Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0294

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0294

     Улаанбаатар хот

 

 

Л.Д, Р.Н,

Л.Д, Д.Д нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Р.Н, Л.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Д.Х, Э.А нар

Нэхэмжлэгч: Л.Д, Р.Н, Л.Д, Д.Д нар

Хариуцагч: ЧГД-ийн ГЗБА

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Р.Н, Л.Д, нэхэмжлэгч Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгч Д.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0431/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Д, Р.Н, Л.Д, Д.Д нараас ЧГД-ийн ГЗБА-д холбогдуулан “Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д, Р.Н, Л.Д, Д.Д нарын ЧГД-ийн ГЗБА-д холбогдуулан гаргасан Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгч Р.Н, Л.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Д.Х, Э.А нараас давж заалдах гомдолдоо:

3.1. Иргэн Л.Д, Р.Н, Л.Д, Д.Д нар нь 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ЧГД-ийн ГА-ны даргатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулан, Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дээр тус бүр гарааш өмчилж байсан. Дээрх гэрээний дагуу ЧГД-ийн ГЗБА-д жил бүр газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлэн ирсэн. Гэрээ байгуулсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг газрын албанд удаа дараа гаргасан боловч, хүлээн авч шийдвэрлээгүй 2022 он хүрсэн бөгөөд 2021 оны 9 сараас эхлэн 2022 он хүртэл тус газар дээр байгаа гараашийг нүүлгэх талаар газрын албанаас мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн. ЧГД-ийн ГЗБА мэдэгдэх хуудсанд дурдахдаа “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг дурдсаны хариуд нэхэмжлэгч нар уг мэдэгдэх хуудсыг эс хүлээн зөвшөөрч, ЧГД-ийн ГЗБА, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гарааш нураах талаархи захиргааны актыг танилцуулах, мөн нураасан нөхцөлд гэрээнд тусгагдсаны дагуу нөхөн төлбөр гаргуулах”-ыг шаардлага хүргүүлсэн. Гэтэл дээрх байгууллагууд нэхэмжлэгч иргэдийг “газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул энэ талаар гомдол гаргах эрхгүй” гэх хариу өгч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гараашуудыг буулгаж, нураасан.

3.2. Нэхэмжлэгч нарын зүгээс ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Үүнд: 2021 оны 12 сарын 15-ны өдөр “Гарааш буулгаж газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцэж, нөхөн олговор шаардсан” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 1 сарын 30-ны өдөр “Газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах үүргээ биелүүлээгүй байх тул ЧГД-ийн ГЗБА-ны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 02 сарын 05-ны өдөр 1146 тоот захирамжаар шүүгч нэхэмжлэлийг буцаахдаа нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэлд хавсаргаагүй гэх үндэслэлээр Захиргааны хэрэг үүсгээгүй. Иймээс 2022 оны 3 сарын 07-ны өдөр “Газар эзэмших гэрээний үндсэн дээр тухайн газрыг эзэмших эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэсэн.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын архивт үзлэг хийх, иргэн Ц.Г, Чингэлтэй дүүргийн газар байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн асан С нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй.

Хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь:

         3.3.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн тавдугаарт “... ЧГД-ийн ГЗБАны архивт үзлэг хийхэд 2004 оны өргөдөл, гомдол, ирсэн явсан бичгийн дэвтэр, газар эзэмших эрх олгосон бүртгэлийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч Л.Д, Л.Д, Д.Д, Р.Н нар нь Ц.Г-ээс газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлсэн, эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг баримтууд бүртгэгдээгүй байна ...” гэснийг тусгасан байна. Гэтэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын архивт нэхэмжлэгч иргэдтэй холбоотой ямар ч баримт байхгүй төдийгүй иргэн Ц.Г-т газар эзэмшүүлэх талаар гарсан шийдвэр, тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр гарааш эзэмшиж байгаа иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоныг нотлох ямар ч баримт олдоогүй нь гарааш эзэмшигч нарт гэрчилгээ гаргаж өгч байсан тохиолдол огт байхгүйг гэрчилж буйна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гарааш эзэмшиж байсан хүмүүст гэрчилгээ угаасаа гарч байгаагүй" гэж баталгаажуулсан. Үүгээр ч үл барам, газар зохион байгуулалтын албаны архивт 2004 онд үйлдэгдсэн баримтууд байхгүй, иргэдийн өргөдөл гомдол бүртгэл хөтлөлт байхгүй, ирсэн явсан бичиг баримтын бүртгэл учир дутагдалтай, он сар дараалалгүй байсан нь нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаж байгаагүйн нотолгоо болохгүй хэмээн үзэж байна.

3.3.2. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн зургаадугаарт: “... 2004 онд нэхэмжлэгч нартай байгуулсан газар эзэмших гэрээ 5 жилийн хугацаатай бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход 2009 онд гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэхээр байна...” гэжээ. Гэтэл хариуцагч байгууллага жил бүр газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөр тооцож, газар эзэмшсэний төлбөрийг нэхэмжлэгч нараас гаргуулан авдаг, төлбөр төлсөн баримтанд “хугацаа сунгав” гэх бичилт төлбөрийн мэргэжилтэн хийж байсан. Дээрх баримт хэрэгт авагдсан байгаа. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”. Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн шийдвэр, түүнийг үндэслэж хийсэн бүртгэл байсны үндсэн дээрээс газрын төлбөр тооцох эрхтэй болох нь харагдаж байна.

3.3.3. Аливаа шийдвэр, эд хөрөнгийн талаархи бүртгэлгүйгээр газрын алба газрын төлбөр тоо акт үйлдэх эрхгүй. Хэрэв 2009 онд гэрээний харилцаа дууссан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч газрын төлбөр шаардаж авдаг, иргэд газрын төлбөрөө төлдөг байсан үйл баримтаас үзэхэд газар эзэмших гэрээний харилцаа гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран үргэлжилж байсан болох нь харагдана. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацаа сунгуулах” гэж заасан байна. Нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хугацаандаа төлбөрөө төлж, газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн атал газар зохион байгуулалтын алба гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

3.3.4. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн долдугаарт: “...Гэтэл нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар дүүргийн засаг даргын захирамж гараагүй, уг гэрээнд Ц.Г-т газар эзэмшүүлсэн захирамжийн дугаарыг үндэслэл болгосон нь нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гэх боломжгүй ...” талаар дурдсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 23 дугаар зүйлд “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ”-г дурдаад 23.3.7 дахь хэсэгт “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;” гэж эрх, үүргийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл иргэдтэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэг нь ЧГД-ийн ГЗБА-ны үүрэг байна. Дээрх үүргээ газрын алба биелүүлээгүйгээс болж иргэн Ц.Г-т гэрчилгээ гаргаж өгөөгүй, Ц.Г газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй учир нэхэмжлэгч иргэдэд гэрчилгээг шилжүүлж өгч чадаагүй, харин эзэмших эрхийн гэрээг шилжүүлж, кадастрын зургыг баталгаажуулсан байна.

3.3.5. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн наймдугаарт: “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг үндэслэл болгосон байна. Газрын тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “...газар газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг олгоно” гэж зааснаас үзэхэд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгох нь ЧГД-ийн ГЗБА-ны үүрэг. Хэрэв нэхэмжлэгч нар 2004 оноос хойш газрын хууль ёсны эзэмшигч биш байсан бол ямар учраас 2021 оныг хүртэл төлбөр авч байсан нь нэхэмжлэгч нарын газар эзэмших харилцаатай байсныг нотлож байна. ...

3.3.6. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн есдүгээрт: Нэхэмжлэгч нар “Газрын төлбөрийг тодорхойлох акт”-р газрыг ашиглах, шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлөх үүргийг хүлээхээр ЧГД-ийн ГЗБА-тай тохиролцсоныг эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гэрээ гэж үзэх боломжгүй...” гэжээ. Гэтэл “Газрын төлбөр тодорхойлох акт”-д зөвхөн газар эзэмшсэний төлбөр тооцох тухай дурдагдсан байна. Өөрөөр хэлбэл нөхөн олговоргүйгээр газар чөлөөлөх үүрэг тусгагдаагүй болно.

        3.3.7. Газрын төлбөр тодорхойлох актын хууль эрх зүйн үндэслэлийн талаар: “Газрын төлбөр тодорхойлох акт”-аас үзэхэд актын хууль эрх зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийг тус тус үндэслэсэн. Газрын төлбөрийн тухай хууль нь газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн дагуу газар эзэмшиж байгаа иргэн аж ахуйн нэгжид газрын төлбөр ногдуулдаг. ЧГД-ийн ГЗБАнь 2004 онд байгуулагдсан гэрээг үндэслэж, гэрээний хугацаа сунгаж газрын төлбөр ногдуулж ирсэн нь хэрэгт цугларсан үйл баримтуудаас тодорхой харагдана.

       3.3.8. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн аравдугаарт: “... Нэхэмжлэгч нараас албадан чөлөөлөх захирамжтай маргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хувьд тодорхой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтооход чиглэдэг...” гэжээ. Нэхэмжлэгч нар 2021 оны 12 сарын 14-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхлэн газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг эсэргүүцэж, албадан чөлөөлвөл гараашны нөхөн төлбөр шаардах талаар нэхэмжилсээр ирсэн. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоолгох тухай гарсан дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгч нар тус гараашийг өөрийн өмчлөлийнх, газрыг өөрийн эзэмшлийнх болохыг нотлох гэрчилгээ байхгүй учир шүүхээс заасан хугацаанд баримтыг бүрдүүлж өгч чадаагүй. Мөн гарааш нураах тухай мэдэгдэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шаардлага хангаж чадахгүй байсан бөгөөд холбогдох газарт уг мэдэгдэх хуудсыг хүргүүлэх болсон захиргааны актыг гаргуулах шаардлагыг удаа дараа тавьсан ч гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгч нарыг тухайн мэдэгдэх хуудастай маргах эрх бүхий этгээд биш байна гэх тайлбарыг өгсөн. Иймд нэхэмжлэгч нар гарааш нураах тухай шийдвэртэй маргах эрхтэй этгээд болохын тулд, газар эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор ЧГД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй нь хууль бус үйлдэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Аль алинд нь шүүх захиргааны хэрэг үүсгээгүй. Иймд нэхэмжлэгч нар газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газар эзэмших эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгосноор тухайн газар дээрх гарааштай холбоотой нөхөн төлбөр шаардах эрх үүсэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тодорхой үндэслэл шалгуурын дагуу үүсдэг эрх зүйн харилцаа бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагатай газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна...”. Нэхэмжлэгч нар ЧГД-ийн ГЗБА-тай 2004 оноос хойш газар эзэмших гэрээний харилцаатай байсан бөгөөд энэ нь газар эзэмших эрхийн гэрээ, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдоно.

3.3.9. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн арваннэгдүгээрт: “....Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг дурдаад Нөхөн олговор шаардах эрх үүсэхгүй...” гэж шүүх дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан газар эзэмших гэрээний 5.4-т “Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна” гэж заасан. Гэрээний дээрх заалтаас үзэхэд улсын тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговор олгох талаар зохицуулсан байна.

Нөгөөтэйгүүр иргэн Ц.Г-ээс нэхэмжлэгч нар 2004 онд тус бүр 3.000.000 төгрөгөөр гарааш худалдаж авсан, газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөр төлсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд дээрх иргэд тухайн газарт мөнгөөр үнэлэгдэх хөрөнгө худалдаж авч, эзэмшиж байсан үйл баримт харагдаж байна.

3.4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтанд дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргаагүй, талуудын хооронд байгуулсан газар эзэмших эрхийн гэрээг үнэлээгүй алдаа гаргасан байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 сарын 31-ний өдрийн 107 тоот шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хувийн өмчийн халдашгүй байдал, нэхэмжлэгч иргэдийн эдийн засаг, нийгмийн эрхийг ноцтой зөрчиж эрх зүйн байдлыг нь илтэд доройтуулсан тул хүчингүй болгож бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Л.Д, Р.Н, Л.Д, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлага “газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсныг тогтоож өгнө үү” гэж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “Бид газар эзэмших гэрээний ийнхүү эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор тухайн газар эзэмших гэрээг цуцлахтай холбоотой шаардлага гаргах, газар дээр баригдсан барилга байгууламжийг нураасантай холбоотой нөхөн төлбөр шаардах эрхтэй болно“ гэж тодорхойлжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахыг, 106 дугаар зүйлийн 106.3.5-д шүүх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөхөөр хуульчилсан.

 

Маргааны үйл баримтын талаар

 

4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 124 дүгээр захирамжаар иргэн Ц.Г-т байршил 1-р хороонд гараашийн зориулалттай, 700 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай, эзэмших эрхтэйгээр олгож, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 235 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г ЧГД-ийн ГА-ны дарга Б.П, төлбөрийн байцаагч У.С нар иргэн Ц.Г-тэй байгуулагдаж, иргэн Ц.Г нь 2004 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу гарааш барьж нэхэмжлэгч нарт гарааш тус бүрийг 3 000 000 төгрөгөөр худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Ц.Г-ийн мэдүүлэг, “Гарааш худалдаж, худалдан авсан тухай баримт”-ууд зэрэг бусад баримтуудаар нотлогдсон. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 235 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г ЧГД-ийн ГА-ны дарга Б.П, Төлбөрийн байцаагч У.С нар иргэн Д.Д /зориулалт гарааш №5, эзэмших газрын хэмжээ 18.0 м.кв, хугацаа 5 жил/-тай, мөн өдөр улсын бүртгэлийн 235 дугаартай гэрээг нэхэмжлэгч иргэн Л.Д/зориулалт гарааш №1, эзэмших газрын хэмжээ 18.0 м.кв, хугацаа 5 жил/-тай, улсын бүртгэлийн 235-№2 дугаартай гэрээг нэхэмжлэгч Л.Д /зориулалт гарааш №2, эзэмших газрын хэмжээ 18.0 м.кв, хугацаа 5 жил/-тай, 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 253 дугаартай гэрээг нэхэмжлэгч Р.Н /зориулалт гарааш №9, эзэмших газрын хэмжээ 18.0 м.кв, хугацаа 5 жил/-тэй тус тус байгуулагджээ.

6. Дээр дурдсанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 124 дүгээр захирамжийг үндэслэн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулснаар газар эзэмшүүлэгч Чингэлтэй дүүргийн газрын алба болон газар эзэмшигч нэхэмжлэгч нэр бүхий дөрвөн иргэний хооронд газар эзэмшихтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           6.1. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ийнхүү “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулагдсанаар Газрын тухай хуульд заасан газар эзэмшихтэй холбоотой эрх, үүрэг үүссэн эсэх, гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар хариуцагчаас маргаагүй, гэрээ байгуулсныг үгүйсгэж няцаагаагүй байна.

           6.2. Харин хариуцагчаас нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж маргаж байгаа нь талуудын хооронд газар эзэмших гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байсныг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

7. Хариуцагч Чингэлтэй дүүргийн газрын алба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй байна.

            7.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудал нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

            7.2. Гэтэл хариуцагч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч тус бүртэй газар эзэмших гэрээ байгуулан уг гэрээнд эзэмших газрын хэмжээ, зориулалт, хугацаа, төлбөрийн хэмжээ, газар эзэмшүүлэгч болон газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой зааж зохицуулсан байхад газар эзэмших гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хууль хэрэглээний талаар:

 

            8. Чингэлтэй дүүргийн газрын албатай байгуулсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүргээ зохих ёсоор биелүүлж, газар эзэмшигч нэхэмжлэгч Л.Д, Л.Д, Д.Д, Р.Н нар нь газрын төлбөр тодорхойлох тухай актаар тогтоосон төлбөл зохих газрын төлбөрийг 2004-2021 онд улирал бүрээр тооцож, төлж байсан байна. Энэ талаар хариуцагч маргаагүй.

    8.1. Гэтэл анхан шатны шүүх “...Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тодорхой үндэслэл шалгуурын дагуу үүсдэг эрх зүйн харилцаа бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагатай газар эзэмших эрхийн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасантай нийцээгүй байна.

              9. Мөн шүүхээс “Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхгүй тул хариуцагчаас “нөхөн олговор шаардах эрх үүсэхгүй” гэсэн дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Үүнд:3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;” гэсэн заалт,

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн заалтуудыг зөрчин нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, талууд маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

            10. Хэрэгт нэхэмжлэгч нартай ““газар ашиглах гэрээ” байгуулсан нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч нарт нөхөн олговор шаардах эрх үүсэхгүй” гэж дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

              10.1. Учир нь хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдсан, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар газар чөлөөлөхтэй холбоотой нөхөн олговор олгох шийдвэр гаргах эрх нь Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна.

           11. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2004 онд байгуулагдсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд 2021 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нартай байгуулсан газар эзэмших гэрээг цуцлах, чөлөөлөх талаар хариуцагч нарын зүгээс санал гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү гэрээг газар чөлөөлөх мэдэгдэл өгөх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна.

      12. Нэхэмжлэгч нартай байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр тухайн газрыг 2021 он хүртэл гараашийн зориулалтаар эзэмшүүлж, газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр, тухай бүр хугацаанд нь авч төсөвт төвлөрүүлж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж төлбөр тооцооны акт үйлдэж байсан зэргээс үзэхэд, талуудын хооронд үүссэн газартай холбоотой харилцааг энэхүү гэрээгээр зохицуулж байсан нь нотлогдож байх тул талуудын хооронд эрх зүйн харилцаа гэрээнээс үүдэн үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 13. Талуудын хооронд байгуулсан газар эзэмших гэрээний агуулгаас үзэхэд 2004-2009 оны хооронд хүчинтэй үйлчилж байсан байх ба уг гэрээний 5.5-д зааснаар талуудын аль нь ч гэрээний хугацаа дууссан 2009 оноос хойш гэрээг дуусгавар болгох болон хүчинтэй эсэх талаар санал гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч нарын гараашийг буулгах хүртэлх хугацаанд уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна.

         14. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмших гэрээний загварыг /гэрээний стандарт/ төрийн захиргааны байгууллага өөрөө баталж, тушаал шийдвэрийн үндэслэл, гэрээгээр эзэмших газрын хэмжээ тогтоон, зориулалтыг зааж, төлбөрийн хэмжээг тогтоож өгч байсан байна.

         15. Газар дээрх гараашийг нураасантай холбоотой нөхөн олговрыг авах болон олгох эсэх асуудлаар нэхэмжлэлд дурдаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаж мэтгэлцээгүй, зөвхөн талуудын хооронд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүссэн болон байгаа эсэхийг тогтоолгох шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс “...нөхөн олговрыг авах шаардах эрхгүй ... газар эзэмших эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгч нарын хувьд эрх сэргэхүйц нөхцөл байдал үүсэхээргүй байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        16. Энэ нь дээрх асуудлаар нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарласан, гомдол гаргахаас өмнө нөхөн олговрын асуудлаар хууль зүйн дүгнэлт нь хийсэн байна.

        17. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч  Л.Д, Р.Н, Л.Д, Д.Днарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА