харагдана...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 11-21/

 

        яллагдагчаар Э.О- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байрлах хуурай ах Батзоригийн гэрт найзууд болох М-, Б.Т-, Б.Б- нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи хувааж уугаад бид 4 баар орохоор болоод М-, Б.Т-, Б.Б- нарын хамт Баянгол дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэр 3, 4 хорооллын эцэст байрлах Файр нэртэй бааранд орсон. Бид 4 бааранд ороод тус тусдаа гурван шил пиво аваад ууж сууж байгаад бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Б.Т- над дээр хүрч ирээд М-г гадаа хүмүүс зодож байна гэж хэлсэн. Тэгээд Б.Т- бид 2 баарнаас гартал баарны гадна талд М-тэй нэг залуу зууралдаад зогсож байсныг би очоод хажуу талаас баруун шанаа нь болон нүүрнийхэн баруун хэсэг орчим нь өөрийн баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл уг эрэгтэйг газарт унахаар нь би дээрээс нь нүүр, толгой хэсэг рүү нь өөрийн баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөж байтал манай найзууд намайг болиулсан. Тэгээд салаад байж байтал би урд байсан цэнхэр өнгийн приус 20 маркийн машинтай эрэгтэйтэй жоохон маргаж байгаад машиных нь копуд хэсэг рүү нь өшиглөтөл тухайн баарны ажилчид бололтой 2-3 залуу намайг болиулаад намайг баар руу оруулсан...А.Т- гэх хүнд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. А.Т- нь надаас 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би 200.000 төгрөгөөр, 1.800.000 төгрөгөөр нийт 2 удаа хувааж төлсөн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11842 дугаартай “А.Т-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, дагз, баруун зовхи, баруун хацар, зүүн чих, баруун шуунд цус хуралт, дух, баруун нүдний доод зовхи, баруун шанаа, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-50/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай “А.Т-ын биед нэмэлтээр зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны доргилт гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11845 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Баруун дээд зовхинд үүссэн цусан хураа нь идээлсний улмаас цусан хурааг соруулах мэс ажилбар хийлгэсэн байна. Дээрх гэмтэл нь урьд гаргасан 11845 тоот дүгнэлтэд тусгагдсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-60/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93, 94-100/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч Э.О- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр баарны гадна хохирогч А.Т-ыг зодож цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...М-тэй нэг залуу зууралдаад зогсож байсныг би очоод хажуу талаас баруун шанаа нь болон нүүрнийхэн баруун хэсэг орчим нь өөрийн баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл уг эрэгтэйг газарт унахаар нь би дээрээс нь нүүр, толгой хэсэг рүү нь өөрийн баруун хөлөөрөө хоёроос 3 удаа өшиглөж байтал манай найзууд намайг болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/,  хохирогч А.Т-ын “...Сүүлд баарнаас нэг бүдүүн залуу гарч гүйж ирээд намайг өшиглөж миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөж, цохисон тэр залуугийн үйлдлээс би ингэж хохирсон...намайг өшиглөж унагаагаад миний нүүр рүү болон хамар, баруун талын нүд, баруун талын шанаа хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөж цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Б.Т-ын “...Тэгээд би эргээд харахад Э.О- уг хүний нүүр толгой руу өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Б.Бат-Эрдэнийн “...Э.О- анх намайг цохисон залууг очоод цохиод өшиглөөд би харин хажууд нь байсан эрэгтэйтэй маргалдаж ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Ц.Э-ын “...Э.О- ирээд уг залуугийн нүүр рүү нь гараараа цохиод өшиглөөд байсан би харин уг хүнээс холдоод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-21/, шинжээчийн 11842 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-50/, шинжээчийн 1 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас  шүүгдэгч Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 134/, хохирогч А.Т-ын гаргасан “цаашид гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 129/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Шүүгдэгч Э.О-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Э.О- нь мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Т-т эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг төлсөн гэсэн шүүгдэгч Э.О-ийн мэдүүлэг мөн хохирогчийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Э.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. Э.О- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч Э.О- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

          5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ