Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 24

 

МАГАДЛАЛ

  2018      06        20                                                      24

 

  Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран   

            Прокурор                                   Л.Мөнхбаяр

            Шүүгдэгч                                    Б.Э нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 1821000000058 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б-н Э, 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, дээд боловсролтой, хуульч-эрх зүйч мэргэжилтэй, “Д Г” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй.

Б.Э нь 2018 оны 02 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “30 толгой” гэх газарт Тоёота Ланд Крузер маркийн 55-66 ДОА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-ын “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-ийн “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас “Д Г” ХХК-д 61,805,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаар цагаатгах тогтоолоор:

1/Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж;

2/Шүүгдэгч Б.Э нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдан;

3/Шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон;

4/Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ:

“Б.Э-н гэм буруу нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн гаргасан дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээчийн гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байтал анхан шатны шүүх түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-ийн “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн нь “тухайн замын бартаа сааданд хурдыг тохируулж явна, гэхдээ суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн утгатай байтал шүүх шүүгдэгч Б.Э-н “70 гаран км цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэгт үндэслэн 80 км цагийн хурдтай яваагүй болохоор гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг ямар байдлаар үнэлж байгаа, хэрхэн ямар нотлох баримтаар няцаагдаж, нотлох баримтаар үнэлэгдэхгүй байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ. 

Прокурор Л.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалт зөрчигдсөний улмаас осол гарсан гэж тодорхой хэлсэн. Хуулийн дагуу цуглуулсан яллах баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн үед машинууд цуваа байдлаар явж байсан. Миний хувьд хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх бүхий л нөхцөлийг харгалзан цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

            Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой зарим нотлох баримтыг нэмж шалгах шаардлагатай байхад анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан...” гэж дүгнэн, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын агуулгад нийцээгүй байна.

            Тухайлбал, тээврийн хэрэгсэл онхолдоход хүргэсэн шалтгаан юу болох нь тодорхойгүй байх бөгөөд жолооч Б.Э тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулаагүйн улмаас онхолдсон гэж үзэж буй прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй эсэхийг дүгнэхийн тулд тухайн осол болсон замын нөхцөлд тухайн тээврийн хэрэгслээр зорчин явахад зохистой хурдны хэмжээ болон бодит байдалд жолооч Б.Э-н зорчин явсан хурдны хэмжээ хоёрыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байна.

            Түүнчлэн “Б.Э-н гэм буруу нь бүрэн нотлогдсон” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал, Б.Э-г яллах гол нотлох баримт болсон шинжээчийн дүгнэлтэд “...хавтаст хэргийн материал, мэдүүлэг шалгах ажиллагааны зураг зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргав. ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна” гэж дурдсан боловч хэргийн материал, гэрэл зургаар тогтоогдсон ямар мэдээлэл нь  шинжлэх ухаан, тооцооллын ямар арга зүйгээр шалган үзэхэд дээрх дүгнэлтийг өгөх үндэслэл болсныг огт дурдаагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байх учиртай бөгөөд харин субьектив таамаглалд үндэслэж болохгүй. Иймд уг дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход учир дутагдалтай юм. Иймд дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэв. 

            Дээр дурдсан үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Э-д  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                             Ж.ДОЛГОРМАА

                                   ШҮҮГЧИД                                 З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                                     Л.НАРАНБАЯР