| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/094 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч: А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000095 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Д нь 2021 оны 03 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” зочид буудлын гадна Э.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Дын мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 03 дугаар сарын 17-ны орой найз А.Нгийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумаас аймгийн төвд орж ирээд “Соёмбо” буудалд өрөө авч хамт ажиллаж байсан Э.Цийг А.Н дуудсан тэгээд тэр ирээд том пиво аваад орсон. Бид гурав 1 пивийг уугаад дуусахад А.Н тасраад унтаад өгсөн. Тэгээд үлдсэн 1 пиво байсныг Ц бид хоёр хувааж уусан тэгээд О гээд найзыгаа би дуудсан байсан тэр орж ирсэн тэгээд нөгөө пивоо ууж байхдаа Э.Ц бид хоёр хуучин ажил хамт хийж байхдаа хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан тэр асуудлаас болж маргалдаад буудлаас гарсан буудлын гадаа үүдэн гартал Э.Ц эхлээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түүнийг барьж аваад мушгиж унагаад доороо оруулж байгаад нүүр толгой руу нь цохьсон яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Сүүлд салгасан гэх найз Оээс асуухад ихэвчлэн гараараа бетон газар руу цохиод байсан гэсэн. Яг тухайн үйл явдлыг би сайн санахгүй байгаа нэг мэдэхэд зугтаад холбооны урд иртэл араас О ирээд 10 мянгат руу эгчийнх руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,
Хохирогч Э.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн
... орой 20 цагийн үед гэртээ байтал манай найз А.Д машин бариад өг гээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Соёмбо” буудалд дуудсан. Би яваад очсон тэнд мөн манай найз А.Н байсан намайг очиход өрөө авсан сагс том Сэрүүн нэртэй пиво авсан байсан. Тэр пивоноос бид гурав уугаад байж байтал гаднаас цагдаа нар шалгалт хийгээд 5 пиво хурааж авч явсан 1 пиво нь орон доогуур үлдсэн байсан түүнийг бид гурав уугаад байж байтал миний танихгүй А.Дын таньдаг гэх 2 хүүхэн орж ирсэн. Тэгээд байж байтал А.Д гаръя уулзъя гээд намайг өрөөнөөс дагуулаад буудлын гадаа үүдэн дээр гарсан. Би хуучин Галуут сумын төв дээр А.Дтай хамт ажилладаг байсан. Тэгэхэд нь хоорондоо маргалддаг байсан түүн дээрээсээ болоод маргалдсан юм шиг байгаа юм яг тэр үеийнхээ юмыг санахгүй байна би нэлээн согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд тэр намайг зодоод миний дээр гарсан байсан чинь А.Н буудлаас гарч ирж салгасан... гэх мэдүүлэг .” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Гэрч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... оройн 19 цагийн үед хамт ажилладаг А.Дын хамт Баянхонгор аймгийн Галуут сумаас аймгийн төвд ирээд “Соёмбо” буудлын ард машинаа тавьчихаад өрөө авчихаад Э.Цийг ганц пиво ууя мөн машин бариулах гээд дуудтал Э.Ц ирсэн. Буудалд орохдоо кроп том пиво авсан түүнийг буудалд ороод бид 3 уусан би эхний том пивыг ууж дуусгаад тасраад унтсан. Тэгээд нэг сэртэл буудлын ресейпшн эгч намайг танай хоёр найз чинь гадаа зодолдоод байна гараад салгаарай гэж хэлсэн би буудлаас гарахад тэр хоёр хоорондоо зодолдож байхаар би салгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... найз А.Д над руу залгаад “Соёмбо” буудалд байна Галуутаас ирчихлээ хүрээд ир гэхээр нь би такси бариад буудалд ирэхэд А.Д 2 найзын хамт өрөө авсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би өрөөнд ороод удаагүй өрөөнд ороход нэг найз нь тасарсан орон дээр унтаж байсан бас нэг найзтай юм яриад сууж байснаа А.Д нөгөө юм яриад байсан залуутайгаа тамхилах гээд өрөөнөөс гарсан би өрөөнд үлдсэн тэр хоёрыг өрөөнөөс гараад удаагүй байж байхад буудлын ресейпшн эгч танай 2 найз гадаа гараад зодоо хийгээд байна гэхээр нь би салгаад аваад явчихъя гээд өрөөнөөс гараад буудлын гадаа гартал А.Д нөгөө найзтайгаа зууралдаад тэгснээ тэр найзыгаа унагаагаад дээр нь гараад зодоод байсан боль гээд салгах оролдлого хийхэд намайг түлхээд миний үгэнд орохгүй байсан сүүл руугаа тайвшраад би салгаад түүнийг аваад явсан нөгөө зодуулсан гэх найз нь тэнд үлдсэн ..” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,
Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Галуут суманд ажилладаг гэх 3 залуу ирээд 3 ортой өрөө авсан. Тэд нар өрөөндөө инээлдээд байсан. Өрөөнд нэг хүүхэн байсан. Тэгээд байж байгаад 2 залуу нь зүгээр гарч яваад гадаа гараад хоорондоо зодоо хийгээд байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаар шинжээчийн
1.Э.Цийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхи, завж, хацар, доод эрүү, өвдөг, гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 40- 41 /,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 02-04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 58-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/, депозит дансны хуулгууд /хх-ийн 72-76/и зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Д нь 2021 оны 03 дугаар сарын 17-18 нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” зочид буудлын гадна Э.Цийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч А.Дын ...Э.Ц эхлээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түүнийг барьж аваад мушгиж унагаад доороо оруулж байгаа нүүр толгой руу нь цохисон яг хэдэн удаа цохисноо санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,
Хохирогч Э.Цийн ...нэг мэдэхэд тэр намайг зодоод миний дээр гарсан байсан ...гэх мэдүүлэг .” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч А.Нгийн.... тэр хоёр хоорондоо зодолдож байхаар би салгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч Ч.Оийн ... А.Д нөгөө найзтайгаа зууралдаад унагаагаад дээр нь гараад зодоод байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,
Гэрч Б.Хгийн ...2 залуу нь зүгээр гарч яваад гадаа гараад хоорондоо зодоо хийгээд байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай “....Э.Цийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхи, завж, хацар, доод эрүү, өвдөг, гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 40- 41 /, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч А.Д нь хохирогч Э.Цийн нүүрэн хэсэгт цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхи, завж, хацар, доод эрүү, өвдөг, гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 40-41/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон хохирогч Э.Ц, шүүгдэгч А.Д нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч А.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Э.Ц нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал болон шүүгдэгч А.Д нь , Жи жи ай ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтай, ХААН банкны Баянхонгор аймаг дахь салбарт ******* данс эзэмшдэг ба 1.382.749 төгрөгийг орлоготой талаарх банкны тодорхойлолт, тогтмол орлоготой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, зэргийг харгалзан шүүгдэгч А.Дд торгох ял оногдуулж , уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноом хойш хэсэгчлэгн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА