Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000093 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

    1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* РД:******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил баарны гадаа Г.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун зүүн дээд 2 дугаар шүдний цөгцний хугарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

...Тухайн үед Т.Ттай барилцаж аваад газар унагаагаад гараараар нүүр хавирга руу нь 2 удаа цохьсон. Баар луу ороод бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 52/  Хохирогч Т.Тын мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед “Оргил” бааранд *******ийн хамт ороод пиво авч уугаад сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан нэг залуу муухай хараад суугаад байсан. Тэгээд ОО-ын өрөө ороход муухай хараад байсан залуутай тааралтал яагаад байгаа гэж хэлэхээр нь би чамайг танихгүй юм байна гэж хэлээд хоорондоо маргалдаад байж байтал найз ******* ирж салгасан. Тэгтэл тухайн залуу намайг гаръя гэж хэлэхээр нь баарнаас цуг гараад Булган төвийн хойд талын завсарт очоод зогстол нөгөө залуу надруу гүйж ирээд түлхэж унагаагаад нүүр лүү гараараа нилээд олон удаа цохьсон. Тэгтэл тухайн залуутай цуг явсан Г.Э, ******* нар ирж салгаад нөгөөг залууг аваад явсан. Би эргэж баар луу орж хувцсаа аваад гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн залуу намайг газар унагаагаад дээрээс нүүр лүү гараараа цохиод байсан. Миний дээд талын 1 шүд тал хэсэг хугарсан, бас 1 шүд угаараа хугарсан, өөр гэмтэл гэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/      

Гэрч Б.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 00 цагийн үед нөхөр гадуур явж байгаад орж ирэхдээ шүдээ хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Манай нөхрийн үүдэн 1 шүд нь эмтэрч хугарсан, мөн үүдэн нэг шүд угаараа хугарсан байсан, буйл нь хавдсан, тагнай руугаа өвдөөд байгаа гэж хэлсэн, өөр биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Манай нөхөр дунд зэргийн согтолттой байсан. Бөмбөгөр сумын залуучуудтай бааранд таараад цуг сууж уусан. Тухайн залуучуудтай явсан нэг залуу нь цохьсон талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/           

Гэрч Г.Эын мөрдөн байцаалтанд өгсөн

... орой 22 цагийн үед найз *******а, *******, М.Б, О.Б нарын хамт “Оргил” бааранд ороод тус бүр 1 пиво аваад сууж байхад найз Г.Т ирж мэндэлчихээд яваад өгсөн. Тэгээд нилээд хугацааны дараа буюу 23 цаг өнгөрч байхад баарнаас гараад тамхи татаж байхад Г.Т, О.Б нар баарнаас гараад Булган худалдааны төв рүү алхаж байгаа харагдахаар нь араас нь *******йн хамт очиход Г.Т газар унасан дээр нь О.Б гарсан М.Б салгаж байхаар нь би Г.Тыг аваад “Оргил” баар луу орсон. Би цохиж байхыг бол хараагүй. Булган худалдааны төвр үү явж байхаар нь араас нь очиход Г.Тын дээр нь О.Б гарсан байхаар нь салгасан юм. Салгасны дараа Г.Т “1 шүд хугарчихллаа” гэж хэлж байсан, нүүр ам ямар нэг цус болсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24/,   

Гэрч Г.Өын мөрдөн байцаалтанд өгсөн

...орой 23 цаг өнгөрч байсан гадаа Г.Эын хамт зогсож байхад Г.Т гэх залуу О.Бийн хамт Булган худалдааны төвийг чиглээд явахаар араас нь Г.Эын хамт очиход Г.Т газар унасан дээр нь О.Б дарсан байдалтай М.Б салгах гээд байж байхаар нь би О.Бийг татаж аваад Г.Тыг Г.Э авч салгаад баар луу аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-/,           

Гэрч М.Бы мөрдөн байцаалтанд өгсөн

... орой 22 цагийн үед найз *******, Г.Э, Г.Ө, О.Б нарын хамт “Оргил бааранд ороод пиво аваад сууж байхад Г Т ирж уулзаад сууж байгаад Г.Т бид 2 нойл орж бие засах гээд нойлын үүдэн дээр юм ярьж байхад О.Б араас хүрч ирээд юу болсон гэж асуухад Г.Т юу болдог юм гээд О.Бэс хэрүүл гуйгаад гаръя гэж хэлээд 2-уулаа баарнаас гарахаар нь би араас дагаж гарсан. Тэгтэл” Оргил” баарны урд талын барилгын хажуу тал руу ороод барилцаж аваад ноцолдоод хоёулаа газар унасан. Г.Тын дээр ******* гараад 1-2 удаа цохиж байгаа харагдахаар нь би гүйж очоод О.Бат- Эрдэнийг барьж автал миний араас Г.Э ирж Г.Тыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаар шинжээчийн

1.Г.Тын биед баруун, зүүн дээд 2-р шүдний цөгцний хугарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 41-42/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 161-162/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-11/, шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, депозит дансны хуулгууд /хх-ийн 65-68/, оршин суугаа газрын засаг даргыни тодорхойлолт / хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” баарны гадаа Г.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч О.Бийн ..Т.Ттай барилцаж аваад газар унагаагаад гараараар нүүр хавирга руу нь 2 удаа цохисон.... гэх мэдүүлэг / хх-ийн 52/

Хохирогч Т.Тын ...тухайн залуу намайг газар унагаагаад дээрээс нүүр лүү гараараа цохиод байсан,...миний дээд талын 1 шүд тал хэсэг хугарсан бас 1 шүд угаараа хугарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

Гэрч Б.Нгийн...манай нөхрийн үүдний 1 шүд нь эмтэрч хугарсан мөн үүдний нэг шүд угаараа хугарсан байсан, буйл нь хавдсан, тагнай руу гаа өвдөөд байгаа гэж хэлсэн, өөр биед ил харагдах гэмтэл харагдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Г.Эын... Г.Тын дээр нь О.Б гарсан байхаар нь салгасан, ...Г.Т нь 1 шүд хугарчихллаа гэж хэлж байсан, нүүр ам ямар нэг цус болсон зүйл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24/,

Гэрч Г.Өын... Г.Т газар унасан дээр нь О.Б дарсан байдалтай салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-/,

Гэрч М.Бы.... Г.Тын дээр ******* гараад 1-2 удаа цохиж байгаа харагдахаар нь би гүйж очоод О.Бат- Эрдэнийг барьж автал миний араас Г.Э ирж Г.Тыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаар шинжээчийн “...Г.Тын биед баруун, зүүн дээд 2-р шүдний цөгцний хугарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт / хх-ийн 41-42/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.                

Хэрэг учрал болсон хохирогч Г.Т , шүүгдэгч О.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн түүний нүүрэн тус газарт гараараа цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Тын нүүрэн тус газарт гараараа цохьсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун, зүүн дээд 2-р шүдний цөгцний хугарал, буйлны цус хурал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 41-42/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Бж нь хохирогч Г.Тт гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 560.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүгдэгч О.Б нь Голомт банкны Баянхонгор аймаг дахь салбарт ******* тоот данс эзэмшдэг бөгөөд тухай дансанд 500000 төгрөгийг байршуулсан, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.Бд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч О.Бийн эзэмшлийн “...Акира маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч О.Бд буцаан олгож, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч О.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.Бийн эзэмшлийн “...Акира маркийн зурагтыг..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч О.Бд буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА