Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Жаргалсайханд холбогдох “Зээл 5.253.575 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Орхон 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн 190 тоотод оршин суугч  Балжинням овогтой Жаргалсайхан нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Барилгын шилэн хийцийн үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлэхээр 10.000.000  төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Б.Жаргалсайхан нь  зээлийн хугацаа 2016.07.30-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.  Иймд иргэн Б.Жаргалсайхан үндсэн зээл болох 5.122.025 төгрөг, алданги 128.050 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 5.253.575 төгрөгийг Б.Жаргалсайханаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 134 тоотод оршин суух Баяжхаа овогтой Балжиннямын Жаргалсайхан /МЕ69060511/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Б.Жаргалсайхан миний  бие нь Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байгаа 5.253.573 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн болно. Уг зээлийг 2017 оны 06 сарын 01-ний дотор сард 500.000 төгрөгөөр тушааж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Жаргалсайханд холбогдох “Зээл 5.253.575 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Жаргалсайхан  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 5.253.575 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 223018 төгрөгний тал хувь болох 111509 төгрөгийг хариуцагч Б.Жаргалсайханаас  гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Жаргалсайханд холбогдох “Зээл 5.253.575 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 5.253.575 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 223018 төгрөгний тал хувь болох 111509 төгрөгийг хариуцагч Б.Жаргалсайханаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН