Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 109/2022/0474/З |
Дугаар | 221/МА2023/0302 |
Огноо | 2023-05-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0302
Н-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0126 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Н
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н-ийн гүйцэтгэх захирал Л.Г
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М
Хэргийн индекс: 128/2022/0474/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0126 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н-ийн А аймгийн А сумын А нэртэй газар 3790.38 гектар талбай бүхий XV-000000 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэг “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх...” гэж заасныг үндэслэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Н нь ашигт малтмалын хайгуулын ХV-000000 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байвал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт“...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах...” гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар сунгасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт болон кадастрын системд бүртгэл хөтөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэдэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй, мөн Геологи, уул уурхайн кадастрын даргын шийдвэр, бусад эрх зүйн акт гардаггүй болно.
Н-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах нь” 01/12 дугаар албан бичгийг манай байгууллагад ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8/1279 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” хариу хүргүүлсэн нь хуульд нийцсэн.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Н-ийн А аймгийн А сумын А нэртэй газар 3790,38 гектар талбай бүхий Х\/-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ..., ...А аймгийн А сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүргүүлсэн. Байгаль орчны байцаагч нь төрийн албаны зөвлөлийн түр томилохтой холбоотойгоор чөлөөлөгдсөн, байхгүй учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчилж батлах боломжгүй байна гэдэг хариуг А аймгийн А сумаас өгч байсан..., Ашигт малтмал, газрын тосны газраас танай хүндэтгэн үзэх шалтгаан байгаа нөхцөл байдал, орон нутгийн захиргааны байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчилж баталж өгөөгүйтэй холбоотойгоор нөхцөл байдлуудыг хянаж үзэлгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан буруу..., Маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байсан бөгөөд нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн баримт бичгийн бүрдлийг хангаж хуулийн шаардлагын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлуулаагүй байсан гэдэгтэй нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй..., Дээрх хүсэлтийг гаргахдаа захирал Л. өөрийн өвчтэй байсан болон орон нутгаас шалтгаалан байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй талаар дурдсан “оловч хариуцагч уг нөхцөл байдлыг харгалзан үзэж судлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дуусгавар болгосон учраас танай сунгах өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ..., нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт зоригоо илэрхийлсээр байтал, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53.1 “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болгоно.”, 53.1.1 “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэх зохицуулалтын дагуу хариу өгсөн нь буруу..., учир нь нэхэмжлэгчээс мөн хуулийн 22.4 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэсэн заалтын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг хүссэн байна..., Иймээс нэхэмжлэгч Н-ийн А аймгийн А сумын А нэртэй газар 3798,38 гектар талбай бүхий ХV-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв...” гэж хууль бус дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй үүргийг хамааруулан зааж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.
Дээрх үндэслэлүүдээр талууд анхан шатны шүүх хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлж мэтгэлцсэн. Гэвч талуудын зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт өгөхөөс зайлсхийж хариуцагч захиргааны байгууллагаар дахин акт гаргуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэх боломжтой байсан хэдий ч хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0126 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “... Ашигт малтмалын хайгуулын XV-000000 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээлгэж өгөөгүй, батлуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан бүхий эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, Ашигт малтмалын хайгуулын XV-000000 тоот тусгай зөвшөөрлийн сунГын өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч даалгуулах” / 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас/ гэж өөрчилжээ.
2. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Н-ийн А аймгийн А сумын А нэртэй газар 3790.38 гектар талбай бүхий XV-000000 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.5-д тус тус заасанд нийцээгүй байна.
2.1. Учир нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, харин хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө, хавсаргах материалын хамт ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үйл явдал /факт/ болсонтой холбоотой тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг мэдээллийн санд бүртгэсэн, нэхэмжлэгч энэ бүртгэлийн талаар шаардлага гаргаагүй.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ирүүлэхдээ 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4420 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан шаардлагыг дахин бичиж ирүүлсэн байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна:”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх” талаар тодорхой заагаагүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах талаар заасныг зөрчсөн байна.
3. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө, хавсаргах материалын хамт хуульд заасан хугацаанд гаргаж амжаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой зарим баримтууд буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаагүй нь сумын Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой талаар баримт ирүүлсэн байхад тухайн баримтыг хариуцагчид хэзээ хүргүүлсэн талаар тодруулаагүй, Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд баталгаажуулахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгосон эсэх зэрэгтэй холбоотой баримтыг шүүх цуглуулж хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, энэ талаар хариуцагчид хандаж байсан эсэх, хандсан бол уг шалтгааныг харгалзан үзэж, шийдвэр гаргах эрх хариуцагчид байгаа эсэх, байгаа бол уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ