Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/089

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Сид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000055 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх Н.Аийн гэрт агсан согтуу тавьж улмаар С.Тын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь цээжинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Сийн мөрдөн байцаалтад өгсөн

 .... Архи ууж нилээн согтуу байсан болохоор хэрэг хийсэн. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зүйл байхгүй. С.Тын зүгээс намайг цохьсон биед халдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 67/

 Хохирогч С.Тын мөрдөн байцаалтанд өгсөн

...С.С хүүхдийн даахинд хүрчихээд 3-4 рунк архи уучихаад надад хандаж хоёулаа гадуур явчихаад ирье гэхээр нь түүнтэй цуг явсан. С.С бид хоёр миний мотоцикльтой явсан. Бид хоёр хадмынхаас гараад хэдэн айлуудаар ороод явж байхад С.С архи уугаад байсан би болохоор архи огт уугаагүй. Тэгээд 17 цаг өнгөрч байхад буцаад хадмын гэр лүү очсон. Бие засчихаад гэр лүү орох гээд явж байсан чинь Н.А урдаас гүйж ирээд дотор С.С хутга барьсан дайраад байна гэхээр нь гэр лүү ороход С.С гартаа хутга барьсан баруун талын орны урд зогсож байсан. Харин гэр дотор байсан хүмүүс нөгөө буюу зүүн талын орны тэнд зогсож байхаар нь би очоод хутгаа өгчих боль яагаад байгаа гэсэн чинь эхлээд хутганы ишээр миний цээжин тус газарт хэд хэдэн удаа цохиж авахаар нь хутгыг нь авах гээд гарыг нь бариад ноцолдож эхэлсэн чинь зүүн талын цээжин тус газарт 1 удаа хутгалсан Н.А, ******* гэх бандитай цуг С.С дээр очоод гарт нь байсан хутгыг ноцолдож байгаад авсан. Согтуудаа хутгалсан байх. Н.А хэлэхдээ намайг нойл явсан хойгуур С.С чиний мотоциклийг унаад явна гэхээр нь түлхүүрийг нь өгөөгүй тэгсэн мотоциклио харамласан гээд хутга аваад агсарч эхэлсэн гэсэн. Шинжээч эмчид үзүүлсэн хутгалуулсан хэсэг нь шархтай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13/,

 Гэрч Н.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

 ...С.С нь С.Тын мотоциклийг гуйгаад хоёр айлаар орчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь согтуу байсан учир түүнд мотоциклийн түлхүүрийг өгөөгүй С.С та нар мотоциклио харамллаа гээд аяганы шүүгээнд байсан хутгыг аваад агсарч эхлэхээр нь гэрээс гараад нойлоос ирж байсан С.Т руу С.Сийг хутга барьсан байна салгаад өгөөч гэж хэлсэн чинь тэр гэрлүү надтай цуг орсон. Тэгээд С.Т нь С. Сийн гарт нь барьсан хутгыг авах гээд дөхөөд очсон чинь ноцолдоод янз бүр болоод байж байснаа 1 удаа хутгаар С.Тын цээж рүү нь дүрээд авсан. Тэгээд С.Тын цээжнээс цус гараад тэр хойшоо болохоор би ******* гэх бандитай С.Сид дөхөж очоод гарт нь байсан хутгыг ноцолдож байгаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаар шинжээчийн

1.С.Тын биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацааанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр , тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 61-62/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоодл, тэмдэглэл / хх-ийн 04-06/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 33/, /, депозит дансны хуулгууд /хх-ийн 36-39/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 42/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх Н.Аийн гэрт агсан согтуу тавьж улмаар С.Тын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Сийн... архи ууж нилээн согтуу байсан болохоор хэрэг хийсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 67/

Хохирогч С.Тын... С.С гартаа хутга барьсан баруун талын орны урд зогсож байхаар нь би очоод хутгаа өгчих гэсэн чинь эхлээд хутганы ишээр миний цээжин тус газарт хэд хэдэн удаа цохиж авахаар нь хутгыг нь авах гээд гарыг нь бариад ноцолдож эхэлсэн чинь зүүн талын цээжин тус газарт 1 удаа хутгалсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 11-13/,

Гэрч Н.Аийн... С.Т нь С.Сийн гарт нь барьсан хутгыг авах гээд дөхөөд очсон чинь ноцолдоод янз бүр болоод байж байснаа 1 удаа хутгаар С.Тын цээж рүү нь дүрээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай ...С.Тын биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон шүүгдэгч С.С нь хохирогч С.Тын цээжинд хутгалсан үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч С.С нь хохирогч С.Тын цээжинд хутгалсан үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 30-31/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шүүгдэгч С.Сийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч С.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч С.Т нь С.Сийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 386000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч С.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Сид тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Сийн эзэмшлийн “...Нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч С.Сид буцаан олгож, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн Stainless steel japan хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч С.Сид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Сид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4. Шүүгдэгч С.Сид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг       хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн Stainless steel japan хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Сийн эзэмшлийн “...Нокиа маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч С.Сид буцаан олгосугай,

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА