| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/078 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч: Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Д д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914002980006 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******. ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 07 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах автомашин худалдан авах тендерийн хүрээнд 16.600.000 төгрөгөөр худалдан авсан Ниссан Караван маркийн ******* улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү болох 18.400.000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн ******* улсын дугаартай автомашин худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн 2018 оны 08 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчиж 35.110.000 төгрөгөөр худалдан авсан Лексус 470 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 45.110.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү 10.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Монгол Улсын Засгийн газрын 98 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газарт 35,000,000 төгрөгийн үнэтэй автомашин авах эрхийг тухайн аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Тамгын газарт суудлын автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж хуулийн дагуу тендер зарласан боловч нэг ч аж ахуй нэгж санал ирүүлээгй учир тендерийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах замаар худалдан авалтыг хийхийг үнэлгээний хороо Засаг даргад зөвлөмжийг хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Засаг дарга шууд гэрээ байгуулах эрхийг Засаг даргын тамгын газарт олгосон. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс оруулж ирсэн гэрээний төсөл дээр Индранил Очир ХХК-иас Ниссан Караван маркийн автомашиныг 35000000 төгрөгөөр худалдан авах гэрээ байсан би захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан. Өмнө автомашин худалдаж авахад нийлүүлэгч аж ахуй нэгж нь муу автомашин нийлүүлдэг учир энэ удаагийн автомашиныг би өөрөө авъя гэж бодсон. Тэгээд Индранил Очир ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай нь холбогдож өөрсдөө наадмаас өмнө авах машинаа сонгож авч машиныг үйлчилгээнд явуулах шаардлагатай гэж хэлэхэд өмнө бол нийлүүлж чадахгүй 1 сар болно гэхээр нь машины мөнгийг буцаагаад шилжүүлчих, манайх өөрсдөө машинаа сонгож авна гэж хэлсэн. Би өөрийн хүү С.Мын ХААН банкны дансаар Индранил Очир ХХК-иас 35,000,000 төгрөгийг авсан. Би Улаанбаатар хотын 22-ын товчооны шинэ автомашины захаас автомашин хувиараа зардаг хүнээс хамгийн бага гүйлттэй, тусгай тоноглолтой Ниссан Караван маркийн автомашиныг 20000000 төгрөгөөр худалдаж авсан, тос, 4 дугуйг нь сольж, суудал тавьсан гэх зэрэг үйлчилгээ хийсэн. Үлдсэн мөнгөөр нь буюу 9,800,000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн автомашиныг авсан. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд 45,110,000 төгрөгөөр автомашин худалдан авах төсөв баталсан. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А/489 дугаартай Засаг даргын захирамжаар тамгын газрын албан хэрэгцээнд автомашин нийлүүлэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж хуулийн дагуу тендер зарласан боловч аж ахуй нэгжээс санал ирүүлээгүй, учир гэрээ шууд байгуулах замаар худалдан авалтыг хийх талаар зөвлөмжийг Засаг даргад хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Засаг дарга шууд гэрээ байгуулах эрхийг надад олгосон. Энэ автомашин нь бол яг миний унах автомашин байсан ба жолооч Бтэй Лексус-470 маркийн автомашин авъя гэж ярилцаад судалж эхэлсэн бөгөөд аймагт Лексус-470 маркийн автомашиныг зарна гэсний дагуу эзэмшигч П.Этай очиж уулзаад машиныг нь унаж үзсэн гүйлт багатай, сайн автомашин байсан тул автомашиныг 35,000,000 төгрөгөнд авахаар болсон. Тэгээд Этай гэрээ байгуулах гэсэн боловч иргэнтэй гэрээ байгуулбал мөнгөн дүнгээс 10%-ийг хүн амын албан татварт суутгаж авдаг юм. Гэтэл үүнийг П.Э хүлээн зөвшөөрөхгүй байсан тул түүнийг аж ахуй нэгж ол гэж хэлсэн. П.Э зөвшөөрсөн бөгөөд “Тайжийн овоо” ХХК-тай гэрээ байгуулж 45,110,000 төгрөгийг шилжүүлэн, 10000000 төгрөгийг жолооч Эаас очиж бэлнээр авсан. Тэгээд 10000000 төгрөгийг бол шууд Б дарга өөрийнхөө албан хэрэгцээнд унадаг байсан Лексус-470 маркийн автомашинаа засуулсан, мөн 2000000 төгрөгөөр Эаас авсан Лексус-470 маркийн автомашинаа засуулсан. Би энэ мөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулаагүй, сайн машиныг хямд үнээр авч илүү гарсан мөнгөөр албан хэрэгцээнд ашиглаж байсан автомашинуудыг засуулж, үр ашигтай ажилласан гэж үзэж байгаа юм... гэх мэдүүлэг /4 хх-ийн 29-30/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манай Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2018 оны 04 дүгээр сард аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын автомашины шинэчлэлтэд зориулж 35,000,000 төгрөгийг аль болох Тамгын газрын үйл ажиллагааг явуулахад тохиромжтой автомашиныг худалдан авах боломжийг хангахад зорьж эрх шилжүүлсэн...аймаг, сумдын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд манайхаас эрх шилжүүлсэн 35,000,000 төгрөгөөр хууль журмын дагуу автомашиныг авах ёстой. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д нь хуурамч баримт бүрдүүлж хууль зөрчин үйл ажиллагаа явуулж хохирол учруулсан нь тогтоогдсон тул Ц.Д д холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх хариуцлага хүлээлгэж хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хохирлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дүнгээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 119-120 /,
Гэрч О.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Улсын төсвөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Баянхонгор аймгийн Баянговь, Баянхонгор сумдад тус 35,000,000 төгрөгийн эрх шилжиж ирсэн. Эрх шилжсэн бичиг ирээд төлөвлөгөөнд тусгаад Тамгын газарт автомашин авахаар шийдвэрлэсэн. Эрх шилжиж ирээд автомашин худалдан авах тендерийн ажил явуулах болсон...Ингээд 5 хоногийн хугацаанд байршуулаад аж ахуйн нэгж байгууллагаас үнийн санал ирүүлж оролцоогүй, удалдан авах ажиллагааны тухай хуулиа шууд гэрээ байгуулах талаар үнэлгээний хорооны гишүүд зөвлөлдөөд энэ талаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлснээр шууд гэрээ байгуулах ажил хийгдсэн. Гэрээг “Индранил Очир” ХХК-тай байгуулсан. Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг автомашин нийлүүлдэг, чанартай асуудал бага гаргадаг гэдэг утгаар 3 компани сонгож урилга хүргүүлсэн ...хүлээж авах ажлыг хэсэг байгуулагдаад Тамгын газрын жолооч нараас 2 хүн оруулж машиныг нь сайн үзүүлж харуулаад шалгуулаад акт үйлдээд нь авчихдаг юм. Одоогоор манай дээр чанарын шаардлага хангаагүй автомашин ирж байгаагүй болохоор энэ тал дээр гомдол санал гараагүй л байна..." гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 126-127 /,
Гэрч У.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай компани Голомт банкны 6105103776 тоот дансаар л энэ машины мөнгө гэж 35,000,000 төгрөг дамжсан. Манай компани уг авто машиныг нийлүүлсэн зүйл байхгүй. Манай компани дансаар аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн данснаас 35,000,000 төгрөг орж ирсэн тэр мөнгийг нь Мөнхбатаар гэх хүний данс руу шилжүүлсэн. Манайх тухайн машиныг аль нэг газраас худалдан аваад аймгийн Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн зүйл байхгүй. Манай дансаар 35,000,000 төгрөг орж гарснаас хойш 20 орчим эсхүл бараг сарын дараа ч байна уу над руу орон нутгийн өмчийн газраас билүү, худалдан авах ажиллагааны газраас байна уу манай эхнэрээр нэг Тамгын газрын хүн дамжуулж яриад гэрээн дээр гарын үсэг зурах шаардлагатай байна гэж хэлэхээр нь би гэрээтэй нь ч танилцаагүйгээр нэг бичиг дээр гарын үсэг зурчихсан. Тэр нь л энэ машин нийлүүлсэн гэдэг гэрээ байсан. Тухайн манай компаний дансаар шилжиж орж ирсэн 35,000,000 төгрөгийг ч би тухайн үед автомашины мөнгө төгрөг гэж ойлгоогүй байсан. Тухайн үед ямар утгатай мөнгө орж ирснийг банкны теллерээс би сайн асуугаагүй. Манай эхнэр Тамгын газраас мөнгө орж ирнэ гэдгийг хэлсэн байсан, М гэх хүний данс руу шилжүүлэн гэдгийг хэлсэн байсан...Миний гарын үсэг мөн байна. Намайг манай эхнэрээр дамжуулж холбогдоод Тамгын газар дээр дуудаж гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулж байсан...Манай эхнэр Ц.Д дарга хотод байгаа над руу яриад байна Тамгын газраас 25,000,000 төгрөг компани данс руу шилжүүлэн тэр мөнгийг нь М гэдэг хүний данс руу шилжүүлчих гээд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 132-133/,
Гэрч П.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... эгч П.Э нь над руу утсаар холбогдоод мөнгө гаргах гэсэн компанийн данс хэрэгтэй байна чи “Тайжийн овоо” компанийн дансны дугаараа явуулаач гээд гуйгаад байхаар нь би өөрийн компанийн нэр дээр байх Голомт банкны дансны дугаарыг явуулсан. Тэгээд уг дансанд 45,000,000 төгрөг орсон тэр мөнгийг буцаагаад эгч П.Эын Голомт банкны данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед П.Э эгч өөрийнхөө лексус 470 маркийн автомашинаа зарж байгаа юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 156 -157/
Гэрч И.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би өөрийн ХААН банкны дансны хуулга болон автомашин зарсан талаарх гар бичвэр тэмдэглэл зэргийг харахад 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр DWMGE25080333 арлын дугаартай 10 хүний суудалтай ниссан караван маркийн суудлын зориулалттай автомашиныг зарж борлуулсан байна...Дансны мэдээгээ харахад 12,500,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дансаар авсан байна харин өөрийн тэмдэглэлээс харахад 16,700,000 төгрөгөөр зарж борлуулсан ба үлдэгдэл мөнгийг дансаар бэлнээр яаж авснаа санахгүй байна. Ямар ч байсан тухайн автомашиныг 16,700,000 төгрөгөөр зарж борлуулсан байна. Би арилжааны бүх банкуудад данс эзэмшдэг. Автомашин худалдан борлуулсан мөнгө миний ХААН банкны ******* дугаарын дансанд ордог. Тухайн ниссан краван маркийн автомашины зарж борлуулсан мөнгө миний дээрх дугаарын дансаар л орсон байна....100,000 төгрөгөөр зөрүүлж хэлсэн байна. Би тэмдэглэлийн дэвтрээ харахад 16,600,000 төгрөгөөр зарсан байсан тийм учраас тэмдэглэлийн дэвтрийг тэр хэсгийг хуулбарлаад нотариатаар баталгаажуулж гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 159-160, 171-172/,
Гэрч С.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Ц.Д дарга дээрх байдлаар мэдүүлэг өгчхөөрэй гэж хэлсэн болохоор нь хэлсэн юм. Өмнө миний өгсөн мэдүүлэг буруу мэдүүлэг байгаа. Хууль сануулаад байхад худлаа мэдүүлэг өгсөн нь миний буруу. Тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сард би Улаанбаатар руу би ачааны машинтай хүнтэй явж Нарантуул зах дээрээс ачаа ачаад буцаад ирсэн. Араас Ц.Д дарга Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд данс руу чинь мөнгө орно, байгууллагад машин авах гэж байгаа өөрийнхөө дансыг өг гэж хэлсэн. Би өөрийнхөө ХААН банкны 5247117503 тоот дансыг өгсөн. Намайг хот руу ордог өдөр данс руу 35,000,000 төгрөг ороод ирсэн. Миний ХААН банкны картыг Ц.Д надаас авсан. Ц.Д, , бид 3 албанд авах машин гадуур хайж 22-н товчооны тэнд машин зардаг газар очоод ниссан караван машин үзээд , Ц.Д нар үнэ ханшийг нь ченжүүдтэй яриад яваад байсан. Би хамт л явснаас миний тухайд машин тэрэг сайн мэдэхгүй тул үнэ ханшийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 33,000,000 төгрөг гэж би өмнө мэдүүлсэн шиг тийм үнэтэй байгаагүй. Албаны машинаа тэгж үзэж яваад намайг Баянхонгор руу буцаад явсны ард машинаа авсан байсан. Би өөрийнхөө картыг Ц.Д д үлдээчихээд Баянхонгор аймаг руу буцаад явсан. Картынхаа пин код буюу нууц үгийг нь Дд хэлж үлдээж ашиглуулсан юм. Тэгэхээр миний картыг Ц.Д авч үлдсэн болохоор дээрх гүйлгээнүүдийг хийсэн байх. Ц.Д тухайн үед хувьдаа машин авсан. Жижиг суудлын авто машин авсан байсан. Тухайн авто машиныг Да хүрээ зах дээр очиж би харсан, улсын дугаар номерыг нь би сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-177/
Гэрч Ц.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2018 оны 07 дугаар сард цагаан өнгөтэй 2008 онд үйлдвэрлэгдсэн Тоёота филдер маркийн автомашиныг 9,100,000 төгрөгөөр зарж борлуулж байсан юм тэрний мөнгө л орж ирсэн санагдаж байна. Тухайн үед 2-3 хүн ирж үзээд авч байсан. Ямар ч байсан тоёота филдерийг зарж борлуулсан мөнгө болох 9.100.000 төгрөг миний дансанд орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 180-181 /
Гэрч П.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... гэсэн улсын дугаартай хар саарал өнгийн 470 маркийн хүүхдийн нэр дээр байсан авто машинаа Засаг даргын тамгын газарт 35,000,000 төгрөгөөр зарсан. 2018 оны 07 дугаар сарын сүүлээр 08 дугаар сарын үед зарсан санагдаж байна. Худалдаж аваад өөрийн төрсөн хүүхэд Б.Баянжаргалын нэр дээр шилжүүлж байсан юм. Автомашинаа зарах талаар тухайн үед ярьж байсан бөгөөд ойр тойрны хүмүүст зарах талаар хэлж байсан. Тэгтэл ЗДТГ-н жолооч гэх нэг залуу ирж машин сонирхоод үнэ ханш судлаад явсан.Тамгын газраас манай машиныг худалдаж авахдаа хувь хүнээс мөнгө шилжүүлж болохгүй заавал тамга, тэмдэгтэй аж ахуйн нэгж байх шаардлагатай гэж хэлээд байхаар нь би өөрийн төрсөн дүү П.Д гийн “Тайжийн овоо” ХХК-ийн дансыг дүүгээсээ аваад тухайн компанийн данс руу 45.100.000 төгрөг билүү тэр хавьцаа мөнгө шилжүүлж буцааж өөрийнхөө данс руу шилжүүлж авсан юм. Тэгээд Тамгын газраас яриад 10,100,000 төгрөгийг гаргаад өгчих, машинд засвар үйлчилгээ хийх гэсэн юм гэхээр нь би данснаасаа мөнгөө гаргаад 10,100,000 төгрөгийг бэлнээр манай машиныг анх үзэж сонирхсон жолоочид нь бэлнээр буцааж өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 182-183/
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “
... 10,000,000 төгрөг бэлнээр авсан. 07-43 дугаартай миний унаж байгаа Тамгын газрын албаны авто машины П.Эаас 10.000.000 төгрөг хямдруулж худалдаж аваад хэмнэсэн мөнгөөрөө Тамгын газрын улсын дугаартай лексус 470 маркийн авто машин болон миний албан хэрэгцээнд унаж байгаа улсын дугаартай 2 авто машины засвар үйлчилгээнд зарцуулсан юм. бид 2 нэг газар машинаа янзлуулсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 185-186/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Яг авто машины засварын зардлын ангилал гэж багахан мөнгө тавигдаж бөгөөд тэр нь бодит амьдрал дээр хаана ч хүрдэггүй, ер нь авто машинууд нь нэлээд хуучирсан албан үүрэг гүйцэтгэхэд нэлээд хүндрэлтэй энэ талын засварын зардал нь хаанаа ч хүрдэггүй учраас төсвийн ерөнхийлөн захирагч нь зохих байгууллагаас зөвшөөрлөө аваад зардлын нэг ангиллаас нөгөөд нь шилжүүлж зарцуулж асуудлаа шийдвэрлэдэг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 188 /
Гэрч С.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Ц.Д дарга өөрсдөө машин авах юм чинь гайгүй сайн машин авах хэрэгтэй байна. Танай компанийн данс руу мөнгө шилжүүлж гаргаад хувь хүнээс гайгүй машин авмаар байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлээд маргааш Ц.Д даргатай уулзаад гэрээ байгуулаад гарын үсэг зурчихаарай гэж хэлсэн. Үүний дагуу манай нөхөр тамгын газар дээр намайг хэлсний маргааш нь очиж гарын үсэг зураад, гэрээ байгуулсан. Худлаа гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ би нөхөртөө хэлсэн болохоор манай нөхөр зөвшөөрөөд очоод гарын үсэг зурчихсан. Тэгээд гэрээ холбогдох материалуудыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу явуулсан байсан. Тэрнээс хойш 7 орчим хоногийн дараа Хэрэг эрхлэх газраас 35,000,000 төгрөг ЗДТГ-н авто машины зардалд гэж орж ирсэн. Тухайн мөнгө нь Төрийн санд орж ирсэн даруйд манай компанийн данс руу шилжсэн. 7 сарын эхээр байсан. Дансны хуулга дээрээс цаг хугацаа нь тодорхой харагдана. Манай нөхрийн компанийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн. Ц.Д дарга над руу яриад би Улаанбаатар хотод машинаа авах гээд ирчихсэн байгаа, данс явуулъя, энэ данс руу мөнгөө бүгдийг нь шилжүүлээрэй гэж хэлсэн. Данс нь тухайн үед миний утсанд мессежээр ирж байсан. Манай нөхөр тэр даруйд Голомт банкин дээр очоод Ц.Дгийн явуулсан данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 190/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын .23-ны өдрийн № 433 дугаар шинжээчийн
... Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар ашиглагдаж байгаа улсын дугаартай цагаан өнгийн 2008 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Караван маркийн машины зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2018 оны 06 дугаар сарын зах зээлийн судалгааг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар тухайн тээврийн хэрэгслийн үнэ 20.000.000 төгрөг... гэх дүгнэлт /1 хх-ийн 197-202/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №199 дугаар шинжээчийн
...******* улсын дугаартай Тоёота Кролла Филдэр маркийн авто машины зах зээлийн ханшийг 2018 оны 06,07,08 дугаар сар болон 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үнэлэв. Авто машины нийт үнэ 2018 оны 06,07,08 дугаар сард 9,500,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 7,800,000 төгрөг... гэх дүгнэлт /1 хх-ийн 208-209 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 198 дугаар шинжээчийн
... улсын дугаартай Лексус 470 маркийн авто машины зах зээлийн нийт үнэ 2018 оны 06,07,08 дугаар сард 34,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 28,000,000 төгрөг ....гэх дүгнэлт /1 хх-ийн 217-220/,
- депозит дансны хуулгууд /2 хх-ийн 23, 39-46, 3хх-ийн 09-35, 3 хх-ийн 90-126, 139-140, 142-163 /,үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл / 2 хх-ийн 76/, Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж / 2 хх-ийн 77/, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол / 2 хх-ийн 85/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 3 хх-ийн 45-46, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3 хх-ийн 67/, албан тушаалт хөрөнгө орлогын мэдүүлэг / 3 хх-ийн 70-81/, тээврийн хэрэгслийн лавлагаа / 3 хх-ийн 130-137/, эмчлүүлэгчийн карт / 3 хх-ийн 223-233, 58-66/, иргэний үнэмлэхний лавлагаа /4 хх-ийн 32/,эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /4 хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 07 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах автомашин худалдан авах тендерийн хүрээнд 16.600.000 төгрөгөөр худалдан авсан Ниссан Караван маркийн ******* улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү болох 18.400.000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн ******* улсын дугаартай автомашин худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн 2018 оны 08 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчиж 35.110.000 төгрөгөөр худалдан авсан Лексус 470 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 45.110.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү 10.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Д, хохирогч байгууллагын төлөөлөгч нэхэмжпэгч Б.Гын / 1 хх-ийн 119-120 /, гэрч О.Эы / 1-р хх-ийн 126-127 /, гэрч У.Бын /1 хх-ийн 132-133 /, гэрч П.Дгийн /1 хх-ийн 156 -157/, гэрч И.Бийн /1 хх-ийн 159-160, 171-172 /, гэрч С.Мын /1 хх-ийн 176-177/, гэрч Ц.Пийн /1 хх-ийн 180-181 /, гэрч П.Эын /1 хх-ийн 182-183/, гэрч Б.Бийн /1 хх-ийн 185-186/,гэрч Б.Бийн /1 хх-ийн 188 /,гэрч С.Цгийн / хх-ийн 190-191/, Баянхонгор аймгийн “Энх нахиа ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн № 433 , 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №199 , 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 198 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /1 хх-ийн 197-202, 208-209, 217-220/ , П.Э, С.М нарын дансны хуулга / хх-ийн 140, 142/, Тайжийн овоо ХХК-ийн дансны мэдээлэл, / хх-ийн 139/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон , төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, хувийн байдал болон эрүүл мэндийн байдал, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан ба түүнийгээ нотолж шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн ХААН банкны тоот дансанд 18.540.304.00 төгрөгийг байршуулсан талаар орлогын мэдүүлэг, дансны хуулга болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналыг харгалзан тухайн зүйл ангид заасан нийтийн албанд томилогдох эрх хасаж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Д нь хувьд ногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд авто угаалга ажиллуулдаг, хувьдаа 274 толгой малтай талаар албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт болон хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн ба шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломж ба бодит байдал, түүний нотолсон баримтуудтай харьцуулан үнэлж шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Дгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн ба 17200000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Д.Энхбаатарын эзэмшлийн ...******* улсын дугаартай Тоёотоа Филдер маркийн машин...ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу автомашиныг үнэлсэн шинжээчийн зардал 300000 төгрөгийг шүүгдэгч Ц.Дгээс гаргуулж, Баянхонгор аймгийн” Энх нахиа “ ХХК-д олгов.
Шүүгдэгч Ц.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Дг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дд мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыш энэ өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Дгээс 17.200.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ...... Д.Энхбаатарын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёотоа Филдер маркийн машин...ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 -т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 300.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Дгээс гаруулж, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-д олгосугай.
10.Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА