Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 448

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Налайх дүүрэг, 3-р хороо, Нарангийн 32-р гудамж, 07 тоотод оршин суух Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3-р баг, Шар-Хад, 8-р гудамж, 0 тоотод оршин суух Д.Тунгалаг,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3-р баг, Шар-Хад, 5-р гудамж, 03 тоотод оршин суух Ч.Чинзүрх нарт холбогдох хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, гэрч Ү.Цогбадрах, Ө.Даваажав, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Д.Тунгалаг 2004 онд шалгалт ирэх гээд архины зөвшөөрөл сунгах шаардлагатай байна гэж хэлэхээр нь би Д.Тунгалагт газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгсөн. Тухайн үед миний иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтыг аваад гэрчилгээг өөрийн нэр болон Ч.Чинзүрх гэдэг хүний нэр дээр өмчлөөд авсан байна. Миний иргэний үнэмлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ашиглаж  миний гарын үсгийн хуурамчаар үйлдэж уг хөрөнгийг 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  бэлэглэлийн гэрээгээр  Ч.Чинзүрх  болон өөрийнхөө нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.  Энэ хугацаанд миний төрсөн эцэг Гэлэнхүүгийн бие хүндээр өвдөж би өөрөө гардан сахиж байсан. Үүний дараа ээжийн минь бие өвдөж би асарч байсан. Би аав, ээжийгээ олон жил асарч байсан тул Баруунбүрэн сум руу ирж, очиж чадаагүй. Нөхөр минь хувийн компанид ажиллаж ар гэрээ тэжээж байсан. Бид амьдрахын эрхэнд хол амьдарч байсан тул Баруунбүрэн сум руу очиж чадахгүй байсан. Нутаг усны хүмүүсээс хааяа байшингаа сурагласаар ирсэн. Би Атарсайхан, Д.Тунгалаг нарт итгэж байсан тул огт санаа зовдоггүй байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Тунгалаг, нөхөр Атарсайхан нартай ярихад юун амбасын үеийн юм яриад байгаа юм бэ, би зарчихсан чамд одоо авах юм байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Битгий  өнгөрсөн, баларсан зүйл яриад бай гэж хэлсэн. Намайг чи юу ч олж долоохгүй гэж хэлсэн. Бидний хооронд ингэж маргаан үүссэн. Эд  хөрөнгийн бүртгэлийн газар хандахад Ч.Чинзүрх гэдэг хүний нэр дээр энэ байшин шилжсэн байна. Хувийн хэрэг материалыг танилцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Бэлэглэлийн гэрээг Сэлэнгэ аймгийн нотариатч Цэрэннадмид гэдэг хүн баталсан байна. Энэ хүн дээр оч гэсний дагуу очиход уг материал нь архивт байгаа хэрвээ өөрөө байгаагүй бол Г.Түвшинжаргалын иргэний үнэмлэх, бичиг баримтыг барьж өөр хүн орж ирсэн юм болов уу гэсэн хариу хэлсэн. Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нар нь миний бичиг баримтыг ашиглан, гарын үсэг хуурамчаар үйлдэж, нотариатч болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын бүртгэлийн ажилтан нарыг хүртэл хууран мэхэлсэн гэж би үзэж байна. Би өөрийн эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжсэнийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн тул энэ өдрөөс эхлэн Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө гаргуулах эрх үүсч байгаа гэж үзэж шүүхэд хандаж байна. Иймд Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нараас  цайны газрын зориулалттай байраа чөлөөлүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Г.Түвшинжаргалын хувьд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт цайны газрын зориулалтаар 54 м.кв байрыг 2002 онд барьж ашиглалтанд оруулсан байдаг. Энэ байранд эрчим хүч,  тог байхгүй байсан учраас  2 000 000 төгрөг зарцуулан шон татаж цахилгаан эрчим хүч авсан байдаг. Энэ талаар гэрч Г.Тэгшээ мэдүүлсэн байдаг.  Бид 2003 онд амьдралын шаардлагаар өөр орон нутаг руу шилжиж, ажиллаж амьдрахаар болсон. Ингээд тухайн байраа Д.Тунгалаг, Атарсайхан нарт түрээслүүлээд, цаашдаа худалдаж авахаар бол үнэ, хөлсөө тохироод худалдаж аваарай гэж хэлээд 500 000 төгрөгний түрээсийн төлбөр аваад явсан гэж мэдүүлдэг. Тухайн үед Г.Түвшинжаргал нь Эрдэнэт хотод 1 жил гаран амьдраад дараа нь Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжсэн байдаг. Аавынх нь бие муу олон жил хэвтэрт, ээж нь мөн харвасан байсан учраас хоёр хүн асарч байсан. Нөхөр нь ганцаараа ажил хийж байсан учраас энэ байрны талаар хөөцөлдөж явж чадаагүй нутгийн хүмүүсээс асуусан байдалтай байсан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д.Тунгалаг болон түүний нөхөр нартай утсаар ярьсан байдаг. Энэ үеэс Иргэний хуулийн 59.4-т зааснаар тэр хүмүүст гомдлын шаардлага гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байдаг. Тухайн хүмүүст байрныхаа талаар ярихад юун дээр үеийн юм яриад байгаа юм. Тэр байрыг чинь зарчихсан. Та нарт авах зүйл байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хариуцагч нар хариу тайлбар хэлсэн байдаг. Шүүхэд хандахын өмнө Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хандсан. Уг газраас асуухад 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр өөр хүний нэр дээр шилжсэн байна. Д.Тунгалаг, Ч.Чинзүрх гэдэг хоёр хүний нэр дээр шилжсэн байгаа учраас бид нарын хүний хувийн хэргийг үзүүлэх боломжгүй гэж хэлээд зөвхөн бэлэглэлийн гэрээг канондож өгсөн байсан.  Энэ байрыг бэлэглэлийн гэрээгээр өөр хүний нэр дээр зарсан байдал харагддаг. Гэтэл Г.Түвшинжаргалын зүгээс би үл хөдлөх хөрөнгөө Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарт бэлэглээгүй. Д.Тунгалаг түрээсээр ажиллуулж эхлэсэн. Надаас аваад ажиллуулж байх явцдаа үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээг худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл байхгүй болохоор үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллага ирээд шаардлага тавьж байна гээд миний бичиг баримтыг авсан. Уг бичиг баримтыг ашиглаж бэлэглэлийн гэрээ байгуулж миний өмчийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.  Хариуцагч Д.Тунгалагын зүгээс энэ  54 м.кв үл хөдлөх хөрөнгийг би  600 000 төгрөгөөр худалдаж аваад  засвар үйлчилгээ хийгээд ажиллуулсан. Дараа нь бусдад шилжүүлж зарсан гэж байгаа боловч түүний хэлж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан байгаа бэлэглэлийн гэрээнээсээ зөрүүтэй байгаа. Ийм учраас энэ бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэрээ байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үнэхээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээгээ байгуулаад үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр энэ гэрээ хүчин төгөлдөр болно. Ингэж үл хөдлөх хөрөнгө өөр хүний нэр дээр шилжих ёстой байтал хууль зөрчиж үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь байхгүйгээр бичиг баримтыг нь ашиглаад бэлэглэлийн гэрээ байгуулж авсан гэдэг нь хариуцагчийн тайлбараар тодорхой харагдаж байгаа. Дараа нь Г.Түвшинжаргалтай уулзаад гэрчилгээг шилжүүлж авах гэсэн боловч Г.Түвшинжаргал олдоогүй учраас нотариатчийг нь гуйж байгаад энэ гэрээг хийсэн гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгө нь хууль зөрчиж хийсэн гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Г.Түвшинжаргалын эд хөрөнгө өмчлөх эрхийг сэргээх хүсэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

“...Нэхэмлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл муутай байна. Учир нь Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарын хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгөө чөлөөлүүлэх гэж байгаа. Гэтэл хэргийн материалд авагдсан нотлох баримтанд бол Ч.Чинзүрхийн өмч гэсэн зүйл ерөөсөө байхгүй.  2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр түүнд ирсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бол  улсын бүртгэлд бүртгүүлснээр тэр хүнд өмчлөх эрх үүсдэг. Эд нарын гаргаж өгсөн нотлох баримт дотор Д.Тунгалаг болон Ч.Чинзүрх нарын өмч юм гэсэн гэрчилгээ огт байхгүй байгаа. Г.Түвшинжаргалын гэрчилгээ бол бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан байдаг. Миний үйлчүүлэгч нар тайлбарлахдаа тухайн үед худалдаж авъя, өгье гэж 600 000 төгрөгөөр тохиролцсон. Энэ хүмүүст 500 000 төгрөгийг нь бэлэн өгсөн.  Ингээд уг байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэхэд гэрчилгээ нь Г.Түвшинжаргалын нэр дээр байгаагүй. Г.Түвшинжаргал ярихдаа та үүнийг миний нэр дээр болгоно уу, яана уу өөрөө зохицуулаад ав гэсэн зүйл хэлсэн. Тэгээд би бичиг баримтыг нь авч яваад 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  өөрөө ирж чадахгүй гэсэн бичиг баримт нь энэ гэж хэлж байгаад бэлэглэлийн гэрээ хийсэн гэж байгаа. Тэгээд 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  Г.Түвшинжаргалаас худалдаж авч байгаа юм чинь эхлээд Г.Түвшинжаргалын нэр дээр гэрчилгээг нь гаргуулчихъя дараа нь Ч.Чинзүрхийн нэр дээр мэдүүлэг гаргаад шилжүүлье гэж хэлсэн гэж байгаа. Ингээд Ч.Чинзүрх мэдүүлэг гаргасан байгаа. Гэхдээ өнөөдөр гэрчилгээ гараагүй, байхгүй байгаа. Г.Түвшинжаргалд гэрчилгээ олгогдсон өдөр бол 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байдаг. Ч.Чинзүрхийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасан өдөр нь 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгаа.  Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарын хэлээд байгаа зүйл үнэний хувьтай харагдаж байгаа. Яагаад гэвэл энэ хүн бүх материалиа өгсөн. Эд нар очоод эхлээд Г.Түвшинжаргалын нэр дээр гэрчилгээгээ гаргаад дараа нь  өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх маягаар мэдүүлэг гаргаж байсан нөхцөл байдал үүсч байгаа. Энэ эд хөрөнгө одоогийн байдлаар 4,5 хүндээ дамжсан байдаг. Зарагдсан юм уу, яасан юм ямар нэгэн байдлаар дамжаад явсан байдаг. Энэ хүмүүс хууль бус өмчлөлөөс өөрийн өмчлөлийг чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэтэл энэ байрыг хэний өмчлөлд байгааг нь тодорхойлоогүй байгаа. Эрхийн бүртгэлийн газраас гэрчилгээ гарч ирээгүй учраас Ч.Чинзүрхийн өмч биш, нотлосон баримт, гэрчилгээ гарч ирээгүй учраас  Д.Тунгалагын өмч бас биш байгаа. Тийм учраас өмчлөл үүсээгүй, хэний нэр дээр байгааг нь тодорхойлолгүйгээр өмчлөл шилжүүлэх, чөлөөлөх гэдэг асуудал яригдахгүй. Хэн үүнийг эзэмшээд, хэний өмчлөлд очоод үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байгаа.  Тэр эзэмшиж байгаа этгээдээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр нэхэмжилнэ үү гэхээс аль хэзээний Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нараас гараад явсан байгаа зүйлийг эд нараас чөлөөлүүлнэ гэдэг зүйл яригдахгүй. Хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулъя гэж байгаа. Хэдэн оны хэдэн тоот, хэний гэрчилгээг хүчингүй болгуулах талаараа нотлоогүй. Тийм гэрчилгээ хэрэгт байхгүй. Хэний гэрчилгээг хүчингүй болгуулах гээд байгаа юм. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг нь ойлгохгүй байгаа. Гуравдугаарт хэргийн материалд цугларсан баримтуудаас үзэхэд мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ би түрээсэлвэл түрээслэж бай гэж хэлээд орхиод явсан гэж мэдүүлсэн. Түрээсийн гэрээ бол  Иргэний хуулийн  318.2-т зааснаар заавал бичгээр байгуулагдах ёстой. Хэдэн төгрөгөөр, хэдэн он хүртэл түрээслэх нь байхгүй байгаа учраас үүнийг түрээсийн гэрээ гэж үзэхэд хэцүү байна. Ямар ч байсан Д.Тунгалаг, Атарсайхан, Ч.Чинзүрх нараас 500 000 төгрөг авсан гэдгээ өөрөө хүлээж байгаа. Энэ ямар учиртай авсан мөнгө юм. Ер нь бол зарсан байх  боломж харагдаж байгаа. 500 000 төгрөг авсныхаа утга учрыг тайлбарлаж чадахгүй байгаа. Түрээсийн гэрээ гэж ярьж байгаа бол хэлцэл хийсэн байх ёстой. Өнөөдөр хэлцэл хийсэн эсэх нь тодорхойгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээ бичгээр байгуулагдах ёстой, үл хөдлөх хөрөнгө байх юм бол түүнийгээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй түрээсийн гэрээг хүчингүй гэж заасан байгаа. Тийм учраас түрээс гэдэг асуудал яригдахгүй юм байна. Харин Г.Түвшинжаргал ямар учраас 500 000 төгрөг авсан бэ. Гэрчээр мэдүүлэг өгсөн Түвшинжаргалын ээж Цээлээ болон Түвшинжаргал  нар ярихдаа авбал худалдаад ав гэж тухайн үедээ ярьж байсан гэж ярьсан байдаг. Иймээс тэр 500 000 төгрөгийг нь авчихаад байгаа нөхцөл байдалд бол худалдсан байх магадлал байгаа. Аль аль талаас нь харахад өнөөдөр энэ нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх боломж байхгүй байна гэж үзэж байна. Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарын хувьд энэ өмч өнөөдөр бид нарт байхгүй. Бид нар тэр  дотор оршин суугаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж байгаа. Г.Түвшинжаргал бүтэн 13 жил  юу ч ярилгүй явж явчихаад өнөөдөр олон хүн дамжаад зарагдчихсан нөхцөлд мөнгө хэрэг болсон юм шиг үүнийгээ нэхэж байгаа энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй надад энэ өмч нь байхгүй гэсэн тайлбарыг хариуцагч нараас хэлдэг. Уг байшин одоо 3,4 дэх хүндээ зарагдаад явсан байгаа. Одоо энэ газар хэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа...” гэв.

Гэрч Ү.Цогбадрах шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Зудтай жилийн урд жил 2001 онд барьсан. Намар нь би Хялгант ороод Цэргийн ангийн 66 машин хөлсөлөөд зах банз, палка бүх зүйлээ ачиж ирсэн. Би газрынхаа зөвшөөрлийг авчихаад наадмын талбайн урд  буулгаад барьсан. Тэгээд  тог татахдаа Баруунбүрэн сумын цахилгаанчин Баатар гэдэг хүнд улаан лада машиныг 2 000 000 төгрөгөөр бодоод 800 метрээс  тог татуулсан. Архангай аймгаас нэг хүн хөлсөлж ирсэн. Баруунбүрэн сумын ард түмэн бүгд мэдэж байгаа. Эрдэнэтээс нэг хүн авчирсан... 2004 онд Атарсайхан гэдэг хүн болон түүний эхнэр хоёрт  түрээслэсэн.  Яг тэр үед манай хадам аавын бие муудаад манайхан Эрдэнэт рүү шилжсэн. Бид хоёр шилжээгүй Эрдэнэт явсан. Эрдэнэтэд оччихоод та нар ямар ч байсан үүнийг ажиллуулж бай гэж хэлсэн.  Тэр үед сумын наадам болох гэж байсан учраас бид нар байшингаа шилжүүлээд 400 000 төгрөг авсан.  Та нар худалдаж авна гэвэл үнэ хөлсөө яриад өгье гэж тохироод явсан... Бид  зарах байсан бол 500 000- 600 000 төгрөгөөр зарахгүй. Бид анх тэр байшинг ажиллуулж байхдаа Хаан банкинд 1 500 000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Банкныхаа мөнгийг графикийн дагуу төлж дуусаад бичиг баримтаа авсан.  Банкинд барьцаанд тавихаар Хаан банкны нэр дээр оччихдог юм байна лээ. Бид нар Хаан банкнаас чөлөөлөөд өөрсдийнхөө нэр дээр авсан...” гэв.

Гэрч Ө.Даваажав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би  он, сарыг нь сайн санахгүй байна. 2004 оны наадмын дараа найз маань цайны газраа ажиллуулахад хүндрэлтэй байна. Манай эхнэрийн аавын бие муу байгаа болохоор ажиллуулж чадахгүй байна. Тиймээс  зарах сонирхолтой байна гэж хэлсэн.  Яг зарна гэж хэлээгүй, зарах сонирхолтой байна гэж хэлсэн. Би үнэ нь хэд гэж байгаа юм бэ гэхэд 8 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Г.Түвшинжаргалын аавын бие гайгүй болох үед бүгдээрээ хамт Сэлэнгэ аймаг яваад бичиг баримтыг нь чиний нэр дээр болгоод зарчихъя гээд  намайг урьдчилаад 2 000 000 төгрөг өгчих гэж наадмын дараа хэлсэн. Тухайн үед  би хувиараа ажил хийдэг байсан учраас 2 000 000 төгрөг зээлсэн. Яг бичиг баримт шилжүүлэх үедээ үзүүлье чамд тийм боломж байна уу гэж хэлсэн. Би тухайн үед нь 2 000 000 төгрөг өгчихөөд Г.Түвшинжаргалын аавын бие гайгүй болохоор нь Сэлэнгэ аймаг ороод бичиг баримтаа шилжүүлье гэж бид нар ярьж байсан. Тэгээд  2 ,3 сарын дараа уулзахдаа бид нар зарахаа болилоо. Зарах шаардлагагүй боллоо гээд миний мөнгийг буцааж өгсөн...” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Түвшинжаргал нь бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт орших Дархан-Эрдэнэтийн төв замын хойно байрлах үйлчилгээний зориулалт бүхий  54 м2 үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Тунгалаг түүний нөхөр Атарсайхан нарт харж хандаж үйл ажиллагаа явуулж бай, хэрэв худалдаж авна гэвэл аваарай гэж хэлээд үлдээгээд явсан. Гэтэл миний итгэлийг алдаж дээрх хөрөнгийг минь өөрсдийн нэр дээр шилжүүлж, бусдад зарж борлуулсан байна. Энэ талаар 2017 оны 03 сард мэдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан”  гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “...Миний үйлчүүлэгч нар тайлбарлахдаа тухайн үед худалдаж авъя, өгье гэж 600 000 төгрөгөөр тохиролцсон. Энэ хүмүүст 500 000 төгрөгийг нь бэлэн өгсөн. Ингээд уг байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэхэд гэрчилгээ нь Г.Түвшинжаргалын нэр дээр байгаагүй. Г.Түвшинжаргал ярихдаа та үүнийг миний нэр дээр болгоно уу, яана уу өөрөө зохицуулаад ав гэсэн зүйл хэлсэн. Тэгээд би бичиг баримтыг нь авч яваад 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  өөрөө ирж чадахгүй гэсэн бичиг баримт нь энэ гэж хэлж байгаад бэлэглэлийн гэрээ хийсэн гэж байгаа...“ гэв,

Хэрэгт цугларсан баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал “миний үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Чинзүрх, Д.Тунгалаг нарын нэр дээр шилжиж улмаар 4-5 хүнд дамжигдан худалдагдсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч талын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс  2017 оны 05-р сарын 06-ны өдөр ирүүлсэн нотлох баримтад дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Булгадар овогт Гэлэнхүүгийн Түвшинжаргал болох нь 000123136 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ- /хх-ийн 25 хуудасны ар/-гээр тогтоогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын нэр байгаа үл хөдлөх эд хөрөгийн гэрчилгээг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолыг хөндөхөөр байгаа тул энэ шаардлагыг хангах боломжгүй юм.   

Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас шинээр гаргаж өгсөн Баруунбүрэн сумын 3-р багийн иргэн А.Баярмаагийн гарын үсэг бүхий тодорхойлолтод  2007 оны зун 450 000 төгрөгөөр Д.Буяндэлгэрээс маргаан бүхий барилгыг А.Баярмаа худалдаж авсан болохыг тодорхойлсон тодорхойлолтоос харахад А.Баярмаа гэгч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг  хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар А.Баярмаа нь Д.Буяндэлгэр гэгчээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан бол худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр А.Баярмаад үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ. Гэтэл ийм байдал Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Харин дээрх байдлаас 54 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нар эзэмшиж ашиглаагүй болох нь тогтоогдож  байна.  

Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь Ч.Чинзүрх, Д.Тунгалаг нарын өмчлөлөөс өөрийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргасан бөгөөд  дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэн гэдэг хүн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа талаар  мэдэхгүй байна. Иймд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа хүнийг зөв тогтоож,  тэдгээрийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэх нь  зүйтэй байна.

   Дээрх байдлыг дүгнэхэд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9–д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй байдал тогтоогдож байх тул Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй Ч.Чинзүрх, Д.Тунгалаг нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчлгээг хүчингүй болгуулах тухай  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргаж нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тунгалаг, Ч.Чинзүрх нарт холбогдох бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргаж нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгосугай.

3.Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАРАНТУЯА