Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 09

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Н-т холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Н-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож, нөхөн төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах тухай”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Х нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Нын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож, нөхөн төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Тус байцаагчийн гаргасан акттай холбогдуулан “Мэргэжлийн хяналтын газрын дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын даргаас давхар шийдэхгүй гэсэн хариу ирсэн. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаас хариу албан бичиг ирсэн. Тус албан бичгээр энэ хэргийг шийдвэрлэх нотлох баримт хангалттай биш байна. Тус хэргийг одоогоор шийдэх боломжгүй гэсэн хариу авсан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ акт нь эрх зүйн үндэслэлгүй болон эрх зүйн алдаатай захиргааны акт юм. Учир нь тус акт тогтоох болсон үндэслэл шалтгаан, ямар учраас акт тогтоогоод байгаа нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл тус сумын иргэн Д.Хт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон бөгөөд Ж.Э-ийн нас барсан талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад 2,664,000 төгрөгийг олгосон нь Нийгмийн хамгааллын хуулийн 8.3 дугаар зүйл, 12 дугаар зүйлийг зөрчсөн байна гэжээ. Нийгмийн халамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дугаар зүйлд юу гэж заасан бэ гэхээр халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасан байдаг. Дуут сумын Нийгмийн халамжийн мэргэжилтэн н.Бямбасүрэн гэх хүн Д.Хийн охин Э.Гд тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн халамжийн сангаас олгохдоо буруу зарцуулсан юм болов уу. Угтаа төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулна гэдэг нь зарцуулагдах зүйлээсээ өөр зүйлд зарцуулагдахыг хэлдэг. Зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь халамжийн сангийн хөрөнгөөр тоног төхөөрмж худалдан авах, урсгал зардалд зарцуулагдсан байвал үүнийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үздэг. Зориулалтын бус зарцуулагдаагүй байхад зориулалтын бусаар зарцуулсан гэж акт гаргаж байгаа нь эрх зүйн алдаатай шийдвэр гаргасан байгааг илтгэж байна.

Мөн дээрх акт тогтоохдоо Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Уг хулуийн 12 дугаар зүйлийн 12.1-д Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэд сар бүр олгоно, 12.1.4-д тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд” гэж заасан байдаг. Д.Хийн халамжийн сангийн тэтгэврийн хувийн хэргээс харахад Дуут сумын Нийгмийн даатгалын байцаагчийн “...Д.Хо нь нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх боломжгүй байгаа нь үнэн...” гэж тодорхойлт гаргасан байдаг. Д.Хийн нөхөр Ж.Э нас барсан, тухайн үед буяныг үйлдэж нутаглуулсан. Улсын бүртгэлийн ажилтан Ж.Эийн нас барсны гэрчилгээг 2 удаа олгож гарын үсэг зураад тамга дарж өгөөд байхад иргэн төрдөө итгэж дараагийн алхамаа хийж халамжийн тэтгэвэр авсан. Халамжийн сангаас зохих журмын дагуу тэтгэвэр олгож байхад үүнд Д.Х ямар буруутай юм бэ? Улсын бүртгэлийн ажилтны буруутай үйлдлийн улмаас охин Э.Г олгож байсан тэтгэврийг зогсоож болохгүй. Үнэхээр нас бараагүй хүнийг нас барсан болгож Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авсан бол энэ тэтгэмж авах болзол шаардлагыг хангаагүй  гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч буруутгагдах байх. Улсын бүртгэлийн ажилтны буруутай үйлдлийн улмаас акт тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй.

Нийгмийн халамжийн тухай хуулиар нийгмийн халамжийн сангаас буруу зарцуулагдлсан мөнгийг хэрхэн яаж төвлөрүүлэх нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд байгаа. Тэтгэвэр тэтгэмж авагч нь буруу тэтгэвэр тэтгэмж авсан тохиолдолд уг тэтгэвэр, тэтгэмжийг зогсооно. Тус хуулийн 30.2-д тэтгэвэр, тэтгэмж авагч нь илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгох тухай улсын байцаагч шийдвэр гаргаж болно гэж байгаа. Хамгийн гол нь тэтгэвэр, тэтгэмж авагч нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол гэж байгаа. Гэтэл улсын байцаагч акт тогтоохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг юугаар тогтоосон бэ? Хувийн хэрэгт байгаа материалыг үндэслэж акт тогтоосон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь Ж.Э-н нас барсны мэдээлэл иргэний бүртгэлийн санд ороогүй гэдэг үндэслэлээр акт тогтоосон байдаг. Иргэний бүртгэл мэдээллийн санд ороогүй гэдэг асуудал нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдэг зүйл биш юм.  Мөн захиргааны гаргасан шийдвэр нь үндэслэлтэй бодит байдалд тохирсон байна гэж заасан байдаг. Энэ наад захын 2 зарчим нь хэрэгжээгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч танай баримт бичиг дутуу байна. Энэ баримт бичгээ бүрдүүлж нэгдсэн мэдээллийн сандаа оруул гэсэн шаардлага, аль эсвэл зөвлөмж өгөөд шийдвэрлэх асуудал байсан. Акт гэдэг нь төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай гарсан.

Талийгаачийн охин Г нь нийгмийн халамжийн сангаас олгогдох ёсгүй зүйл авсан юм уу? хуулиар олгогдох ёстой тэтгэвэр тэтгэмжээ авсан. Түүний эцэг нь нас барсны улмаас 18 нас хүртэл ниймийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхтэй. Үүнийг ялгаж ойлгохгүй болохоор эрх зүйн зохицуулалтаа буруу хэрэглэж байна. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хүүхдийн хуль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар тухайн хүүхэд тэжээгчээ алдсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй байдаг. Тус эрхийг нь улсын байцаагч хязгаарласан акт гаргаж байна. Иймд нэхэмжлэгч аваагүй тэтгэмжээ үргэлжлүүлэн авах, улсын бүртгэлийн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан тэжээгчээ алдсаны тэтгэмж нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын халамжийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дамжих сангийн зарцуулалтанд  хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтыг хэрхэн хийсэн талаар ярихад манай байгууллагаас Улсын бүртгэлийн хэлтэс рүү албан бичиг хүргүүлж аймгийн хэмжээнд 2017, 2018 оны нас барагсдын судалгаа гаргуулан авч нийгмийн даатгалын болон халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмжийн материалд шалгалт явуулдаг. Дуут сумын халамжийн сангийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн материалд хяналт шалгалт хийж байхад Ж.Э-ийн нас барсны бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн санд ороогүй байхад нийгмийн халамжийн сангаас Э.Г-д тэтгэвэр тогтоож олгосон байсан.

Д.Х-тэй би 2018 оны 9 дүгээр сараас хойш акт тогтоох хүртлээ утсаар холбогдож, акт тогтоох талаар хэлж байсан. Д.Хт холбогдуулж акт тогтоох болсон үндэслэл нь Ж.Э-ийн нас барсны бүртгэл үндсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна, өөрөөр хэлбэл түүний нас барсны бүртгэл аймгийн хэмжээнд бүртгэгдээгүй, хүн амын тооллогоос хасагдаагүй байна гэж үзэж акт тогтоосон. Хүчин төгөлдөр бус нас барсны гэрчилгээг үндэслэн тэтгэвэр олгосон учраас нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзсэн. Энэ тохиолдолд халамжийн сангаас авсан мөнгөө буцаан төлөх ёстой. Хүчин төгөлдөр баримтаа бүрдүүлж, халамжийн байцаагчид өргөдөл гаргасан өдрөөс эхлэн тэтгэвэр тэтгэмж олгогддог. Ж.Э нь хэзээ, хаана нас барсан нь тодорхойгүй. Нас барсан талаарх албан ёсны хүчин төгөлдөр бүртгэл хийгдсэний дараа Д.Х нь үргэлжлүүлэн тэтгэвэр авах эрхтэй.

Акт тавихдаа 8 дугаар зүйл болон 12 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг үндэслэлээр тавьсан. 12 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг нь  тэтгэврийн нийтлэг болзол шаардлагыг хангах иргэдийн заалтууд байдаг. Иймд би үндэслэлтэй акт тавьсан гэж үзэж байгаа. Хүчингүй хууль бус гэрчилгээгээр тэтгэмж авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан бол төсвийн хөрөнгийг буцаан төлөх ёстой.

Нийгмийн даатгалын сангийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн  гэж байна. 31 дүгээр зүйлд 2015 оны хуулиар нэмэлт өөрчлөлт орсон. 30 дугаар зүйлд тэтгэврийг зогсоогоод суутгал хийх талаар тусгасан байдаг бөгөөд нөхөн төлүүлэх тухай зүйл заалт байхгүй.  Харин З1 дүгээр зүйл буюу эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд хамааруулж хариуцлага хүлээлгэнэ гэсэн зүйл заалтыг баримталсан. Төрийн хяналтын шалгалтын 10.10 дугаар зүйлийг мөн үндэслэсэн. Уг зүйл заалтад тухайн салбарын хууль тогтоомжийг үндэслэж захиргааны акт тогтооно гэж тусгасан байдаг учраас 10.10 дугаар зүйлийг үндэслэсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баталсан стандарт гэж байдаг. Уг стандартад улсын байцаагчийн акт бичих норматив гэж байдаг. Уг нормативд улсын байцаагчийн акт ямар журмаар ямар хэлбэрээр яаж бичигдэх талаар эхлэл, тогтоох, үндэслэх гэсэн дараалал байдаг. Энэ дарааллын дагуу тус актыг бичсэн.

Тус актын талаар Д.Хт холбогдож хэлэхэд Д.Х хүлээн зөвшөөрч “заа ойлголоо” гэдэг хариуг хэлсэн. Тэгээд би чи өөрөө ирээд акттай танилцах шаардлагатай байна гэж хэлсэн. Би актны доод талд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, сангийн мэргэжилтэн, Дуут сумын халамжийн байцаагч, иргэн Д.Х гэсэн 4 хүний гарын үсэгтэйгээр актаа бичсэн.  Үүнд Халамжийн газрын дарга болон сангийн мэргэжилтэн 2 гарын үсгээ зурсан. Харин Дуут сумын Д.Хт мэдэгдэхэд би төрөөд удаагүй байгаа учраас очиж амжихгүй гэдэг хариуг хэлсэн. Бямбасүрэн ирээгүй учраас би халамжийн газраар дамжуулж, Дуут суманд актыг нь хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл, 12 дугаар зүйлд заасныг зөрчиж тэтгэвэр, тэтгэмж олгогдсон байна гэдэг үндэслэлээр акт тавигдсан. Түүнчлэн Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Нийгмийн халамжийн тухай хуулиудыг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж үзэх бас нэг үндэслэл байгаа. Учир нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэн уг хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн зүйл заалт байгаа. Үүнийг баримталсан нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа 30 дугаар зүйлийг баримтлаагүй гэдэг тайлбарыг гаргаж байгаа. 30 дугаар зүйлийг бүхэлд баримтлаад тэтгэвэр тэтгэмжийг зогсоох үйл ажиллагааг 30 дугаар зүйлийг зогсоохгүйгээр шийдвэрлэсэн үндэслэл актаас харагдаж байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж тэтгэвэр тэтгэмжийг зогсоосон. Тэгээд 31 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх зохицуулалтыг зааж өгсөн. Улсын бүртгэгчийн буруу байхгүй. Харин иргэний оролцоо байна гэж харагдаж байна. Учир нь Дуут сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Эрдэнэтуяагийн хийж өгсөн эмнэлгийн байгууллагын нас барсны дүгнэлт, гэрчилгээ гэж бичигдсэн. Үүнийг үндэслээд улсын бүртгэгч нас барсны гэрчилгээ бичсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр эмнэлгийн гэрчилгээ буруу гарсан зүйл харагдаж байна. Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгч Д.Хээс асууж авсан тайлбарт 2018 оны 9 сарын 10-ны үеэр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч акт тогтоох гэж байсныг мэдсэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Нутсаар холбогдох акт тогтоох гэж байгаа талаар хэлсэн гэж тайлбарласан байдаг. Ж.Эийн нас барсны эмнэлгийн гэрчилгээг АМ-7 маягтыг 2 удаа олгосон нь буруу юм. АМ-7 маягтыг үндэслэн нас барсны гэрчилгээ олгосон байдаг. Д.Х нь Ж.Эийн нас барсны гэрчилгээг хүчингүй болсон талаар мэдсэнээс хойш улсын бүртгэлийн байгууллагад хандаж албан ёсоор нас барсны гэрчилгээг гаргуулан авсан бол улсын байцаагч акт тогтоохгүй байсан байх. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу нас барсны гэрчилгээ гаруулан улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас энэ асуудал үүссэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар захиргааны акт гарсныг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах, 14.2-д дээд шатны захиргааны байгууллагад гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандана гэж заасан. Д.Х нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Учир нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уг актыг хүчингүй болгуулахаар хуульд заасан дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ хугацаа нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дууссан ба нэхэмжлэгч нь тус шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

   Нэхэмжлэгч Д.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М“Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Нын 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дугаартай “Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтооож хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Ж.Э-ийг нас барсны гэрчилгээг үндэслэн охин Э.Г-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь үндэслэлтэй, нас баралтыг иргэний бүртгэлийн мэдээллийн санд оруулаагүй нь улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа гэж, хариуцагч нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Н тайлбартаа нас барсны бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад хүчин төгөлдөр бус нас барсны гэрчилгээг үндэслэн тэтгэвэр тогтоож олгосон нь олгосон нь Нийгмийн халамжийн тухай хуулийг зөрчсөн” гэж тус тус тайлбарлан маргана.

 

Маргааны үйл баримтын тухайд:

1. Ж.Э, Д.Х нар 2003 оны 10 сарын 12-ны өдөр гэр бүл болсныг Ховд аймгийн Манхан суманд 2004 оны 03 сарын 23-ны өдөр бүртгэсэн[1] байх ба охин Э.Г 2004 оны 01 сарын 23-ны өдөр төрсөн байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн охин Э.Гын төрсний гэрчилгээг[2] 2017 оны 04 сарын 03-ны өдөр олгосноос үзвэл хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар овог нэр өөрчилсний улмаас олгогдсон байх боломжтой хэдий ч Ж.Э, Д.Хг нар гэр бүл болсны дараа охин төрсөн байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

 2. Нэхэмжлэгч Д.Хнь нөхөр Ж.Э-тэй 2007 оноос хойш хамт амьдраагүй, түүнийг Улаанбаатар хотод нас барсан талаар эгчээс гь мэдсэн талаар шүүхэд тайлбарласан ба 2017 онд Ж.Э-ийн төрсөн эгч Ж.Галбаяр түүнийг нас барсан болохыг тодорхойлж нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг бичүүлсэн болох нь гэрч Т.Сувд-Эрдэнэ, А.Болормаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

3. Дуут сумын эрүүл мэндийн төвөөс Ж.Эийг 2012 оны 02 сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг[3] 2017 оны 01 сарын 25-ны өдөр олгосныг үндэслэн нас барсныг 2017 оны 03 сарын 28-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч Д.Х нь охин Э.Г-ын эцэг Ж.Э нас барсан үндэслэлээр нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бармит бичгийг бүрдүүлж өгснөөр 2017 оны 04 сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоож олгохоор шийдвэрлэгдсэн.[4]

4. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Н нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүгийн баталсан 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 01/168 дугаар “Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн[5] дагуу 2018 оны 09 сарын 05-ны өдөр Дуут суманд ажиллаж, тус сумын халамжийн тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийж ажиллажээ. Хяналт шалгалтаар Д.Хийн 0047597 тоот тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан Ж.Э-ийн нас барсны бүртгэл иргэний бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад тэтгэвэр тогтоож олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт тогтоосон.

 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Нын 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дугаартай “Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож нөхөн төлүүлэх тухай” актаар[6] “Д.Хийн 0047597 тоот тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан нас барсны гэрчилгээ нь иргэний бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад тэтгэвэр тогтоож олгосон нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 12 дугаар зүйлийн тус тус зөрчсөн.” гэж тогтоосныг хууль зүйн дүгнэлт хийвэл:   

Нэгдүгээрт. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг гэж тодорхойлсон ба энэ хуулийн зорилго нь дээр дурдсан зорилтот бүлэгт хамаарах хүмүүст халамж, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхэд зориулж сан бүрдүүлэх, зарцуулах, уг сангаас тэтгэвэр,тэтгэмж олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.  

Нэхэмжлэгч Д.Х-ийн нөхөр Ж.Э нас барсан нь түүний насанд хүрээгүй охин Э.Г-д халамж үзүүлэх шаардлага буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох бодит үндэслэл ба нийгмийн халамж шаардлагатай, өөрөөр хэлбэл өөрөө бие дааж амьдрах боломжгүй насанд хүрээгүй хүүхдэд хамаарч байна . 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.  24 дүгээр зүйлийн 24.3-д Хүүхэд эцгийн нэрийг авна. 25 дугаар зүйлийн 25.3-д  Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй гэж,

Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна, 12 дугаар зүйлийн 12.1-д Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид “тэтгэвэр” гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно: 12.1.4.тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд; гэжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч Д.Хийн охин Э.Г халамжийн сангаас тэтгэмж авах эрхтэй байх бөгөөд тэтгэвэр тогтоож олгосон нь Нийгмийн халамжийн тухай 8 дугаар зүйлийн 8.3-д “Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

Хоёрдугаарт. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр , тэтгэмж олгох” журмын 6.1-д иргэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хүсэлт гаргахдаа өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, 2 хувь зураг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тэжээгчийн нас барсны гэрчилгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлэхээр,  мөн журмын 3.1-д тэтгэврийг иргэний өргөдөл гаргасан өдрөөс эхлэн хуулиар тогтоосон эрх нь дуусгавар болсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгохоор заажээ.

Нэхэмжлэгч Д.Хийн 2018 оны 04 сарын 01-ний өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгсөн баримт бичгүүд  нь дээрх журамд заасан бүрдүүлбэрийг хангасан болох нь тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалаар[7] тогтоогдож байна. 

Тэтгэвэр тогтоох үндэслэл болсон тэжээгч нас барсаны гэрчилгээний хувьд Ж.Э-ийг 2012 оны 02 сарын 15-ны өдөр өвчнөөр нас барсныг 2017 оны 3 сарын 28-ны өдөр нас барсны бүртгэлийн 02-рт бүртгэж 0000199102 дугаар нас барсны гэрчилгээг[8] олгожээ.

 Улсын байцаагчийн акт тогтоох үндэслэл болсон тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан дээрх нас барсны гэрчилгээ иргэний бүртгэлийн үндсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх зөрчил нь улсын бүртгэл хариуцсан захиргааны албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой. Нэгэнт олгогдсон нас барсны гэрчилгээг хуулийн хүчинтэй баримт бичигт тооцох үндэслэлтэй ба нийгмийн халамжийн байцаагчийн зүгээс түүнийг мэдээллийн санд орсон эсэхийг шалгах хууль тогтоомжоор хүлээсэн үүрэггүй байна.

  Иймд нийгмийн халамжийн байцаагчийн тэтгэвэр тогтоосон шийдвэрийг[9] буруутгахааргүй байна.       

Гуравдугаарт. Улсын бүртгэлийн ажилтнаас зөрчлийг арилгуулж, Ж.Э-ийг 2012 оны 04 сарын 19-ны өдөр өвчнөөр нас барсныг 2018 оны 9 сарын 24-ний өдөр нас барсны бүртгэлийн 07-рт бүртгэж 0000204318 дугаар гэрчилгээ[10] олгожээ. Нас барсан өдрийн огнооны зөрүүтэй байдал холбогдох ажилтны буруутай үйлдлээс холбоотой  талаар гэрч А.Болормаагийн мэдүүлэг[11], эмнэлгийн нас барсны бүртгэлд хийсэн үзлэгээр[12] баталгаажуулсан ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нас барсны 0000199102 дугаар гэрчилгээг хяналтын улсын байцаагчийн 2019.01.30-ны өдрийн 386 дугаар дүгнэлтээр, 0000204318 дугаар гэрчилгээг хяналтын улсын байцаагчийн 2019.04.30-ны өдрийн 1531 дүгээр дүгнэлтээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Улсын бүртгэлийн байгууллагын авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ, шийдвэрүүд нь улсын байцаагчийн тогтоосон актад дурдсан зөрчлийг арилгуулахтай холбоотой, харин акт тогтоох үеийн нөхцөл байдлыг тодорхойлохгүй тул байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дөрөвдүгээрт. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой харилцааг Нийгмийн халамжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба мөн хуулийн 30 дугаар зүйлд тэтгэврийг зогсоох үндэслэлийг тодорхой заажээ.

Нийгмийн халамжийн тухай 30 дугаар зүйлийн  30.1-д Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно. 30.2-д Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно. гэжээ.

Эндээс үзвэл тэтгэвэр олголтыг зогсоох болон илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх үндэслэл нь “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх” тохиолдол байна. Маргаан бүхий актад “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” эсэхийг тогтоогоогүй, “иргэний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэх үндэслэлээр  нас барсны гэрчилгээг “хуурамч бичиг баримт” гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч нь тэтгэвэр зогсоох хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй байж халамжийн санг  зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр халамжийн тэтгэвэрийг  зогсоосон нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл байх” шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл хоёр нийцэж байх, актын улмаас эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд үүсэх сөрөг үр дагавар, актын зорилгын тэнцвэртэй байдлыг хангах замаар хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. 

Тав. Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар нийгмийн халамжийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр байх ба уг хяналт шалгалт нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 2.3.1-д заасан улсын мэргэжлийн хяналтын чиглэлд хамаарч байна. Хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хийх ёстой бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Нын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож, нөхөн төлүүлэх тухай" актын улмаас нэхэмжлэгч Д.Хийн охин Э.Г-ын Үндсэн хууль болон бусад холбогдох тогтоомжид заасан төрөөс нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа /тэтгэвэр/ авах эрх зөрчигдсөн гэж дүгнэж, актыг хүчингүй болгож шийдвэрлэв.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Нын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21-06-030/31 дүгээр "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоож, нөхөн төлүүлэх тухай" актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 


[1] хх-ийн 32-р хуудас

[2] хх-ийн 6-р хуудас

[3] хх-ийн 110-р хуудас

[4] хх-ийн 87-р хуудас

[5] хх-ийн 49-53-р хуудас

[6] хх-ийн 22-23-р хуудас

[7] хх- ийн 86-р хуудас

[8] хх-ийн 121-р хуудас

[9] хх-ийн 87-р хуудас

[10] хх-ийн 7-р хуудас

[11] хх-ийн 103-104 хуудас

[12] хх-ийн 106-р хуудас