Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 98

 

П.У-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/00452/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч  С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэртэй,  

           П.У-ын нэхэмжлэлтэй,  

           Г.Ц-т холбогдох

           “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны  34 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох  тухай” сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагч Г.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

Нэхэмжлэгч П.У-аас:

2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Л.Хоролсүрэнгээс Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан. Г.Ц- нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Г.Ц-ыг өөрийн эзэмшлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц-аас:

Манай байр ломбарданд байхад Ц.Батсайхан, Л.Хоролсүрэн нар нь чөлөөлж, өөрсдийн нэр дээр шилжүүлэн банкны барьцаанд тавьсан. Түүнээс хойш 2 жилийн дараа хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод Ц.Батсайханаас 1 сая төгрөгийг авсан. Би 2 сая төгрөгийг Ц.Батсайханаас авсан, П.У-аас аваагүй. Өгөх ёстой хүнд нь өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Г.Ц- сөрөг нэхэмжлэлдээ:

Миний хувьд Л.Хоролсүрэнтэй хамт ажилладаг байсан. Би 2009 оны үед мөнгөний хэрэг гараад өөрийн өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 2-34 тоот 2 өрөө байрны гэрчилгээг Эрдэнэбаатар гэдэг хүнд 900.000 төгрөгийн  барьцаанд тавиад зээлээ төлөөд байж байтал Л.Хоролсүрэн над дээр ирээд надад мөнгөний хэрэг байна, таны өрийг би хаагаад, байрны гэрчилгээг чинь зээлийн барьцаанд тавиад дахиад нэмж зээл авъя гээд миний өрийг төлөөд дээрээс нь дахиж мөнгө зээлж авсан. Зээлээ Л.Хоролсүрэн төлөөд байрны гэрчилгээг буцааж аваад надад “Би таны байрны гэрчилгээг нэр дээрээ болгоод банкинд тавьж зээл аваад 3 сарын дотор буцаагаад гэрчилгээг чинь өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд түүний нэр дээр байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгсөн бөгөөд түүний хэлсэн хугацаа өнгөрөхөөр нь түүнээс байрны гэрчилгээгээ шаардахад элдэв шалтаг хэлээд явдаг байсан. Та надад итгэ, би таны байрны гэрчилгээг буцаагаад өгнө гээд байдаг байсан. Гэтэл Л.Хоролсүрэнг манай байрыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхэд П.У-ынхаа нэр дээр шилжүүлээд 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсныг мэдээгүй явж байгаад 2011 оны 10 дугаар сарын үед мэдсэн.  П.У- нь тэд нарын авсан зээлнээс 2,500,000 төгрөгөөр цалингийн зээлийн үлдэгдлээ төлүүлээд бусад мөнгийг нь Л.Хоролсүрэн, Ц.Батсайхан нарт өгсөн байсан. Ц.Батсайхан, П.У- нар нь зээлийн төлөлтөөс үүссэн маргаанаа шат шатны шүүхээр шийдвэрлүүлж байгаа бөгөөд энэ иргэний хэргийг шалган шийдвэрлэх явцад Д.У-  миний байрыг барьцаалж авсан зээлээ цалингийн зээл болгоод энэ зээлээ 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулж дууссан атлаа одоо болтол миний байрны гэрчилгээг буцааж өгөхгүй өөрийн хувийн зорилгодоо ашигласаар байна. П.У- нь Ц.Батсайхан нарын хооронд үүссэн зээлийн маргаанд Л.Хоролсүрэн хамааралгүй болсон байдлыг харгалзан үзэж орон сууц эзэмших эрхийн 000115762 дугаартай гэрчилгээний Ү-2003005658 улсын бүртгэлийн дугаартай, П.У-ын нэр дээр бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгож, Дархан сумын 4 дүгээр баг, 5-34 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.У- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Хоролсүрэн, Ц.Батсайхан нар нь 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоотод 1 өрөө байрны 000115762 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-20030005658 дугаартай орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн Голомт банкнаас 15 сая төгрөг зээлж Л.Хоролсүрэн болон Ц.Батсайхан нар авсан юм. Уг Голомт банкнаас авсан зээлийн мөнгө болон түүний хүү, хүүгийн хүүг төлөөгүй өдий хүрч байна.  Би гарын үсэг зурж уг 1 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан болохоор миний нэр дээр шилжин үлдсэн юм. Би өөрийн гэсэн орон сууц байхгүй байсан. Тухайн маргаан болж буй орон сууц нь тухайн үед Г.Хоролсүрэн, Ц.Батсайхан нарын өмчлөлд байсан бөгөөд Г.Ц- гэгч хүнийг огт танихгүй. Энэ 2 хүний орон сууц гэж ойлгож байсан. Голомт банкинд өртэй уг 15 сая төгрөгийн хүү, алданги болон үлдсэн зээл төлөгдөөгүй сар бүр 500,000 орчим төгрөгийг цалингаасаа төлж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 5 дугаар байрны 34 тоот 18,0 мкв талбайтай, улсын бүртэлийн Ү-2003005658 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч П.У-ын гаргасан Г.Ц-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 5 дугаар байрны 34 тоот 18,0 мкв талбайтай, улсын бүртэлийн Ү-2003005658 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.У-ыг бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Г.Ц-ыг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгч П.У-, хариуцагч Г.Ц- нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.У-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Ц-д олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар давж заалдсан гомдолдоо:

           Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр  зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчсөн  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Голомт банктай П.У- нь гэрээ байгуулсан ба 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрээ байгуулагдсан бөгөөд зөвхөн 2016 оны 02  дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Голомт банкинд Ц.Батсайхан, Г.Хоролсүрэн нарын үлдэгдэл 11.153.578,00 төгрөг, зээлийн хүү 3.121.240,61 мөнгө байна. Шүүх Г.Хоролсүрэн П.У- нарын хооронд хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байсаар байтал шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Алтанчимэг,  өмгөөлөгч  Ц.Гэнэндулам нарын  гаргасан давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхиж  байна.

            Нэхэмжлэгч  П.У-   хариуцагч Г.Ц-д холбогдуулан  Дархан сумын  4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө  орон сууцнаас албадан  гаргуулахаар,

            Хариуцагч Г.Ц- нь нэхэмжлэгчид  холбогдуулан   Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны  34 тоот  орон сууцыг Ц.У-аар  улсын бүртгэлийн  Y-2003005658   дугаарт  бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр  тогтоолгох   тухай  сөрөг  нэхэмжлэл  гаргажээ.

            Нэхэмжлэгч П.У-, хариуцагч  Г.Ц-  нар  үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг  аль аль нь  зөвшөөрөхгүй  гэж   маргасан  байна.

            Шүүх зохигчдын  дундах маргааныг  сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг  хангаж, үндсэн нэхэмжлэлийн  шаардлагыг   хэрэгсэхгүй  болгох  үндэслэлтэй гэж  үзэж  шийдвэрлэснийг  нэхэмжлэгч  эс зөвшөөрч  гомдол  гаргажээ.

            Нэхэмжлэгч  П.У-   нэхэмжлэлийнхээ  үндэслэл  болгож  улсын бүртгэлийн   000115762 тоот  гэрчилгээний  хуулбарыг   ирүүлсэн \хх-39 дүгээр  тал \  ба өмчлөгчийн хувьд   Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус  эзэмшлээс  шаардах эрхтэй,  уг эрхийн дагуу   нэхэмжлэлийн  шаардлага гаргасан  нь   хуульд  нийцэж байна.

            Харин  хариуцагч Г.Ц- нь  нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагыг  зөвшөөрөхгүй татгалзалдаа  П.У- нь  өмчлөх эрхийг   хууль бусаар  олж авсан  талаар тайлбар гаргаж,  нотлох баримт  ирүүлсэн байна.

            Хэрэгт цугларсан  баримтаас үзэхэд Дархан сумын 4 дүгээр баг, 5 дугаар байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ц-  2008 оноос  хойш  бодитой  өмчилж  байгаа бөгөөд  зохигчдын  хооронд  хуулийн  шаардлага хангасан   худалдах худалдан авах гэрээ  байгуулагдаагүй, худалдах худалдан авах  гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  хөрөнгө, түүнтэй холбоотой  баримт бичгийг  худалдан авагчид  шилжүүлэх,  худалдан  авагч нь  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг  төлж, хөрөнгө хүлээн авах  үүргийг тус тус хүлээдэг.

Харин  талуудын хооронд   гэрээ байгаа боловч  энэ нь  бодитоор  хийсэн гэрээ биш, гэрээний дагуу  эд хөрөнгө буюу  орон сууц шилжээгүй, эд хөрөнгийн үнэ  төлөгдөөгүй.

Иргэний хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д  Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд  нь  өмчлөгч биш болохыг өмчлөх эрх  олж авч байгаа этгээд  мэдээгүй  бөгөөд  мэдэх боломжгүй байсан бол  түүнийг өмчлөх эрхийг  шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд   өмчлөгч  биш болохыг  мэдэж байсан  буюу мэдэх  ёстой, мэдэх боломжтой  байсан бол   өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. 

            Нэхэмжлэгч  П.У-  анхнаасаа  дүр үзүүлэн хэлцэл хийж байгааг  мэдэж байсан. Үүнд: орон сууцны зээлд  авсан мөнгөө Л.Хоролсүрэн, Ц.Батсайхан нарт шилжүүлсэн,  өөрийн авсан цалингийн зээлийг  хаалгасан,   зээлийн  төлбөрийг  Л.Хоролсүрэн, Ц.Батсайхан нар  төлж байсан,  маргаан бүхий орон сууцыг  эзэмшиж байгаагүй  ба   эдгээртэй холбоотой  нотлох баримтыг  үгүйсгэж мэтгэлцээгүй   байна.

            Г.Ц-  нь  орон сууцыг  эзэмшиж, ашиглаж  байгаа бөгөөд  өмчлөх эрхийг буцааж, шилжүүлэхийг  шаардах эрхтэй.

            Анхан шатны  шүүх  иргэний хэргийг  шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны  харилцааг  зохицуулсан хуулийг  зөв тайлбарлан,  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан  журмын дагуу  үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  нийцсэн.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангах  хуулийн  үндэслэл  байхгүй байна гэж үзлээ.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанчимэг, өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын  давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230.000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА         

                          ШҮҮГЧИД                                                          С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ