Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/088

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Э.Гантулга,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21140000890083 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн № 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Баянхонгор аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн № 23 дугаар магадлалаар М.Бод оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар гэж өөрчилж байсан, Ч.Б

Үйлдсэн хэргийн талаар

  Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт 511 дүгээр байрны “Тояа” сургалтын төвийн байранд С.Атой маргалдан улмаар түүнийг зодож мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр           

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтад өгсөн

 ...Тухайн өдөр С.А бид 2 маргалдаад би шилэн аягатай архи барьсан байж байгаад уг аягаар толгой руу нь цохьсон чинь С.Аын толгой нь хагарчихсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 67-69/,

 

 Хохирогч С.Аын мөрдөн байцаалтанд өгсөн

            ...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ч.Б, Ж.С, ******* нарын хамт Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах Ч.Бын эхнэрийн “Саятан” нэртэй салон дээр очсон. Тэгээд би Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи авчихсан явж байсан болохоор түүнийг Ж.С, Ч.Б бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгтэл Ж.Сын эхнэр ******* ойрын хэдэн жил уулзалдаагүй гээд бид нарт дэлгүүрээс Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи авч өгсөн. Түүнийг Ж.С, Ч.Б бид гурав хувааж ууж дуусаад байж байсан бөгөөд би аавын тухай дуу дуулсан чинь Ч.Б миний аав намайг шоронд байхад нас барсан, чи аавын тухай дуу дууллаа гээд ширээн дээр байсан архины шилээр миний толгой руу 1 удаа цохьсон. Миний толгойны шархнаас цус гарсан бөгөөд би толгойгоо угаачихаад гэр лүүгээ явсан. Ширээн дээр Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 архины шил байсан. Тэр хоёр шилний нэгээр нь цохьсон. Ч.Б нь миний толгой руу шилээр цохиход уг шил хагараагүй..Ч.Б миний толгой руу шилэн зүйлээр цохьсон. Би тухайн үед нэлээд согтуу байсан тул архины шилээр цохьсон эсхүл шилэн аягаар цохьсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Ч.Бын эхнэр нь шилээр цохьсон гэхээр нь архины шилээр цохьсон гэж ойлгосон. Ч.Б нь би чиний толгой руу архины шилээр цохиогүй шилэн аягаар цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-40/,

            Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн

      ... үдээс хойш 16-17 цагийн үед би Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг 511 дүгээр байранд байх сургалтын төвийн байрандаа байж байтал манай нөхөр Ч.Б найз С.А Ж.С ******* нарын хамт ирсэн. Ч.Б, Ж.С, С.А нар архи уучихсан бололтой халамцуу байсан. Тэгээд С.А, С, Ч.Б гурав нэг архи авчирчихсан уугаад сууж байсан.. Тэгэхэд С.А, Ч.Б хоёр хоорондоо маргалдаад Ж.С тэр хоёрыг одоо боль гээд салгаж байсан. С.Аын толгойноос нь цус гарчихсан, тэрээр пизда чинь толгой хагалчихлаа гээд Ч.Б руу дайраад байсан. Тэгтэл С.А 00 өрөө рүү орж толгойгоо угаачихаад гараад явсан. Тэр сургалтын байранд тухайн үйл явдал болсон. Би байраа цэвэрлэхэд 0.75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй 2 архины шил байсан. Архины шилнүүд хагараагүй, хоосон байсан. Уг шилнүүдийг тухайн үед цэвэрлэгээ хийхдээ хог руу хаячихсан. Тэр үед ширээн дээр архины шил байхаар нь цохьсон байна гэж бодсон. Ч.Б нь С.Аын толгой руу архины шилээр биш аягаар цохьсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/,

 

     Гэрч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

      ... би эхнэр *******ийн ажил дээр байж байтал манай найз С.А, Ч.Б хоёр архи уусан бололтой халамцуу ирсэн. Тэгээд Ч.Б, С.А бид гурав С.Аын авчирсан Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд эхнэр бид хоёр дахин Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад түүнийг мөн хувааж ууж дуусгасан. Ч.Б, С.А бид гурав жоохон согтоцгоосон. С.А, Ч.Б хоёр буйдан дээр хоорондоо юм яриад би хажууд нь сууж байтал гэнэтхэн тас гээд дуугарсан чинь Ч.Б ширээн дээр байсан шилэн зүйлээр С.Аын толгой руу цохичих шиг болсон. Миний хувьд яг юугаар цохисныг хараагүй. Ямар ч байсан тухайн үед ширээн дээр Эдэн нэртэй архины 2 хоосон шил, шилэн аяга бас байсан. С.Аын толгойноос цус гарсан Ж.С 00-ын өрөөнд орж угаагаад цус нь тогтсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53

 

    Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шинжээчийн

1.С.Аын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 20-21/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 24-27, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 29-32/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 72/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 73/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, депозит дансны хуулгууд /хх-ийн 76-79/, шүүгдэгч Ч.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81/,эвлэрлийн гэрээ /хх-ийн 87/, шийтгэх тогтоолыг хуулбар / хх-ийн 82-84, Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар / хх-ийн 84-86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт 511 дүгээр байрны “Тояа” сургалтын төвийн байранд С.Атой маргалдан улмаар түүнийг зодож мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Шүүгдэгч Ч.Бын ...Тухайн өдөр С.А бид 2 маргалдаад би шилэн аягатай архи барьсан байж байгаад уг аягаар толгой руу нь цохьсон чинь С.Аын толгой нь хагарчихсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 67-69/,

 Хохирогч С.Аын ....Ч.Б ширээн дээр байсан архины шилээр миний толгой руу 1 удаа цохисон,..Ч. Б нь би чиний толгой руу архины шилээр цохиогүй шилэн аягаар цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-40/,

Гэрч Б.Бын .. С.Аын толгойноос нь цус гарчихсан, толгой хагалчихлаа гээд Ч.Б руу дайраад байсан,.... би байраа цэвэрлэхэд 0.75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй 2 архины шил байсан. Архины шилнүүд хагараагүй, хоосон байсан. Уг шилнүүдийг тухайн үед цэвэрлэгээ хийхдээ хог руу хаячихсан,...Ч.Б нь С.Аын толгой руу архины шилээр биш аягаар цохьсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/,

Гэрч Г.Сын... С.А, Ч.Б хоёр буйдан дээр хоорондоо юм яриад би хажууд нь сууж байтал гэнэтхэн тас гээд дугарсан чинь Ч.Б ширээн дээр байсан шилэн зүйлээр С.Аын толгой руу цохичих шиг болсон. Миний хувьд яг юугаар цохисныг хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шинжээчийн...С.Аын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон хохирогч С.А, шүүгдэгч Д Ч.Бод нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгой хэсэгт аягаар цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Аын толгой руу аягаар цохьсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 20-21/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шүүгдэгч Ч.Бын шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь шүүгдэгч Ч.Боос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн “...Хувай маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ч.Бод буцаан олгож, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Ч.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Бод оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Бод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн “...Хувай маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ч.Бод буцаан олгосугай,

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА