Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга:                                        Б.Н

Иргэдийн төлөөлөгч:                                           Н.Д

Улсын яллагч:                                                      Б.Б

Арван найман насанд хүрээгүй гэрч                 Г.С

Хууль ёсны төлөөлөгч                                        С.Д

Хохирогч:                                                             Ч.У

Хохирогчийн өмгөөлөгч:                                     Ж.Ц                                                     

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                     Л.Г

Шүүгдэгч:                                                              Г.Н нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн 2104000000010 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн ...... тоот хашаанд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Г-ийн Н /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 21:00-22:00 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 14 тоотод өөрийн гэртээ Ч.У-ыг “6 настай дүү маань ганцааранг нь үлдээж, уйлууллаа” гэх шалтгаанаар Ч.У-ын нүүрэн тус газарт нь  гараараа алгадах, галын дэгээ төмрөөр нуруу болон толгойн тус газарт цохиж, цээжний баруун доод хэсэгт хутгаар нэг удаа хатгасны улмаас хохирогчийн биед цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 14-нд гэртээ дүүтэйгээ байж байхад Н утасдаад “Ч-нд уулзъя” гээд уулзахаар болоод би дүүгээ дагуулаад очсон. Тэгээд тэнд хамт ууж идээд байж байтал У, Н хоёр хонох газар байхгүй гэхээр нь тус болох үүднээс “манайд хоно” гээд тэр хоёрыг гэр лүүгээ дагуулаад явсан. Тэгээд гэрт орж ирээд байж байтал Н утсаа алга болгочихлоо гээд эргээд Ч эгчийнх рүү явахаар болоод би Н-тай яваад ирье гээд дүүгээ У-т “дүүг маань сайн харж байгаарай, ганцааранг нь орхиж болохгүй шүү” гэж учирлаж хэлээд гарсан. Тэгээд явчихаад ирэхэд У хашааны гадаа унтаж байсан.  Н “хоёулаа босгоё” гэхээр нь “би наадахыг чинь босгож чадахгүй, би дүү рүүгээ явлаа” гээд гэр рүүгээ гүйж ороод дүүгээ авахад дүү маань гэртээ ганцаараа уйлсан байсан. Тэгээд У-ыг орж ирэхээр нь уурандаа галын дэгээ төмрөөр зодсон, алгадаагүй. Тэгэхэд намайг түлхэж унагаад, тэгээд тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Би уурлахаараа юу хийж байгаагаа мэдэхгүй болдог.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ч.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 01 дүгээр сарын 14-нд гадуур явж байгаад Н-тай таараад ганц нэг пиво ууя гэж ярьсан. Тэгээд таньдаг ах болох Э ахыгаа дуудаж Н-ын танил эгч Ч-д хүргүүлсэн. Тэнд очихдоо 2,5 литрийн 3 том пиво аваад очсон ба тэднийд 2 дахь пивоо ууж байхад гаднаас Н гэдэг хүн орж ирсэн. Би Н-г урьд нь огт таньдаггүй байсан, найз нөхдийн холбоо байгаагүй. Пивоо ууж дуусаад Н бид хоёр Ч эгчийнхээс гараад явах гэж байхад Н “манайд ороод гар” гэхээр нь гэрт нь очсон. Миний нэг утас байхгүй байхаар  нь асуусан чинь Ч эгчийнд үлдээсэн байна гээд Н, Н нар яваад ирье гэсэн. Тэгээд Н намайг “манай дүүг хараад байж бай” гэж хэлээд гарсан. Тэгээд 20-иод минут болоод би гарч бие засч байхад энэ хоёр хашаагаар орж ирээд “манай дүү хаана байна” гэхээр нь “Танай дүү гэртээ байгаа” гэсэн чинь “яагаад чи манай дүүг ганцааранг нь хаяад гарсан юм бэ, ганцаараа айж ичээд уйлаад бөөн юм болж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “уйлаагүй, ороод хар, би дүүг чинь айлгаж ичээгээгүй” гэсэн. Гэрт нь ороход “чи манай дүүг уйлууллаа” гээд намайг алгадаад галын дэгээ төмрөөр толгой руу цохиход толгой манарсан, нилээн бүдүүн дэгээ төмөр байсан. Тэгээд доошоо хэвтсэн. Ажлын зузаан нормын хувцастай байсан чинь дээрээс нүдсэн. Н салгах гээд хажуунаас “боль хүн аллаа” гэсэн чинь “найзыгаа өмөөрөөд байгаа юм уу” гээд Н-ыг хажуу талын орон дээр дэгээ төмрөөр боож унагаагаад дээр нь гараад төмрөөрөө боож багалзуурдаад, төмрөөрөө нилээн хэд цохьсон. Дээр нь гарч суучихаад “ална, гүйцээнэ” гээд байхаар нь би хэвтэж байгаад босч ирээд баруун гараараа хойш нь татахад “чи яахаараа хүн салгадаг юм” гэсэн. Н-ыг хэвтээд байхаар нь би босгох гээд сэгсэрсэн чинь Н ухаан алдсан байсан. Н миний урд зогсож байгаад Н-ыг босгох гээд тонгойтол араас давж ирээд араас хутгалсан. Тэгээд би ар талаа тэмтрээд үзтэл нойт оргиод цус гарч байсан, ба урагшаа харсан чинь Н баруун гартаа хутга бариад зогсож байсан. Би “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд “харин тийм би чамайг хутгалчихлаа” гэсэн. Би Н-г түлхэж унагаад гараад гүйхэд хаалган дээр цуг гарч ирээд “би чамайг ална, гүйцээнэ” гээд ямар ч ухаан байхгүй дайраад байсан. Хаалгыг гаднаас нь дарж зогсож байгаад хашаанаас гараад 200 метр яваад ухаан алдаад нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан. Хутгалаад түргэн тусламж дуудаад даруйхан арга хэмжээ авсан бол миний бие тэгж дордохгүй байсан байх.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Н-г буруутай гэж үзэж байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-р хуудас/,

Г.Н-н согтуурлын зэргийг шалгасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16, 17-р хуудас/,

 Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Ү.Н-ын мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28, 32-р хуудас/,

 Ч.У-ийн мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Ч.Ч-ийн мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09шэ/041 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-58-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 599 дугаартай: дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 600 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/,

Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 01 дугаартай: “1. Г.Н нь Сэтгэцийн хувьд одоогоор эоүүл байна. 2. Г.Н нь одоогоор болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 244-р хуудас/,

Шүүгдэгч Г.Н-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 123-127-р хуудас/,

Хохирогчид хохирол болох 3 500 000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 138, 219, 254-р хуудас/,

Г.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 14 тоотод өөрийн гэртээ Ч.У-ыг “Зургаан настай дүүг маань ганцааранг нь үлдээж, уйлууллаа” гэх шалтгаанаар Ч.У-ын нүүрэн тус газарт нь  гараараа алгадах, галын дэгээ төмрөөр нуруу болон толгойн тус газарт цохиж, цээжний баруун доод хэсэгт хутгаар нэг удаа хатгасны улмаас хохирогчийн биед цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж бусдын бие махбодид ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй бие организмын жам ёсны байдлыг нь алдагдуулж, амь биед аюултай гэмтлүүд, уршигт үлдэц бүхий гэмтлүүд, энгийн хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулсан гэмтлүүдийг үүсгэж буй үйлдлээр илэрнэ.

Хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд учирсан цээжний хөндий, баруун уушгины доод дэлбэн хатгагдсан шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Н-н хохирогчийн цээжний баруун доод хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 цаг 35 минутад тэмдэглэсэн: “Багануур дүүргийн 1-р хороо Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай тусламжийн тасагт хүнд хутгалуулсан хүн ирж эмчлүүлж байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-р хуудас/,

 - Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Н-н гэрт дөнгөж орж ирээд байж байтал би Чука эгчийд утсаа үлдээсэн байснаа мэдээд “яваад утсаа аваад ирье” гэж хэлэхэд Н “Н бид 2 явчихаад ирье” гэхэд Н хажуугаас нь “бид 2 яваад ирье. Чи миний дүүг харж бай” гээд тэр 2 гараад явсан. Гарч явсаных нь дараа дүүг нь харж байхад шээс хүрээд байсан тул гарч бие засаж байтал Н, Н нарын хоолой хашааны гадаа сонсогдож байсан. ...гэр рүү орсон чинь Н “чи миний дүүг ганцааранг нь үлдээж уйлууллаа” гэж хэлсэн. “дүүг чинь харж байгаад шээс хүрээд бие засчихаад орж ирж байна” гэхэд эхлээд миний зүүн талын хацар хэсэгт алгадаад галын дэгээ төмөр аваад миний нуруу хэсэг рүү 4-5 удаа, толгойны орой хэсэгт 1 цохьсон. Би манараад доошоо хараад хэвтсэн байсан. Н тэр үед Н голоор ороод “одоо болиоч” гэхэд “чи энэ залуугаа өмөөрч байна” гээд Н-ыг намайг цохьсон дэгээ төмрөөр цохьсон. Тэгээд би босоод “чи одоо хэтэрлээ” гэж хэлсэн. Тэгэхэд Н-ын дээр Н гараад галын дэгээ төмрөөр хоолойг нь шахаад байж байхад нь би Н-ийн зүүн талын мөрөн дээрээс нь татаад хойшоо унагаад Н-ыг босгох гээд очтол Н ухаангүй байсан. Тэгээд ухаан оруулах гээд тонгойгоод Н-ыг сэгсрээд байж байтал нуруу руу ямар нэг юмаар цохиж байгаа юм шиг мэдрэгдсэн. Тэгээд хойшоо хартал хүн байхгүй урагшаа хартал Н баруун гартаа хутганыхаа ишнээс барьсан, үзүүр хэсэг нь доошоо харсан байрлалтай байхаар нь “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд “тийм, би чамайг хутгалсан” гэж Н хэлсэн. Би курткинийхээ цахилгааныг татаад эргэж хараад хаалгыг нь өшиглөж гараад гадна талаас нь хаалгыг нь дараад зогссон чинь “би чамайг ална” гээд орилоод байсан. Тэгээд арай гайгүй орилохоо болихоор нь хашааны хаалга руу гүйж гараад гудамжаар нь эргээд л унах шиг болсон тэгээд би юу ч санахгүй байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Ү.Н-ын мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим У бид 2-ыг Э гээд ууганбаатарын ажлын газрын ах Ч эгчийнд хүргэж өгсөн. Гаднаас удалгүй Н орж ирсэн. 22 цагийн үед авчирсан пивоо ууж дуусаад байж байхад У бид 2-ыг “манайд хоноод яв” гэж Н хэлсэн. Бид 4 Г.Н-д очсон. Гэрт нь очоод байж байхад У “би утсаа Ч эгчийнд орхисон байна” гэхээр нь утсыг нь авахаар Н бид 2 хамт гарсан. Н гарахаасаа өмнө Ч.У-т “миний дүүг харж байгаарай, бид хоёр явчихаад ирье” гэж хэлсэн. Ч эгчийнд цэнэглээд тавьсан байсан утсыг аваад буцаад Н-ийн гэр рүү явж байтал хашааных нь үүдэнд Ууганбаатар хэвтэж байсан. Юу хийж байгаа юм бэ гэхэд “бүдрээд уначихлаа” гэж байсан. Ууганбаатарыг дагуулаад гэрт ороход Номин “6 настай дүүг минь ганцааранг нь үлдээлээ” гэж уурлаад галын дэгээ төмрөөр У-ыг 7-8 удаа цохисон. Намайг “болиоч” гэхэд “чи энэ залуугаа өмөөрөөд над руу уураллаа” гэж хэлээд зүүн гараараа миний үснээс зулгааж, доош дарж байгаад толгой хэсэг рүү галын дэгээ төмөрөөр 3-4 удаа цохисон. ...Би манараад нэг хэсэг юу ч санахгүй байсан. Ямар ч байсан ухаан балартсан. У-ыг гэрийн баруун талын орны урд зогсож байхад нь Н гэрийнхээ зүүн урд талын шүүгээнээс хутга аваад дайрахад нь гэрийн нь баруун талын орон дээр нь арай гэж дарж хэвтүүлээд хутгыг нь орных нь урд тал руу унагаасан. Н “би чиний найзыг хутгалчихсан” гэж хэлж байсан, тухайн үед би итгээгүй. Цагдаа ирэхэд У-ыг хутгалуулсан гэж мэдсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 32-р хуудас/,

 - Ч.У-ийн мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-нд 22 цаг өнгөрч байхад ах залгаад “ах нь хутгалуулчихлаа, Нарийны ойр хавьд байгаа юм шиг байна” гэж хэлсэн. ...өдөр Э ах хамт явж байсан болохоор “ах хаана байна” гэж асуухад Э ах багш нарын хорооллын ойролцоо буулгасан гэхээр нь такси бариад “багш нарын хороолол явъя” гээд явж байтал “Жижиг дунд үйлдвэр”-ийн ертөнцийн зүгээр зүүн урд талд шороон зам дээр хэвтэж байсан. Намайг машинаас буугаад очиход У ах зүүн талаараа хэвтсэн, холоос мөлхсөн юм шиг өмд нь битүү цас болчихсон байсан ба өмсөж явсан хувцасыг нь сөхөж үзэхэд ууцных нь орчимд ангайсан шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

- Ч.Ч-н мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 18:00 цагийн орчимд Ү.Н Ч.У-ын хамт ирсэн, 10 орчим минутын дараа Г.Н дүүгийнхээ хамт ирсэн. Ү.Н 2.5 литрийн 4 сав пиво авч ирснийг бид уусан. 22:00 цагийн үед Г.Н-н гэр рүү Г.Н, Ү.Н, Ч.У нар явсан. Удалгүй Н, Н хоёр орж ирээд утсаа мартсан байна гээд аваад гарсан. Тэгээд 20 орчим минутын дараа Г.Н “Ч эгчээ би хүн хутгалчихлаа” гэхээр нь худлаа яриад бай гэхэд “нээрээ, та миний гарыг хар л даа” гээд гараа харуулахад баруун гарын долоовор хуруун дээр нь жаахан цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09шэ/041 дугаартай: “1. Ч.У-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушигны доод дэлбэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-58-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 599 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн саарал эрээн өмдөнд гогодолт хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр гарсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь олон тооны шинжээр тодорхойлогдох бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тухайн гэмтлийг тогтооно.

Хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09шэ/041 дугаартай: “1. Ч.У-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушигны доод дэлбэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-58-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Г.Н-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч Г.Н-н гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх шинжтэй болох нь:

- Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...урагшаа хартал Н баруун гартаа хутганыхаа ишнээс барьсан, үзүүр хэсэг нь доошоо харсан байрлалтай байхаар нь “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд “тийм, би чамайг хутгалсан” гэж Н хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

- Ү.Н-ын мөрдөн шалган ажиллагаанд гэрчээр өгсөн “...Н гэрийнхээ зүүн урд талын шүүгээнээс хутга аваад дайрахад нь...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

- 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолын “Үзлэгээр хэргийн газраас хурааж авсан ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг 11 см урттай, хүрэн өнгйн иштэй хутга” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61-р хуудас/-ээр тогтоогдож байх тул дээрх хутгыг шүүх бүрэлдэхүүн “зэвсэг” гэж дүгнэв.

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ “Буруутай гэж үзэж байна.” гэжээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шийдвэр гаргахдаа улсын яллагчийн яллах дүгнэлт болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Г.Н-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр зэвсэг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09шэ/041 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

              Г.Н-н хууль зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

              Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь Ч.У-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг /хх-ийн 138-р хуудас/, 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 1,500,000 төгрөг /хх-ийн 219-р хуудас/, 2021 оны 4 дүгээр  сарын 19-ний өдөр 500,000 төгрөг /хх-ийн 254-р хуудас/, нийт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийг хохирогч Ч.У-т төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

              Шүүх хуралдаанд хохирогч нь “цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна” гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдох нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.      

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Н-г хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/-н жилийн хугацааграар хорих ял оногдуулах, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр улсын яллагчтай санал нэг байгаа, зэвсгийн чанартай зүйл ашиглаж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй учраас хохирлын асуудал яригдана. Хохирогч талаас ямар асуудал үүсч байна гэхээр цаашид дэхин эмчилгээ хийлгэ, уушгаа цэвэрлүүлэх шаардлагатай байгаа.  Ирээдүйд гарах зардлыг жич нэхэмжлэнэ, одоогоор гарсан бодит хохирлыг төлөгдсөн гэж үзэж байна. Ийм учраас гэм буруутайд тооцоод цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөөч. ...Миний хувьд ял шийтгэлтэй холбогдуулаад ганц нэг зүйл хэлье гэж бодож байна. Энэ охин их азтай байна. Яагаад гэхээр энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хутга ахуйн чанартай, байнга хэрэглэдэг хутга учраас ир сайн байх байлгүй. Гэхдээ хохирогч өөрөө өвлийн зузаан хувцастай байсан нь амь насыг нь аврах нөхцөл шалтгаан болсон байна гэж үзэж байна. Залуу охин байна, энэ танхимд өөртөө дүгнэлт хийж авах хэрэгтэй. Өмгөөлөгчийн ёс зүй гэж байдаг, тийм учраас заавал хүнд ял оноож өгөөч гээд дайраад байх ёс зүй байхгүй. Тийм учраас нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгдэгчид зохих хэмжээний ял оногдуулах байх гэж бодож байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч Г.Н-н өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Н-н гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, шүүгдэгч гэм буруутай үйлдэл гаргасан байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүнсний 10,000 төгрөгийг хасаад 3,500,000 төгрөгийг төлсөн байгаа ийм учраас бодит хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Цаашид гарах төлбөрийг эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд аль ч хуулиар бүрэн нэхэмжлээд явах боломжтой, ийм учраас хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж өгнө үү. ...Тухайн өдөр Н дүүгээ хараад явж байсан аав, ээж нь самарт яваад дүүг нь Н-д хариуцуулаад явдаг дүүгээ маш сайн хардаг хүүхэд байгаа. Анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байдаггүй. Зан араншингийн хувьд огцом ууралдаг дээр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлсөн байх. Гэхдээ миний үйлдлээс болж хор уршиг учирсан гэдгээ хэлдэг. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, анх удаагаа тохиолдлын чанартайгаар хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ. Санхүүгийн эх үүсвэр байхгүй гэдэг нь үнэн, энэ хүүхэд оюутан. Гэм буруугаа бүрэн ойлгож анхнаасаа мэдэж байгаа зүйлээ бүгдийг ярьсан, энэ бол хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдгийг дурдах ёстой. Эдгээр нөхцөл байдлуулдыг харгалзаж үзээд тохирох ялыг оногдуулах байх, хохирогч залуу хүн байна биеийн байдал сайжрах байх. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нилээн эмчилгээ хийлгээд гарсан байна гэж харсан. Цаашид эмчилгээ хийлгээд явахад шүүгдэгчийн зүгээс гарах зардлыг төлж барагдуулна гэж байгаа. Иймд Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүйгээр ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж санал гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, согтуурлын зэрэг шалгасан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72, 73-р хуудас/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 74, 75-р хуудас/-ээр тогтоож байх ба энэ нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын төлбөрийг төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад оногдуулах хорих ялын хэмжээг таван жилээс арван хоёр жилийн хугацаагаар тогтоож хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 5 /тав/-н жилийн гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан ба дээрх хугацааг улсын яллагч нь буруу тооцсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан ба таван жилийн гуравны хоёртой тэнцэх хугацаа нь гурван жил дөрвөн сарын хугацаа байна.

Иймд шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Н-н шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, сурч боловсордог болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүйгээр буюу 3 /гурав/-н жил 5 /тав/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н-н хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 11-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 11 см урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Г-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овгийн Г-н Н-д 3 /гурав/-н жил 5 /тав/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н-д оногдуулсан 3 /гурав/-н жил 5 /тав/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийг хохирогч Ч.Ууганбаатарт төлсөн болохыг баталж, хохирогч Ч.У нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 15 см урттай, бариул хэсэг нь 11 см урттай,  нийт 26 см урттай  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Г.Н-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА

                                                      ШҮҮГЧ                                      А.БЯМБАЖАВ          

                   ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН