Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Н,   

Улсын яллагч                                   Н.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Ц,

Шүүгдэгч                                           Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2104000410054 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ганцаараа, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо 9 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух,

Урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, мөн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Х-ын Б /РД: /,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 5 дугаар гудамжны 07 тоотод орших иргэн Д.Б-н гэрт хохирогч Д.Т-тэй маргалдан, улмаар түүний толгойны ар дагз хэсэгт 1 удаа, нуруу хэсэгт 1 удаа төмрөөр цохьсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, дагзны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би хуучин эхнэр Н-г хардсаны улмаас Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 5-7 тоотод очиж Т гэгчийг хатавчинд хавчуулагдсан байсан төмрөөр толгой руу нь 1 удаа цохиж бие рүү нь 2-3 удаа цохьсон. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 50-р хуудас/,

Хохирогч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ууланд самар түүж байгаад Багануур дүүрэг 4 дүгээр хороо Рашаантын 5 дугаар гудамжны 7 тоотод ирсэн. Багануурт ирэхэд машин бага зэргийн эвдрэлтэй байсан учраас 2 хоног машинаа янзалсан. 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б, У бид 3 “Нийслэл” нэртэй 2.5 литрийн 3 пиво уусан. Гаднаас нэг танихгүй залуу орж ирээд бид 3-тай юм ярьж сууж байснаа буцаад гарчихсан юм. Удалгүй гаднаас 2 залуу дагуулж орж ирээд намайг зодсон. Тухайн үед бид 3 архи согтууруулах ундааны төрлийн зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас яг ямар 2 хүн орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ эхлээд орж ирсэн залууг нь би хальт танина.” гэв /хх-ийн 18-р хуудас/,

Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Э.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 50, 53-70-р хуудас/,

Шүүгдэгч Х.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 5 дугаар гудамжны 07 тоотод орших иргэн Д.Б-н гэрт хохирогч Д.Т-тэй маргалдан, улмаар түүний толгойны ар дагз хэсэгт 1 удаа, нуруу хэсэгт 1 удаа төмрөөр цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, дагзны доод хэсэгт хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Д.Т-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч   Х.Б-ны хохирогчийн толгойны ар дагз хэсэгт 1 удаа, нуруу хэсэгт 1 удаа төмрөөр цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

-Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ууланд самар түүж байгаад Багануур дүүрэг 4 дүгээр хороо Рашаантын 5 дугаар гудамжны 7 тоотод ирсэн. Багануурт ирэхэд машин бага зэргийн эвдрэлтэй байсан учраас 2 хоног машинаа янзалсан. 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б, У бид 3 “Нийслэл” нэртэй 2.5 литрийн 3 пиво уусан. Гаднаас нэг танихгүй залуу орж ирээд бид 3-тай юм ярьж сууж байснаа буцаад гарчихсан юм. Удалгүй гаднаас 2 залуу дагуулж орж ирээд намайг зодсон. Тухайн үед бид 3 архи согтууруулах ундааны төрлийн зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас яг ямар 2 хүн орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ эхлээд орж ирсэн залууг нь би хальт танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “ Болсон үйл явдлын талаар мэдэхгүй байна. Би тухайн үед “Мотоцикль засвар” гэсэн хаягтай засварын газар машиныхаа урд талд өөрөө чирэгч гэдэг зүйл хийлгэчихээд буцаад өөрийн төрсөн ах Д.Т, ахын найз У нарыг аваад самарт явах гэж байсан. Тэгээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 5 дугаар гудамжны 7 тоотод ирэхэд ямар ч хүн байгаагүй. Хажуу талын айлын хүн надад хэлэхдээ “Сая наад гэрт чинь байсан гурван залуус хоорондоо зодолдоод цагдаа аваад явчихсан” гэж хэлсэн. Удалгүй манай ах Д.Т эмнэлгийн утсаар над руу яриад “Би эмнэлэг дээр байна, миний толгойг хагалчихаж” гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход цагдаа нар байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/,

- Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Тус өдөр орой би хашааныхаа гадаа зогсож байхад ертөнцийн зүгээрээ зүүн талаас гурван залуу алхаж ирээд манай хажуу талын айлын 5-7 тоот руу ороод шууд зодолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2021 оны 03 сарын эхэр БНД-т  очсон. 2021.04.18-ны өдөр БНД-ийн 3 дугаар хороо Бага гүний 2-11 тоотод таньдаг эгчтэйгээ пиво уугаад сууж байтал багаас таньдаг Б гэх залуу над руу утсаар яриад “данс руу чинь мөнгө хийчихье, хэдэн пиво аваад манай гэрт хүрээд ирээч” гэсэн. Би машинтай хүн дуудаад дэлгүүр орж 2.5 л-ийн хэмжээтэй Нийслэл нэртэй хүрэн савтай пивоноос 5 ширхэгийг аваад Баярхүүгийн гэр буюу 4-р хороо Рашаантад очсон. Намайг очиход Б болон Б-ийн 2 найз самраас ирсэн гээд сууж байсан. Би тэр 2 залууг нь таньдаггүй байсан ба авч ирсэн пивонуудаа хамт ууж байхдаа тухайн 2 залуутай танилцсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Бид 4 пиво уугаад дуусаж байтал гаднаас Б-н эхнэр Ө гаднаас орж ирсэн. Тухайн үед 2 цагдаа гаднаас орж ирээд “хөл хорионы үед бөөгнөрч архи ууж болохгүй, гэр гэртээ харьцгаа” гэхээр нь Ө гараад явчихсан. Би Ө-г хэзээ гарч явсныг нь мэдээгүй. Удалгүй гаднаас манай салсан нөхөр Б гэрт орж ирчихсэн байсан ба Б гаднаас 2 залуу дагуулж орж ирчихсэн байсан. Тэгээд  зодолдож байгаад Б-н 2 найзын жижиг биетэйгийн толгойг хагалсан. Гэр доторх шал нил цус болсон байсан. Би согтсон байсан тул толгойг нь юугаар цохисон, яаж цохисон талаар нь анзаараагүй. Зодолдож дуусаад Б хамт дагуулж ирсэн хүмүүсээ дагуулаад явсан. Цагдаа нар ирээд надтай хамт Б-г хайсан боловч олдоогүй. Би 2021.04.25 Улаанбаатар хотод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Бага гүний 10 дугаар гудамжны 03 тоотод Б гэх найзындаа Б, Б, Б бид хэд байж байхад Б-ны эхнэр нь дуудаад байна гэж хэлээд гараад явчихсан. Б Б-н утсыг аваад явчихсан байсан бөгөөд Б-н утсаар миний 92038030 дугаарын утас руу залгаад хүнд зодуулчихлаа Рашаантад хүрээд ирээч гэж хэлж байсан. Тэгээд Б бид хоёр Б-н гэрээс гараад явж байтал Байдлаг Рашаант 2ын голын автобусны буудал дээр Б зогсож байсан. Тэгээд цуг Б зодуулсан гэх газар Рашаантын 5 дугаар гудамжны 07 тоотод очиход гэрт нь байсан хулгар чихтэй залууг нь Б төмрөөр цохисон. Тэгээд Б бид 2 салгаад авч гарсан ба Б Б бид 3 Батзаяагийнд очсон. Б-д очиход Б-н эхнэр Ө ирчихсэн байсан ба Ө-н утас дугараад утсаа автал тухайн зодоон болсон гэрт унтаж байсан Б залгаад манай найзын толгойноос цус гараад байна гэж хэлэхэд нь Б гараад явчихсан бөгөөд тэрнээс хойш би Б-тай таараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Э.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 5 дугаар гудамжны 7 тоот гэрт очиж хүүхдүүдийнхээ хувцасыг авах зорилгоор оичход гэрт нь Б хуучин эхнэр Н байсан ба удалгүй гаднаас цагдаа орж ирээд та нар одоо гэр гэр рүүгээ явцгаа гэх мэтийн зүйл хэлэхээр нь хүүхдийнхээ хувцасыг авахаа мартаад цагдаа нарын үгэнд ороод гэрээс нь гарсан. Н бид 2 тухайн гэрээс гараад хашааны үзүүрт байж байгаад цагдаа нар явсны дараа Н буцаж ороод би Бага гүний 10-3 тоотод хамтран амьдрагч Б-д очиход Б, Б, М, М нар байсан ба би Б-д хандан “Н хаана байгаа юм бэ” гэхэд “Хүүхдийн бие өвдөөд хот руу явна” гэж байсан. Тэгэхээр нь “наад хуучин эхнэр Н чинь Рашаантад Б, танихгүй 2 залуутай пиво ууж байсан” гэж хэлэхэд Б Б-ийн утсыг аваад гараад явсан. Манай хамтран амьдрагч Б архиндаа тасраад унтчихсан байсан ба унтаж байх хооронд нь буцаж Рашаантын 5-7 тоотод очоод хашаагаар нь ортол Б гартаа сүхний иш шиг төмөр барьж зогсчихсон байсан ба тухайн төмрөө газар хаячихаад явсан. Тэгэхээр нь Б-ны араас дуудахад эргэж харахгүй байсан бөгөөд хашааны булан эргээд харал байхгүй болчихсон байсангэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага гүний 10 дугаар гудамжны 3 тоот гэртээ пиво уугаад пивондоо нилээд согтчихсон байсан ба намайг тасраад унтчихсан хойгуур Б миний утсыг аваад гарчихсан байсан. Тэгээд орой 21 цагийн орчим хаалга тогшоод байхаар нь  хаалга тайлсан чинь цагдаа нар орж ирээд Б-ныг асууж байгаад явчихсан. Үүрээр 6 цагийн орчим Б манай гэрт ирэхэд нь өчигдөр манай гэрт хэдэн цагдаа нар ирчихээд явсан. Чамаас болоод цагдаа нар манай гэрээр эргэлдээд байна гэж хэлэхэд Б за за гэж хэлээд гараад явчихсан. Удалгүй 7 цагийн орчим Б над руу залгаад самарт явлаа гэхээр нь битгий солиороод бай цагдаа нар дээр очиж уулзаач чамайг хайгаад байгаа юм биш үү гэж хэлэхэд цагдаа нартай очиж уулзчихсан байгаа гэж хэлж байсангэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтэд “1. Д.Т-н биед зүүн чихний дэлбэн, дагзны доод хэсэгт хатгагдсан зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.  /хх-ийн 38-39-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Х.Б-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б-г хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хуулийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулах ялаас өршөөн хэлтрүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв. 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.

Яллагдагч Х.Б-ыг 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 5 дугаар гудамжны 07 тоотод орших иргэн Д.Б-н гэрт хохирогч Д.Т-тэй маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, дагзны доод хэсэгт хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр, мөн хохирогч Д.Т нь энэ хэрэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, яллагдагч нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага баримтаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б-д оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн никель гадаргуутай ус буцалгагч 1 ширхэг, сэрээ 1 ширхэг, 60 см урттай төмөр 1 ширхэг зэргийг /хх 15-р хуудас/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Х-ын Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б овгийн Х-ын Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
  4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь яллагдагчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч нь холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Т нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн никель гадаргуутай ус буцалгагч 1 ширхэг, сэрээ 1 ширхэг, 60 см урттай төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Х.Б-ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН