Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2019/0004/З |
Дугаар | 08 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 08
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг хүчингүй болгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч М.П-ийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шинээр байгуулагдсан Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2017 оны 10 дугаар сард зохион байгуулсан Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг хамт олны хүч дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэн, 2 жилийн хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу миний бие Ховд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээг хагас, бүтэн жилээр дүгнүүлж, хангалттай үнэлгээтэй ажиллаж ирсэн.
Гэтэл Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар захирамж гарган гэнэт намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ховд аймгийн Засаг даргаас намайг ямар учир шалтгааны улмаас ажлаас халсан талаар урьдчилан мэдэгдээгүй, нотлох баримт цуглуулаагүй, тайлбар гаргах боломж олголгүйгээр сөрөг нөлөөлөл бүхий захирамж гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй байна. Миний бие нь Ховд аймгийн Засаг даргын захирамжид дурдсан “...хуурамч баримт бичиг бүрдүүлж, санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” гэх ямар ч зөрчил гаргаагүй болно.
Ийм байхад ажил олгогчоос намайг ажлаас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагчаас намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тайлбарлахдаа Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг үндэслэсэн талаар тайлбарласан. Аймгийн Засаг даргын эрх хэмжээг заасан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.1 дэх заалтад боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шинжилгээ хийх талаар тусгагдаагүй байна.
Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах болон тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх бодит нөхцөл шаардлага байгаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А/110 дугаартай захирамж Ховд аймгийн Жаргалант суманд 15 дугаар цэцэрлэгийг анх байгуулсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр нэхэмжлэгч З.Эийг төрийн үйлчилгээний албан хаагчийн шалгалтанд орж тэнцсэний үр дүнд томилон ажиллуулсан. Ингээд З.Эг нь 2 жилийн хугацаанд тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан байдаг. Ажиллаж байх явцад нь Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан гэх ажлын хэсэг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн байдаг. Тухайн цэцэрлэгт хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээг үндэслэж З.Эийг ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ З.Эийг хуурамч бичиг бүрдүүлж санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зөрчлүүд гаргасан учраас цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.
Хариуцагч талаас дээрх маргаан бүхий захиргааны актаа тайлбарлахдаа “...хөгжмийн багшийн хувиасаа төлсөн 200,000 төгрөгийг давхардуулж байгууллагаас шилжүүлсэн, цэцэрлэгийн хүүхдүүдийн тоог дур мэдэж нэмсэн, хүүхдүүдэд 1 хоол өгчхөөд 2 хоол өгсөн мэтээр баримт үйлдсэн, цэцэрлэгт хүмүүс байрлуулж архи согтууруулах ундааны зүйл байгууллага руу нэвтрүүлж байгууллагад архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тайлбарладаг.
Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулиар төрийн байгууллага болон сургууль, цэцэрлэгт архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Хэрэв энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэх ногдуулах хуулийн заалттай. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох эрх бүхий этгээд нь Архидан согтуурахтай тэмцэх хууль болон Зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэдэг.
Захиргааны байгууллагаас З.Э гэдэг хүнтэй холбоотой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан зүйл байна уу гэхэд байдаггүй ба хариуцагч талаас шүүхэд цаасан дээр хэвлэсэн нэг фото зураг гаргаж өгч, 2 гэрчээс мэдүүлэг авахуулсан байдаг. Хариуцагч тал тухайн фото зураг болон 2 гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй. Техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед фото зургийг эвлүүлэх боломжтой. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн гэх 15 дугаар цэцэрлэгийн 2 багш нь эрхлэгч З.Этэй таарамжгүй харьцаатай хүмүүс. Цэцэрлэгийг хүүхдүүдэд 1 удаа хоол өгчхөөд 2 удаа хоол өгсөн гэж хуурамч баримт бүрдүүлсэн гэж байна. Энэ нь ямар баримтаар тогтоогдсон юм бэ. Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ахлуулж ажилласан албан тушаалтнууд шүүхэд гаргасан тайлбараар “З.Эийн гаргасан зөрчил нь энэ баримтаар тогтоогдсон” гэх зүйл байдаггүй юм.
З.Эийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнээгүй8 Боловсрол, соёл, урлагийн газраас санал аваагүй байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэж хариуцлага тооцно, аль эсвэл урамшуулна гэсэн 2 зохицуулалт байгаа. Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээгүй байж хариуцлага тооцох нь буруу юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдаанд тайлбар хэлэхээс өмнө дараах зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбараас харахад хэрэгт хамааралгүй зүйл ярьж байна. 15 дугаар цэцэрлэгийн 2 багшийг ажлаас халсан нь энэ хэрэгт хамааралгүй юм. З.Эийг ажлаас халах болсон нэг үндэслэл нь цэцэрлэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бас нэг үндэслэл нь санхүүгийн зөрчил гаргаж, санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл юм.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд өдөрт 2 удаа хоол өгөх ёстой боловч 1 удаа хоол өгчхөөд 2 удаа хоол өгсөн гэж баримт бүрдүүлсэн, ирээгүй хүүхдүүдээс өдөр 5 хүүхэд нэмж ирсэн гэж бүртгэсэн талаар багш нар нь хэлсэн, илүү гарсан мөнгөөр нь бялуу шампанск авч өгсөн байдаг. Энэ нь удаа дараа давтагдсан зүйл. Хүүхэд бүжиглэдэг тайзны өмнө ширээн доогуур архи тавьж байгаад зургаа авахуулчихсан, 14-15 шил архи ордог сагсанд архи хийгээд тавьчихсан зураг нь байгаа. Ажлын хэсгийн шалгалтын дараа ч гэсэн хүүхдийн тоо нэмсэн байдаг юм.
Мөн тус цэцэрлэгт ажиллаж байсан хоёр гэрчийн мэдүүлэгт “фото зураг дээр байгаа өрөө манай цэцэрлэгийн хөгжмийн өрөө, Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олныг хүлээн авч энэ өрөөнд 2 өдөр архи уусан. З.Э нь миний жишгээр уугаарай” гэж байсан талаар мэдүүлсэн байдаг. Энэ зургийг фотошоп гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч талаар хүсэлт гаргаж шалгуулах эрхтэй.
Анх сонсох ажиллагаа явуулах гээд утсаар холбогдоход бие нь З.Эийн зүрх нь өвдсөн гэж хэлдэг. Энэ талаарх баримтаа өгөөрэй гэхэд эмчийн магадлагааг хуулбарлаж өгсөн. Өвчтэй байгаа учраас энэ талаар битгий яриарай бие сайжрахаар яръя гээд Ховд аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот уруу эмчилгээнд явсан. Улаанбаатар хотоос ирсэн гэж сонсоод 2019 оны 1 сарын 02-ны өдөр утсаар дуудахад өдөр 14:10 цагийн үед миний өрөөнд орж ирсэн. Тухайн өдөр сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдэл өгч, эрх үүргийг нь танилцуулах гэсэн боловч гарын үсэг зурахгүй, Засаг даргатай уулзаж ярилцана гэсэн. Тухайн өдөр З.Э нь Засаг даргатай уулзахад Засаг дарга З.Эийг албан тушаал бууруулж, өөр цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулна гэсэн боловч татгалзсан. Ингээд сахилгын шийтгэл оногдуулж З.Эийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халсан гэв.
Хариуцагч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн ажилчдаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулсан ба уг ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажилласан.
Цэцэрлэгийн эрхлэгч З.Энь ажилтан Ц.Батчимэгт ур чадварын нэмэгдэл олгосон талаар мессеж бичсэн нь ажилтнуудын дунд тэгш харьцахгүй байгаа талаар хандлага төрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Увс аймгийн Тариалан сумын Цэцэрлэгийн хамт олныг цэцэрлэг дээрээ байрлуулан 2 хонуулж, архи согтууруулах ундааг байгууллага уруу нэвтрүүлсэн нь Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.10 болон 1.7 дахь заалтыг зөрчсөн.
Аймгийн Засаг даргын захирамжаар 30.5 сая төгрөгийн санхүүжилтээс 2018 оны 5 дугаар сарын 16-нд иргэн Б.Туяад 1297.0 төгрөгийн хөрөнгө худалдан авах жагсаалтанд хөгжмийн багш хувиасаа авсан гэх хөшигний үнэ 220000 төгрөгийг давхардуулан шилжүүлсэн гэх асуудал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийг тус тус зөрчсөн. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргад илтгэх хуудсыг хүргүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Пийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол соёл урлагийн газрын дарга ажилласан байдаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.П нь хариуцагчаар татагдан оролцсон.
Цэцэрлэгийн эрхлэгч гэдэг нь тухайн цэцэрлэгийн 20 гаруй ажилтанг хариуцан ажилладаг удирдлага юм. Дунджаар 4 бүлэгтэй цэцэрлэг гэж бодоход 120 гаруй хүүхдүүдийн эрх, ашиг яригдаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсаас харахад тус цэцэрлэгт 2 сав угаагч ажиллуулж байгаа юм шиг нөхцөл байдал үүссэн. Цэцэрлэгийн эрхлэгч нь урд нь гаргасан тушаалаа хүчингүй болгох аль эсвэл урд нь ажилд томилсон сав угаагчаа чөлөөлсөн тушаал гаргах ёстой байсан. Гэтэл цэцэрлэгийн сав угаагчаар Ичинноровыг 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр томилсон боловч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүрэнбилэгийг мөн адил сав угаагчаар томилсон байгаа юм. Өөрөөр хэлбэл Ичинноровыг сав угаагчийн ажлаас чөлөөлж Бүрэнбилэгийг сав угаагчаар томилсон тушаал байхгүй байгаа юм.
Түүнчлэн нярвын ажилд англи хэлний багш мэргэжилтэй хүнийг томилсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нягтлан бодогчийн болон нярвын мэргэжил аль аль нь тусгай мэдлэг шаарддаг. Уг албан тушаалд англи хэлний багшийн мэргэжилтэй хүн ажиллаж байгаа нь Сангийн сайдын 2000 оны 69 дугаартай тушаалыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт хийсэн. Мөн тус цэцэрлэгийн бүтэц орон тооноос харахад 2017-2018 оны хичээлийн жилд 18 бүтэц орон тоотойгоор ажиллахаар баталсан байсан бөгөөд нярвын орон тоог илүү ажиллуулж байсан гэдэг нь тогтоогдсон.
Цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн асуудал бас бий. Үүнтэй холбоотой тайлбар гаргаж эрхлэгч З.Э, нягтлан бодогч н.Чулуунцэцэг, арга зүйч н.Энхцоож, багш н.Нарандэлгэр, н.Туяацэцэг нар гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг нь энэ үйл ажиллагаанд нь цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж, буруутай үйлдлийг болиулах байтал хүүхдийн тоо нэмж, хүүхдийн хоолны мөнгөнөөс 82,500 төгрөг авч хэрэглэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэвийн зүйл гээд байгааг ойлгохгүй байна. Энэхүү үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн байна.
Дараагийн нэг асуудал нь Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олныг цэцэрлэг дээрээ байрлуулсан, архи хэрэглэсэн асуудал юм. Үүнтэй холбоотой цэцэрлэгийн ажилчдаас тус бүр 50000 төгрөг хурааж, тус бүр 1 экс нэртэй архи авсан нь нотлогдож байгаа. Туршлага судлана гэхээр архидалд болдог юм уу. Тус цэцэрлэгийн дотоод журмаас харахад цэцэрлэгийн анги танхим уруу гадны хүн нэвтрүүлэхгүй гээд заачихсан байгаа. Гэтэл гаднаас хүмүүс авч ирж байрлуулан хонуулсан нь өөрөө журам зөрчсөн үйлдэл байсан. Үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч бай хэрэглээгүй бай согтууруулах ундааны зүйл байгууллага уруу нэвтрүүлсэн байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэр бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, илтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч З.Энь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогджээ.
Ховд аймгийн Засаг даргаас Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Эийг хуурамч бичиг баримт бүрдүүлж санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллага дээр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлүүд гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
1. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаартай захирамжаар, аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд цэцэрлэгээс ирсэн ажилтан, албан хаагчдын гомдлын мөрөөр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулсны дагуу ажлын хэсэг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийн талаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай илтгэх хуудас, ажлын хэсгийн дүгнэлт гаргажээ.
Мөн энэхүү шалгалтаар илэрсэн зөрчлийг Ховд аймгийн Засаг даргад 2018 он 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч ажлын хэсгийн ахлагч М.П шүүхэд гаргасан тайлбартаа “... Цэцэрлэгийн эрхлэгч З.Э нь ажилтан Ц.Батчимэгт ур чадварын нэмэгдэл олгосон талаар мессэж бичсэн нь байгууллагын ажилтнуудын дунд тэгш харьцахгүй байгаа талаарх хардлага төрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон ирэхэд Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг дээрээ байрлуулан 2 хонуулж, архи согтууруулах ундааг байгууллага руу нэвтрүүлсэн нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.10-д, 1.7-д заасныг,
Аймгийн Засаг даргын захирамжаар 30.5 сая төгрөгийн санхүүжилтээс 2018 оны 05 дугаар сарын 16-нд иргэн Б.Туяад 1297,0 мянган төгрөгийн хөрөнгө худалдан авах жагсаалтан дотор хөгжмийн багш хувиасаа авсан гэх хөшиг чүүлний үнэ 220,000 төгрөг давхардуулан шилжүүлсэн гэх асуудал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заалтыг зөрчсөн. Тиймээс Ховд аймгийн Засаг даргад илтгэх хуудас, дүгнэлтийг хүргүүлсэн...” гэжээ.
Гэвч ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлт, ажлын хэсэгт ажилласан гэрч Ц.Алтанхишиг, Б.Анхбаяр, Ц.Цэцэнхараацай, Ц.Оюунчимэг нарын мэдүүлгээр Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт хийсэн хяналт шалгалтаар
1. Ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл нэвтрүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7-д “Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэсэн заалтыг зөрчсөн
2. Цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн, 1 хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх зөрчлүүдэд илтгэх хуудас бичиж, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс дээрх зөрчлүүдийг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Э нь гаргасан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
А.Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон ирэхэд ирсэн хүмүүсийг цэцэрлэг дээрээ байрлуулан 2 хонуулж, архи согтууруулах ундааг байгууллага руу нэвтрүүлсэн гэх зөрчлийн тухайд:
Гэрч Х.Чийн “...2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон 20 гаруй хүн туршлага судлахаар ирсэн. Манай хамт олон мөнгөө нийлүүлж нэг хонь авч хорхог хийж өгсөн. Орой нь “X” club” бааранд Тариалан сумын цэцэрлэгийн хамт олныг хүлээн авсан. Түүнээс биш байгууллага дээр архи гаргасан зүйл байхгүй. Харин Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон манай хамт олонд архи, набор, хүүхдийн тоглоом зэргийг бэлэглэсэн. Өөр архи гаргасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эийн “2017 онд манай цэцэрлэгийн хамт олон Увс аймгийн Тариалан суманд туршлага судалсан байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сард Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон 20 гаруй хүн туршлага судлахаар ирсэн.Тэр хүмүүс манай байгууллага дээр байрлаж хоносон. Маргааш нь манай аймгийн төвийн цэцэрлэгүүдтэй танилцсан. Орой нь тэр хүмүүсийг бааранд хүлээн авсан. Харин байгууллага дээр архи гаргасан зүйл байхгүй. Тариалан сумын цэцэрлэгийн хамт олноос манай хамт олонд 2 шил “Болор” нэртэй архи, бас хүүхдийн тоглоом өгсөн. Түүнээс би байгууллага дээр архи задалж уусан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт архи, согтууруулах ундааны зүйл нэвтрүүлсэн болох нь нотлогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасан бөгөөд уг тогтоолын заалтыг тухайн байгууллага өөрийн дотоод журамд тусган хориглосноор тухайн заалт хэрэгжихээр байна.
Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд шинээр нэмэлт өөрчлөлт оруулж баталсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-ын “З”-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах”–ыг ноцтой зөрчилд тооцож дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Хөдөлмөрийн дотоод журамд дээрх шинэчилсэн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон ирсэн гэх 2018 оны 09 сард /архи, согтууруулан ундаа байгууллага руу нэвтрүүлсэн гэх зөрчил гарах үед/ Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталсан Хөдөлмөрийн дотоод журам мөрдөгдөж байжээ.
Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар батлагдсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.2-д “Ажлын байранд архи уусан, ажилдаа согтуу ирсэн, архидалтыг зохион байгуулсан, архи үнэртүүлсэн, архи тамхи хэрэглэсэн”-ийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
Иймд ажлын байранд архи, согтууруулан ундааны зүйл нэвтрүүлснийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Б.Цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн гэх талаар
Гэрч Ц.Аийн “...Хяналт шалгалтын явцад дуу хөгжмийн багш Д.Оюунгэрэл нь “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 сарын 29-ний өдөр хүүхдийн тоо нэмсэн” гэж амаар гомдол гаргасан. Үүний дагуу энэ талаар хамт олны хурал дээр тодруулахад тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Ж.Нарандэлгэрийн ангид 5 хүүхдийг 5 хоногоор нийт 25 хүүхэд, ахлах бүлгийн багш Г.Туяацэцэгийн анги 2 хүүхдийг 5 хоногоор нийт 10 хүүхэд, дунд бүлгийн багш А.Солонгоогийн ангид өдөрт 3 хүүхдийг 5 хоногоор нийт 15 хүүхэд, нийт 50 хүүхдийн тоо нэмсэн гэдгээ өөрсдөө тус хурал дээр хүлээн зөвшөөрч тайлбарласан. Гэхдээ тус цэцэрлэгийн багш ажилчдын өөрсдийнх нь хурал дээр “хүүхдийн тоо нэмсэн”-ээ хүлээн зөвшөөрч тайлбарласан тул үүнийг зөрчил гэж үзэж ажлын хэсгийн дүгнэлтэндээ дурдсан. Хүүхдийн тоо нэмсэн талаарх тайлбараа тус цэцэрлэгийн ажилчид тайлбар бичиг гарын үсгээ зурж өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Чийн ”...эрхлэгч, багш нартай ярилцаж байгаад хүүхдийн тоо нэмсэн байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эийн “...Цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоогоор санхүүжилт авдаг. Цэцэрлэгт өдөрт хамгийн багадаа 100 хүүхэд ирэх ёстой. 2017 оны 12 дугаар сард манай цэцэрлэгийн хүүхэд өдрийн төлөвлөгөө дутсан юм. Ингээд багш нар эрхлэгч З.Ээй уулзаж хүүхдийн тоо нэмэх санал гаргасан. Тухайн үед анги тохижуулсан эцэг эхчүүдийг урамшуулах гэхэд санхүүжилт байхгүй тул хүүхдийн тоо нэмж, 82500 төгрөг гаргаж, 4 ангид нэг бялуу, шампанск авч эцэг эхчүүдэд өгсөн” гэх мэдүүлгүүдээр, З.Э нарын 5 хүний гарын үсэг бүхий ажлын хэсэгт гаргасан тайлбар зэргээр Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл нийт 50 хүүхдийн тоог нэмсэн болох нь нотлогдож байна.
Иймд дээрх зөрчил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
В. Хүүхдэд 1 хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн тухайд:
Ажлын хэсгийн зүгээс Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт хийхдээ “ хүүхдэд 1 хоол өгчихөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн” гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй болох нь ажлын хэсгийн гишүүн гэрч Ц.А “... цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 2 удаа хоол өгөх байсан боловч нэг удаа хоол өгсөн гэж хүлээн зөвшөөрч хурал дээр тайлбарлаж байсан. Яг хэдий хугацаанд хүүхдийн хоол хасч байсныг тогтоох боломж байгаагүй...” гэх мэдүүлгээр дээр дурдсан зөрчлийг хэзээ гаргасан талаарх нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийн талаар шалгаж тогтоогоогүй байхад хүүхдэд 1 хоол өгчхөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж илтгэх хуудас бичиж, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд ажлын хэсгийн илтгэх хуудас, ажлын хэсгийн дүгнэлтээс “өдөрт 1 хоол өгчхөөд 2 хоол өгснөөр материал бүрдүүлсэн” гэх зөрчил гаргасан гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2.Маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Маргаан бүхий актаар З.Э нь хуурамч бичиг баримт бүрдүүлж санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллага дээр ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлүүд гаргаж хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хуурамч бичиг баримт бүрдүүлж санхүү эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчилд цэцэрлэгийн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн, 1 хоол өгчхөөд 2 хоол өгсөн талаар материал бүрдүүүлсэн” зөрчлүүд хамаарч байгаа...” гэж тайлбарласан.
А.1 хоол өгчихөөд 2 хоол өгсөн талаар материал бүрдүүлсэн гэх зөрчлийн тухайд:
1 хоол өгчихөөд 2 хоол өгсөн талаар материал бүрдүүүлсэн гэх зөрчлийн хувьд ажлын хэсэг шалгаж тогтоогоогүй асуудлаар дүгнэлт гаргасан болох нь тогтоогдсон тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Б.Цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмсэн гэх талаар
Аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт 2017 оны 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд нийт 50 хүүхдийг ирснээр бүртгэж, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтээр, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог дур мэдэн нэмж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн нь Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.Э сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ч сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хугацааг анхаарах хуулийн зохицуулалттай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг үндэслэхэд дээрх зөрчил нь 2017 оны 12 сарын 11-15-нд гарсан, уг зөрчлийг ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хяналт шалгалт явуулах үед илрүүлсэн бөгөөд зөрчил гарснаас хойш 11 сар, томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга уг зөрчлийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэнийг илрүүлсэн өдөрт тооцвол мөн 1 сар 13 хоног хэтэрсэн байх тул нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан халах сахилгын шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч “хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулахаар З.Эт мэдэгдсэн боловч З.Э нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа гээд эмнэлгийн магадлагаа ирүүлсэн” гэж хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг тайлбарладаг.
Гэвч 2018 оны 12 дугаар сарын 24-28-ны хооронд өвчтэй байсан болох нь Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн “Цагийн бүртгэл”-д 12 дугаар сарын 24-нөөс 28-ны хооронд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэнээр тэмдэглэгдсэнээр нотлогдох боловч 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байсан болох нь Цагийн бүртгэл, гэрч тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Чулуунцэцэгийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... З.Эийг 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирсэн гэдгийг мэдсэн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
В.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа тайзны хөшгийг хөгжмийн багш хувиасаа төлсөн байхад 220,000 төгрөгийг давхардуулан шилжүүлсэн гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг зөрчлийн талаар ажлын хэсэг дүгнэлт гаргаагүй, энэ талаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн, мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/752 дугаар албан бичигт “...Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэнтэй холбогдуулан хөрөнгө худалдан авах асуудлын талаар Цагдаагийн байгууллагад одоогоор хандаагүй болно.” гэх зэргээс харахад дээрх зөрчлийг хэн гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй, мөн энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй тул уг зөрчлийг З.Энь гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
2.Ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх зөрчлийн тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... маргаан бүхий актын төслийг би боловсруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл нэвтрүүлсэн гэж дүгнэлт гаргасан. Харин би шалгалтын материалтай танилцахад З.Энь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан.
Гэрч Х.Чулуунцэцэгийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон 20 гаруй хүн туршлага судлахаар ирсэн. Манай хамт олон мөнгөө нийлүүлж нэг хонь авч хорхог хийж өгсөн. Орой нь “X” club бааранд Тариалан сумын цэцэрлэгийн хамт олныг хүлээн авсан. Түүнээс биш байгууллага дээр архи гаргасан зүйл байхгүй. Харин Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон манай хамт олонд архи, набор, хүүхдийн тоглоом зэргийг бэлэглэсэн. Өөр архи гаргасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг
Гэрч Б.Эийн “... 2017 онд манай цэцэрлэгийн хамт олон Увс аймгийн Тариалан суманд туршлага судалсан байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сард Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн хамт олон 20 гаруй хүн туршлага судлахаар ирсэн.Тэр хүмүүс манай байгууллага дээр байрлаж хоносон. Маргааш нь манай аймгийн төвийн цэцэрлэгүүдтэй танилцсан. Орой нь тэр хүмүүсийг бааранд хүлээн авсан. Харин байгууллага дээр архи гаргасан зүйл байхгүй. Тариалан сумын цэцэрлэгийн хамт олноос манай хамт олонд 2 шил “Болор” нэртэй архи, бас хүүхдийн тоглоом өгсөн. Түүнээс би байгууллага дээр архи задалж уусан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт архи, согтууруулах ундааны зүйл нэвтрүүлсэн болох нь нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын зөрчилд тооцох үндэслэл, шийтгэлийн төрлүүдийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.
Хэрэгт аймгийн Засаг дарга Д.Г, нэхэмжлэгч З.Эг нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээний 3.2.а-д ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл уух, согтуугаар ирсэн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд, Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар батлагдсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.2-д “Ажлын байранд архи уусан, ажилдаа согтуу ирсэн, архидалтыг зохион байгуулсан, архи үнэртүүлсэн, архи тамхи хэрэглэсэн”-ийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тус тус заасан байна
Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт хяналт-шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд “ажлын байранд архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн” гэх зөрчлийг гаргасан талаар дүгнэлт гаргасан бөгөөд аймгийн Засаг дарга З.Эийг байгууллага дээр ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр буюу ажлын хэсгийн дүгнэлтээс өөр үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн талаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4/752 дугаар албан бичиг “ ...Тус дүгнэлттэй аймгийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан болно” –ээр нотлогдож байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий актыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу илрүүлснээс хойш /аймгийн Засаг даргын ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш/ 1 сар 13 хоногийн дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг зөрчсөн байна.
Гэрч А.С, Х.Н нар нь мэдүүлэгтээ “...З.Э нь ажлын байранд архи уусан ...” талаар мэдүүлэх боловч гэрчүүд нь тухайн зөрчлийг шалгуулахаар аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газарт өргөдөл гаргасан талаараа мэдүүлэгтээ тайлбарласан тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй, мөн гэрчүүдийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул эдгээр гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан ба энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Иймд маргаан бүхий акт гарах үед дээрх хуулийн заалт нь хүчингүй болсон байх тул З.Эийн ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг заавал авах ёстой гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
3.Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааны тухайд:
Нэхэмжлэгчийг аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх байдлаар хууль болох нь тогтоогдож, шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч урьд ажилласан хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн төсвөөс цалин хөлсөө авч байсныг харгалзан түүний ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл /3 сар ажлын 28 хоног/ оролцуулж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2848062 /хоёр сая найман зуун дөчин найман мянга жаран хоёр/ төгрөгийг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус тооцож төлөхийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажил олгогчийн хувьд аймгийн Засаг даргад даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 131.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтийн “хүүхдэд 1 хоол өгчхөөд 2 хоол өгснөөр баримт бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, З.Эийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2848062 /хоёр сая найман зуун дөчин найман мянга заран хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргуулж З.Эт олгож, З.Эийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ