Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/092

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

            Улсын яллагч: В.Дэлгэрмаа

       Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000089 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

      1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г.М

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч Г.М нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 827 дугаартай бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс А.Эийн өөрийн нэр дээрх ХААН банкны ******* дугаарын данснаас виза карт ашиглан мөнгө авахаар уншуулахад бэлэн мөнгөний машин гацсаны улмаас мөнгө уншигдасныг мэдэлгүй орхисон бэлэн 5.000.000 төгрөгийн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

            Шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн

    ...2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 13 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу явах гээд бензиний мөнгө авах гээд ах Гийн ХААН банкны картаас 50.000 төгрөг авах гээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төв ХААН банкны АТМ руу орсон тэгээд ертөнцийн зүгээр баруун талын АТМ дээр очсон тэгтэл миний урд талд нэг эгч зогсож гүйлгээ хийж байснаа болохгүй байна гээд гараад явсан би очоод тухайн АТМ руу картаа хийх гэтэл миний карт орохгүй байсан дэлгэц рүү нь хартал мөнгө тоолж байна гэж гарч ирсэн удаа ч үгүй 20.000, 5000, 10.000 төгрөгийн дэвсгэртээр их хэмжээний мөнгө гарч ирсэн. Тэгээд эргээд хартал миний урд зогсож байсан эгч байхгүй байхаар нь тухайн мөнгийг аваад АТМ байрлах газраас гараад гадаа нь гараад тоолтол 5.000.000 төгрөг байсан . Тэгээд “Хонгор жаст “ колонкоос Г ахын картаар 50.000 төгрөгт бензин хийгээд шууд Бөмбөгөр сум руу явсан. Тэр өдрийн 15 цагийн үед аймаг руу гарах гэж байхад цагдаагаас над руу залгаад аймгийн төвийн АТМ-с 5.000.000 төгрөг авсан байна гэхээр нь би АТМ-аас авсан одоо аймаг орох гэж байна тэгээд аваачаад өгье гэсэн. Аймаг руу хөдлөөд явж байтал машин эвдрээд шөнийн 00 цаг болж байхад орж ирээд мөнгийг нь өгье гэхэд маргааш өглөө аваад ир гэсний дагуу маргааш нь 10 цагт цагдаа дээр авч ирж мөнгийг нь бүрэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 43-44/

    Хохирогч А.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

    ...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс өөрийн дансанд байх 12.000.000 төгрөгийг бэлнээр авах зорилгоор цонхон талын АТМ-ээс 12.000.000 төгрөгийг авах гэтэл гарахгүй болохоор нь 5.000.000 төгрөгөөр хувааж авах гэтэл гацаад гарахгүй болохоор нь хоёр АТМ алгасаад дахин гүйлгээ хийж 5.000.000 төгрөгөө аваад дахиж 5.000.000 төгрөг авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь дансны мэдээллээ харахад 5.000.000 төгрөгөөр хоёр мөнгө гарч миний дансанд 2.110.000 төгрөг үлдсэн байсан. Миний ХААН банкны ******* гэсэн дансанд нийт 12.123.000 төгрөг байсан. Би АТМ-ээс бэлнээр 12.000.000 төгрөг авах зорилгоор ороод бөөндөө гарахгүй болохоор нь 5.000.000 төгрөгөөр авах гэтэл гацаад болохгүй байсан дараагийн АТМ-ээс би өөрөө бэлнээр 5.000.000 төгрөг авсан, дахиж 5.000.000 авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байсан чинь өмнөх АТМ-ээс 5.000.000 төгрөг гарсныг миний ард зогсож байсан хар куртиктэй үл таних залуу авсан байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан...Миний ард эрэгтэй хүн байсан. Би мөнгө гарч ирэхгүй байна гээд зогсож байтал миний араас эрэгтэй хүн болж байна уу эгч болохгүй байвал би картаа хийгээдэх үү гэж байсан. Тэгээд тухайн АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө гарахгүй болохоор нь би хажуу талын АТМ-нээс мөнгө авахаар зай тавьж өгсөн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-13 /

 Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

    ...өөрийн ХААН банкны ******* дугаартай дансны картыг дүү Г.Мт бензиний мөнгийг авчих гэж өгч явуулсан .Тэр өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас эвдэрсэн машин чирч авч ирэх гэж байсан тэр машинаа авч ирсэн... Миний ХААН банкны ******* дугаартай дансанд тухайн өдрийн интернэт банкны хуулгаас харахад 294.449 төгрөг байсан байна түүнээс 49.500 төгрөгөөр 13 цаг 54 минутад “Хонгор жаст” гэсэн колонкоос бензин авсан байна . Энэ мөнгийг Г.М нь миний картыг уншуулан авсан би картын нууц дугаараа түүнд өгч явуулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/,

 

Гэрч Г.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...АТМ-аас гарч ирсэн мөнгөний талаар шалгагдаж байгаа байх. Ээжээ би хөдөө явчихаад ирье гээд явсан чинь АТМ-ээс мөнгө гарч ирсэн гээд аваад ирсэн би хүний мөнгийг буцааж өг гэж хэлсэн. Миний хүү муу зүйл хийхгүй хүүхэд байгаа юм. АТМ-ээс мөнгө авах гээд очиход нь өмнөөс нь мөнгө гараад ирэхээр нь залуу хүн мэдэхгүй, яахаа мэдэхгүй аваад ирсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 161-162/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 174/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 76/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 75/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 94/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

   Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч Г.М нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 827 дугаартай бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс А.Эийн өөрийн нэр дээрх ХААН банкны ******* дугаарын данснаас виза карт ашиглан мөнгө авахаар уншуулахад бэлэн мөнгөний машин гацсаны улмаас мөнгө уншигдасныг мэдэлгүй орхисон бэлэн 5.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

    Шүүгдэгч Г.Мын ..миний урд талд нэг эгч зогсож гүйлгээ хийж байснаа болохгүй байна гээд гараад явсан,... би очоод тухайн АТМ руу картаа хийх гэтэл миний карт орохгүй байсан дэлгэц рүү нь хартал мөнгө тоолж байна гэж гарч ирсэн удаа ч үгүй 20.000, 5000, 10.000 төгрөгийн дэвсгэртээр их хэмжээний мөнгө гарч ирсэн мөнгийг аваад АТМ байрлах газраас гараад гадаа нь гараад тоолтол 5.000.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 43-44/     

  Хохирогч А.Эийн...ХААН банкны АТМ-ээс өөрийн дансанд байх 12.000.000 төгрөгийг авах гэтэл гарахгүй болохоор нь 5.000.000 төгрөгөөр хувааж авах гэтэл гацаад гарахгүй болохоор нь хоёр АТМ алгасаад дахин гүйлгээ хийж 5.000.000 төгрөгөө аваад, дахиж 5.000.000 төгрөг авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь дансны мэдээллээ харахад 5.000.000 төгрөгөөр хоёр мөнгө гарч миний дансанд 2.110.000 төгрөг үлдсэн байсан,...миний ард зогсож байсан хар куртиктэй үл таних залуу авсан байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан....” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-13 /

  Гэрч Ж.Гийн ...миний ХААН банкны ******* дугаартай дансанд тухайн өдрийн интернэт банкны хуулгаас харахад 294.449 төгрөг байсан түүнээс 49.500 төгрөгөөр “Хонгор жаст” гэсэн колонкоос бензин авсан байна энэ мөнгийг М нь миний картыг уншуулан авсан, би картын нууц дугаараа түүнд өгч явуулсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/,

   Гэрч Г.Нийн... АТМ-ээс мөнгө гарч ирсэн гээд аваад ирсэн би хүний мөнгийг буцааж өг гэж хэлсэн,..АТМ-ээс мөнгө авах гээд очиход нь өмнөөс нь мөнгө гараад ирсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны 827 дугаартай бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс А.Эийн өөрийн нэр дээрх ХААН банкны ******* дугаарын данснаас виза карт ашиглан мөнгө авахаар уншуулахад бэлэн мөнгөний машин гацсаны улмаас мөнгө уншигдасныг мэдэлгүй орхисон бэлэн 5.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу өөрийн өмчийн адил эзэмшилдээ авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, түүнчлэн өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Г.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгч Г.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Мт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх талаар прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил , түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрэхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх...гэж , мөн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч А.Э нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 49-50/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Мт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Г.Мт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА