Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.А- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000932 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жэйд ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  хороо Баянхошууны  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:МЗ*******/ Г.А-.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.А- нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны  шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Г.Г- гар, хөлөөрөө цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зулгаралт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалганд цус хуралт, баруун хацар, шанаа, дээд уруул, хоёр сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А- “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид 385.600 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэв.

 Хавтаст хэргээс хохирогч Г.Г- мөрдөн байцаалтад: “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найз Батсайханы ажил буюу Горькийн номын сан дээр би очиж уулзсан ба би очихдоо нэг шил 0,5 литрийн Соёрхол гэх нэртэй архи авч очсон. Ингээд бид хоёр буу халж амьдралаа ярьж сууж байхдаа ганц юмаа хувааж ууцгаасан. Гадаа Батсайхан, А.Л- бид гурав үлдээд орцны үүдэнд сууж байсан. Гэтэл удалгүй приус-20 маркийн машин ирсэн ба дотроос нь Г.Г-бууж ирээд ална шүү гээд шууд Батсайхан руу дайраад байхаар нь юу болоод байна гээд гайхаад босоод ирсэн чинь Г.А- гэх залуу машинаас бууж ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Би тэр дороо ямар ч ухаангүй газарт нүүрээрээ унасан байсан. Би тухайн үед цохиулаад ухаан балартсан байсан ба намайг цохисон Г.А- гэх залуу миний хажууд байж байхаар нь би гараараа за байж байгаарай гэж гуйсан тэгсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэгээд би босоод ирсэн чинь толгойноос цус гоожоод байсан ба тэр хавийн оршин суугчид нь цагдаа дуудсан юм шиг байсан...миний дух хэсэг язарч 20 орчим оёдол тавиулсан, баруун шанаа хэсэг зулгарч шалбарсан, хамар, хацар хэсгээр халцарсан.Гантулгын найз Г.А- гэх залуу миний биед гэмтэл учруулсан. Өөр ямар нэгэн хүний оролцоо байхгүй.  Надад Г.А- нарт ямар нэгэн байдлаар өс санасан зүйл байхгүй, эм тарианы зардалд 385.600 төгрөг өгсөн”гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч О.Б- мөрдөн байцаалтад “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би найз Г.Г-тай уулзсан юм...тэгээд Амараа гэр рүүгээ ороод тэдний байрны гадаа би А.Л-, Г.Г-бид гурав орцны үүдэнд сууж байсан чинь Г.Г-машинтай нэг найзтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Г.Г-над руу дайрахаар нь манай найз Г.Г-салгах гэхэд  Г.А- гэх дагуулж ирсэн залуу нь Гантулгыг гараараа цохиход манай найз ухаан алдаад нүүрээрээ газарт унасан. Тэгээд над руу дайраад байхаар нь Г.Г-руу харсан чинь газарт унаад нүүрээс нь цус урсаад байхаар нь хүн алчихлаа ш дээ гэж хашгирахад Гантулга, Г.А- хоёр зугатаад яваад өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал гэх зүйл байхгүй, миний биед учирсан шарх байхгүй”.гэсэн мэдүүлэг” /хх-ийн 20-21/

Гэрч А.Л- мөрдөн байцаалтад “....Б- зодсон хүн байхгүй, харин хамт явсан нэг залууг нь нэрийг нь сайн санахгүй байна тэрийг үл таних залуу толгой хэсэг рүү нь цохисон. Би яг яагаад цохисон болон юугаар цохисоныг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Г.Г- мөрдөн байцаалтад “....Би бас яг сайн болсон явдлыг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь би машинд суучихсан Г.А-тай цуг явж байсан. ....бүтэн нэр нь Г.А-, утасны дугаар гэрийн хаягыг нь мэдэхгүй байна. “Г.А- Агуша Агуша” гэх нэртэй фэйсбүүк хаягтай тухайн өдөр би чатаар холбогдож дуудаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч П.Г- мөрдөн байцаалтад “А.Л- над руу залгаад аниа Г.Г-найзтайгаа ирээд Батсайханы найзыг зодоод байна гэхээр нь гараад очсон чинь Батсайханы найзыг зодчихоод приус-20 машинд суугаад цаашаа явж байсан. Намайг гараад ирэхэд зодуулчихсан цус нь гоожоод зогсож байсан. Би зодоон болохыг хараагүй намайг гарч ирэхэд зодсон хүн нь явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5154 дугаартай “Г.Г- биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалганд цус хуралт, баруун хацар, шанаа, дээд уруул, хоёр сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /ххийн 65/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А- нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Г.Г- гар, хөлөөрөө цохиж, зодон түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зулгаралт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалганд цус хуралт, баруун хацар, шанаа, дээд уруул, хоёр сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г- мөрдөн байцаалтад“...Г.А- гэх залуу машинаас бууж ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон...Г.А- гэх залуу миний биед гэмтэл учруулсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч О.Б- мөрдөн байцаалтад “...Г.А- гэх дагуулж ирсэн залуу нь Гантулгыг гараараа цохиход манай найз ухаан алдаад нүүрээрээ газарт унасан...”гэсэн мэдүүлэг” /хх-ийн 20-21/, гэрч А.Л- “...нэг залууг нь нэрийг нь сайн санахгүй байна тэрийг үл таних залуу толгой хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч П.Г- “...намайг гараад ирэхэд зодуулчихсан цус нь гоожоод зогсож байсан. Би зодоон болохыг хараагүй намайг гарч ирэхэд зодсон хүн нь явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, шинжээчийн 5154 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Г.А- нь хохирогч Г.Г- биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалганд цус хуралт, баруун хацар, шанаа, дээд уруул, хоёр сарвуу, зүүн өвдөгт зулгаралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас Г.А-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.А-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч Г.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 77/, хохирогч Г.Г- гаргасан “гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 76/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

        Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

       Шүүхээс шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

       Шүүгдэгч Г.А-ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

        Г.А- нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Г.Г-д эмчилгээний зардалд 385.600 төгрөгийг төлсөн гэсэн шүүгдэгч Г.А-ын хүсэлт /хх-ийн 77/, мөн хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Г.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.А- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ