Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/471

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

         шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

         улсын яллагч Г.Эрдэмбаатар

         хохирогчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв

         шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

 гэрч Ө.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

          Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001380509 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны дугаар сарын -ний өдөр, Баянхонгор аймагт төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, .......ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Хангайн  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: / Б.О-.

       

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Б.О- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 3 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны .......... албан үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа хохирогч Н.Э- цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А-224 /А/102 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан биеийн хүч хэрэглэхэд нөхцөл байдлыг урьдчилан мэдэрсэн, бодитойгоор ухамсарлаж ойлгохгүйгээр түүний баруун гарт өчих мэх буюу биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэж баруун атгаал ясны гандан хэсгийн доод 1/3-ийн мушгирсан, зөрсөн далд хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид нийт 5 сая төгрөг өгсөн. Хохирогч жилийн дараа хадаасаа авхуулахад 1.500.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би энэ хохирлыг нь төлж барагдуулна.” гэв.

       Гэрч Ө.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүлжүүлэх байрны эмч хүн бол эмчийн болон  болон цагдаагийн тангараг өргөдөг.  Өөрөөр хэлбэл хоёр тангараг өргөдөг онцлогтой ажил юм. Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээд эрүүлжүүлэх байранд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бол Цагдаагийн албаны тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай “Заавар батлах тухай” хамтарсан тушаалыг баримталж, уг тушаалын хоёрдугаар зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэнэ.” гэв. 

 

       Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

       Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Б.О- Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эмчийн ажил эрхэлдэг байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө албан үүргээ гүйцэтгэж байхад тус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэхээр согтуу ирсэн Н.Э- нь ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг “муу сайн ахлагчдаа...” гэх мэтчилэнгээр зохисгүй үг хэллэгээр хэлж, цагдаагийн ажилтны “гадуур хувцасаа тайл” гэсэн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг байдлын улмаас цагдаагийн хоёр ажилтан нь Н.Э-ийн хоёр гарыг ар талд нь  барьчихсан байх үед эрүүлжүүлэх байрны эмч Б.О- нь Н.Э-ийн баруун гарыг өчсөн хэргийн үйл баримт болон Б.О-ын уг үйлдлийн улмаас  Н.Э-ийн биед баруун атгаал ясны гандан хэсгийн доод 1/3-ийн мушгирсан, зөрсөн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  Үүнд:

 

         Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...02:48:33-02:49:18 цагийн хооронд зүүн хэсэгт байх эмэгтэй алба хаагч энгийн хувцастай эмэгтэйн баруун гарыг нурууны ар хэсэгт өчиж сарвуу хэсгээс татах, зүүн талд байрлах эмэгтэй алба хаагч зүүн гарыг нурууны хэсэгт өчиж, сарвуу хэсгээс барьж татах үйлдлийг идэвхитэйгээр хийв.” (зураг 11-22) “...06:58-07:11 секундэд энгийн хувцастай эмэгтэй “ёооё” гэж хэлэв. гэсэн тэмдэглэл /1хх-ийн 40-43/

        

         хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтанд “ 2020 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих би шөнө 2 цагийн үед оршин суух хаягаараа “нөхөр зодсон” гэх утгатай дуудлага өгсөн. Тухайн үед гэртээ орох гээд явж байхад 2 цагдаатай тааралдахад миний өгсөн дуудлагатай холбоотой юм асууна гэсэн. Тэгээд машин руугаа суулгаад хөдлөөд явсан. Тухайн үедээ  би хэлтсийн байр руугаа явж байгаа юм асуух гэж байгаа юм байна гэж бодоод явж байхад намайг Төмөр замын цагдаагийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Эрүүлжүүлэх байранд орж ирэхэд миний биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Би тэр өдөр архи согтууруулан ундаа хэрэглэсэн ба Гэмтлийн эмнэлэгт очсон байхдаа багаж үлээхэд 1 бүхэл гаруй согтолттой гарч байсан. Эрүүлжүүлэх байранд орж ирэхэд хананд нь хяналтын камер байгаа харагдахаар нь би ажиллаж байгаа эсэхийг нь асуусан. Би та нар камер бичиж байгаа эсэхийг надад харуулаач гэдэг шаардлага тавьсан. Эрүүлжүүлэх байранд 3 эмэгтэй цагдаагийн алба хаагч ажиллаж байсан. Надад камер ажиллаж байгааг харуулаагүй учраас би болон цагдаагийн алба хаагчдын хооронд муудалцах харилцаа үүссэн. Тэр гурван цагдаагийн алба хаагчаас хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Нэг нь хэт хувийн зүйл асуугаад байхаар нь би яагаад хувийн зүйл асуугаад байгаа юм бэ гэсэн. Би асуусан асуултад хариулахгүй гээд коридорт байдаг сандал дээр сууж байхад чи яасан олон юм ярьдаг юм гээд тэр гурван цагдаагийн алба хаагчийн хоёр нь өөдөөс ирээд нэг нь үснээс татаад доошоо шал руу дарсан, нэг нь ар талд гар өчсөн. Миний хоёр гарыг нурууны ар хэсэгт өчөөд дараад байсан ба баруун гар их өвдөж байсан. Би болиоч ээ, өвдөөд байна гээд орилоход намайг тавьсан ба удалгүй миний баруун гар бугалга хэсгээрээ өвдөөд хавдаж эхэлсэн. Тэр цагдаа нар надад түргэн тусламж дуудаж өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү очоод үзүүлсэн чинь бугалгын хэсгээр яс хугарсан байсан. Рентген зураг авахуулахад хугарсан харагдаж байсан. Би гэмтлийн эмнэлэгт 1 дүгээр сарын 6-ны өдөр хагалгаанд орж баруун гарын бугалга хэсэгтээ хадаас суулгуулсан. Би өөрөө хэн нь миний баруун гарыг өчсөнийг мэдээгүй, сүүлд нь цагдаагийн алба хаагч нар ирж уулзахад Б.О- гэдэг цагдаа нь уучлалт гуйж байсан. Одоо миний биеийн байдал хэвийн болсон, гарын үйл ажиллагаа хэвийн болсон. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.  Эмчилгээний төлбөрт хэрэглэх 5 сая төгрөг надад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 132-133/

 

        гэрч М.Б- мөрдөн байцаалтанд “...Эрүүлжүүлэх байранд ороод би үзлэгийн тэмдэглэл хөтлөөд суусан. Ширээний нөгөө талд Н.Э- суусан бөгөөд Н.Э- нь эрүүлжүүлэхийн цагдаа нарыг “Та нар муу сайн дэд ахлагч нар юу юм бэ, хуцаад байгаарай, солиороод байгаарай” гэх зэргээр орилж хашгирч ярьсан. Тэмдэглэл бичиж дуусах үед эрүүлжүүлэх байрны эмч, цагдаа нар шаардлага тавьж, та битгий орилоод бай гээд шаардлага тавьж байсан /яг хэн нь хэлснийг би сайн мэдэхгүй байна/ тэгээд битгий доромжлоод байгаарай чи, түрүүнээс хойш доромжиллоо гэж хэлж байсан. Тэгээд нэг харахад Н.Э- нь “ёооё” гэж орилоод баруун гарынхаа булчинг бариад орилоод байсан. Тэгээд эмч цагдаа нар нь цаашаа үзлэгийн өрөө рүү авч орсон...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 146-148 /,

 

        гэрч А.А- мөрдөн байцаалтанд “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан. Тухайн өдөр эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Билэгсайханы хамтаар үүрэг гүйцэтгэсэн ба Бугат-112 чиглэлийн автомашинтай Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Нөхөр зодоод байна гэсэн дуудлага ирсэн учраас гэрт нь үлдээх боломжгүй байсан би түүнийг дагуулаад гэрээс нь гараад машинд суулгасан. Манай офицер нөхөртэй уулзчихаад араас гарч ирсэн. М.Б-дэслэгч машинд орж ирээд түүнээс юу болсон бэ, таниас өгсөн дуудлагын талаар мэдүүлэг авъя гэхэд та нарт хамаагүй гээд уурлаад, хөөе дэслэгчээ, хөөе дэд ахлагчаа гээд харьцаад эхэлсэн. Тэгээд түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр шийдвэрлээд Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Уг байранд очсон байхад эрүүлжүүлэх байрны алба хаагчид руу дайраад агсраад байсан. Би эрүүлжүүлэх байрны алба хаагчдын дэргэд коридорт зогсоод М.Б-дэслэгч тэмдэглэл үйлдэх гээд сууж байсан. Тэр үед цагдаагийн алба хаагчид биед нь үзлэг хийх гэхэд тэд нарын шаардлагыг эсэргүүцээд агсраад, салаавч гаргаад цол, албан тушаалаар нь доромжлоод байсан. Тухайн үед тэр эмэгтэй тэдгээр хүмүүст агсраад хөөе дэд ахлагчаа гэхчлэн харьцаад тавьсан шаардлагыг нь хэрэгжүүлэхгүй байгаад байсан. Тэр эмэгтэй сандал дээр суучихаад өөрийнхөө зүүн талынхаа цагдаатай л маргалдаад байсан. Надад илт мэдэгдэхээр цагдаагийн алба хаагчийг эсэргүүцээд биед нь халдсан, цохисон зүйл санаанд орохгүй байна. Тэгээд би коридорт зогсож байхад тэр эмэгтэй эрүүлжүүлэх байрны эмч цагдаа нар эд зүйлээ гаргаж бичүүлэх, биедээ үзлэг хийлгэх талаар тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан учраас гарыг нь өчиж эхэлсэн. Эрүүлжүүлэх байрны эмч, зүүн гар талд нь байсан цагдаа нар хоёр гарыг нь нурууны ар хэсэгт өчсөн. Нөгөө миний дэргэд байсан эмэгтэй цагдаа урдаас нь очоод дээрээс нь дарсан шиг санаж байна. Гарыг өчиж байхад тэр эмэгтэй ёоё гэж хэлж байсан. Тэр үед баруун гарыг нь өчиж байсан эмч өө энэ цамц чинь ширээний буланд тээглэчихсэн байна гээд цамцыг нь татаж байсан. Тэгээд тэр эмэгтэйг хувцасны өрөө рүү оруулсан. Удалгүй гарч ирээд мөр нь мултарчих боллоо, 103 дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 192-194/,

 

        гэрч Ө.Б- мөрдөн байцаалтанд“...Согтууруулах хэтрүүлсэн этгээд эрүүлжүүлэх байранд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бол Цагдаагийн албаны тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай “Заавар батлах тухай” хамтарсан тушаалыг баримталж, уг тушаалын хоёрдугаар зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэдэг.  Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, өөрийн болон бусдын эрүүл мэндэд урьдчилан сэргийлж биеийн хүч хэрэглэж, хөдөлгөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулдаг. Биеийн хүч хэрэглэхдээ тахир дутуу, илт бие эрхтний гэмтэл согогтой, настай хүнд хэрэглэхгүй, бусад тохиолдолд алба хаагч өөрийн шийдвэрт үндэслэж биеийн хүч хэрэглэдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай “Заавар батлах тухай” хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт биеийн хүч хэрэглэхэд харгалзан үзэх хүчин зүйлийг зааж өгсөн байдаг. Алба хаагчтай харьцаж байгаа этгээдийн харилцаа, алба, гэмт этгээд хоёрын хоорондын харьцааг илэрхийлэх хүчин зүйл /нас, хүйс, биеийн хэмжээ, эсэргүүцэл үзүүлэх чадвар, гэмтэл, хүний тоо/, согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөөлөлд байгаа эсэх, ойр орчимд зэвсэг хэрэгсэл байгаа эсэх, биеийн хүч хэрэглэх шаардлагатай болохыг харуулсан нөхцөл байдал, өөрөөр сонголт хийж боломж, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол гэх зэрэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152-154/,

 

        гэрч М.М- мөрдөн байцаалтанд “2020 оны 12 сарын сарын 30-наас 31-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагчид суудаг өрөөнд суугаад камер хараад сууж байхад цагийг нь сайн санахгүй байна гаднаас нэг эмэгтэйг оруулж ирсэн Би сууж байсан өрөөнөөсөө гараад коридор хэсгээс хараад зогсож байхад эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан эмч Б.О-, цагдаа Ц-, нар тэр эмэгтэйд үзлэг хийж байхад тэр эмэгтэй агсам тавиад цагдаа нарыг доромжлоод байсан.  Хараад зогсож байхад цагдаа нарын үгэнд нь орохгүй байсан. Эмч болон цагдаа нар шаардлага тавиад байсан. Би одоо яг  юу юу гэж хэлж, ярьж байсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан харж байхад тэр эмэгтэй яг яасныг нь сайн санахгүй байна, эмч Б.О-, Ц- хоёр тэр эмэгтэйг доошоо тонгойлгоод гарыг нь нурууны ар талд нь өчсөн. Тэгээд тэр эмэгтэйн гарыг өчиж байхад Г- эд зүйлийг нь тайлж авч байсан. Хэсэг хугацаанд гарыг нь өчиж байгаад тэр эмэгтэйг хувцасны өрөө рүү оруулсан. Хувцасны өрөө рүү ороход нь би араас нь ороогүй. Би тэр үед коридорт зогсож байхад удалгүй хувцасны өрөөнөөс нөгөө эмэгтэйн гар нь эвгүй болчихлоо гээд эрүүлжүүлэх байрны эмч Б.О-, цагдаа Ц-, Г- нар дагуулаад гараад ирсэн. Удалгүй түргэн тусламж ирээд тэр хүнийг авч явсан. Эрүүлжүүлэх байрны эмч Б.О-, Ц- хоёр гарыг нь өчиж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 177-178/,

 

        гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд “...2020 оны 12 сарын 30-наас 31 нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 03 хороо, Төмөр замын эрүүлжүүлэх байранд эмэгтэйн мөр мултарсан гэсэн дуудлага байсан. Би дуудлагын дагуу очиход эрүүлжүүлэх байрны үүд хэсэгт байрлах өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, өвдөлт ихтэй зовиуртай, уйлсан байдалтай эмэгтэй байсан. Тэр эмэгтэйн биед үзлэг хийхэд баруун гарын бугалгын дунд 1/3 хэсгээр далд хугаралтай байсан. Биед учирсан гэмтлийн шинж тэмдэг нь үегүй хэсэгт үе үүссэн, өвдөлтийн шинж тэмдэгтэй, мөн хугарлын шинж тэмдэг илэрч байсан.  Үзлэг хийх явцад хоёр цагдаа гар өчсөн, би энд зөв зүгээр орж ирсэн биз дээ гэж хэлж байсан. Тухайн үед хамт байсан цагдаа нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Намайг үзлэг хийж байх хугацаанд хоёр цагдаа гар өчсөн гэж хэлсэнээс нэрийг нь хэлж байсан, зааж байсан талаар санахгүй байна. Тухайн эмэгтэйн биед үзлэг хийгээд гэмтсэн гарт нь чиг тавьж сойгоод, өвчин намдаах эм уулгаад туслалцаа үзүүлэх шаардлагатай эмнэлэг болох Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 182-183/,

 

       гэрч Э.С- мөрдөн байцаалтанд “...Босоо байрлалд байгаа хүнийг өөрийн эрхшээлд оруулах хамгийн аюулгүй арга нь хүнийг газарт хэвтүүлэх арга байдаг. Хүнийг газарт хэвтүүлж, хамгийн аюулгүй болгох биеийн хүчийг өөрийн ур чадварт тулгуурлаж хийх ёстой. Гэхдээ босоо суугаа тохиолдолд ийм мэх хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй, биеийн хүчийг ямар ч тохиолдолд хийж болно. Энэ нь тухайн алба хаагч хийж буй биеийн хүчээ учирч болох хохирлоос бага хохирол учруулахыг эрмэлзэж хийж ёстой. Гарыг нурууны ар хэсэгт өчихөд тогтоосон стандарт гэсэн зүйл байхгүй, өөрөө хүч хэрэглэж буй хүнийхээ хариу үйлдэл үзүүлж буй илрэл, үйлдлээсээ татгалзаж байгаа байдлыг дүгнэж, биеийн хүчийг хэрхэн хэрэглэхээ л шийдвэрлэх ёстой. Миний хувьд энэ бичлэгийг үзэхэд биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Энэ байдлыг харахад хүчний харьцаа 1:5 цагдаагийн алба хаагчийн байдалтай, заавал энэ хүнийг гарыг нь өчих биеийн хүч хэрэглэхгүйгээр эрхшээлдээ оруулах бүрэн боломжтой байна. Заавал биеийн хүч хэрэглэхээр дүгнэсэн бол тухайн 3 алба хаагчийн хоёр алба хаагч нь тухайн хүний хоёр гарыг ар хэсэгт нь өчөөд бүрэн эршээлдээ авчихсан байна. Энэ хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, эсэргүүцэл үзүүлэх, өндийх боломжгүй байхад биеийн хүчийг зохимжит хэмжээнд хэрэглээгүй, өөрөөр хэлбэр биеийн хүч хэрэглээд эрхшээлдээ авчихсан, цаашид илүү хүчтэйгээр биеийн хүчийг хийх шаардлагагүй байхад тухайн хэмжээндээ барьж байх ёстой байхад хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.  Мөн энэ биеийн хүчийг хэрэглээгүй бол ямар хохирол учрах байсан бэ гэдгийг тодорхойлоогүй юм болов уу гэж харж байна. Энэ хүн эсэргүүцэх боломжгүй байхад биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн харагдаж байна, эхний үйлдлээр эсэргүүцэл арилсан, хоёр гар нь ар талдаа гарчихсан, хоёр цагдаагийн алба хаагч барьчихсан байхад заавал дахин илүү хүчээр татаж байгаа үйлдэл нь зохимжгүй байсан юм болов уу гэж харж байна. Энэ тохиолдолд хүчний харьцаагаа бодсон ч заавал өчихгүйгээр эршээлдээ авах боломжтой, 1 хүний эсрэг 5 цагдаагийн алба хаагч байгаа харьцаа харагдаж байна...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 186-189/, 

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 152 дугаартай “ Н.Э-ийн биед баруун атгаал ясны гандан хэсгийн доод 1/3-ийн мушгирсан, зөрсөн, далд хугарал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх гэмтэл гарыг мушгих, хөших хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой.”  гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 199-201/ зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр бичгийн нотлох баримтуудыг шүүх үнэлж, хэргийн үйл баримтыг  тогтоож шийдвэрлэсэн болно.

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

шүүгдэгч Б.О- гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэргийн зүйлчлэлтэй маргаж Н.Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү.” гэсэн санал дүгнэлт гаргаж онолын тайлбар хэлж мэтгэлцэж оролцлоо.

        Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай “Заавар батлах тухай” хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан Биеийн хүч хэрэглэхэд а/ алба хаагчтай харьцаж байгаа этгээдийн харилцаа /тухайн цаг мөчид алба хаагч нөхцөл байдлыг урьдчилан мэдэрсэн, бодитойгоор ухамсарлаж ойлгосон байх;  б/ алба хаагч, гэмт этгээд хоёрын хоорондын харьцааг илэрхийлэх хүчин зүйл /нас, хүйс, биеийн хэмжээ, эсэргүүцэл үзүүлэх чадвар, гэмтэл, хүний тоо; в/ согтууруулах ундаа, мансууруулах бодисын нөлөөлөлд байгаа эсэх /сэтгэцийн хувьд/, г/ ойр орчимд зэвсэг хэрэгсэл байгаа эсэх; д/ биеийн хүч хэрэглэх шаардлагатай болохыг харуулсан нөхцөл байдал, өөрөөр сонголт хийх боломж; е/ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол; ж/ хүч хэрэглэсний улмаас хүний сэтгэл санаа хямарсан, цочирдсон, эсхүл бие махбодид бэртэл, гэмтэл учирсан бол зөвлөгөө, эмнэлгийн анхны тусламж үзүүлж, шаардлагатай үйлчилгээтэй холбох; з/ бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.

       Гэтэл шүүгдэгч Б.О- нь хохирогч Н.Э- цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан “Биеийн хүч хэрэглэх” болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А/102 дугаартай “Заавар батлах тухай” хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Биеийн хүч хэрэглэх” нөхцөл байдал үүсээгүй байхад баруун гарыг нь ар талд нь өчих мэх хийж Н.Э-ийн биед баруун атгаал ясны гандан хэсгийн доод 1/3-ийн мушгирсан, зөрсөн, далд хугарал бүхий  хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм.

      

       Иймд Б.О-ын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов. 

 

       Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж, өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж өгнө үү.”  гэсэн тайлбар дүгнэлт  тус тус гаргалаа.

      

        Шүүгдэгч Б.О- нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

       Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Н.Э-ийн архидан согтуурч эрүүлжүүлэх байранд хүргэгдэн очиж, ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн эмэгтэй алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйгээр “муу сайн ахлагч нар...” гэх чилэнгээр цагдаагийн ажилтны албаны цол тэмдгийг зүй бус, зохисгүй үг хэллэгээр илэрхийлсэн харьцаа хандлага нөлөөлсөн гэж үзэхээр байна. 

 

      Нөгөө  талаас эрүүлжүүлэгдэхээр ирсэн хүний ямар нэгэн сөрөг тааламжгүй аливаа харьцаа хандлагын эсрэг цагдаагийн ажилтан нь сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг ямар ч хэлбэрээр илэрхийлэхгүй байх нь чухал юм.

 

       Б.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5 сая төгрөг хохирогчид төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус хамаарна.

 

      Шүүгдэгч Б.О-ын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн дээрхи нөхцөл байдлууд болон урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.   

 

       Шүүгдэгч Б.О-ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Б.О-ад оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

 

       Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

     Б.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж баруун гарын бугалга хэсэгтээ хадаас суулгуулсан байх ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нь хохиролд 5 сая төгрөг төлсөн байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-, хохирогч Н.Э-ийн хадаасаа авхуулахад шаардагдах 1.500.000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байгаа боловч ирээдүйд гарах зардлыг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болно.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                              

     ТОГТООХ нь:

         1. Б.О-ыг  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

        3. Б.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Б.О-ад оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

          5. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ