Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 97

 

Ц.Г-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01271/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Х- дан овогт Ц-ын Г-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б- овогт С-гийн Э-д холбогдох

           Кран машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн   баталгааг   хүчин төгөлдөр бус  байх хэлцэлд  тооцуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй,  5.120.000 төгрөг  гаргуулах тухай”  сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, өмгөөлөгч Ё.Ринзаан нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нараас:

Б.Цогтбаатартай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ковш тракторыг нь 12 сая төгрөгөөр худалдан авахаар үнэ тохиролцож, энэ талаараа бичгээр хэлцэл хийсэн. Машины бичиг баримтыг нэр шилжүүлж солиулахад мөн Б.Цогтбаатар бид хоёр явж солиулсан ба намайг энд гарын үсгээ зур гэхээр нь би гарын үсгээ зураад явсан. Энэ хэлцэл тохиролцоог би Б.Цогтбаатартай хийж байна гэж ойлгоод явсан.  Гэтэл шүүхийн журмаар нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахад С-гийн Э- гэгч хүн гарын үсэг зурсан байх юм. Би С-гийн Э- гэдэг хүнийг танихгүй, хараагүй. Б.Цогтбаатарыг би өөрийнхөө гарын үсгийг зурсан л гэж бодсон. Гэтэл С.Э-ийн гарын үсгийг Б.Цогтбаатар зурсан юм байна. Хэлцлийг 1 хувь хийгээд өөрөө авсан болохоор тухайн үед С.Э- гэж хүний гарын үсгийг зурсан гэж мэдээгүй.

Би С.Э- гэж хүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй учраас түүнтэй хийсэн гэх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, краны эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Бичгийн хэлбэрээр хийсэн хэлцэл бол харилцан гарын үсэг зурснаар хэлцэл хийсэнд тооцно. Үүнийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан. Гэтэл С.Э- өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсгээ зураагүй учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

          Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан нараас:

Бид бүгд хоорондоо ярилцаж гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр. Би эхнэр С.Э-ийн өмнөөс гарын үсгээ зурсан нь хууль зөрчөөгүй гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, өмгөөлөгч Ё.Ринзаан нар сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 4 дүгээр сарын 27-нд Ц.Г- нь эхнэр С.Э-ээс 912 маркийн 20-58 УН улсын дугаартай ковшийг 7 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлбөрийг төлөхөөр тохиролцон авч явснаас хойш эвдрэл гэмтлийг өөрөө хариуцах, хугацаанд амжихгүй нөхцөлд өдрийн 80 000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө гэсэн Ц.Г-ийн баталгааны дагуу Г-оос 2016.04-27-ны өдрөөс 2016.07.01 хүртэл 64 хоногийн х 80 000 төгрөг = 5.120.000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Цогтбаатарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас:

Ковш машины баримт бичгийг Б.Цогтбаатар өөрийнхөө нэр дээр байсан гэдэг ч боловч өнөөдөр нотлох баримт авч ирэхдээ С.Э-ийн нэр дээрх баримтыг гаргаж байгаа тул тухайн үед ковш машин С.Э-ийн нэр дээр байсан эсэх нь эргэлзээтэй баримт байна гэж үзэж байна. Ковшийг аваад өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг машиныг ашиглаж ашиг олоогүй  тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар нэхэмжлэгч С.Г-, хариуцагч С.Э- нарын хооронд хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 30-36 ДАХ улсын дугаартай, ISUZU маркийн, NRR32L3000628 арлын дугаартай, ачааны краны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Э-д даалгаж, нэхэмжлэгч Ц.Г-оос 5.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ээс 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, өмгөөлөгч Ё.Ринзаан нар давж заалдсан гомдолдоо:

С.Э- шүүх хуралд оролцож хэлцэл хийгдсэн болохыг нотолсон Ц.Г-, Б.Цогтбаатарын хэлцэлд ковш ачигчийг ашигласны хөлсийг өдөрт 80.000 төгрөгөөр тооцож төлөхөөр Ц.Г- зөвшөөрсөн, уг ковшоор ажил гүйцэтгэх байсан, ашиг олж байсныг шүүх хуралд хариуцагч болон гэрч Г.Баясгалан, Б.Г- нар нотолж мэдүүлсээр байхад үнэлэлт дүгнэлт өгч дүгнэхгүйгээр хүчин төгөлдөр бус  хэлцэл гэж хялбарчлан сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Ц.Г- ковшийг 64  хоног ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжснийг шүүх зөв гэж дүгнэж, хариуцагчийг гомдоосон. Хариуцагч нэхэмжлэгчийн хэлцэлд худалдах худалдан авах, эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулга илэрхийлэгдсэн байхад зөвхөн худалдан авах гэрээ хийгдсэн уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх үзэж ковш хөлслөх тухай хэлцлийн агуулгыг орхигдуулж  ковш худалдан авахгүй бол ковшийг 64 хоног ашигласныхаа хөлсийг төлнө гэж Ц.Г- тохирсон байхад шүүх шийдвэрлэхгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт хийгээд хохирогчийн эрх ашиг, сонирхолыг орхигдуулсан болно. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэгтэйг заасан байхад Ц.Г-, С.Э-д мэдэгдэхгүйгээр өөрөөр хэлбэл хууль зөрчиж ковшийн моторт засвар хийсэн нь хууль зөрчөөгүй зөв, нотлогдсон гэж шүүх дүгнэсэн нь  хуульд нийцэхгүй учир дутагдалтай юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Г- хариуцагч С.Э- нарын хооронд хийгдсэн хэлцэл нь хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн  42 дугаар  зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Энэхүү хэлцлээр Б.Цогтбаатар нь С.Э-ийн өмчлөлийн 2058 УН улсын дугаартай “Ковш”-ийг Ц.Г-т худалдахаар өгсөн ч дагалдах баримт бичгийг буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Г-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байсан. Хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байхад хэлцлээр тохирсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосон нь үндэслэлтэй юм. Учир нь нэг гэр бүлийн гишүүд нэгнийхээ өмнөөс итгэмжлэлгүйгээр аливаа харилцаанд орж гэрээ хэлцэл хийж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.  Энэхүү ковшоор Ц.Г-  ажил хийж, ашиг орлого олоогүй, буцаагаад өгсөн. Өөрсдөө хариуцлагагүй үйлдэл хийж харин нэхэмжлэгчийг хохироосон. Тиймээс хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  Ц.Г-  хариуцагч  Б.Цогтбаатарт  холбогдуулан  30-36 ДАХ дугаартай “Исузу” кран машиныг  өөрийн нэр дээр шилжүүлэхээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилж, хариуцагч С.Э-тэй  байгуулсан   2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн  хэлцлийг  хүчин төгөлдөр бусд  тооцуулна гэжээ.

            Хариуцагч С.Э-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар нэхэмжлэгчид  холбогдуулан  хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсоноос  учирсан хохирол  5.120.000 төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэл  гаргажээ.

            Зохигчдын хооронд  үүссэн  маргааныг анхан шатны  шүүх  С.Э-ийн нөхөр Б.Цогтбаатар түүний нэрийн өмнөөс  гарын үсэг зурсан нь  Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.8-д  заасан  зөрчилтэй байх тул   хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцно, мөн хуулийн  56.5-д  зааснаар  хэлцэл хийсэн талууд  хэлцлээр шилжүүлсэн  зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул  С.Э-ийн өмчлөлд  шилжүүлсэн  ачааны кран машиныг  Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлж,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл  гэж үзэж  хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар нь  шүүхийн шийдвэрийн   сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон  хэсэгт  давж заалдах гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  Ц.Г-, С.Э- нар  20-58 УН дугаартай  ковшийг  худалдах худалдан авах гэрээ  байгуулж,  мөнгийг  2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөх, төлбөрийг төлж дуусах  хүртэл  хугацаанд  30-36 ДАХ дугаартай  ачааны кран машиныг  С.Э-ийн  нэр дээр  болгож,  хугацаандаа амжихгүй нөхцөлд   өдрийн 80.000 төгрөгөөр бодож   төлбөр төлөхөөр  тохиролцсон,

            Нэхэмжлэгч  Ц.Г-  гэрээний зүйл болох  ковш машиныг  Б.Цогтбаатарт   2016 оны 7 сард буцааж өгсөн,  Б.Цогтбаатар  эхнэр С.Э-ийн  нэр дээр    өмчлөлийг  шилжүүлж  авсан  кран машины  бичиг баримтыг  Ц.Г-ийн   нэр дээр  одоо хүртэл шилжүүлээгүй   байна.

            Ц.Г-  өгсөн авсанаа буцаахыг  хүссэн  шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргахад   хариуцагч  Б.Цогтбаатар   2016 оны 04 дүгээр сарын 27-ны  өдрийн  “баталгаа”  гэсэн С.Э-, Ц.Г-  нар гарын үсэг  зурсан хэлцлийг  нотлох баримтаар   ирүүлсэн,   Ц.Г- нь  “би  С.Э-  гэдэг хүнийг танихгүй, Б.Цогтбаатарыг  өөрийнхөө гарын үсгийг  зурсан гэж  бодсон,  гэтэл С.Э-ийн гарын үсгийг Б.Цогтбаатар  зурсан юм байна. Б.Цогтбаатар нь  “Бид бүгд хоорондоо  ярилцаж  гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр, эхнэр С.Э-ийн өмнөөс  гарын үсгээ зурсан нь хууль зөрчөөгүй”  гэжээ.

            Иргэний хуулийн  62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар  хэлцлийг  төлөөлөгчөөр  дамжуулан хийж  болно,  62 дугаар зүйлийн  62.3-т зааснаар  төлөөлөгчийн бүрэн эрх  хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.

            Б.Цогтбаатар   С.Э-ийг  төлөөлөх бүрэн эрх  хуулийн дагуу  олгогдоогүй байхад  бусадтай  хэлцэл хийсэн, түүнчлэн  С.Э-  хэлцэл байгуулахад   оролцоогүй байхад  түүний  нэрээр  хэлцэл хийсэн нь  Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.8-д  заасны дагуу  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцох үндэслэл болсон байна.  Шүүх  маргааны харилцааг   зөв  тодорхойлжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлагыг  зөвшөөрөхгүй  байгаа  тайлбар татгалзлаа  нотлох баримтаар  үгүйсгэж мэтгэлцээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

            Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд 2016 оны  04 дүгээр сарын 27-ны өдрийн   хэлцлээр  тохирсон  өдрийн 80.000 төгрөг,  64 хоногийн   5.120.000 төгрөг гаргуулахаар  шаардсан бөгөөд  тус хэлцлийг   хүчин төгөлдөр бусд тооцсон учир  хэлцлийн дагуу   5.120.000  төгрөгийг  Ц.Г-оор  төлүүлэх боломжгүй.

            Иргэний  хуульд зааснаар  хэлцлийг  хүчин төгөлдөр бусд  тооцсоноос  гарах  үр дагавар  буюу хэлцэл хийсэн талууд  нь  уг хэлцлээр  шилжүүлсэн  бүх зүйлээ  харилцан буцааж өгөх,  боломжгүй бол үнийг төлөх  үүрэгтэй.

            Өөрөөр хэлбэл  Ц.Г-   ковш машиныг    буцааж өгөх, С.Э- ачааны  кран машины  өмчлөлийг өөрчилж Ц.Г-ийн нэр дээр  болгох   ёстой юм.

            Хүчин төгөлдөр бус  хэлцэл хийсэн  буруутай этгээд  нь   бусдад учруулсан   хохирлыг нөхөн төлөх  бөгөөд  Ц.Г- буруутай этгээд биш  Б.Цогтбаатарын  буруугаас   хэлцэл хүчин  төгөлдөр бусд  тооцогджээ.

            Иймд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж  байна.

            Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн  шийдвэрийг   бүхэлд нь хянах явцад  нэхэмжлэгч Ц.Г-  нь  улсын тэмдэгтийн хураамжид 70.200, 137.000  төгрөг тус тус төлсөн байхад  зөвхөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 137.000 төгрөгийг шийдвэрлээгүй  орхигдуулжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар  нэхэмжлэл  бүрэн хангагдсан тохиолдолд  хариуцагчаар  нөхөн төлүүлэх  ба  Ц.Г-ийн  нэхэмжлэл   бүрэн хангагдсан  тул улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн   мөнгийг бүрэн  гаргуулах  хууль зүйн үндэслэлтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, өмгөөлөгч Ё.Ринзаан нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн  2 дахь заалтад,  “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70.200...”  гэснийг  “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  207.200 ...”  гэж,  “...С.Э-ээс  70.200...” гэснийг  “...С.Э-ээс  206.950  ...”  гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т  зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  96.870  төгрөг  төлсөнийг, төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА                

                                    ШҮҮГЧИД                                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ