Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 27

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Н.Энхнаран оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1821000000042 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Матад суманд 1980 оны 04 сарын 30-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “******* *******” гэх газарт оршин суух, ял шийтгэл:

Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 110000 төгрөгөөр торгох ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 47 дуг аар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ийст палас” төвийн угаалгын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн *******ын нокиа маркийн гар утас 1 ширхэг, өвлийн куртик, гутал, пүүзэн гутал, ягаан өнгөтэй цүнх болон байгууллагын эзэмшлийн уурын индүү 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж бусдад нийт 640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч *******д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 /жар/ хоногийн хорих ялаар тооцож (нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож) нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор …шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие ...ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч Матад сумын 4-р багт оршин суух ээж *******ынд түр оршин сууж байгаа. ...Би 2013 онд хорих 419 дүгээр ангид ял эдэлж байх хугацаандаа биеийн хэсгийн зүүн талд цус харвалт өгч бие муудан эмчлүүлж байсан, түүнээс хойш биед ачаалал өгөх, толгой эргэх үедээ унаж тусдаг өвчтэй болсон. Мөн ээж ******* маань Матад сумын 4-р багт цөөхөн малтайгаа амьдран ганц биеэр байдаг тэтгэврийн хөгшин. Надад боломж олгож 2 жил 2 сарын эдлэх ялаас эрүүл мэнд, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хасаж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж гүнээ ухамсарлаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ийст палас” төвийн угаалгын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн *******ын нокиа маркийн гар утас 1 ширхэг, өвлийн куртик, гутал, пүүзэн гутал, ягаан өнгөтэй цүнх болон байгууллагын эзэмшлийн уурын индүү 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж бусдад нийт 640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч О.Оюунбаатар, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон ба энэ тухай хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын “эдлэх ялаас эрүүл мэнд, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хасаж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                          Л.НАРАНБАЯР

 

ШҮҮГЧИД                                                 З.ЭНХЦЭЦЭГ

 

Ж.ДОЛГОРМАА