Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга:                Б.Н

Улсын яллагч:                                  Н.Э

Шүүгдэгч:                                          Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000042 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, “Багануур тохижилт” ОНӨҮГ-т үйлчлэгч ажилтай, ам бүл 6, 4 хүүхэд, ахын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн ......... тоотод оршин суух,

Урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 мөн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Б-н Б /РД:СЧ72060362/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-2” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талын засмал зам дээр байх хурд сааруулагчийн урд хэсгийн зам дээрээс Г.Н-н гээгдүүлсэн “Редим, Нөүт-8 про” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 464,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 23-р хуудас/,

Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21-49 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,  

Үүрэн телефоны “Юнител” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 37-р хуудас/,

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 08-09-р хуудас/

2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “ар тал нь номин ногоон өнгөтэй, босоо байрлалтай 3 ширхэг камертай, камерийн доод хэсэгт босоо байдлаар 64MP, AI SUPER CAMERA гэх цагаан өнгийн бичиглэлтэй, ард талын доод хэсэгт босоо байдлаар Redmi гэх цагаан өнгийн бичиглэлтэй, ар тал болон дэлгэц нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, сэв зураасгүй “Redmi Note 8 Pro” загварын гар утас 1 ширхэг, тус утасны гадуур байсан бор туяатай тунгалаг өнгөтэй кэйс 1 ширхэгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Н-д хүлээлгэн өгөв” гэжээ. /хх 14-р хуудас/

            Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 60-79-р хуудас/,

Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-2” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талын зам дээр байх хурд сааруулагчийн урд хэсгийн зам дээрээс Г.Н-ын гээгдүүлсэн “Редим, Нөүт-8 про” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 464,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

  “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 3 дугаар сарын 21-ний 10:00-11:00 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хорихын гараашаас юм авчихаад, машинтайгаа “Гэрэл” худалдааны төв рүү явсан. “Гэрэл худалдааны төвөөс гарч ирээд гар утсаа ашиглах гэхэд утас байхгүй байсан. Тэгээд би гараашны хаалга хааж байхдаа гар утсаа унагааснаа мэдээд утас руугаа залгахад дуудаж байсан ба намайг буцааж гараашны гадна ирэхэд холбогдох боломжгүй болсон. Тухайн үед би өөр газраар яваагүй. Би утсаа 2020 оны 4 дүгээр сарын 03-нд “Тэди” төвөөс 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утас ямар нэгэн гэмтэлгүй, номин ногоон өнгөтэй, 2 сим карт уншдаг утас байсан. Одоо гар утсаа би 480,000 төгрөгөөр үнэлж байна. Гар утсаа гээгдүүлсний маргааш буюу 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд миний фэйсбүүк хаягт “Редми Нөүт-8 про” загварын гар утсаар нэвтэрч байна гэх мэдээлэл ирсэн. Олсон хүн нь ашигласан байх магадлалтай. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23-р хуудас/,

- Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр ээж над руу утсаар яриад, цайны цагаараа гэрт ирсэн. Ингээд надад “Редми Нөүт-8 про” загварын гар утас өгч “энийг барь, оронд нь би чиний утсыг авъяа” гэж хэлсэн. Би тэр утсыг аваад оронд нь өөрийнхөө барьж байсан “Самсунг” загварын утсаа өгсөн. Би ээжээс авсан “Редми Нөүт-8 про” загварын гар утсанд өөрийн 80451127 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан. Хэд хоногийн дараа над руу цагдаагаас залгаж, уулзахад миний барьж байгаа гар утсыг алдагдсан утас байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

-шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гар утсыг зам дээрээс олсон гэх ба уг эд хөрөнгийг цагдаагийн байгууллагад өгөх боломжтой байсан бөгөөд Б.Б-ыг өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт  464,000 төгрөгийн хохирол учирсан нь:

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21-49 тоот: “Редми Нөүт-8 про” загварын  гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнэ 464,000 төгрөгийн үнэтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/-ээр тогтоогдож байна.         

Иймд Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.Н нь “Редми Нөүт-8 про” загварын гар утасны хууль ёсны эзэмшигч болох нь, мөн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 23-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21-49 тоот дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохиролд “Редми Нөүт-8 про” загварын гар утсыг нэг бүрийн шинжээр нь хохирогчид буцаан өгсөн /хх 14-р хуудас/, хохирогч Г.Н нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хх-ийн 23-р хуудас/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээБ.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 464,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналтай” гэсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль мэдэхгүй байдлаасаа ийм хэрэгт орлоо. Хохирогчид гар утсыг буцаан өгсөн. Торгуулийн ялыг зөвшөөрч байна.”  гэв.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-д овгийн Б-н Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б-д овгийн Б-н Б-д 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 470 /дөрвөн зуун дал/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д тайлбарласугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь “Редми Нөүт-8 про” загварын гар утсыг хохирогч Г.Н-д нэг бүрийн шинжээр нь буцаан өгснийг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН