Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

МАГАДЛАЛ

  2018      06        20                                                      26

  С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                 Н.Энхнаран                 

            Прокурор                                      Ч.Мөнхзул

            Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Энхтуяа

            Хохирогчийн өмгөөлөгч               Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн 1821000560070 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт С-н М, 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, багш-дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт  Дорнод аймгийн сумын багийн гэх газар оршин суух, ял шийтгэлгүй.

С.М нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг “Амтад” гэх газраас хохирогч Ч.Э-н нэг үхрийг хулгайлж 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч С.М-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г нэг жил хорих ялаар шийтгэн;

2/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-н цагдан хоригдсон хоёр хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож;

4/Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж;

5/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:

“Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн буюу бүр илүү төлж барагдуулсан, мөн хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй тохиолдолд ялын бодлогын хувьд шинэ Эрүүгийн хуулийн бодлого чиглэлд нийцүүлж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх бүрэн боломжтой байсан. Шүүх хорих ял биечлэн эдлүүлэх болсон нөхцөл байдлыг нэгдүгээрт, хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь шүүгдэгч гэм буруугаа ойлгож, гэмшиж байна гэж үзэхэд учир дутагдалтай гэж, хоёрдугаарт, шүүхийн дуудсан цагт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан байдлыг түүний хувийн байдалд хамааруулан үзнэ гэж дүгнэжээ.  

Энэ хэргийн хувьд хоног хугацааны байдлаас хамааран хохирогч шүүгдэгчийн мэдүүлэг зөрөөтэй байх боломжтой. Хохирогч “2018 оны 01 сарын 07-нд үхрээ услаад гаргасан, 9-нд үхрээ хураахад 7 үхэр байхгүй байсан, 10-нд цагдаагийн газарт 7 үхэр алдсан гэж тэмдэглүүлсэн, 11-нд ч юм уу 6 үхэр нь ирсэн, 1 үхэр нь байхгүй байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч “1 сарын 9-нд л байх үхрийг махалсан, манай худгийн зүүн талд 3-4 хоносон” гэж мэдүүлсэн. Үүнээс үзвэл уг үхэр 3-4 хоног баттай байхгүй, эзэн нь олоогүй ба энэ хугацаанд шүүгдэгч ажиглаад байсан байх магадлалтай байна. Нөгөө нэг зөрүү нь уг үхрийг шүүгдэгч болохоор буруу талын хойд хөл нь доголсон, гэмтсэн байсан гэдэг, харин хохирогч болохоор зүгээр байсан гэдэг. Хохирогчийн мэдүүлэг нь 7-нд уг үхэр зүгээр байсныг л нотлох чадвартай. Цаашид юу болсныг нотолж чадахгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг үнэн эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж үзээгүй байтал шүүх түүнийг худал ярьж байна гэж үзсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болсон.

 Шүүхийн дуудсан цагт ирээгүй нь үнэн байдаг. Гэвч шүүхийг үл хүндэтгэсэндээ биш, малын эрэлд явчихаад дутуу хаяж чадахааргүй хол явчихсан байсан учир хөөцөлдөж явсаар ирж амжаагүй гэдэг. Үүгээр шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход дэндүү учир дутагдалтай.

Иймд дээрх нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж хорих ял биечлэн эдлүүлэх шийдвэрийг хөнгөрүүлэн, тэнсэж өгнө үү” гэжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ч.Э нь шүүгдэгч С.М-тэй хөрш айлууд бөгөөд түүнийг уучилсан. С.М нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн болон түүний гэрийн байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.М-н үйлдсэн хэрэг нотлогдсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэгт  тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. С.М нь хувийн байдлын хувьд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч С.М нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг “Амтад” гэх газраас хохирогч Ч.Э-н нэг үхрийг хулгайлж, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ч.Э-н мэдүүлэг, гэрч Ч.Э-н мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн нь шүүгчид эрх олгосон хэм хэмжээ бөгөөд заавал хэрэглэхийг үүрэг болгосон буюу шаардсан агуулгагүй байна. Иймд анхан шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.М-н 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                             Ж.ДОЛГОРМАА

                                   ШҮҮГЧИД                                 З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                                     Л.НАРАНБАЯР