Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 99

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 148/2015/00150/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Ө- овогтой Б-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б- овогтой Ц-ийн З-,

Хариуцагч Б- овогтой З-ын Б- нарт холбогдох,

          “Дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч З.Б-, Ц.З-, хариуцагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, А.Ариунтуул, хариуцагч Ц.З-, З.Б-, хариуцагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

  Нэхэмжлэгч Б.Э-ээс:

  З.Б- бид хоёр 2008 оны 08 дугаар сард  гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. 2014 оны 07 дугаар сараас хойш бид хоёр тусдаа амьдарч байна. Бид маргаж байгаа барилгад оруулсан хөрөнгө оруулалтаас болоод салсан. Би өөрийнхөө 2 өрөө орон сууцыг хадам ээжийн нэр дээр дүр үзүүлж шилжүүлж банкны 8 хувийн зээлд хамрагдаж, 40.000.000 төгрөг авсан бөгөөд уг барилгын ажилд би 40.000.000 төгрөгийг өгсөн. Би нийт 3 удаа цалингийн зээл авч байсан тэр мөнгөө барилгад оруулсан. Хүүхдийн хадгаламжаасаа мөнгө авч тоосго авч байсан. Орон сууцаа түрээслүүсний 2 жилийн төлбөр болох 5.895.000 төгрөгийг барилгад оруулсан. Би 28.940.000 төгрөгийн цалингийн зээл, 40.000.000 төгрөгийн байрны зээл, хүүхдийн хадгаламж дахь 1.170.000 төгрөг, аав, ээжээс бага багаар зээлсээр 10.100.000 төгрөг авсан байдаг.

Би ааваасаа 6.500.000 төгрөг нийт 92.605.000 төгрөгийг барилгад хөрөнгө оруулсан. Өөрийнхөө оруулсан хөрөнгийг нэхэмжилж байгаа. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын 7-3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга, газар нь З.Б- бид хоёрын дундын өмч болохыг тогтоолгоно. Би өөрийнхөө зүгээс хөрөнгө оруулсан учир бидний дундын өмч гэж үзэж байна. Бид дөрөв эцэг, эхээсээ тусдаа амьдрах нь үнэн юм чинь З.Б- бид хоёр гэр бүлийн дундын өмчтэй болж байна гэж бодсон. Би барилгад хөрөнгө оруулсан учир өөрт болон хүүхдүүддээ оногдох хувийг гаргуулна. Мөн түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ХААН банкны Сэлэнгэ салбарт З.Б-, бид хоёрын дундын хөрөнгийг сарын 674.000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний нийт дүнгээс 13.143.000 төгрөг гаргуулна. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр З.Б-, Ц.З- нарын хооронд байгуулагдсан З.Б- бид хоёрын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эцэг Ц.З-од шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа. Уг үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн З.Б-ий өмчлөлийн хөрөнгө биш бөгөөд манай гэр бүлийн дундын үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байна. Бидний дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 09 дүгээр 01-ний өдөр аавынхаа нэр дээр шилжүүлсэн байсан. Бид газрыг З.Б-ий нэр дээр, гэр бүлийн хэрэгцээнд гэсэн зориулалттай авсан юм. Би үл хөдлөх хөрөнгийг эцгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдгийг сүүлд мэдсэн гэжээ.

Хариуцагч З.Б-ээс:

            Нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байна. Бид хоёр 15 сая төгрөг бүрдүүлж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах газрыг худалдаж авсан. 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн банкны Б.Э- бид хоёрын зээлийг нэгтгэж нэг зээл болгож 10.634.750 төгрөгийг манай аав төлж хаасан байдаг. Газрын тухай хуульд зааснаар 2 жил газрыг ашиглахгүй бол хураагдах байсан тул би аавдаа энэ газар дээр барилга барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Манай аав тэгвэл би энэ газар дээр чинь барилга барья боломжтой болонгуутаа газрын мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Манай эцэг өөрийн хашаа байшинг зарж барилгыг барьж дуусгасан юм. Аав тоосго авах гэсэн юм гэхэд нь би 9.700.000 төгрөгийн цалингийн зээл авч аавд өгсөн. Аав тэр мөнгөөр тоосго авсан гэсэн. Би аавд газрын төлбөрийг төлсөн тул зээлийг хаагаад өгөөч гэж хэлсэн. Аав одоо 16.300.000 төгрөгийн зээлийг төлж дуусч байгаа. Б.Э- бид хоёр өөрсдөө хэрэглэсэн бүх мөнгийг Б.Э- ааваас нэхэмжилж байгаа нь гэр бүл салах шалтгаан болоод байгаа. 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан 10.000.000 төгрөг, 23-ны өдөр авсан 15.000.000 төгрөг, 16.300.000 төгрөг, нийт 23.080.910 төгрөг төлсөн нь баримтуудаар нотлогдож байгаа. Б.Э- бид хоёроос барилгад хөрөнгө оруулаагүй болохыг дурдаж нэхэмжлэлийг няцааж байна. ХААН банкны зээл 14.569.000 төгрөгийг аав төлсөн, 1.760.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Барилгыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ХААН банктай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрөөс гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 08 дугаар сард аавын нэр дээр барилгыг шилжүүлсэн. Миний нэр дээр гэрчилгээг гаргуулж хөрөнгө оруулалтын зээл хөөцөлдсөн боловч 50.000.000 төгрөгийн зээл авч чадаагүй. Аав өөрөө хөөцөлдөж эмээгийн байр, барилгыг барьцаанд тавьж 50.000.000 төгрөг гаргуулж авсан. Банкнаас барилгыг түрээслэх санал ирсэн, банк 100 хувийн гэрчилгээ гарахаар барилгыг түрээсэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129 дүгээр хуулийн 129.6-д зааснаар хариуцагч З.Б-ээс 59.868.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож,

            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129 дүгээр хуулийн 129.6, 9 дүгээр зүйлийн 9.4.4, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн Сэлэнгэ Сүхбаатар сум Ган зам 7 дугаар баг 3 дугаар хэсэгт байрлах 540 м/кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг ХААН банкны Сэлэнгэ гааль салбарт түрээслүүлсний үр шимээс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э-ээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70.200 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 790 дугаартай шүүхийн шийдвэрээр төрийн сангийн орлогод оруулсныг дурдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 223.700 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс 1.051.135 төгрөг гаруулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 59.868.600 төгрөгийн тэмдэгтийн хураамж 457.293 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э- давж заалдсан гомдолдоо:

Шүүх намайг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нөхөр болох З.Б- нь бий болгоход хөдөлмөрийн оролцоо байгаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би барилгын ажилд шууд гар бие оролцоогүй ч гэсэн ар гэрийн ажлыг хариуцдаг байсан. 2014 оны 04 дүгээр сараас хойш уг барилгад ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, хөдөлмөр зарцуулаагүй байхад шүүх дундын өмчлөлийг шударга бус хувиарлаж З.Б-д 99.781.400 төгрөгийг харин хүү, охин бид гуравт 59.868.600 төгрөг гаргуулж шийдвэрлэснд гомдолтой байна. 2014 оноос 2017 оны хооронд жилдээ 28 сая төгрөг 3 жилд олсон гэх 84 сая төгрөгийн цэвэр орлого буюу түрээслээд олсон үр шимээс нь бусад гишүүд ногдох хувь гэж 13.143.000 төгрөгийг хариуцагч З.Б-ээс гаргуулж, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ц.З-, З.Б- нарын хооронд байгуулсан гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б-, Ц.З-, хариуцагч нарын өмгөөлөгч М.Хувцагаан нар давж заалдсан гомдолдоо:

Маргаан бүхий барилга нь гэр бүлийн хөрөнгөөр биш Ц.З-ын хөрөнгөөр баригдсан байхад, шүүх үүнд дүгнэлт хийлгүй уг барилгын зээлийн үлдэгдлийг хэрхэх тухай ямар ч заалт гаргаагүй. Эд хөрөнгийг бий болгоход Б.Э-, З.Б- нарын хүүхдүүд ямар ч оролцоо байхгүй байхад шүүх, гэр бүлийн бүх гишүүдийг оролцуулж 59.868.600 төгрөгийг З.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шийдвэрийн 2 хүүхдэд оногдох хувь болох 39.912.400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, талуудын оруулсан хөрөнгийн нотлогдож байгаа хэсгээс Ц.З-ын оруулсан хөрөнгийг хасч, үлдэх хэсгийг хоёр хувааж, үйлчилгээний барилга хуулийн дагуу Ц.З-ын өмчлөлд шилжээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн, нөгөө талаар банкны барьцаанд байгаа учир түүнийг битүүмжлэлээс чөлөөлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Ц.З-, З.Б- нарт холбогдуулан дундын өмчөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа:

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын 7 дугаар багийн 3 тоотод байрлах 540 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилгад болон барилга барьсан газарт хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох,

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын 7 дугаар багийн 3 тоотод байрлах 540 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга нь З.Б-ий гэр бүлийн гишүүдийн дундын өмч болохыг тогтоолгох,

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын 7 дугаар багийн 3 тоотод байрлах 540 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувийг гаргуулах,

- 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ХААН банкны Сэлэнгэ салбарт З.Б-, бид хоёрын дундын хөрөнгийг сарын 674.000 төгрөгөөр, 5 жилийн хугацаатай түрээслүүлсэн түрээсийн үр шимээс өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хувь гаргуулах,

- 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр З.Б-, Ц.З- нарын хооронд байгуулагдсан З.Б- бид хоёрын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эцэг Ц.З-од шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон ба шүүх иргэний хэрэг үүсгэхдээ зарим шаардлагыг орхигдуулсан байна.

Дээрх шаардлагууд нь үнэлж болохуйц шаардлага байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн дүнгийн нийлбэрээр”, мөн хуулийн 63 угаар зүйлийн 63.1.4-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлоогүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг зөвхөн ...үл хөдлөх хөрөнгө түрээслэсэн түрээсийн үр шимээс өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хувь гаргуулах шаардлагад төлсөн ба бусад шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг зөрчжээ.

Нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хэдэн төгрөгний юу юу нэхэмжилснийг шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтасны 7-8 дугаар хуудас/, “Капитал зууч” ХХК маргааны зүйл болох үл хөдлөх  хөрөнгийг үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээний байгууллагын эрх хэмжээг тодорхойлсон баримтууд /хэргийн 2 дугаар хавтасны 51-52 дугаар хуудас/, зээлийн гэрээний баримтууд /хэргийн 3 дугаар хавтасны 62-68 дугаар хуудас/ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдсан гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүй,  зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.295 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.512 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА 

                                   ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ