Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/087

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000380057 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

  Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, З.О,

Үйлдсэн хэргийн талаар

            Шүүгдэгч З.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-9-13 тоотод эхнэр Г.Мгийн төрсөн хүүхэд болох Д.Агийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож мэндэд нь баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч З.Оы мөрдөн байцаалтад өгсөн

 ...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай найз 17 цагийн үед ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд 19 цагийн үед гэрээсээ гараад хадам ээж *******ийнд 2 хүүхдээ авах гэж очиход намайг архи уусан байна явуулахгүй гэхээр нь Д.Аг гэр орондоо юм хийхгүй гээд нэг алгадсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

           

 Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ... Би Баянхонгор сумын 5 - 9-13 тоотод эмээ, 2 дүүгийн хамт байсан. Тэгээд 20 цагийн үед манай хойд аав болох З.О согтуу ирээд манай хоёр дүүг авч явах гээд байхаар нь би өгч явуулахгүй эрүүл болоод ирээд ав гэхэд чи юм хийхгүй байна гээд надад агсам тавьсан, миний нүд рүү гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч Г.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн

  ... орой 20 цагийн үед ажлын байранд байж байтал манай дунд хүү болох ******* над руу залгаад аав согтуу ирчихээд дүү бид хоёрыг авч явах гэтэл ах аавыг өглөө аваад яв гэсэнд аав уурлаад ахыг алгадсанд гэсэн. Манай хүүг З.О үгэнд орсонгүй гэдэг шалтгаанаар алгадсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ...Би Баянхонгор аймгийн 5-9-13 тоотод эмээ Я.*******ийн гэрт байсан. Гэтэл 20 цагийн үед манай аав болох З.О архи уучихсан ирээд дүү бид хоёрыг гэр лүү авч явах гээд байсан. Ах Д.А аавд хандаж та харанхуй болсон байхад согтуу байж дүү нарыг дагуулж явж яах гээд байгаа юм маргааш ав гэхэд аав уурлаад ахыг нэг удаа хацар луу нь гараараа алгадсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,

           

Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Тухайн өдөр 20 цагийн үед манай хүргэн З.О нь архи ууж орж ирээд 2 хүүхдээ авч явах гээд байсан. Тэгээд ах Д.А нь явуулахгүй гээд байгаа бололтой байсан. Тэгээд хоорондоо маргалдаж байхад нь З.О Д.Агийн нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60-р тал/,

    Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №74 дугаар шинжээчийн

 1.Д.Агийн биед баруун нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн05-07/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 40-42/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 73/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 74/, депозит дансны хуулгууд /хх-ийн 79-80/, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, шүүгдэгч З.Оы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 92/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-9-13 тоотод дагавар хүүхэд болох Д.Агийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч З.Оы ... хадам ээж *******ийнд 2 хүүхдээ авах гэж очиход архи уусан байна явуулахгүй гэхээр нь Д.Аг гэр орондоо юм хийхгүй нэг алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,           

 Хохирогч Д.Агийн... хойд аав болох З.О согтуу ирээд манай хоёр дүүг авч явах гээд байхаар нь би өгч явуулахгүй гэхэд агсам тавьж миний нүд рүү гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 Гэрч Г.Мгийн... Манай хүүг З.О үгэнд орсонгүй гэдэг шалтгаанаар алгадсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

  Насанд хүрээгүй гэрч *******ын ...манай аав болох З.О архи уучихсан ирээд дүү бид хоёрыг гэр лүү авч явах гээд байсан, ...Д.А аавд маргааш ав гэхэд уурлаад ахыг нэг удаа хацар луу нь гараараа алгадсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,

   Гэрч М.*******ийн... хоорондоо маргалдаж байхад нь З.О Д.Агийн нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60-р тал/,

   Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 дугаартай “...Д.Агийн биед баруун нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч З.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч З.О нь хохирогч Д.Агийн нүүрэнд тус газар гараараа цохьсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун нүдний алимны доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 29-30/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч З.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шүүгдэгч З.Оы шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтонд.. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Шүүгдэгч З.О нь 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссан болно.

Шүүгдэгч З.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.О нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч З.Од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч З.Оы эзэмшлийн “...Самсунг Эс-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Оыг нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Оы эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 4-2-11 тоот хашаа/ газраас эмнэлэг, эмийн сан гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч З.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Од мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.Оы эзэмшлийн “... Самсунг Эс-5 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч З.Од буцаан олгосугай,

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА