| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/090 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000069 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-18-06 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өмнө нь хамтран амьдарч байсан О.Дийг цагдаад өглөө гэх зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
…Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуу цагдаа дээр ирсэн байсан би тухайн үед архи нилээн уусан байсан учир ямар зөрчил гаргаснаа санахгүй
байна. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө миний архи гараагүй согтуу байсан би О.Д рүү утсаар ярьж би танайд очсон юм уу чи намайг цагдаад барьж өгсөн юм биш үү гэхэд үгүй гээд утсаа тасалсан. Тухайн үед цагаан сар болж байсан учир айл хэсэж байгаад архиндаа нэлээн согтсон 12 цагийн үед О.Дийнд очиж чи намайг цагдаад барьж өгсөн гээд хэрүүл хийсэн нэг мэдсэн чинь барилцаад авсан байсан. Тэрнээс хойш юу болсон эсэхийг санахгүй байна. О. Дийг цохиж хөмсөг хэсгийг нь гэмтээж гарыг нь хазсан байсан. Би орой цагдаагаас гарч яваад шөнө дахин О.Дийнд очиж гарыг нь хазаж дахин гэмтээсэн байсан. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч О.Дт эм тарианы мөнгө төгрөг өгсөн. 2020 онд О.Дийг зодож биед гэмтэл учруулж шүүхээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /,
Хохирогч О.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 11 цагийн үед гэртээ байж байхад өмнө нь хамтран амьдарч байсан П.Б надтай утсаар яриад чи намайг цагдаад өгсөн байна гээд хэрүүл маргаан хийхээр нь утсаа тасалсан. Тэгээд 30 орчим минутын дараа П.Б гэрт согтуу орж ирээд намайг багалзуурдаж аваад гараараа миний зүүн нүд рүү цохиод гар хазаж хөл рүү өшиглөсөн. П.Б бид 2017- 2019 он хүртэл хамт амьдарч байгаад 2019 оноос тусдаа амьдарч байна. П.Б нь намайг өчигдөр чи цагдаад өгсөн байна гээд зодсон..” гэх мэдүүлэг / хх-ийн 14-21 /
Гэрч Р.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...ээж О.Д нь П.Б нь согтуу ирээд намайг зодож хөмсгийг цохиж хазаж гэмтээсэн. Одоогоос жилийн өмнө П.Б нь агсан согтуу тавьж манай ээж О.Дийг зодож цохисон хэргээр шүүхээр ял авч байсан. Ер нь П.Б нь ээж дээр ирж агсан согтуу тавьж зодож цохих гээд байдаг юм. П.Б гэх хүн нь одоо ээж О.Дтэй холбоо байхгүй урд өмнө хамтран амьдарч байгаад салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Насанд хүрээгүй гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…өглөө ээж О.Д, дүү ******* нартай гэртээ байж байтал ээж О.Дийн утас руу П.Б ах залгаад намайг хэн цагдаад өгсөн гээд асуугаад байсан. Тэгээд утсаа тасалсан өдөр 13 цагийн орчимд би гэртээ ээж О.Д, дүү ******* нартай байж байтал П.Б ах гэрт согтуу орж ирээд ээжтэй хэрүүл маргаан хийж байгаад П. Б ах ээж О. Дийн хөмсөг рүү 1 удаа цохиж , гарыг нь хазсан, П.Б ах нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн № 110 дугаар шинжээчийн
1.О.Дийн биед тархи доргилт, дух, зүүн шуунд шарх, зүүн гуя, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх тархи доргилт, духны шарх, зүүн шууны ар хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал болон зүүн шууны гадна дунд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь тус тусда гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.. гэх дүгнэлт / хх-ийн 42-43 /,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 69-72/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80/, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, шүүгдэгч П.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61/ , эвлэрлийн гэрээ / хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-18-06 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу өмнө нь хамтран амьдарч байсан О.Дийг цагдаад өглөө гэх зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч П.Бийн ...би О.Дийг цохиж хөмсөг хэсгийг нь гэмтээж гарыг нь хазсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /,
Хохирогч О.Дийн ...П. Б гэрт согтуу орж ирээд намайг багалзуурдаж аваад гараараа миний зүүн нүд рүү цохиод гар хазаж хөл рүү өшиглөсөн..” гэх мэдүүлэг / хх-ийн 14-21/
Насанд хүрээгүй гэрч Д.Оын …П. Б ах гэрт согтуу орж ирээд ээжтэй хэрүүл маргаан хийж байгаад ээж О.Дийн хөмсөг рүү нь гараараа цохиж, дахин гараас хазсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ...О.Дийн биед тархи доргилт, дух, зүүн шуунд шарх, зүүн гуя, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт / хх-ийн 42-43 /, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч П.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон хохирогч О.Д, шүүгдэгч П.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн багалзуурдаж аваад гараараа зүүн нүд рүү цохиж, хазаж хөл рүү өшиглөсөн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч П.Б нь хохирогч О.Дийн зүүн нүд рүү цохих, гарын шууг хазаж, хөл рүү нь өшиглөсөн үйлдэл нь хохирогчийн биед нь ... тархи доргилт, дух, зүүн шуунд шарх, зүүн гуя, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 42-43 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.... гэж заажээ.
Шүүгдэгч П.Б, хохирогч О.Д нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч П.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шүүгдэгч П.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтонд.. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Б нь 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан болно.
Шүүгдэгч П.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч О.Д нь П.Бийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч П.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу 4 дүгээр багийн барилгад туслах ажилтанаар ажиллаж байгаа, 900000 төгрөгийг цалинтай буюу тогтмол орлоготой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг харгалзан шүүгдэгч П.Бөд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөо болсноос хойш хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Бийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Бөд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА