Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                            *******

 Улсын яллагч                                              *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         *******

 Шүүгдэгч                                                 *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2104000450055 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн .. тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020\Ш*******\54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, ******* ******* Г-ын А /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020\Ш*******Т\54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн ба уг ялыг эдэлж дуусаагүй байх хугацаандаа буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсгийн 16 дугаар гудамжны 03 тоот хашааны гаднаас Л.З-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Дакар” нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикцлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр самраас ирээд найзтайгаа 2 шил архи уугаад харьж явах замдаа тэр мотоциклийг авсан байсан. Юу болсныг сайн санахгүй байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна..” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 38-39-р хуудас/,

Хохирогч Л.З-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/,

              Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтэд: “Үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 500.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт. /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын МНБ******* лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-82-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020\Ш*******Т\54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн ба уг ялыг эдэлж дуусаагүй байх хугацаандаа буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсгийн 16 дугаар гудамжны 03 тоот хашааны гаднаас Л.З-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Дакар” нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикцлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч буй гэм буруутай үйлдэл нь:

- Хохирогч Л.З-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 17-ны өглөө хөдөөнөөс буюу Хэнтий аймгийн *******энхэр мандал суманд байх гэрээсээ Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүний 16-3 тоот хашаанд 10 цагийн орчимд ирсэн. Тухайн хаяганд манай нутгийн ах байдаг юм. Ах бид 2 банк орох ажилтай байсан учир унаж ирсэн мотоциклоо тухайн хашааны гадна үлдээгээд таксигаар төв рүү явсан. Төвд байж байгаад 17 цагийн орчим буцаад очиход миний мотоцикль хашааны гадна байхгүй байсан. Би мотоциклийнхоо түлхүүрийг биедээ авч явсан. Тэгээд ойр орчим хайж үзэхэд байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ гадаа буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүний 15-3 тоот хашааныхаа гадаа хөдөө явах гээд машиндаа ачаагаа ачаад зогсож байсан. Тухайн үед манай найз Ч гэдэг залуу хамт байсан ба Ч-г зүс мэдэх болотой нэг мотоцикль түрсэн залуу ирээд Ч-тай мэндэлж байсан. Тэгээд Ч ажилтай байсан тул яваад өгсөн. Мотоцикль түрсэн залууг хашааны гаднаас яв гэхэд тухайн түрж явсан мотоциклоо зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 400.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийм мотоциклийг хэн 400.000 төгрөгөөр худалдаж авдаг юм гэж хэлсэн. Мөн хулгайн мотоцикль байж магадгүй гэж бодоод худалдаж авахгүй яв гэхэд “энэ миний мотоцикль, би өвөлжингөө унаж самранд явсан юм. Манай эхнэр уурлаад түлхүүрийг нь өгөхгүй байхаар нь түрээд гараад ирсэн юм” гээд намайг худалдаад авчих гээд гуйгаад салахгүй байсан. Тэгээд гуйгаад байхаар нь худалдаж авсан. Тухайн залуу надад 80.000 төгрөгөөр зарсан ба би мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Худалдаж авахдаа “ямар ч асуудал байхгүй биз дээ, би хөдөө мал дээр аваачиж тавих гээд байна” гэж лавлаж асуухад “ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан. Би мотоциклийг нь авахдаа түлхүүргүй авсан бөгөөд түлхүүрийг нь эхнэр уурлаад хураагаад авчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтэд: “Үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 500.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт. /хх-ийн 55-р хуудас/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Л.З-н эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Дакар” нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикцлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдлээр илэрч байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******-ын хууль зөрчсөн үйлдлээс хохирогч Л.З-д нийт 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.З нь өөрийн эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэсэн “Дакар” нэртэй улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикцлийг алдсан ба шүүгдэгч ******* нь тус мотоцикцлийг биет байдлаар хохирогчид буцааж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогч Л.З-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний мотоцикль ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн олсон тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс *******-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацааны үлдэх 1 жил 10 сар 6 хоног дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 45 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 11 сар 21 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх саналтай” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнтээ гэм буруутай гэдэг нь тогтоогдож байгаа учраас энэ хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр өмгөөллөө явуулна. Хохирол төлбөр байхгүй, хохирогч ямар нэгэн байдлаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахгүй байгаач гэж хүсэлт тавьсан байгаа. Энэ үйлдэлд нь 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зөв гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ялыг өршөөн хэлтрүүлж болохоор заасан учраас өмнөх 3 жилийн тэнсэн харгалзах ял өршөөн хэлтрүүлэгдэж байна. Өмнөх хэрэг болон энэ мотоциколийн хулгайн хэрэг ал аль нь өршөөлийн хуулиар өршөөгдөх байх гэж үзэж байна. Өршөөл гарснаас өмнөх үйлдэл учраас аль алийг нь өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна, миний буруу. Дахиж ийм гэмт хэрэгт орооцолдохгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.  

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцлийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдууулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаас түүний цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг хасаж, үлдэх 5 /тав/-н сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч *******-т шүүхээс оногдуулсан 5 /тав/-н сар 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 4-р хороо, Тогос-Уулын 5-р гудамжны 10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Хэнтий аймгийн *******энхэрмандал сумын нутагт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч *******-т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020\Ш*******\54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрт өршөөл үзүүлэх эсэхийг хуульд заасан харъалан шийдвэрлэх байгууллага шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 12.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* Г-ын А-т 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 5 /тав/-н сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй. 
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/-н сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т шүүхээс оногдуулсан 5 /тав/-н сар 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 4-р хороо, Тогос-Уулын 5-р гудамжны 10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Хэнтий аймгийн *******энхэрмандал сумын нутагт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.
  7.  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020\Ш*******\54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрт өршөөл үзүүлэх эсэхийг хуульд заасан харъалан шийдвэрлэх байгууллага шийдвэрлэхийг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар хохирогч Л.З-д өгсөн болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  10. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ӨЛЗИЙ-ОТГОН