Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/086

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч Г.Б, Г.Э, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000046 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                     

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 02 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Г.Э

2.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г.Б.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Э нь Г.Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Давсан тал” гэх газарт бэлчээрлэж байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

      Шүүгдэгч Г.Б нь Г.Этэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Давсан тал” гэх газарт бэлчээрлэж байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өглөө 10 цагийн үед ээж Дын гэрээс ******* улсын дугаартай портер маркийн автомашинаар дүү Г.Мий хамтаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын1 дүгээр багийн Давсан талын Хөх толгой гэх газарт өвөлжиж байсан хүргэн Г.Эийн гэрт очсон. Тэгээд Г.Эийн бид хоёр машинаа янзлуулахаар Галуут сумын 4 дүгээр багийн “Эхэн холбоо” гэх газар байсан *******ийн гэрт нь очоод ******* гэдэг хүнээр машиныхаа тоормосыг нь янзлуулж байхад тэдний гэрийн хажууханд 20 орчим үхэр бэлчиж байхаар нь Г.Эийн хамтаар уг үхрүүдээс өөрийнхөө үхрийг шүүж үзэхэд манай хоёр үхэр байхаар 1 үхрийг барьж авчихаад дахиад нэг үхрийг нь авах гэсэн чинь чадаагүй алдсан. Тэр үхрүүд уруудаад явсан. Г.Э бид хоёр сүүл цагаан хар гунжин үнээг машиндаа ачаад Г.Эийн гэртээ ирсэн,...Би Эын гэрлүү Г.Эийн хамтаар үхрийн махаа хүргэж өгөхөөр яваад очсон. Тэнд удаагүй яваад тэндээс ******* улсын дугаартай машинаар бид хоёр Г. Эийн гэр лүү очсон. Би Г.Эөд өдрийн харсан үхрүүдэд манай болон тавиулын үхэр байсан хоёулаа очиж нааш нь ойртуулж тууж ирье гэж хэлээд машинаар яваад Жаргалант сумын 1 дүгээр багийн “Орлиухаа” үзүүр гэх газарт бэлчиж явсан үхрүүдтэй таарсан. Тэгээд би машинаар үхрүүдийн дундуур нь орж харахад сүүл цагаан болон цулгай хар зүсмийн манай үхэр болон тавиул 4-5 тооны үхэр байхаар нь уг үхрүүдээс 7 тооны үхрийг тастаж тууж хөөгөөд 2-3 км газар явахад үхрүүд нь цуваад явахгүй байхаар нь 2 тооны үхрийг машинд Г.Эийн хамтаар ачаад үлдсэн 4 тооны үхрийг туугаад 3-4 км газар явж байхад дахиад үхрүүд нь цуваад явахгүй байхаар нь машинаас бид хоёр буугаад явахгүй байсан 1 тооны үхрийг машинд ачаад явсан. Тэр үлдсэн үхрүүдийг машин замаар цувуулаад орхисон. Тэгээд бид хоёр машинаар 21 цагийн үед Г.Эийн гэрт нь ирсэн. Тухайн үед би Г.Эөд хэлэхдээ манай тавиулын мал муудаад байна үхэхээс нь өмнө нь нядалчихъя гэж хэлж байсан. Тэгээд Г.Э бид хоёр машинаар ачиж ирсэн 3 тооны үхрээ буулгаад хорооны ард аваачсан. Г.Э бид хоёр тэндээ сартай бор зүсмийн үхрийг нядалж, гаргаж байхад 23 цагийн үед машин гэрэл тусаад машин ирсэн Н.О бууж ирээд та нар манай үхрийг нядалсан байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-115/,

           

Шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Би малдаа өвс тэжээл тавьж өгч байхад Г.Б, дүү Мий хамтаар ирсэн. Надаас Г.Б ахаа хоёулаа айлд очоод машин янзалчихаад ирье гэхээр нь Г.Бийн унаж явсан ******* улсын дугаартай машинаар *******ийн гэрт нь очоод Ганаа гэдэг хүнээр Г.Бийн машины тоормосыг янзлуулчихад манай гэр лүү явж байгаад 20 гаран тооны мал таарахад Г.Б энд манай үхэр байна гэж хэлээд шүүж үзээд манай тавиул болон өөрийн үхэр байна гэж хэлээд нэг үхрийг барьж аваад, дахиад нэг үхрийг нь барьж авах гэж байгаад чадаагүй тэр үхрүүд уруудаад явсан. Тэндээс шууд манай гэрт ирсэн. Г.Б өөрийн хайнаг үхрийг янзалсан байсныг Эын гэрт нь хүргэж өгөхөөр бид хоёр яваад харанхуй болсон байхад очоод үхрийг мах болон арьс ширийг нь өгчихөөд буцаад явж байхад замд 30 гаран тооны үхрүүд таарсан чинь Г.Б надад хэлэхдээ энд манай болон тавиулын 7-н тооны үхэр байна туугаад явъя гэж хэлээд тэгээд бид хоёр тэр үхрүүдээс 7 тооны үхрийг туугаад явж байхад 2-3 тооны үхэр явахгүй хоцроод байхаар нь машиндаа ачаад, үлдсэн хэдэн үхрийг нь туугаад явж байхад дахиад нэг үхэр явахгүй байхаар нь машиндаа ачаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд бид хоёр саравчтай өвөлжөөний ард машинаа зогсоож машинаас буухад Г.Б машины арын хаалгыг онгойлгож ачсан үхрүүдийг буулгасан. Хорооны ард очсон чинь Г.Б манай тавиулын үхрүүд муудаад байна энийг үхүүлж байхаар хэдэн төгрөг болгоод авъя гэж хэлсэн. Бид хоёр тэр үхрийг янзалж байхад гэрийн гадаа машин ирээд зогссон. Тэгээд Н.О ирээд яагаад манай үхрийг янзлаад байгаа гээд Г.Бийг загнаад байхаар нь хулгайн үхэр байна гэж мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128/,

           

Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөө гэрээс сумын төв рүү 14 цагийн үед машинаараа ганцаараа яваад 15 цагийн үед ирсэн. Би унтах гээд хэвтэж байхдаа залуучуудын гэрт нь очмоор санагдаад босоод хувцсаа өмсөөд
ойролцоогоор 23 цагийн үед эхнэрийнх хамтаар машинаа асаагаад гэрээс
Жаргалант сумын Давсан талын Хөх толгой гэх газарт байдаг*******гийн нөхрийн
гэрийн гадаа очиход бүрхүүлтэй цагаан машины бүрхүүл дотор нь ямар нэгэн юм түчигнээд байгаа чимээ гарахаар нь арын хаалгыг нь онгойлгож үзэхэд цагаан бор зүсмийн 2 тооны манай үхэр байсан, гэрийн хажууд нь очоод тэр айлын өвөлжөөний араар нь тойрч үзэхэд сартай бор зүсмийн үнээг зүс таних хүн нядлаад байж байхаар нь очоод та нар яаж байгаа харанхуй шөнө манай үхрийг алаад байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь бид нарын буруу гэж хэлээд маргалдсан. Манайх 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө Жаргалант сумын 1 дүгээр багийн Оройн хүрэн гэх газарт малаа бөөгнүүлж үзэхэд бүрэн байхаар нь тэнд нь орчихоод явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-30/,

 

            Иргэний нэхэмжлэгч О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...Би 2020 оны 08 сард Улаанбаатар хотоос 3.500.000 төгрөгөөр хувь хүнээс хуучин машин худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг машиныг ашиглаад хэдэн сар болж байна. Би болон манай нөхөр бид хоёр машинаа унаж хэрэглэдэг...Манай хүү Г.Б намайг хөдөө гэрт байхад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүрч ирээд надаас та машинаа өгөөч би эмээгийн гэрт оччихоод ирье гэж хэлээд машин аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35/,

           

Гэрч О.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

             “...2021 оны 01 дүгээр сарын28-ны орой 21 цагийн үед Г.Б, Г.Э, Г.М нар портер машинаар ирсэн. Г. Б үхэр мал авч байгаа улсууд танай гэрт байгаа юм уу энэ үхрийн махыг өгчихөөрэй гэж хэлээд махаа буулгачихаад буцаад явсан..Хөх зүсмийн хайнгын үнээ байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 62-63/,

           

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн
            “...Н.Оын хулгайд алдсан гэх үхрийн зах зээлийн үнэ ханш нь нийт 4.200.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 88/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн
... Хюндэй портер маркийн машины нийт үнэ 1.460.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 84/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 107-109, 117-119/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 03-10/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-18/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 140/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 141,143 /, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 142/, шүүгдэгч Г.Б, Г.Э нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-145/, депозит дансны хуулгууд /хх-ийн 149-151/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Г.Э нь Г.Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Давсан тал” гэх газарт бэлчээрлэж байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

      Шүүгдэгч Г.Б нь Г.Этэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Давсан тал” гэх газарт бэлчээрлэж байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Э нь Г.Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Давсан тал гэх газарт бэлчээр байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

      Шүүгдэгч Г.Б нь Г.Этэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Давсан тал гэх газарт бэлчээр байсан Н.Оын эзэмшлийн олон тооны буюу 7 тооны сарлагийн үхрийг машин механизм болох О.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Бийн /хх-ийн 113-115 /,шүүгдэгч Г.Эийн /хх-ийн 126-128/ хохирогч Н.Оын /хх-ийн 37-30/, Иргэний нэхэмжлэгч О.Дын /хх-ийн 34-35/, гэрч О.Эын /хх-ийн 62-63/, Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 48 , 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 84-85, 88-89/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд Шүүгдэгч Г.Б, Г.Э нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б, Г.Э нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Уг гэмт хэргийн хохирогч Н.Оын бод малыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Г.Э Г.Б нар бусдын бод малыг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч , тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э Г.Б нар нь хохирогч Н.Оын хохирлыг барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Э, Г.Б нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, шүүгдэгч Г.Э нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Г.Б, Г.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу шүүгдэгч Г.Бийн 01 жил 08 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Эт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан сүх 1 ширхэг, бээлий 1 ширхэг, алх 1 ширхэг, үнсний хутгуур 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

шүүгдэгч Г.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн зүйл байх тул шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн үнэ болох 1,460,000 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Г.Э нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч О.Дын эзэмшлийн ...******* улсын дугаартай Хюндэй, портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч О.Дд буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э, Г.Б нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бийг 01 жил 08 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Эийг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 01 жил 08 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Эт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,460,000 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Г.Э нараас тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан сүх 1 ширхэг, бээлий 1 ширхэг, алх 1 ширхэг, үнсний хутгуур 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч О.Дын эзэмшлийн ...******* улсын дугаартай Хюндэй, портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч О.Дд буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Г.Б, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Г.Э нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА