Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 25

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Прокурор Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1721000380106 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн РД: *******, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны ******* тоотод оршин суух, ял шийтгэл:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 06 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 12 дугаар байрны гадна хохирогч *******ын “Самсунг жи-3” маркийн гар утас, хүзүүний зүүлт, гар цүнх болон цүнхэнд байсан эд зүйл болох пудр, уруулын будаг, уруул өнгөлөгч, нүдний будаг буюу тень, гар утасны гаднах хавтас, сим карт, мемори карт, скайтелын 8000 төгрөгийн карт, юнителын 3000 төгрөгийн карт 5 ширхэг, 1000 төгрөгийн карт 15 ширхэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн буюу биед нь хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл учруулж дээрэмдэн авч нийт 332000 /гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн Бадийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Бадийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн эзэмшлийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баянтүмэнгийн 8-20 тоотын 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял авсан. Энэ ял нь надад хүндээр туссан учир анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээж хохирогчоос уучлалт гуйсан, хохиролд 200000 төгрөг төлсөн. Одоогоор би 5 настай хүүхэдтэйгээ, өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг. Ээж минь элэгний хагалгаанд ороод элгээ тайруулж хэвтрийн дэглэм сахиж байгаа, ээжийгээ ганц асарч сувилж байдаг хүн нь би юм. Би хэдийгээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан ч гэсэн хийсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугаа ухамсарлаж байгаа юм. Одоо ээж минь дахин элэгний хагалгаанд орох ба хүүг маань харах хүн байхгүй, ар гэрийн амьдрал хүнд байгааг харгалзан үзэхийг хүсье. Миний бие дахин гэмт хэрэг үйлдэхгүй ар гэр, аав, ээж, үр хүүхдээ асрах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөлж багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 145 тоот шийтгэх тогтоолыг ял хүндэдлээ, хуулийг хүндрүүлэн үзэж шийдсэнд гомдолтой байна. ... ******* 5 настай хүүгээ өөрөө асардаг, ажил хийж буй үед аав, ээж, эгч нартаа орхидог. Гэтэл аав ******* нь сэтгэцийн өөрчлөлттэй, тэр нь нэмэгдэж, ээж нь хүнд өвчтэй, эгч нь сэтгэцийн өвчтэй ийм л орчинд хүүхэд нь үлдэх болж байгаа. ... Тэрээр хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх нь зүйн хэрэг ч амьдралд байгаа гарцаагүй хүнд нөхцөл байдал, 5 настай хүүхдийн эрх ашиг шууд бусаар хохироод байна. Үүнийг анхаарч, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******д оногдуулсан ял түүний үйлдсэн хэрэгт нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Т.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, биеийн байдал нь урт хугацааны ял эдлэх боломжгүй байна. Мөн ар гэрт нь 5 настай хүүхэд, сэтгэцийн өвчтэй аав, бие нь муу ээж нар нь үлдэж байгаа зэргийг харгалзан *******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 12 дугаар байрны гадна хохирогч *******ын “Самсунг жи-3” маркийн гар утас, хүзүүний зүүлт, гар цүнх болон цүнхэнд байсан эд зүйл болох пудр, уруулын будаг, уруул өнгөлөгч, нүдний будаг буюу тень, гар утасны гаднах хавтас, сим карт, мемори карт, скайтелын 8000 төгрөгийн карт, юнителын 3000 төгрөгийн карт 5 ширхэг, 1000 төгрөгийн карт 15 ширхэг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн буюу биед нь хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл учруулж дээрэмдэн авч нийт 332000 /гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч *******йн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц*******, , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******йн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 391 дугаартай “…*******д хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл учирсан” гэсэн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон ба анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэхянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч *******йн ар гэрээс хохирогчид нэмж 500000 төгрөгийн хохирол төхохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа бичсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хорын талаар дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, шүүгдэгч *******д оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******йн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ Ж.ДОЛГОРМАА